Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2023/00015

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ......... регистрийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ******* тоотод оршин суух О.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд ............ регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ******* тоотод оршин байх М.Д ХХК-нд холбогдох,

Гэрээний үүрэгт 135,398,260.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Д, хариуцагчийн төлөөлөгч Ж.А, гэрч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, Их тойруу *******,******* тоот хаягт оршин суух М.Б нь М.Д ХХК-тай 2014 оны 05-р сарын 29-ний өдөр байгуулсан 35/14 дугаартай "Худалдааны талбайн худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Баянзүрх дүүргийн 14-р хороо, Намянжүгийн гудамж 53 хаягт байрлах ******* худалдаа үйлчилгээний төвийн 3 давхарт байрлах, 3А-19 дугаартай Эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцас худалдааны талбайг худалдан авсан. Гэрээнд зааснаар талууд гэрээний нийт дүнг 47,520 ам.доллараар харилцан тохиролцсон байлаг. Захиалагч нь гэрээний үнэд дүйцэхүйц Chevrolet corvette ******* УНА улсын дугаартай тансаг зэрэглэлийн суудлын автомашинаар төлбөр тооцоог хийсэн байдаг. Гэвч энэхүү үйлчилгээний барилга нь 2015 оны 2 дугаар улиралд багтан ашиглалтад орох байсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд ашиглалтад ороогүй биднийг хохироож байна.

Захиалагч М.Б нь О.Д надад 2021 оны 11-р сарын 23-ны өдөр байгуулсан 21/01 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу Захиалагчийн эдлэх эрх, хүлээх үүргээ бүрэн шилжүүлсэн. Иймээс О.Д миний бие М.Д ХХК-тай 2014 оны 05-р сарын 29-ний өдөр байгуулсан 35/14 дугаартай Худалдааны талбайн худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу М.Д ХХК-аас гэрээний хэрэгжилтийг шаардах болон гэрээнээс татгалзах бүрэн эрхтэй гэж үзэж байна. Энэхүү барилга нь цаашид ашиглалтад орох эсэх нь эргэлзээтэй, нөгөө талаар "Худалдааны талбайн худалдах, худалдан авах гэрээ"-ний 7.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, цаашид биелүүлэх боломжгүй гэж үзэн гэрээнээс татгалзаж байна.

М.Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.А нь дээрх гэрээний төлбөр тооцоонд авсан Chevrolet corvette ******* УНА улсын дугаар бүхий тансаг зэрэглэлийн суудлын автомашиныг эргүүлэн өгөх боломжгүй байх тул гэрээний үнэ 47,520 ам.доллар буюу Монгол банкны 2021 оны 12-р сарын 20-ний өдрийн албан ханшаар 2,849.29 төгрөгөөр тооцоход 135,398,260.8 /нэг зуун гучин таван сая гурван зуун ерэн найман м******* хоёр зуун жаран мөнгө/ төгрөг болж байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2015 оны 12 сарын 4-нд гүйцэтгэх захирал болсон. Хүүхдүүд маань залуу намайг юманд оролцуулахгүй явж байсан. Эднийхээс зээл авсан гэдгийг сүүлд мэдсэн. Тэгээд машин тэрэг авсныг энэ залуу унаад явж байсныг харж байсан. Манай барилгыг мэргэжлийн хяналтаас 73 хувийн гүйцэтгэлтэй гэж харсан. Манайх 80 хувийн гүйцэтгэлтэй барилгын бүх давхрыг барьсан. Каркас, өрлөг, дулаа, цэвэр ус, бохир, холбоо, дохиолол гээд бүх зүйлээ барилга руугаа оруулсан. 20 хувийн ажил хийх барилга байгаа. Гэтэл коронагаас хойш хөрөнгө оруулалт байхгүй. Манай барилга нь ганцхан газраас барьцаалж зээл авсан. Манайх зоорийн давхар 2848 м.кв дээр үл хөдлөхийн 30 хувийн гэрчилгээтэй, тэр гэрчилгээг К******* ББСБ 5 хувийн хүүтэй долларын зээл авч, барьцаанд тавьж, 280,000 доллар төлж, 500,000 доллар болсон. Үлдэгдэл 220,000 доллар нь төгрөгт шилжиж, торгуульд шилжиж 1,710,000,000 төгрөгийн өртэй байгаа. Ийм том барилга 1,710,000,000 төгрөгийн өртэй байна гэдэг бол маш бага байгаа. Үүнийгээ төлж чадахгүй 3 шатны шүүхээр явсан. Шүүхийн шийдвэр дээр 2 шатны дуудлага худалдаа болж, дуудлага худалдаагаар өрсөлдөж 10,100,000,000 төгрөгөөр авах болсон боловч зөвхөн зоорийн давхар байна. Бид нар барилга гэж бодож байсан гээд дэнчингээ тавьсан хүмүүс аваагүй. Энэ бид 2 олон жил цуг явж байгаа хүмүүс мэдэж байгаа. Мөн манайхаас талбай авч 13 хүн цагдаа, шүүхээр яваад шүүхийн шийдвэр дээр очсон хүмүүс байдаг. Мөнгөө авна гэсэн хүмүүс шүүхийн шийдвэр дээр байгаа. Өмчлөгчөөр тогтоолгоно гэж байгаа нь шүүхээр шийдвэрээ гаргуулж, үл хөдлөх дээр урьдчилсан бүртгэл хийлгэдэг. Шүүхийн шийдвэр дээр мөнгөөр гаргуулсан хүмүүс хэзээ ч гаргуулж чаддаггүй. Зарим нь талбайгаа авсан нь ашигтай байна гэж хэлсэн. Энэ барилгын зөвхөн зоорийн давхар нь барьцаанд байгаа. Дээд тал нь өмчлөгчтэй байгаа. Цагдаа дээр очоод явахад орж ирсэн мөнгийг бүгдийг нь арматур руу өгсөн. Залилангийн хэрэг биш байна. Нэг талбай ч давхардаагүй байна. Яагаад талбай давхардаагүй вэ гэхээр барилгын дотор зохион байгуулалтын зургийг Солонгосоор хийлгэсэн. Үл хөдлөх дээр очоод харах юм бол өмчлөгчөөр бүртгүүлсэн хүмүүс хожсон байгаа. Мөнгөөрөө гаргуулаад авах гэхээр байж байдаг асуудал байгаа. Миний хувьд автомашиныг өгөөгүй гэж байсан. Гэтэл албан бичгээ аваад ирсэн. Тэгэхээр эднийх талбайгаа авах нь зөв байна. Энэ машин бүүр төөрөөд яваад өгчихсөн. Энэ машиныг авч өгнө гэж байхгүй. Машины учрыг олохын тулд гэрчээр Ууганбаярыг дуудсан. Мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, талбайг өгөх саналтай байна гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс М.Б, О.Д нарын хооронд байгуулагдсан 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21/01 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээ, М.Д ХХК, М.Б нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 29-ны өдөр 35/14 дугаартай Худалдааны талбайг худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, М.Д ХХК-ийн 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 14/75 дугаартай Бартерийн гэрээний тухай албан бичиг,

Хариуцагчаас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намянжүгийн гудамж ******* тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 2048 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын гэрчилгээний хуулбар, Б.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2019 оны 3 дугаар сарын*******-ны өдрийн Б.Уын хүсэлтийг тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар ******* УНА улсын дугаартай Chevrolt corvette маркийн автомашины дэлгэрэнгүй лавлагаа, М.Д ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, М.Д ХХК-ийн 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот хурлын тогтоол, гэрч М.Б, А.У*******, Б.У нарыг асуусан тэмдэглэл, Б.Уын оршин суух хаягийн лавлагааг тус тус бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч М.Д ХХК-нд холбогдуулан 135,398,260.8 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 35/14 дугаартай Худалдааны талбайн худалдах, худалдан авах гэрээ-ээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул 47,520 ам доллар буюу 135,398,260.8 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэл гаргах үеийн ханшаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, 2014 онд гэрээ байгуулах үеийн ам долларын ханшаар тооцож төлөх эсвэл гэрээнд заасан худалдааны талбайг шилжүүлж өгнө гэж тайлбарласан.

М.Д ХХК, М.Б нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 29-ны өдөр 35/14 дугаартай Худалдааны талбайг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч тал болох М.Д ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намянжүгийн гудамж ******* тоотод байрлах ******* худалдаа үйлчилгээний төвийн 3 дугаар давхар 3А-19 тоот 7,92 м.кв худалдаа хийх зориулалттай талбайг худалдан авагчид хүлээлгэн өгөх, худалдан авагч М.Б нь 1 м.кв-ыг 6000 ам доллараар тооцон нийт 47,520 ам доллар төлөх үүргийг тус тус харилцан хүлээж, гэрээг бичгээр байгуулсан болох нь хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 7-9 дэх талд/

Талууд гэрээг Худалдааны талбайг худалдан авалт, захиалгын гэрээ гэж нэрлэсэн байх боловч гэрээ байгуулагдах үед гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намянжүгийн гудамж ******* тоотод байрлах Мэргэн худалдаа үйлчилгээний төвийн барилга нь баригдаагүй, М.Д ХХК нь тус худалдааны талбайг шинээр барьж, гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

Өөрөөр хэлбэл, дээрх гэрээнд оролцогчдын илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга зэрэг нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ-ний агуулгад илүү нийцэж байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч О.Д нь М.Бтай байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21/01 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу хариуцагчаас 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 35/14 дугаартай Худалдааны талбайн худалдах, худалдан авах гэрээ-ний аливаа шаардлагыг гаргах эрх үүссэн гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан М.Б, О.Д нарын хооронд байгуулагдсан 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21/01 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр эрх шилжүүлэгч М.Б нь М.Д ХХК-тай байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 29-ны өдөр 35/14 дугаартай Худалдааны талбайн худалдах, худалдан авах гэрээ-ний захиалагчийн эрх үүргээ эрх хүлээн авагч О.Д-т шилжүүлсэн болох нь тогтоогдож байхаас гадна энэ талаар гэрч М.Б шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... би өөрөө ажлаасаа гарсан тул О.Дт шаардах эрхээ шилжүүлж өгсөн гэж мэдүүлсэн. /х.х-ийн 4-6, 180-182 дахь талд/

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд хуульд заасны дагуу шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжих бөгөөд мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болохоор заасан бөгөөд М.Б нь О.Дт М.Д ХХК-аас 2014 оны 5 дугаар сарын 29-ны өдөр 35/14 дугаартай Худалдааны талбайн худалдах, худалдан авах гэрээ-ээр хүлээсэн үүргийг шаардах эрхээ шилжүүлсэн нь хууль болон гэрээний мөн чанарт харшилсан гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч О.Д нь М.Д ХХК-аас 2014 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 35/14 дугаартай гэрээний үүрэг болон гэрээнээс татгалзсны үр дагаврыг шийдвэрлүүлэхээр шаардах эрхтэй гэж үзнэ.

2014 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 35/14 дугаартай гэрээний 7.3-т Худалдагч тал нь үйлчилгээний талбайг 2015 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулах үүрэгтэй ... гэж тохиролцжээ.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан.

Тус үүрэг нь мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зохицуулснаар тайлбарлагдах бөгөөд хариуцагч нь үүргээ гэрээгээр заасан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээний зүйл болсон худалдааны талбайг гэрээнд заасан хугацаанд нь барьж гүйцэтгээгүй үндэслэлээр тус гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзан гарсан үр дагаврыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн бөгөөд хариуцагч гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намянжүгийн гудамж ******* тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 2048 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын өмчлөгчөөр М.Д ХХК бүртгэгдсэн болох нь тогтоогдож байх тул гэрээний зүйлийг ажил гүйцэтгэгч хугацаанд нь зохих ёсоор хийж гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. /х.х-ийн 27 дахь талд/

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж зохицуулсан боловч хариуцагч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бодит шалгаан нөхцөл, хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан болохоо баримтаар нотлоогүй болно.

Иймд хариуцагч М.Д ХХК-ийг 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3 дахь хэсэгт тус тус зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл байвал мөн хуулийн 219.3, 225.2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцлах журамтай.

Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3 дахь хэсэгт зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзах ба уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг.

Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн захиалсан ажлыг санхүүжилт олж гүйцээж дуусгана гэх тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүйгээр гэрээг цуцлах боломжтой буюу нэгэнт ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь тодорхой үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй.

Захиалагч тал ажлын хөлс болох 47,520 ам долларын 40,000 ам долларт нь ******* УНА улсын дугаартай Chevrolt corvette маркийн автомашин, 7520 ам долларыг М.Д ХХК-ийн захирал А.Уянгын Кредит Монгол ББСБ-д төлөх зээлийн төлбөрөөс хасаж тооцон төлбөрийг бүрэн төлж дууссан гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтаар ******* УНА улсын дугаартай Chevrolt corvette маркийн суудлын автомашины эзэмшигч Кредит Монгол ББСБ нь 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тус автомашиныг Б.Уын эзэмшилд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар гэрч Б.У шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... М.Д ХХК нь зээлийн гэрээ байгуулахдаа У******* нь К******* компанийн захирлаас гэрээ хийж тэр машиныг авсан. Мөн энэ машиныг хүлээн авлаа гэдэг бичгийг танай компанид хүлээлгэн өгсөн байх ёстой. Магадгүй хэргийн материал дотор Уянгын хүлээн авсан албан бичиг байгаа байх ... Chevrolet corette маркийн автомашиныг М.Д ХХК нь талбай өгсөнтэй холбоотойгоор К******* компаниас өөрөө хүлээн авсан гэж, гэрч А.У******* мэдүүлэхдээ ... Б.У манай компанид ажиллаж байсан... Б.Ут намайг мэдээгүй байхад автомашиныг шилжүүлсэн байсан ... гэж тус тус мэдүүлсэн. /х.х-ийн 79-81, 176-182 дахь талд/

Мөн хэрэгт авагдсан М.Д ХХК-ийн 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 14/75 дугаартай Бартерийн гэрээний тухай албан бичигт М.Д ХХК-ийн захиалан бариулж буй Баянзүрх дүүрэг, Нарантуул худалдааны төв-ийн баруун талд байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 3 давхарт, 792 м.кв талбайтай 3А-19 тоот лангууг танай байгууллагын эзэмшлийн Chevrolet corette маркийн, улаан өнгөтэй спорт загварын автомашинаар таваарыг таваараар солилцох зарчим буюу бартераар худалдаж авахаар тохиролцсон. Автомашины худалдан авах дүнг 40,000 /Дөчин м*******н/ ам доллараар тооцож, автомашины худалдан борлуулах үнийн дүнгийн зөрүү болох 7520 ам долларыг А.Уянгын авсан 511,000 ам долларын зээлийн хүүний төлөлтөөс хасахаар тохиролцсон. Үүний дагуу тус бартерийн 14/29 тоот гэрээг 2014.05.29-ны өдөр хамтран байгуулж, мөн өдөр Chevrolet corette суудлын автомашиныг манай байгууллага өөрийн эзэмшлийнх болгон хүлээн авсан. ... гэжээ. /х.х-ийн 201 дэх талд/

Хэрэгт авагдсан дээрх баримтууд болон гэрч нарын мэдүүлгээр захиалагч нь 47,520 ам долларыг бүрэн төлсөн болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж мөн зүйлийн 205.2.2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

Зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар ******* УНА улсын дугаартай Chevrolt corvette маркийн автомашиныг М.Д ХХК бусдын өмчлөлд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр шаардсан нь үндэслэлтэй. /х.х-ийн 12 дахь талд/

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж зохицуулсан.

Иймд нэхэмжлэгч нь 47,520 ам долларыг нэхэмжлэл гаргасан 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Монгол банкнаас зарласан нэг ам долларын ханш 2849.29 төгрөгөөр тооцон 135,398,260.8 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч М.Д ХХК-аас 135,398,260.8 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Дт олгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 834,941.31 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Д ХХК-аас 834,941,31 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Дт олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118, дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч М.Д ХХК-аас 135,398,260.8 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Дт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 834,941.31 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Д ХХК-аас 834,941,31 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Дт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ