Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2023/00846

 

 

 

 

 

 

 

 

  2023       03        02                                            182/ШШ2023/00846

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: УБП ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:, МА ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 16,789,131 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

Хариуцагч байгууллагын захирал Ж.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага хариуцагч МА ХХК-тай 2020.01.09-ний өдөр 11/2020010901 дугаартай оффисын талбайн түрээсийн гэрээг байгуулсан. Тус гэрээний 2.2, 3.1.1-т заасны дагуу манай байгууллагын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, * дугаар хороолол, ***** тауэр барилгын 14 давхрын 1404 тоотод байрлах, 62 м.кв талбайг сарын 1,457,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож, барьцаанд 2020.02.17-ны өдөр 1,860,000 төгрөг төлж, бид түрээсийн объектыг хүлээлгэн өгсөн. Харин хариуцагч нь гэрээний 2.1-д заасны дагуу 2020.01.13-ны өдрөөс 2021.01.12-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатайгаар түрээслэхээр тохиролцсон боловч 2021.04.09-ний өдрийг хүртэл суллаж өгөөгүй, бид өөрсдөө дараагийн байгууллагад түрээслэх шаардлагатай байсан тул өрөөний цоожийг эвдэж, дотор байсан эд зүйлийг нь өөр газарт хураан хадгалж, түрээсийн зүйлийг чөлөөлж авсан юм. Тийм учраас хариуцагчийг 2021.01.13-ны өдрөөс 2021.04.09-ний өдрийг хүртэл 14 сар 28 хоног түрээсийг зүйлийг түрээсэлсэн гэж үзсэн. Ингээд 14 сар 28 хоногийн хугацаанд хариуцагч нь манай байгууллагад нийт 17,900,620 төгрөг төлөхөөс нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2020.02.17-ны өдөр 1,470,000 төгрөг, 2020.05.15-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 2,470,000 төгрөг төлж, 15,430,620 төгрөгийг төлөөгүй байна. Харин бид энэ төлбөрөөс барьцаа мөнгийг хасаагүй байгаа. Бидний хийсэн түрээсийн тооцооноос зарим сард хариуцагчид хөнгөлөлт үзүүлсэн нь харагдана.

Бидний зүгээс удаа дараа хариуцагч талд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрөө төлөхийг мэдэгдэж, мэдэгдэл явуулж байсан боловч хариуцагч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Гэрээний 7.2-т зааснаар түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3%-тай тэнцэх хэмжээний алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй. Алданги нь нийтдээ 1,358,511 төгрөг болсон бөгөөд тухай бүр тооцогдсон болно. Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний төлөгдөөгүй төлбөрт 15,430,620 төгрөг, алдангид 1,358,510 төгрөг, нийт 16,789,131 төгрөгийг хариуцагч МА ХХК-иас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.01.09-ний өдрийн оффисын талбайн түрээсийн гэрээ, гэрээний хавсралт болох оффисын талбай хүлээлцэх акт, хариуцагч Мэргэн арцат ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.01.01-ний өдрөөс 2021.08.31-ний өдрийг хүртэлх харилцагчийн өглөг, авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

3.Хариуцагч тал шүүхэд ямар нэгэн тайлбар, баримт ирүүлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч УБП ХХК нь хариуцагч МА ХХК-нд холбогдуулж түрээсийн гэрээний үүрэгт 16,789,131 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талын гарган өгсөн баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч тал түрээсийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, түрээсийн гэрээний хугацаа дууссан, түрээсийн төлбөр төлөхийг хариуцагч талаас удаа дараа шаарддаг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, иймд түрээсийн төлбөрийг, алдангийн хамт шаардах эрхтэй гэж тайлбарлав. 

 

Зохигчдын хооронд 2020.01.09-ний өдөр оффисын талбайн түрээсийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч МА ХХК нь нэхэмжлэгч Улаанбаатар пропетиз ХХК-ийн өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, /15140/ Тусгаар тогтнолын талбай гудамж, 5 дугаар байрны 16 дугаар давхарт байрлах оффис, үйлчилгээний зориулалттай ** тауэр барилгын нийт 862 м.кв талбайгаас 1404 тоотын 62 м.кв талбайг, 2020.01.13-ны өдрөөс 2021.01.12-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай түрээсэлж, түрээсийн төлбөрт 1 м.кв талбайд 23,500 төгрөг, 62 м.кв талбайд 1,457,000 төгрөг, барьцаанд 1,860,000 төгрөг төлөх, нэхэмжлэгч УБП ХХК нь түрээсийн талбайг хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцжээ.

 

3.Нэхэмжлэгч УБП ХХК нь түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 4 дүгээр зүйлийн 4.2.2, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1‑д зааснаар түрээсийн зүйл болсон 1404 тоотын 62 м.кв талбайг 2020.01.17-ны өдөр хариуцагч МА ХХК-нд хүлээлгэн өгсөн, хариуцагч МА ХХК нь мөн хуулийн заалт, түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 2.3, 2.5-т заасны дагуу түрээсийн талбайг хүлээн авч, зохих журмын дагуу ашиглаж, 2020.02.17-ны өдөр 1,470,000 төгрөг, 2020.05.15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020.02.17-ны өдөр барьцааны төлбөр 1,860,000 төгрөгийг нэхэмжлэгч УБП ХХК-нд тус тус төлсөн байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч МА ХХК нь 2 удаагийн түрээсийн төлбөрт нийтдээ 2,470,000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй, түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.8-д зааснаар түрээсийн төлбөр төлөх үүргийг зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч УБП ХХК нь түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.4-т зааснаар хариуцагч МА ХХК-иас түрээсийн төлбөр төлөхийг удаа дараа шаардсан, тэрээр түрээсийн талбайг 2021.04.09-ний өдрөөр тасалбар болгон өөрсдөө чөлөөлж авсан гэх боловч энэ талаар бичгийн баримтгүй болно.

 

Тодруулбал, зохигчдын хэн аль нь түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4, 5 дугаар зүйлийн 5.2.30-д зааснаар түрээсийн гэрээг сунгах эсэх талаар харилцан санал хүсэлт гаргаагүй, түрээсийн гэрээг сунгасан талаар бичгийн баримтгүй, гэрээний хугацаа 2021.01.12-ны өдөр нэгэнт дууссан байх бөгөөд түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.8-д зааснаар нэхэмжлэгч УБП ХХК нь барьцааны 1,860,000 төгрөгийг түрээсийн үлдэгдэл төлбөрөөс суутган авах эрхтэй байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй, барьцааны 1,860,000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасаж тооцоогүй байна.

 

4.Нэхэмжлэгч талын үндэслэл болгосон 2019.01.01-ний өдрөөс 2021.08.31-ний өдрийг хүртэлх харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээнд хариуцагч МА ХХК нь 2020.01.01-ний өдрөөс 2021.04.01-ний өдрийг хүртэл нийт 17,900,620 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөхөөр тооцогдсон байгааг шүүх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. Харин шүүх тооцооллыг нягталж, гэрээний хугацаанд буюу 12 сараар тооцож сүүлийн 3 сар /884,607 төг + 1,457,000 төг + 437,100 төг/-ын 2,778,707 төгрөгийг хасч, 15,121,913 төгрөг, үүнээс түрээсийн төлбөрт төлсөн 2,470,000 төгрөг, барьцааны 1,860,000 төгрөгийг тус тус хасаж 10,791,913 төгрөг болсныг хариуцагч МА ХХК-ийн төлөх ёстой түрээсийн төлбөрийн үлдэгдэл гэж тооцлоо.

 

Хариуцагч МА ХХК нь түрээсийн төлбөрийг цаг хугацаанд, бүрэн төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн гэм буруутай байх тул тэрээр түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар түрээсийн төлбөр төлөх үндсэн үүргээс гадна, гэрээний хариуцлага буюу нэмэлт үүрэг болох алдангийг хариуцан төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч УБП ХХК-ийн 1,358,511 төгрөгийн алдангийн тооцооллыг шүүх үндэслэл бүхий байна гэж үзсэн болно.

 

5.Тиймээс нэхэмжлэгч УБП ХХК нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 10,791,913 төгрөг, алданги 1,358,511 төгрөг, нийт 12,150,424 төгрөгийг хариуцагч МА ХХК-иас шаардах эрхтэй, нөгөө талаар хариуцагч МА ХХК нь нэхэмжлэгч УБП ХХК-нд 12,150,424 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч МА ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Бямбажаргал нь 2022.05.12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, 2022.05.26-ны өдөр хариу тайлбар, татгалзлаа нотолсон баримтуудыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн байх боловч ямар нэгэн тайлбар, холбогдох баримтуудыг шүүхэд огт ирүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцээгүй, түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар хариуцагч МА ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч МА ХХК-иас 12,150,424 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УБП ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,638,707 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

6.Нэхэмжлэгч УБП ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 241,900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч МА ХХК-иас 209,356 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УБП ХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч МА ХХК-иас 12,150,424 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УБП ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,638,707 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч УБП ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 241,900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч МА ХХК-иас 209,356 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УБП ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА