Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2023/00005

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ............ регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, *******, 5 дугаар хороолол ******* тоотод оршин суух Н.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ..... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Өлгийн ******* тоотод оршин байх А.О ХХК-нд холбогдох

Баянзүрх дүүрэг, *******, дарь эх /13351/ гудамж, *******,******* тоот 48.36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, 29,893,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Н.А 1999 онд АУИС-ийг хүний их эмчийн мэргэжлээр төгсөөд, өнөөг хүртэл Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэс заслын тасаг"-ийн их эмч, эрхлэгчээр улсад 21дэх жилдээ ажиллаж байна. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн ажилчдын Үйлдвэрчний эвлэл ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд А.ОХХК-тай хамтран ажиллаж, эрүүл мэндийн ажилчдыг хөнгөлөлттэй үнээр орон сууцжуулах гэрээг байгуулсан байдаг.

Ингээд 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэг талаас А.ОХХК, нөгөө талаас Н.А нарын хооронд байгуулсан "Орон сууц зээлийн Шинэ-100 нөхцөлөөр борлуулах гэрээ-ээр Баянзүрх дүүрэг, *******, айл" төвийн зүүн талд байрлах, Э******* хотхоны 2 дугаар ээлжийн байрны 10 дугаар давхарт, 48.36 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны 1 метр квадрат талбайн үнийг 1.450.000 төгрөгөөр тооцож нийт 70.122.000 төгрөгийг НӨАТ-тэй 36 сар буюу 3 жилийн хугацаанд Ц.З-ийн Голомт банк ХХК-ийн ******* дугаартай дансанд төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Үүний дараа миний бие гүйцэтгэгч компанийн тавьсан шаардлага гэрээний урьдчилгаа төлбөр 30 хувийн 21.036.000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр А.ОХХК-ийн дансанд шилжүүлсэн. Ингээд талуудын хооронд байгуулсан гэрээний 25 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарыг хүртэл байрны төлбөрөөс 31.360.500 төгрөгийг төлсөн бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үлдэгдэл төлбөр 17.761.500 төгрөгийг А.ОХХК- ийн дансанд шилжүүлснээр орон сууцны төлбөрийг бүрэн төлж үүргээ биелүүлсэн.

Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр А.ОХХК, МЭМАҮЭХ-д Мэдэгдэл хүргүүлэх тухай гэсэн 22-1/12 дугаартай "Албан бичиг-ээр тухайн 2 дугаар ээлжийн байрны нийт захиалагчдыг 1 метр квадрат талбайн үнийг "Ковид- 19" цар тахал тархсан, барилгын материалын үнэ өссөн гэх шалтгаанаар 1.950.000 төгрөгөөр тооцож авахыг мэдэгджээ.

Тодруулбал, захиалагч миний буруутай үйл ажиллагааны улмаас тус компани хохирсон асуудал байхгүй, өнөөдрийг хүртэл гэрээнд заасан төлбөрийг нэхэмжлэгч төлж ирсэн бөгөөд дээрх мэдэгдлийн үндэслэл байрны захиалагч нартай хамааралгүй, дэлхий нийтээрээ цар тахалд өртөж эрдэнэт хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа харамсалтай үйл явдал гарч байгаа буюу мөн барилгын материалын үнэ өссөн явдал захиалагчаас шалтгаалаагүй болно.

Иймээс орон сууцны 1 метр квадрат талбайн үнийг 1.950.000 төгрөгөөр тооцож төлүүлэх А.ОХХК-ийн саналыг зөвшөөрөхгүй байгаа тул Н.А намайг Баянзүрх дүүрэг, *******, "Шинэ-100 айл төвийн зүүн талд байрлах "Энэрэлгүй үйлстэн хотхоны 2 дугаар ээлжийн байрны 10 дугаар давхар, 48.36 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа ...Нийслэлийн Баянзүрх дүүрэг, *******, дарь эх /13351/ гудамж, *******,******* тоот 48.36 м.кв талбайтай, 2өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү... гэж тодруулж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар тодруулж байгаа шалтгаан нь Ариун- очир ХХК болон Н.А нарын 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 20-2/094 дугаартай гэрээнд маргаж буй орон сууцны мэдээллийг ... Баянзүрх дүүрэг, 2-р хороо, /Э******* хотхон/ 2 дугаар ээлж, Шинэ 100 айл төвийн зүүн талд, 10 давхарт, 48.36 м.кв талбайтай, 2 өрөө... гэж заасан байдаг.

Гэтэл А.ОХХК-ийн барьсан дээрх орон сууцыг Улсын комисс хүлээн авснаар хаягжилт өөрчлөгдөн ... Баянзүрх дүүрэг, *******, дарь эх /13351/ гудамж, *******,******* тоот 48.36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц..." болж өөрчлөгдсөн тул уг орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2020 оны 04 сарын 03-ны өдөр Н.А-тэй орон сууц худалдан борлуулах гэрээ байгуулсан. 2020 оны 02 сараас дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч улмаар 2020 оны 3 дугаар улирлаас эхлэн хил гааль хаагдаж, барилгын материалын хомсдол үүссэнтэй холбоотойгоор барилгын материалын үнэ огцом өссөн. Цар тахлын улмаас барилгын үнэ өссөн явдал нь бидэнд тооцоолоогүй эрсдэл бий болсон бөгөөд, бидний зүгээс авч хэрэгжүүлэх бүхий л арга хэмжээг авч барилгыг ашиглалтад оруулсан байдаг. Манай компани барилгын метр квадратын үнийг тодорхой хэмжээгээр нэмэх гэж буй шалтгаанаа удаа дараа гэрээ байгуулсан захиалагч байгууллага болон иргэддээ мэдээлж байсан. Мөн энэ талаар санал, хүсэлтүүдийг иргэдээс авсны үндсэнд тус шийдвэрийг гаргасан байдаг.

Тухайн үедээ Н.А нь үнийн өсөлттэй холбоотой ямар нэгэн тайлбар, гомдол гаргаагүй бөгөөд энэ асуудлаар шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд Н.Аийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.ОХХК нь иргэн Н.Атэй 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр орон сууц захиалах 20-2/094 дугаартай гэрээг байгуулж, гэрээгээр Энэрэнгүй үйлс хотхон-ны 2-р ээлж, 10 давхрын******* тоот, 2 өрөө нийт 48.36 м.кв талбай бүхий орон сууцыг ашиглалтад оруулж, захиалагч Н.Ат хүлээлгэн өгөх, захиалагч зохих төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гэвч гэрээ байгуулагдаж, барилгын ажил явагдаж байх хугацаанд дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахал дэгдэж, улмаар бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, аж ахуй нэгж байгууллагуудад томоохон санхүүгийн хүндрэлийг бий болгосон. А.ОХХК-ийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд бүхий л боломжийг ашиглаж, орон сууцыг барьж дуусгасан боловч бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор алдагдал хүлээх нөхцөл байдал үүссэн. Тухайлбал 2020 оны 07 сард 10мм А500С арматур 1 метр тутамдаа 0.632 жинтэйгээр 1,720,000/нэг сая долоон зуун хорин мянга/ төгрөг байсан бол 2021 оны 07 сарын байдлаар дээрх хэмжээгээр 3,000,000 /гурван сая/ төгрөг болж өссөн байдаг. Энэ мэтчилэн бусад барилгын материалын үнэ ч мөн өссөнтэй холбогдуулан манай компанийн зүгээс 1м.кв тутмын үнийг 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр нэмэгдүүлсэн. Мөн барилгын ажил эцэслэн явагдаж дуусахад тухайн орон сууцны нийт талбайн хэмжээ 51.29 м.кв болж нэмэгдсэн ба энэ нь барилгын план зурагт тусгагдсан болно.

А.ОХХК-ийн зүгээс захиалагч талд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй ч дээр дурдсан зөрүү төлбөрийг төлсөн, төлөх талаар аливаа тохиролцоонд хүрсэн тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөх, мөн гэрээг урьдчилж байгуулсан захиалагчдын төлбөрт 1 м.кв тутамд 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн зөрүү тооцох боломжтой боловч энэ талаар тохиролцоонд хүрээгүй байгаа тул ийнхүү давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн нөхцөл байдлаас үүссэн санхүүгийн алдагдлыг арилгах, хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд гэрээнд тусгагдсан орон сууцны талбайн хэмжээ 51.29 м.кв болж нэмэгдсэний зөрүү болох 2.93 м.кв-ын төлбөрийг оролцуулан орон сууцыг худалдсаны зөрүү төлбөр болох 29,893,500 /хорин есөн сая найман зуун ерэн гурван мянга таван зуу/ төгрөгийг иргэн Н.Аээс гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч м.кв дээр зөрүү болон м.кв тус бүр дээр 500,000 төгрөгийг шаардаж байна гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байгаа. Шаардлагын үндэслэл нь талууд гэрээ байгуулахдаа энэ талаар харилцан тохиролцож гэрээний 4.7 дээр заасан байдаг. Хоёрдугаарт хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлтэй холбоотой зарлагын баримтуудыг хүргүүлсэн байдаг. Зарлагын баримтаар ийм материал авсан байж болно. Гэхдээ мөнгө шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй. 2021 оны 7 сарын 28, 6 сард ийм хэмжээний өсөлт үүслээ гэж тайлбарладаг байдаг. Гэтэл гэрээний 6.11-д заасан орон сууцыг 2021 оны 1-р улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан байдаг. Өөрсдөө үүргээ буюу хугацаагаа хэтрүүлсэн тул ийм нөхцөл байдал үүссэн гэдэг нь үндэслэлгүй байна. Гуравдугаарт хэрэв ийм нөхцөл байдал үүссэн бол ямар нэгэн байдлаар зах зээлийн үнэлгээ, судалгаа хийсэн байх ёстой. Тэрнээс үнэ нэмэгдсэн 500,000 төгрөгийг нэмнэ гэж байгаа нь үндэслэлгүй. м.кв зөрүү дээр тайлбар хэлэхэд гэрээ байгуулахдаа 48.36 м.кв талбай гэж тохирсон байдаг. Хариуцагчийн зүгээс тайлбар хэлэхдээ цутгалт хийсний дараа м.кв талбай өөрчлөгдсөн гэх тайлбарыг хэлж байгаа. Хэрэгт авагдсан зураг дээр А.Оконстракшн ХХК-ийн тамгатай байгаа. Үүнийг харахаар А.Оконстракшн ХХК-ийн нь хэмжилт хийх эрхтэй этгээд мөн үү гэдэг нь тогтоогдохгүй байгаа. М.кв талбайн зөрүү байсан, илэрсэн тохиолдолд маргах зүйл байхгүй. Хэмжилт хийлгэсэн талаарх үйл баримт тогтоогдохгүй байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс А.ОХХК, Н.А нарын хооронд байгуулагдсан 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 20-2/094 дугаартай гэрээ, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 5/248 дугаартай Тодорхойлолт, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Голомт банкны орлогын мэдүүлэг, 2020 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн Голомт банкны орлогын мэдүүлэг, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Голомт банкны орлогын мэдүүлэг, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Голомт банкны орлогын мэдүүлэг, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Голомт банкны орлогын мэдүүлэг, 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн Голомт банкны орлогын мэдүүлэг, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Голомт банкны орлогын мэдүүлэг, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг, Хаан банкны 5753190054 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, А.ОХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №22-1/12 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/260 дугаартай албан бичиг, 4 ширхэг фото зураг,

Хариуцагчаас 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зарлагын баримт, 2020 оны 9 дүгээр сарын 11-ны өдрийн зарлагын баримт, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зарлагын баримт, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн зарлагын баримт, 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн зарлагын баримт, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн зарлагын баримт, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын баримт, 2021 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн зарлагын баримт, 2020 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн зарлагын баримт, 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн зарлагын баримтыг тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Баянзүрх дүүрэг, 2-р хороо, /Э******* хотхон/ 2 дугаар ээлж, Шинэ 100 айл төвийн зүүн талд, 10 давхарт, 48.36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны дэлгэрэнгүй лавлагаа, Баянзүрх дүүрэг, 2-р хороо, /Э******* хотхон/ 2 дугаар ээлжийн барилгыг ашиглалтад оруулсан улсын комиссын дүгнэлт, тус барилгын план зураг, Баянзүрх дүүрэг, *******, дарь эх /13351/ гудамж, *******,******* тоот 48.36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны лавлагааг тус тус бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч А.ОХХК-нд холбогдуулан Баянзүрх дүүрэг, 2-р хороо, /Э******* хотхон/ 2 дугаар ээлж, Шинэ 100 айл төвийн зүүн талд, 10 давхарт, 48.36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүрэг, *******, дарь эх /13351/ гудамж, *******,******* тоот 48.36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай гэж үндсэн нэхэмжлэлийг тодорхойлж гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 29,893,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 20-2/094 дугаартай гэрээний үүргийн дагуу үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг нэгтгэн эрх зүйн дүгнэлт хийсэн болно.

Нэхэмжлэгч үндсэн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлж, Баянзүрх дүүрэг, *******, дарь эх /13351/ гудамж, *******,******* тоот 48.36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... 2020 оны 02 сараас дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч улмаар 2020 оны 3 дугаар улирлаас эхлэн хил гааль хаагдаж, барилгын материалын хомсдол үүссэнтэй холбоотойгоор барилгын материалын үнэ огцом өсөж, барилгын метр квадратын үнийг нэг м.кв-ыг 500,000 төгрөгөөр нэмэх гэж буй шалтгаанаа удаа дараа гэрээ байгуулсан захиалагчдаа мэдэгдэж байсан тул м.кв-ын үнэ нэмэгдсэн зөрүүг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан

А.ОХХК, Н.А нарын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 20-2/094 дугаартай гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр гүйцэтгэгч тал болох А.ОХХК нь Баянзүрх дүүрэг, 2-р хороо, /Э******* хотхон/ 2 дугаар ээлж, Шинэ 100 айл төвийн зүүн талд, 10 давхарт, 48.36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, захиалагч Н.А нь нэг м.кв-ыг 1,450,000 төгрөгөөр тооцон 70,122,000 төгрөгийг 36 сарын дотор төлж дуусгахаар тус тус харилцан үүрэг хүлээж, гэрээг бичгээр байгуулсан болох нь хэрэгт авагдсан уг гэрээний хуулбар, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна. /х.х-ийн 5-8 дахь талд/

Талууд тус гэрээг байгуулах үед гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, 2-р хороо, /Э******* хотхон/ 2 дугаар ээлж, Шинэ 100 айл төвийн зүүн талд, 10 давхарт, 48.36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц нь баригдаагүй, А.ОХХК нь тус худалдааны талбайг шинээр барьж, гүйцэтгэн Н.Ат хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

Өөрөөр хэлбэл, талуудын гэрээнд илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга зэрэг нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ-ний агуулгад илүү нийцэж байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талууд энэ талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Талууд гэрээний 4.1.7-д нэг м.кв-ын нэгж үнийг 1,450,000 төгрөгөөр байхаар тохиролцож, 2.9-д нэрлэсэн үнэ гэж нэг метр квадратын үнэ бус тухай орон сууцны давхрын онцлог цонхны байршил газрын төлбөр болон орон сууцтай холбогдсон өртөг зардлын эдийн засгийн үндэслэл тооцоотойгоор дундажлан багтаасан тооцооллыг хэлнэ гэж, 4.7-д энэхүү гэрээний үнэ төлбөрийн нөхцөл /нэрлэсэн үнэ/ нь гэрээ байгуулах үеийн зах зээлийн нөхцөлд үндэслэн бөгөөд гэрээ байгуулах үеийн нэрлэсэн үнэ нь цаашид аль нэг талаас шалтгаалан өөрчлөгдөхгүй буюу үнийн эерэг болон сөрөг өөрчлөлт /аливаа хугацааг урамшуулал, үнийн өсөлт гэх мэт/-өөс хамгаалагдана гэж тохиролцжээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зохицуулсан.

Гэрээг талуудын хүсэл зориг нэгдсэний үндсэн дээр хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах эрхтэй бөгөөд ийнхүү харилцан итгэлцлийн үндсэн дээр байгуулсан гэрээндээ шударгаар хандах үүрэгтэй.

Энэ талаар, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан.

Өөрөөр хэлбэл, гэрээнд тохирсон үнэ нь цаашид гэрээний талуудаас болон бусад эдийн засгийн ямар нэг үнийн өсөлттэй холбоотойгоор өөрчлөгдөхгүй тогтвортой байх талаар тохиролцсон нь нөгөө талдаа аливаа үнийн өсөлтөөс хамгаалагдах итгэлийг бий болгосон байна.

Мөн Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан.

Ажил гүйцэтгэгч нь гэрээ байгуулах үед мэдэгдээгүй нөхцөл байдлын улмаас ажлыг хийж гүйцэтгэх төсвийн хэмжээ нэмэгдэхээр бол энэ талаар захиалагчдаа мэдэгдэх үүрэгтэй юм.

Гэтэл, хариуцагч А.ОХХК нь 2020 оны 02 сараас дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч улмаар 2020 оны 3 дугаар улирлаас эхлэн хил гааль хаагдаж, барилгын материалын хомсдол үүссэнтэй холбоотойгоор барилгын материалын үнэ огцом өсөж, барилгын метр квадратын үнийг нэг м.кв-ыг 500,000 төгрөгөөр нэмэх гэж буй шалтгаанаа удаа дараа гэрээ байгуулсан захиалагчдаа мэдэгдэж байсан гэж тайлбарлаж байх боловч ийнхүү төсөв хэмжээ нэмэгдэх талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн төсвийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой нэг м.кв тутамд 500,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан зарлагын баримтуудаар ийнхүү орон сууцны үнэ нэг м.кв тутамд 500,000 төгрөгөөр нэмэгдсэн гэж шууд дүгнэх боломжгүй байна. /х.х-ийн 85-93 дахь талд/

Зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3.2-т 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 21,036,600 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөр 49,085,400 төгрөгийг 3 жил буюу 36 сарын хугацаанд сар бүр 1,363,483 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 20-оос 2023 оны 6 дугаар сарын 20-ыг дуустал төлнө. Төлбөр 100 хувь төлсний дараа Н.Аийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарна гэж, 6.13-т борлуулагч нь төлбөр төлөгдсөнөөс хойш 30 хоногийн дотор орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгнө гэж тохиролцжээ.

Нэхэмжлэгч Н.А нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох ажлын хөлс 70,158,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Голомт банк ХХК-ийн орлогын мэдүүлгүүд, Хаан банк ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга, шилжүүлгийн мэдээлэл зэргээр тогтоогдож байхаас гадна хариуцагч уг үйл баримттай маргахгүй байна. /х.х-ийн 10-33 дахь талд/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, 343 дугаар зүйлийн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж зохицуулсан.

Иймд хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас Баянзүрх дүүрэг, *******, дарь эх /13351/ гудамж, *******,******* тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, ийнхүү өмчлөгчөөр тогтоохтой холбогдох бичиг баримт гаргаж өгөхийг шаардах эрхтэй байна.

Талууд анх гэрээгээр тохиролцсон Баянзүрх дүүрэг, 2-р хороо, /Э******* хотхон/ 2 дугаар ээлж, Шинэ 100 айл төвийн зүүн талд, 10 давхар гэх хаяг нь улсын комисс хүлээн авснаар Баянзүрх дүүрэг, *******, дарь эх /13351/ гудамж, *******,******* тоот болж өөрчлөгдсөнтэй маргаагүй болно.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй анх гэрээгээр тохиролцсон 48.36 м.кв нь барилга баригдаж дуусахад тухайн орон сууцны талбай нь 2.93 м.кв-аар нэмэгдсэн тул уг м.кв-ын зөрүүд 5,713,500 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэгт авагдсан А.Оконстракшн ХХК-ийн барилгын план зургаас үзэхэд маргаан бүхий орон сууц нь 51.29 м.кв болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 78-81 дэх талд/

Үүнийг нэхэмжлэгч тухайн план зургийг гаргасан А.Оконстракшн ХХК нь ийнхүү барилгын план зураг гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан боловч уг тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй уг баримтыг үгүйсгэсэн баримтаа гаргаж өгч мэтгэлцээгүй тул нэхэмжлэгчийн уг татгалзлыг үндэслэлгүй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгчээс м.кв-ын зөрүү /2.93х1,450,000/ =4,248,500 төгрөгөөс түүний илүү төлсөн 36,000 төгрөгийг хасаж, 4,211,500 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүрэг, *******, дарь эх /13351/ гудамж, *******,******* тоот 51.29 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Аийг тогтоож, өмчлөгчөөр тогтоохтой холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч А.ОХХК-нд даалгаж, нэхэмжлэгчээс 4,211,500 төгрөгийг гаргуулж, хариуцагч А.ОХХК-нд олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үндсэн дээр өмчлөгчөөр тогтоолгох агуулгаар гарсан тул хариуцагч өмчлөгчөөр тогтоохтой холбоотой бичиг баримтыг гаргаж өгсний үндсэн дээр энэ эрх хэрэгжих учир шүүх өмчлөгчөөр тогтоохтой холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Хавтаст хэргийн 34-39 дэх талд авагдсан баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдав.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болохыг тэмдэглэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 345.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, *******, дарь эх /13351/ гудамж, *******,******* тоот 51.29 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Аийг тогтоож, өмчлөгчөөр тогтоохтой холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч А.ОХХК-нд даалгаж, нэхэмжлэгчээс 4,211,500 төгрөгийг гаргуулж, хариуцагч А.ОХХК-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 507,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 307,418 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.ОХХК-аас 507,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Ат, нэхэмжлэгч Н.Аээс 82,334 төгрөгийг гаргуулж, хариуцагч А.ОХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ