| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 194/2025/2010/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2261 |
| Огноо | 2025-09-30 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2261
2025 09 30 2025/ШЦТ/2261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сувд-Эрдэнэ,
улсын яллагч Ц.Г /томилолтоор/,
шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А-д холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ: “Би хувиараа цахилгаанчин хийдэг. Тухайн хэрэг гарах үед би ажил хийдэг газраа байрлаж ажиллаж байсан ба найзтайгаа архи хувааж уугаад дахин дэлгүүрээс архи авах гэж явж байгаад цагдаад баригдсан. Би одоогоос 3 сарын өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 150,000 төгрөгөөр торгуулсан ба тухайн үед жолоодож явсан тээврийн хэрэгсэл миний машин юм. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан ч гэсэн ажил, гэр хоёрын хооронд машинаа барьчихдаг байсан. Эрхээ хасуулсан хүн ажил гэр хоёрын хооронд дахин тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг надад тайлбарлаж хэлсэн боловч жолоо барьдаг байсан нь миний буруу. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Согтуурал шалгасан тэмдэглэлээр Д.А нь 2.03 хувь согтолттой гэх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /1 хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
- Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2025/3Ш/****дугаартай шийтгэврийн хуулбар /1 хх-ийн 26-28 дугаар хуудас/
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.А нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2025/3Ш/****дугаартай шийтгэврээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар хасуулж, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Гачууртын замд согтуугаар Toyota Prius маркийн **********улсын дугаартай тээврийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Д.А нь 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан бөгөөд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Гачууртын замд 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Toyota Prius маркийн **********улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг ирүүлсэн тухай тэмдэглэл, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Д.А нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож драгер багажаар 2,03 хувь байв” гэх мөрдөгчийн тэмдэглэл, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2025/3Ш/****дугаартай шийтгэвэр хавтаст хэрэг авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны, үндэслэлтэй гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Шүүгдэгч Д.А нь 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээж, баривчлах шийтгэлийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 150,000 төгрөгийн торгох шийтгэлээр шийтгүүлсэн байсан бөгөөд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Гачууртын замд 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Toyota Prius маркийн **********улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймээс шүүгдэгч Д.Аг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй” гэв.
Шүүгдэгч Д.А эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүх шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэлээ.
Бусад асуудал:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсанх болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Д.А нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.А-г “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8 /найман/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Агийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ