2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2262

 

 

 

 

 

 

 

 

  2025       09        30                                     2025/ШЦТ/2262

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сувд-Эрдэнэ,

улсын яллагч Х.Б,

хохирогч Б.И,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Б.Энхчимэг /ҮД:3612/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т-д холбогдох эрүүгийн *************** дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Т нь 2025 оны 04 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө ********* дүүргийн **** дүгээр хороо, *********тоот хашааны гадна хохирогч Б.И-той таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогч Б.И-ын биед халдан зодож баруун хацар ясны нумын зөрөөгүй, баруун хоншоорын хөндийн гадна, урд хана, баруун нүдний ухархайн гадна, доод ханын цөмөрсөн зөрөөтэй хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун зовхи, хацар, шанаа, зулайн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Одоогийн байдлаар би *********** ХХК-д хүний нөөцийн менежер ажил хийж байгаа” гэв.

            Хохирогч Б.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн хэрэг гардаг өдөр Г.Т, Э.М бид гурав уулзаад Сансрын Цэ нэртэй пабд уулзаж сууж байгаад үргэлжлүүлээд бааранд орсон. Тэгээд би Г.Тийг “чи надад мөнгө зээлээч гэж хэлэхэд би боломжгүй байна” гэж хэлсэн. Тэгээд цаг орой болсон байсан учраас Г.Т гэр рүүгээ явсан. Би Э.М найзтайгаа хамт Г.Тийн араас нь гэрт нь очоод яагаад надад мөнгө зээлэхгүй байгаа талаар асууж маргалдсан. Г.Т намайг түлхэхээр муудалцаад харилцан зодолдсон ба Э.М бид хоёрыг салгасан. Тэгээд намайг гэртээ харихад манай найз охин чиний хамар чинь яачихсан юм бэ? гэж хэлэхээр нь толинд харсан чинь хугарсан юм шиг байсан. Тэгээд шууд гэмтлийн эмнэлэг орсон ба рентген зураг авхуулах шаардлагатай гэхээр нь рентген зураг авхуулсан. Тэгээд хацар болон шанааны яс хугарсан байсан учраас цагдаа ирэхээр нь болсон явдлаа ярьсан. Энэ гэмтлүүддээ би Окал пластик гэх нэртэй газар нүд, эрүү ясны эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Тухайн эмчилгээний зардал 5,400,000 төгрөг болсон ба уг зардлыг бүгдийг нь Г.Т төлсөн. Миний биеийн байдал одоо хэвийн байгаа. Одоо надад гомдол санал байхгүй. Г.Тд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

- Мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол /хх-ийн 5 дугаар хуудас/,

- Хохирогч Б.Иын өгсөн "...2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би гэрээсээ 23 цагийн орчим гараад найз болох Т, М нартай Сансарын Tse-д уулзаад тэндээсээ гараад хороололд очиж гурвуулаа бааранд сууж байгаад манай найз Т түрүүлээд шөнө 00 цагийн үед харих гээд гараад явсан юм. Тэгээд М бид хоёр 02 цагийн үед баарнаас гарсан ба Ттэй уулзах гээд араас нь явсан. Тухайн үед М дуудлагын жолооч дуудан машинаа бариулсан ба Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо хаягийг нь сайн мэдэхгүй байна Тийн гэрийн гадаа очсон юм. Тэгээд би хашаа руу нь ороод гэрийн хаалгыг нь нүдсэн чинь Тийн ээж хаалга онгойлгохоор нь Тийг дуудсан бөгөөд удаагүй Т гарч ирээд Мтэй бид гурав машинд юм яриад сууж байсан ба би Тээс бааранд байхдаа мөнгө гуйсан чинь өгөх боломжгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь чи яагаад ингэж байгаа юм гэх мэт үг хэлж хоорондоо маргалдаад Т намайг эхэлж нэг удаа нүүр лүү цохихоор нь би эргүүлээд нүүрэн тус газар нь цохисон. Энэ үед М бид хоёрыг салгаад намайг гэр рүү хүргэж өгсөн юм. Тэгээд би гэртээ ирээд байж байтал миний нүүр хавдчихсан байхаар нь найз охин Номин-Эрдэнэд хэлээд бид хоёр ГССҮТ-д очиж үзүүлсэн чинь миний баруун нүдний ухархайн яс хугарчихсан гэж хэлсэн юм… Би бааранд байхад Тээс мөнгө зээлчих гэтэл зээлээгүй бөгөөд гэрийнх нь гадаа машинд хоорондоо ярилцаж байгаад маргаан үүсээд ийм зүйл болсон юм… Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгохгүй… Би “Oculo plastic” нүд гоо сайхны эмнэлэгт хацар, шанаа, нүдний ухархайн хагалгаанд 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хагалгаанд орж эмнэлэгтээ 1 хоног хэвтсэн. Тухайн хагалгаа нь 4,500,000 төгрөгийг Т төлсөн. Өөр бусад эм тарианы зардлыг төлсөн... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

- Гэрч Э.Мийн өгсөн "...2025 оны 04 дугаар сарын 10-ны өдөр үдээс хойш цагийг нь сайн санахгүй байна. Би найз Ттэй Тэнгисийн ойролцоо уулзаад хоол унд идээд бид хоёр миний машинтай сансрын колонк руу хөдөлсөн ба найз И руу залгаад дуудсан юм. Тэгээд бид гурав Сансарын колонкын Tse паабд уулзаад тэндээсээ гараад 3, 4-р хорооллын нэрийг нь сайн мэдэхгүй байна баар луу ороод пиво ууж бүжиглэцгээсэн юм. Тэгсэн шөнө 00 цагийн үед Т бааран дотор унтаад нойрмоглоод байсан болохоор гэртээ түрүүлж ганцаараа гараад харьсан ба И бид хоёр тооцооны мөнгө байхгүй байсан учир И Тээс 60,000 төгрөг гуйсан чинь байхгүй гэж хэлээд яваад өгсөн юм. Тэгээд би чатаар Тээс дуудлагын жолоочийн мөнгө 30,000 төгрөг өгчих гээд гуйж авсан ба И бид хоёр шөнө 03 цагийн үед баарнаас гарч би дуудлагын жолооч дуудаад байж байтал И, Т дээр очно гээд түүний гэр болох *********** дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хаягийг нь сайн мэдэхгүй байна гэрийнх нь гадаа ирсэн юм. Тэгээд И бид хоёр Тийн хашааны хаалгаар орж гэрийн хаалгыг нь нүдсэн чинь Т-ийн ээж О эгч хаалга онгойлгосон ба Т унтаж байхаар нь И сэрээж бид гурав хашааны гадаа машин луу суусан юм. Тэгсэн И Тээс чи яахаараа мөнгө зээлдэггүй юм гэж асуухаар нь би зээлэх албатай юм уу гээд хоорондоо ярилцаж байснаа сүүлдээ маргалдаад нэг нэгнийгээ боогоод үс үснээсээ зулгаалцсан. Тэгэхээр нь би болиулаад машинаас гаргасан юм. Тэгсэн Т-ийн ээж О эгч гарч ирээд И-той уулзаад байсан ба би машинаас Т-ийг буулгаад гэр лүү нь оруулах гээд хашааных нь үүдэнд зогсож байтал энэ хоёр ахиж маргалдаад Т, И нэг нэгнийхээ нүүр лүү гараараа цохилцсон хэн нь түрүүлж  цохисон талаар одоо санахгүй байна. Тэгээд би салгаад Т-ийг ээж нь гэр лүү нь авч ороод би Иыг гэрт нь хүргэж өгсөн юм. Маргааш нь И миний нүд хавдчихсан байна. Шинжилгээ өгчихсөн байгаа хариуг нь хүлээж байгаа гэж хэлсэн. Мөн Т миний гарын чигчий хуруу тулчихсан. Толгой хавдартай байна гэж хэлсэн... Т, И хоёр нэг нэгнийхээ нүүр лүү гараа зангидаж байгаад хоёр хоёр удаа цохилцсон гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Баяртогтохын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ЕГ0725/5517 дугаартай "… Б.Иын биед баруун хацар ясны нумын зөрөөгүй, баруун хоншоорын хөндийн гадна, урд хана, баруун нүдний ухархайн гадна, доод ханын цөмөрсөн зөрөөтэй хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун зовхи, хацар, шанаа, зулайн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч буюу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн Д.Г-ийн “… нийт 164,000 төгрөгийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байх тул яллагдагчаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах тухай” нэхэмжлэл /хх-ийн 3-5 дугаар хуудас/ 

- Хохирогч Б.Иын эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан 164,000 төгрөгийг шүүгдэгч Г.Т төлсөн талаарх баримт /хх-ийн 77 дугаар хуудас/,

- *********** ХХК-ны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/260 дугаартай “Г овогтой Т /РД:************/ нь манай компанид 2024 оны 07 дугаар сараас хойш “Хүний нөөцийн менежер” албан тушаалд сарын 2,600,000 төгрөгийн цалинтай ажилладаг нь үнэн болно.” гэх албан бичиг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Т нь 2025 оны 04 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө ********* дүүргийн **** дүгээр хороо, *********тоот хашааны гадна хохирогч Б.Итой таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогч Б.Иын биед халдан зодож баруун хацар ясны нумын зөрөөгүй, баруун хоншоорын хөндийн гадна, урд хана, баруун нүдний ухархайн гадна, доод ханын цөмөрсөн зөрөөтэй хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун зовхи, хацар, шанаа, зулайн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Б.И нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол нэхэмжлээгүй ба хохирогч Эрүүл мэндийн даатгалын сангаас 164,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шүүгдэгч Г.Т шүүхийн шатанд төлсөн байх тул шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхчимэг гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгчийн хувьд өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу болон хэргийн зүйчлэл дээрээ маргахгүй. Тиймээс тусгайлан гаргах саналгүй” гэв.

Шүүгдэгч Г.Т гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.И гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Г.Т нь 2025 оны 04 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө ********* дүүргийн **** дүгээр хороо, *********тоот хашааны гадна хохирогч Б.Итой таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогч Б.Иын биед халдан зодож баруун хацар ясны нумын зөрөөгүй, баруун хоншоорын хөндийн гадна, урд хана, баруун нүдний ухархайн гадна, доод ханын цөмөрсөн зөрөөтэй хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун зовхи, хацар, шанаа, зулайн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

- Хохирогч Б.Иын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "...2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би гэрээсээ 23 цагийн орчим гараад найз болох Т, М нартай Сансарын Tse-д уулзаад тэндээсээ гараад хороололд очиж гурвуулаа бааранд сууж байгаад манай найз Т түрүүлээд шөнө 00 цагийн үед харих гээд гараад явсан юм. Тэгээд М бид хоёр 02 цагийн үед баарнаас гарсан ба Ттэй уулзах гээд араас нь явсан. Тухайн үед М дуудлагын жолооч дуудан машинаа бариулсан ба Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо хаягийг нь сайн мэдэхгүй байна Тийн гэрийн гадаа очсон юм. Тэгээд би хашаа руу нь ороод гэрийн хаалгыг нь нүдсэн чинь Тийн ээж хаалга онгойлгохоор нь Тийг дуудсан бөгөөд удаагүй Т гарч ирээд Мтэй бид гурав машинд юм яриад сууж байсан ба би Тээс бааранд байхдаа мөнгө гуйсан чинь өгөх боломжгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь чи яагаад ингэж байгаа юм гэх мэт үг хэлж хоорондоо маргалдаад Т намайг эхэлж нэг удаа нүүр лүү цохихоор нь би эргүүлээд нүүрэн тус газар нь цохисон. Энэ үед М бид хоёрыг салгаад намайг гэр рүү хүргэж өгсөн юм. Тэгээд би гэртээ ирээд байж байтал миний нүүр хавдчихсан байхаар нь найз охин Номин-Эрдэнэд хэлээд бид хоёр ГССҮТ-д очиж үзүүлсэн чинь миний баруун нүдний ухархайн яс хугарчихсан гэж хэлсэн юм… Би бааранд байхад Тээс мөнгө зээлчих гэтэл зээлээгүй бөгөөд гэрийнх нь гадаа машинд хоорондоо ярилцаж байгаад маргаан үүсээд ийм зүйл болсон юм… Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгохгүй… Би “Oculo plastic” нүд гоо сайхны эмнэлэгт хацар, шанаа, нүдний ухархайн хагалгаанд 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хагалгаанд орж эмнэлэгтээ 1 хоног хэвтсэн. Тухайн хагалгаа нь 4,500,000 төгрөгийг Т төлсөн. Өөр бусад эм тарианы зардлыг төлсөн... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг, гэрч Э.Мийн өгсөн "...2025 оны 04 дугаар сарын 10-ны өдөр үдээс хойш цагийг нь сайн санахгүй байна. Би найз Ттэй Тэнгисийн ойролцоо уулзаад хоол унд идээд бид хоёр миний машинтай сансрын колонк руу хөдөлсөн ба найз И руу залгаад дуудсан юм. Тэгээд бид гурав Сансарын колонкын Tse паабд уулзаад тэндээсээ гараад 3, 4-р хорооллын нэрийг нь сайн мэдэхгүй байна баар луу ороод пиво ууж бүжиглэцгээсэн юм. Тэгсэн шөнө 00 цагийн үед Т бааран дотор унтаад нойрмоглоод байсан болохоор гэртээ түрүүлж ганцаараа гараад харьсан ба И бид хоёр тооцооны мөнгө байхгүй байсан учир И Тээс 60,000 төгрөг гуйсан чинь байхгүй гэж хэлээд яваад өгсөн юм. Тэгээд би чатаар Тээс дуудлагын жолоочийн мөнгө 30,000 төгрөг өгчих гээд гуйж авсан ба И бид хоёр шөнө 03 цагийн үед баарнаас гарч би дуудлагын жолооч дуудаад байж байтал И, Т дээр очно гээд түүний гэр болох Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хаягийг нь сайн мэдэхгүй байна гэрийнх нь гадаа ирсэн юм. Тэгээд И бид хоёр Тийн хашааны хаалгаар орж гэрийн хаалгыг нь нүдсэн чинь Тийн ээж Отгоо эгч хаалга онгойлгосон ба Т унтаж байхаар нь И сэрээж бид гурав хашааны гадаа машин луу суусан юм. Тэгсэн И Тээс чи яахаараа мөнгө зээлдэггүй юм гэж асуухаар нь би зээлэх албатай юм уу гээд хоорондоо ярилцаж байснаа сүүлдээ маргалдаад нэг нэгнийгээ боогоод үс үснээсээ зулгаалцсан. Тэгэхээр нь би болиулаад машинаас гаргасан юм. Тэгсэн Тийн ээж Отгоо эгч гарч ирээд Итой уулзаад байсан ба би машинаас Тийг буулгаад гэр лүү нь оруулах гээд хашааных нь үүдэнд зогсож байтал энэ хоёр ахиж маргалдаад Т И нэг нэгнийхээ нүүр лүү гараараа цохилцсон хэн нь түрүүлж  цохисон талаар одоо санахгүй байна. Тэгээд би салгаад Тийг ээж нь гэр лүү нь авч ороод би Иыг гэрт нь хүргэж өгсөн юм. Маргааш нь И миний нүд хавдчихсан байна. Шинжилгээ өгчихсөн байгаа хариуг нь хүлээж байгаа гэж хэлсэн. Мөн Т миний гарын чигчий хуруу тулчихсан. Толгой хавдартай байна гэж хэлсэн... Т, И хоёр нэг нэгнийхээ нүүр лүү гараа зангидаж байгаад хоёр хоёр удаа цохилцсон гэж бодож байна...” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Баяртогтохын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ЕГ0725/5517 дугаартай "… Б.Иын биед баруун хацар ясны нумын зөрөөгүй, баруун хоншоорын хөндийн гадна, урд хана, баруун нүдний ухархайн гадна, доод ханын цөмөрсөн зөрөөтэй хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун зовхи, хацар, шанаа, зулайн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн гэсэн дүгнэлт, Иргэний нэхэмжлэгч буюу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн Д.Гантуяагийн “… нийт 164,000 төгрөгийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байх тул яллагдагчаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах тухай” нэхэмжлэл гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний амьд явах болон эрүүл мэндийн халдашгүй байдлыг хамгаалж Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 1-д “... амьд явах эрхтэй...”, 13-д “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

 

Шүүгдэгч Г.Т нь хохирогч Б.Иын биед халдаж баруун хацар ясны нумын зөрөөгүй, баруун хоншоорын хөндийн гадна, урд хана, баруун нүдний ухархайн гадна, доод ханын цөмөрсөн зөрөөтэй хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун зовхи, хацар, шанаа, зулайн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Г.Т нь хохирогч Б.Иын биед халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Г.Тийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхчимэг эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн тул хуульд заасан хамгийн бага дүнгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Б.И эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Г.Т эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Т нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Г.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж,

 

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Г.Т нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Б.И нь мөрдөн шалгах ажиллагааны шат болон шүүхийн шатанд баримтаар нэхэмжилсэн хохиролгүй боловч хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ 5,400,000 төгрөгөөр эмчлүүлсэн, үүнийг шүүгдэгч Г.Т төлсөн гэж мэдүүлж байна.

Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.И нь эрүүл мэндийн даатгалын сангаас 164,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх ба шүүгдэгч Г.Т нь уг хохирлыг шүүхийн шатанд төлсөн байх тул шүүгдэгч Г.Т нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Хохирогч нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Г.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г.Т-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тийг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Тд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.       

            7Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.АЮУШЖАВ