| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2017/0067/Э |
| Дугаар | 161/ШЦТ2017/00058 |
| Огноо | 2017-08-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | М.Фарида |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 161/ШЦТ2017/00058
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
нарийн бичгийн дарга Ц.С,
орчуулагч Т.М,
улсын яллагч М.Ф,
насанд хүрээгүй хохирогч Е.О,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С,
шүүгдэгч С.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Хад холбогдох 2017********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ш овгийн С Х нь 1994 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн фермер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дүгээр багт оршин суудаг, РД:БЮ********.
Шүүгдэгч С.Хын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Х нь 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Тоёото королла” маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж унадаг дугуй унаж явсан хүүхэд Е.Ог мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:
- Шүүгдэгч С.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ө сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн том машиндаа тос авах гээд өөрийн эзэмшлийн “тоуота corallo” маркийн машинтайгаа хар зам орох гээд явж байхад 2 дугуйтай хүүхэд урдаас гарч ирсэн. Би хурдаа сааруулж тухайн хүүхдийг зам хөндлөн гаргасан. Би цаашаа арай хурдтай явж байхад дугуй унасан эрэгтэй хүүхэд гарч ирсэн. Би машиныхаа тоормосыг дарж, гар кардан татаж машинаа зогсоход тухайн хүүхдийг мөргөсөн. Тухайн хүүхэд миний машины дугуйнд мөргүүлж газар унасан. Би машинаасаа бууж тухайн хүүхдийг харахад түүний толгойноос цус гарсан байсан. Би машинаасаа алчуур гаргаж түүний цусыг арчиж цагдаа болон түргэн тусламжид дуудлага өгсөн. Цагдаа болон түргэн тусламж ирээгүй тул би такси аваад хүүхдийг эмнэлэгт хүргэсэн. Эмч нар тухайн хүүхдийн толгойд оёдол тавьж эмнэлгийн холбогдох арга хэмжээг авсан. Тухайн хүүхдийг Е.О гэдэг. Би хохирогчийг Улаанбаатар хотод очиж эмчлүүлэхэд гарсан бүх зардлыг төлж өгсөн. Би удаа дараа хохирогчоос очиж уучлалт гуйхад намайг уучилсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “уг хэрэг болгоомжгүй байдлаас болж үйлдэгдсэн, хүүхэд маань амьд үлдсэн тул цаашид ямар нэгэн гомдол саналгүй” гэж хэлсэн. Би анх удаа шүүхэд ирж байна. Би дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна. Би том оврын тээврийн хэрэгсэл жолооддог. Би банкнаас авсан зээлтэй. Миний жолоодох эрхийг хасахгүй байхыг хүсэж байна. Уг хэрэг гарснаас хойш 3 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд би бүх зүйлийг ойлгосон. Би дахиж шүүхийн өмнө ирэхгүй” гэв.
- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “... Эвлэрсэн, уучлалт өгсөн. Хохирол төлж өгсөн, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Мөн иргэний нэхэмжлэгч А.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний хүү болох Е.О нь 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зам тээврийн осолд орж тээврийн хэрэгсэлд мөргүүлж биедээ хүнд гэмтэл авсан. Хүү Е.Ог мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч С.Х нь О Улаанбаатар хотод очиж гэмтлийн эмнэлэгт хэвтэн хагалгаанд орж, эмчилгээ хийлгэхэд гарсан эм болон бусад бүх зардлын мөнгийг өөрөөсөө гаргаж төлж өгсөн байгаа. Одоогийн байдлаар бидэнд нэхэмжлэх зүйлгүй болно. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
- Өсвөр насны хохирогч Е.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би зам хөндлөн гараад явж байхад хогийн цэг талаас саарал өнгийн королла маркийн тээврийн хэрэгсэл ирж замын эсрэг талын урсгалын зорчих хэсгээр зам хөндлөн гараад явж байсан намайг мөргөсөн ба тухайн үед ухаан алдаж унасан байсан. Тухайн үед уг тээврийн хэрэгсэл нилээн хурдтай ирж байсан” гэх мэдүүлэг,
- Насанд хүрээгүй гэрч А.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... хогийн цэг талаас саарал өнгийн королла маркын тээврийн хэрэгсэл нилээд хурдтай ирж байсан. Нэг их удалгүй машины хүчтэй тормос дарсан дуу гарсан ба хойшоо эргээд харахад Ог уг тээврийн хэрэгсэл мөргөсөн байсан” гэх мэдүүлэг,
- Насанд хүрээгүй гэрч Б.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Х бид хоёр уг машиныг ямар их хурдтай ирж байна гэж ярилцаж дуусаагүй байхад уг тээврийн хэрэгсэл Х бид хоёрын араас дугуйтай ирж явсан найз Ог мөргөсөн. Уг машин Ог мөргөх үед О савж толгой хэсгээрээ урд салхины шилэнд мөргүүлсэн шиг болсон” гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Мы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Уг хүүхдийг мөргөсөн тээврийн хэрэгсэл эсрэг талын урсгалд орж, бага зэрэг хөндлөн зогссон байсан ба хүүхэд машины урд хажуу талд хэвтэж байсан. Огийн толгойноос цус алдаж байсан” гэх мэдүүлэг,
- Зам тээврийн осолын шалтгааныг тогтооосон шинжээч Н.Тын 2017 оны 05 сарын 26-ны өдрийн 2 дугаартай: “... Зам тээврийн осол гарсан шалтгаан нь “Тоёота королла” маркын 0000 бөт улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн дүрмийн 9.3-д заасан тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан болж байна...” гэх дүгнэлт,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хын 173 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэл болон унадаг дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч С.Х нь 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Тоёото королла” маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж унадаг дугуй унаж явсан хүүхэд Е.Ог мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Өсвөр насны хохирогч Е.Огийн мөрдөн байцаалтын шатанд: “... Би зам хөндлөн гараад явж байхад хогийн цэг талаас саарал өнгийн королла маркийн тээврийн хэрэгсэл ирж замын эсрэг талын урсгалын зорчих хэсгээр зам хөндлөн гараад явж байсан намайг мөргөсөн ба тухайн үед ухаан алдаж унасан байсан. Тухайн үед уг тээврийн хэрэгсэл нилээн хурдтай ирж байсан” гэж мэдүүлсэн уг ослын улмаас өсвөр насны хохирогч Е.Огийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 173 дугаартай “...1. Иргэн Е.Огийн биед тархины битүү гэмтэл доргилт, няцралт тархины хатуу хальсны доор цусан бүлээнтэй /цус хураатай/ ухаангүй зэрэг гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлээр үүссэн.
3. Дээрх гэмтэл нь амь биед аюултай, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2 заалтыг агуулах, гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно ...” гэх шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Мөн шүүгдэгч С.Хын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлэг бусад гэрч нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч С.Хыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Баян-Өлгийн аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирч байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Х нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргажээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С.Хын Е1689898 дугаартай гадаад паспорт, №*********дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгож, №***********дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Хын ногдох хөрөнгө болох ХАС банкан дахь ************ тоот харилцах дансанд байгаа 736846 төгрөг, “Тоёото королла” маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Хад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч С.Хын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялаас чөлөөлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ш овгийн С Хыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хыг хорих ялаас чөлөөлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хассугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар зааснаар шүүгдэгч С.Хын ногдох хөрөнгө болох ХАС банкан дахь ************ тоот харилцах дансанд байгаа 736846 төгрөг, “Тоёото королла” маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С.Хын №***********дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, Е1689898 дугаартай гадаад паспорт, №*********дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгосугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Хад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ