Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2022/01238

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2022/01238

Орхон аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Шанд баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 9,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******,

Хариуцагч П.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч П.*******ид холбогдуулан машины үнэ 9,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Миний бие нь 2021 оны 10 сард 49-24 ОРХ улсын дугаартай Мitsibushi Fuso ачааны машиныг П.*******ид 18,500,000 төгрөгөөр зарж, 9,100,000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 9,400,000 төгрөгийг 11 сард надад төлөхөөр болж машиныг маань авч явсан. Тухайн үед уг машин миний нэр дээр албан ёсоор шилжиж ирээгүй байсан учраас П.*******той гэрээ хэлцэл байгуулаагүй бөгөөд ковид дуусмагц нэр дээр нь болгохоор ярилцсан байсан. Гэтэл П.******* нь машиныг маань унагаж эвдсэн байсан бөгөөд үлдэгдэл мөнгөө авъя машиныг чинь шилжүүлж өгье гэхээр урдаас миний мөнгийг өгөөд машинаа аваад яв гэсэн утгатай юм яриад одоо болтол хөдөлдөггүй. Эвлэрүүлэн зуучлал дээр болохоор шүүхээрээ явж ав гэж хэлээд бас шийдвэрлүүлээгүй хаалгасан байсан. Чи засаад өг гэхээр мөнгө байхгүй гээд байдаг. Иймд П.*******оос машины үлдэгдэл үнэ болох 9,400,000 төгрөгийг гаргуулан авах эсхүл энэ мөнгөндөө эвдэрхий машиныг гаргуулан авахыг хүсч энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Өөрөө худалдаж авъя гэсэн саналаар нь үнэ тохирсон. Би 20,000,000 төгрөгөөр зарна гэсэн боловч 19,000,000 төгрөгөөр ав гээд 500,000 төгрөгөөр кабин халаагчийг нь аваад надад 18,500,000 төгрөг өгчих гэсэн. Гэтэл хариуцагч 15,000,000 төгрөгөөр тохирсон. 10,500,000 төгрөгийг өгсөн гэж яриад байна. Би авсан малынх нь бүх үнийг хажууд нь бичээд, хүмүүст зээлээр тарааж өгсөн... гэж тайлбарласан.

 

 

3.Хариуцагч П.******* хариу тайлбартаа: ...Миний бие 2021 оны 10 дугаар сард 49-24 орх улсын дугаартай Мitsibushi Fuso маркийн ачааны машиныг Б.*******ээс худалдан авсан. Уг машин нь салхины шил хагархай, торомзны аппарат, пар, конс, гар тормз, хаалганы бариулуудыг засварлаж сольж өгөхөөр нь үлдсэн төлбөр 4,500,000 төгрөгийг өгнө гэж тохирч өөр хүний нэр дээр байсан машиныг тээврийн хэрэгслийн гэрчилгээг надад өгсөн. Уг машины бүрэн бүтэн байдлаас болж хөдөлгөхгүй хэд хоноход засвар үйлчилгээ яаралтай хийхийг шаардсан боловч зүгээ ойр зуур явахад болно гэж өөрөө барьж үзүүлсэн боловч би бүрэн бус техник хэцүү хоёулаа наймаагаа буцаая гэж олон удаа гуйсан. Гэвч наймаагаа буцаахгүй, чи нэг яваад ир, ирэхээр нь янзын болгоод өгнө гэдэг байсан. Би анх том машин авмаар байна гэхэд миний машин сайн гэсэн. Машиныг нь өөртэй нь анх 17,000,000 төгрөгөөр тохироод хамт малаа ачаад ирсэн. Тэгээд хамт явж байгаад малаа аваад явж байгаад Сайханы төв дээр эвдэрсэн. Би бүтэхгүй юм байна гэхэд зүгээр чи ав гэсэн. Тэгээд миний малын мөнгийг бүгдийг нь авсан. Бүх малыг маань зараад 9,200,000 төгрөг болоод нэг гүү үлдсэнийг 1,300,000 төгрөг гэж тооцоод 10,500,000 төгрөгийг өгсөн. Тэгээд чаддаг хүнээр бариул чи чадахгүй байна гэсэн. Тэгээд Оросын булаг руу даваад машин нь консгүй болсон. Тэгээд би машинаа ав гэсэн. Гэтэл за би үзье гэсэн. Тэгээд цуг явж байсан жолооч маань том машины жолооч дуудаад эргээд Орхон аймаг руу ирсэн. Дэнж рүү машинаа янзлуулаад Б.******* рүү залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд эвдэрхий машин авснаас болоод би осолд орсон... Иймд би нэхэмжилсэн мөнгийг төлж чадахгүй... гэв.

 

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******, П.******* нарын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байна. Мал махны үнэ 9,100,000 төгрөг болсон нь гэрч Т.Саранцэцэгийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, өөрсдийн бичсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна. Цонх нь буухгүй, цуурсан байсан байна. Үүнийг машины эвдрэл гэмтэл гэж үзэхгүй. Хариуцагч өөрөө энэ машинаар малаа ачиж ирсэн. Мөн энэ машинаар нэхэмжлэгч Хөвсгөл, Булган аймаг руу явж мах авч байсан. Мөн худалдах худалдан авах гэрээг буцаах гэж байна. Өөрөө том машин жолоодох дадал туршлагагүй байж худалдаж авсан нь өөрийнх нь хурал дээр хэлсэн би өөрөө жолоодож чаддаг байсан бол хашаанд аваачиж тавих байсан гэж хэлсэн үгээр нотлогдож байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлож ярих ёстой. Мөн хариуцагч нь нэхэмжлэлээс татгалзаж байгаа асуудлаа баримттай хэлэх ёстой. Хариуцагч нэг ч төгрөг төлөхгүй гэдгээ нотлохгүй байна. П.*******оос машины бичиг баримт авах гэхэд байхгүй гэсэн. Эдгээр баримтуудаар П.*******оос 9,400,000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна гэв.

 

5.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, 49-24 ОРХ улсын дугаартай Мitsibushi Fuso ачааны машиныг гэрчилгээний хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, өөрийн гараар хөтөлдөг мах зарж байснаа тэмдэглэсэн дэвтрийг нотлох баримтаар судлуулахаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч П.*******ид холбогдуулан машины үлдэгдэл үнэ 9400000 төгрөг гаргуулах, эсхүл эвдэрхий машин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд машины үнэ 9400000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж тайлбарласан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...би 2021 оны 10 сард 49-24 ОРХ улсын дугаартай Мitsibushi Fuso ачааны машиныг П.*******ид 18,500,000 төгрөгөөр зарахаар тохиролцож, 9,100,000 төгрөгөнд түүний малыг авч борлуулан авсан. ******* нь миний машиын үлдэгдэл үнэ болох 9,400,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй, мөнгөө нэхэхээр өгдөггүй. Миний машиныг аваад унагаж эвдсэн байдаг. Иймд П.*******оос машины үлдэгдэл үнэ болох 9,400,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна... гэж тайлбарласан.

 

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үгүйсгэж дараах тайлбарыг гаргасан. Үүнд: ....би 2021 оны 10 дугаар сард 49-24 ОРХ улсын дугаартай Мitsibushi Fuso маркийн ачааны машиныг нэхэмжлэгчээс 17000000 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч, 6 үхэр, 1 адуу уг машинаар хамт явж ачиж ирээд, малаа Б.*******ээр борлуулуулж, үхэр 9200000 төгрөг болж, үлдсэн нэг адуугаа 1300000 төгрөгт тооцож, нийт 10500000 төгрөг өгсөн. Гэтэл уг машин нь салхины шил хагархай, торомзны аппарат, пар, конс, гар торомз, хаалганы бариулууд эвдэрхий байсан тул засварлаж сольж өгөхөөр нь үлдсэн төлбөр 4,500,000 төгрөгийг өгнө гэж тохирч өөр хүний нэр дээр байсан машиныг тээврийн хэрэгслийн гэрчилгээг надад өгсөн. Уг машин байнга эвдрээд байхаар нь наймаагаа буцаая, машинаа аваад мөнгөө өг гэж нэхэмжлэгчид удаа дараа хэлж байсан боловч наймаа буцахгүй гээд машинаа аваагүй. Тэгээд эвдэрхий машин авснаас болоод би осолд орсон... гэж няцаасан.

 

5. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигч Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээ байгуулахаар амаар тохиролцсон байна.

 

Гэвч уг гэрээ нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасан хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ. гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй буюу талууд амаараа Мitsibushi Fuso 49-24 ОРХ улсын дугаартай ачааны машиныг зээлээр худалдахаар тохиролцож, уг машиныг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байхад нэхэмжлэгч нь хариуцагчид биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй машиныг шилжүүлэн өгсөн болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

7. Нэхэмжлэгч уг машиныг өмчлөх эрхийн гэрчилгээг 2022 оны 01 сарын 10-нд авсан байх ба хариуцагчийн уг машины салхины шил хагархай, торомзны аппарат, пар, конс, гар торомз, хаалганы бариулууд эвдэрхий байсан гэсэн тайлбарыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй байна.

 

8. Мөн гэрээний талууд нь гэрээний үнэ дээр маргаж байгаа, өөрөөр хэлбэл гэрээний үнэ тодорхойгүй, талууд машиныг хэдэн төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцсон, нэхэмжлэгч нь хариуцагчаас хэдэн төгрөг машины үнэнд авсан, хариуцагч хэдэн төгрөг төлсөн болох нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

9.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбар, хариуцагчийн татгалзал нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

10. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар заасан байх тул зохигчийн хооронд байгуулагдсан хэлцэл нь бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй учир хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Мөн хуулийн 56.5-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх талаар зохицуулсан байна.

 

11.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.*******ийн хариуцагч П.*******оос 9,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

12. Нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч П.*******оос 9400000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,350 /нэг зуун жаран таван мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ