| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2022/04983/И |
| Дугаар | 182/ШШ2023/00878 |
| Огноо | 2023-03-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2023/00878
2023 03 07 182/ШШ2023/00878
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Б-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 17,943,586 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.Б нь манай байгууллагатай 2019.03.14-ний өдөр 3551//01/RL-2019 тоот кредит картын гэрээг байгуулж, 10,000,000 төгрөгийн эрхтэй, бэлэн бус гүйлгээний сарын 2.2 хувийн хүүтэй, бэлэн гүйлгээний сарын 2.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай байгуулсан. Зээлдэгч Д.Б нь кредит картын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан биелүүлэхийг банкнаас сануулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Хариуцагч нь 2022.11.01-ний өдрийн байдлаар бэлнээр зарцуулсан 9,996,804 төгрөг хүү 7,240,342 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 703,338 төгрөг, нийт 17,943,586 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд кредит картын хугацаа 2020.03.14-ний өдөр дууссан байна. Иймд хариуцагч Д.Боос зээлийн гэрээний үүрэгт нийт 17,943,586 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагч Д.Бийн кредит карт хүссэн өргөдөл, 2019.03.14-ний өдрийн картын зээлийн эрх нээх гүйлгээний шийдвэр, кредит картын гэрээ, кредит картын дэлгэрэнгүй лавлагаа, кредит картын хуулга гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.
3.Хариуцагч тал шүүхэд ямар нэгэн тайлбар, баримт ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч Д.Б-т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 17,943,586 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талаас гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч Д.Б нь зээлийн эрхтэй кредит картыг хүлээн авч, ашигласан байх боловч буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, зээл төлөхийг удаа дараа шаарддаг боловч огт төлөөгүй, иймд зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж тайлбарлав.
Хариуцагч Д.Б нь 2019.03.14-ний өдөр хувийн хэрэгцээндээ зориулж, 10,000,000 төгрөгийн, олон улсын эрхтэй кредит карт авах тухай хүсэлтийг Ч ХХК-нд гаргасан байх бөгөөд, нэхэмжлэгч Ч ХХК нь уг хүсэлтийг үндэслэн картын зээлийн эрх нээх гүйлгээний шийдвэрийг гаргаж, зохигчдын хооронд 2019.03.14-ний өдөр кредит картын гэрээ байгуулагдсан байна. Энэхүү гэрээгээр хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Ч ХХК-иас 10,000,000 төгрөгийн эрхтэй, бэлэн бус гүйлгээний сарын 2,2%-ийн хүүтэй, бэлэн гүйлгээний сарын 2,5%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай кредит картыг ашиглаж, зээлийг, хүүгийн хамт буцаан төлөх, төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээсэн байгаа нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасан шаардлагад нийцжээ.
3.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч Д.Бт 10,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг хүлээлгэн өгсөн байх бөгөөд хариуцагч Д.Б нь картнаас бэлэн бусаар 9,996,804 төгрөгийг авч ашигласан байх боловч буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, 7,240,342 төгрөгийн үндсэн хүү, 703,338 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 17,943,586 төгрөгийг төлөөгүй, гэрээний хугацаа 2020.03.14-ний өдөр дууссан байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 451 дүгээр зүйлийн 451.1, кредит картын гэрээний 1 дүгээр зүйл, 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч ХХК нь 10,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй, кредит картыг хариуцагч Д.Бт шилжүүлэн өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч Д.Б нь мөн хуулийн заалт болон кредит картын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3, 4 дүгээр зүйлийн 4.2.1-т зааснаар ашигласан зээл, хүү төлөх үндсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, зээл, хүүгийн үлдэгдэлтэй, уг төлбөрийг төлөхийг нэхэмжлэгчээс удаа дараа утсаар болон амаар шаардсан байдал тогтоогдсон.
4.Иймд нэхэмжлэгч Ч ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, кредит картын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар бэлэн бусаар зарцуулсан 9,996,804 төгрөг, хүү 7,240,342 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703,338 төгрөг, нийт 17,943,586 төгрөгийг хариуцагч Д.Боос шаардах эрхтэй хариуцагч Д.Б нь төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч талын гаргасан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол үндэслэл бүхий байна гэж үзлээ.
Шүүх хариуцагч Д.Бт 2023.01.02-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан, эрх, үүргийг нь танилцуулан, 2023.01.16-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, баримтжуулсан байх боловч хариуцагч Д.Б нь тайлбар болон холбогдох нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэргээр эрхээ хэрэгжүүлээгүй, түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.
5.Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3, 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар хариуцагч Д.Бийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байх тул хариуцагч Д.Боос үндсэн зээл 9,996,804 төгрөг, хүү 7,240,342 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703,338 төгрөг, нийт 17,943,586 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч ХХК-нд олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Ч ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 247,668 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Боос 247,668 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч ХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Боос 17,943,856 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч ХХК-нд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ч ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 247,668 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Боос 247,668 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА