Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 115/ШШ2023/0007

 

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цэнд би тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Т.Цэнд-Аюуш/-оос ирүүлсэн, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0001777 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий гомдол /Прокурорын дүгнэлт/-оор Дорноговь аймгийн Байгаль орчин,  аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч /.../-д холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

Прокурор шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Тус аймаг дахь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Одпүрэв зөрчлийн 2219000459 дугаартай У.Болор-Эрдэнэ нь 2 тооны цагаан зээр зөвшөөрөлгүйгээр агнасан гэх хэргийг шалгаж холбогдогч У.Болор-Эрдэнэд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн материалыг 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шалгалтын хүрээнд хянахад:

Материалд авагдсан холбогдогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр У.Болор-Эрдэнэ нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2 тооны цагаан зээрийг зөвшөөрөлгүй агнаж 60000 төгрөгийн хууль бус орлого олсон болох нь тогтоогдсон байна.

Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Одпүрэв нь “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0001777 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-1/ У.Болор-Эрдэнэд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, нөхөн төлбөр 2000000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Холбогдогч У.Болор-Эрдэнэ нь 2 тооны цагаан зээрийн махыг зарж 60000  төгрөгийн хууль бус орлого олсон байхад шийтгэлийн хуудсанд хураах талаар бичээгүй орхигдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр эсхүл гэрээ зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж,  учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг ... төгрөгөөр торгоно” гэжээ.

Иймд Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Одпүрэвийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр У.Болор-Эрдэнэд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийдвэрт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Т.Цэнд-Аюуш/-ын гаргасан дээрх дүгнэлт буюу тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Одпүрэвийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зөрчлийн холбогдогч иргэн У.Болор-Эрдэнэд шийтгэл оногдуулсан 0001777 дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийн “ШИЙДВЭРЛЭХ нь” хэсгийн 2 дахь заалтад зөрчил үйлдэж, хууль бусаар олсон орлого 60,000 /жаран мянга/ төгрөгийг хураах талаар бичээгүй орхигдуулсан байх тул уг шийтгэлийн хуудсанд тухайн заалтыг оруулж өөрчлөлт оруулахаар ирүүлсэн прокурорын гомдол /дүгнэлт/-оор хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч /... /-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бөгөөд,

Хариуцагч дээрх эрх бүхий албан тушаалтнаас тус гомдол /Прокурорын дүгнэлт/-д 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:  “Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Одпүрэв би, зөвшөөрөлгүй амьтныг агнасан Ухна овогтой Болор-Эрдэнэд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын дагуу шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Дээрх шийтгэлийг оногдуулахдаа хууль бусаар олсон орлого болох 60,000 /жаран мянга/ төгрөгийг улсын орлого болгох арга хэмжээг орхигдуулсан. Иймд Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр дүгнэлттэй санал нийлж байна” гэжээ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг зохицуулсан 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ...” гэх үндэслэлд хамаарч байхын хамт, уг зөвшөөрөл нь бусад этгээдийн буюу зөрчилд холбогдогч иргэн У.Болор-Эрдэнийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасныг үндэслэн,

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Т.Цэнд-Аюуш/-ын гомдол /дүгнэлт/ дахь хариуцагч тус аймгийн Байгаль орчин,  аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч /.../-ийн зөрчлийн холбогдогч иргэн У.Болор-Эрдэнэд шийтгэл оногдуулсан 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0001777 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлагыг хариуцагчаас бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх зүйлд заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Т.Цэнд-Аюуш/-ын гомдол /дүгнэлт/ дахь зөрчлийн холбогдогч иргэн У.Болор-Эрдэнэд шийтгэл оногдуулсан 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0001777 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай шаардлагыг хариуцагч Дорноговь аймгийн Байгаль орчин,  аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч /... /-аас бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь зүйлд зааснаар гомдол /Прокурорын дүгнэлт/ гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зүйлд зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЦЭНД