| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2022/01835/И |
| Дугаар | 142/ШШ2023/00011 |
| Огноо | 2022-12-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 142/ШШ2023/00011
| 2022 оны 12 сарын 23 өдөр | Дугаар 142/ШШ2023/00011 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, 13-р хороолол ******* тоотод оршин суух, ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 7-р хороолол ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* *******-д холбогдох ,
Нэхэмжлэлийн шаардлага: 604,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Г.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам нар оролцов.
Хариуцагч Р.*******д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Р.*******д холбогдуулан худалдсан бараа бүтээгдэхүүний үнэ 604,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Миний бие 2006 оноос 2022 он хүртэл 16 жил Орифлейм Монгол ХХК-д бизнес чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Авто вокзалын баруун Угалз баян өлгий хүнсний дэлгүүр ажиллуулдаг Т.******* гэгч хүүхэн арьс оношилгоо хийлгэн, өөртөө тохирох 534,000 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны бүтээгдэхүүн зээлээр авсан. Миний зүгээс 70,000 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны бүтээгдэхүүн бэлэгтэй өгсөн. Худалдаж авсан бүтээгдэхүүний үнийг төлөхгүй байгаа тул 604,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан.
3. Хариуцагч Р.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Г.*******гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүнээс анх үнэртэй ус худалдаж авахаар очсон. Очиход арьсаа оношлуулчих гээд оношилсон. Гэтэл таны арьс ийм, тийм байна, би энэ бүтээгдэхүүнээрээ цол авсан, дагнан ажиллаж борлуулж байгаа, маш сайн үүнийг л ав гэж тулгаад байсан. Тэгээд оройноос нь эхлээд задлаад түрхэхэд миний арьсанд тохироогүй тууралт гарч, загатнаж, улайн хорсож эхэлсэн. Би тухайн үед нь шууд өөр лүү нь залгаж хэлсэн. Тэгэхэд ингэдэг юмаа, сайн хэрэглээд байгаарай гэсэн. Тэгэхээр нь дахиад 2-3 удаа хэрэглэхэд нүд улайж загатнаж, арьс тууралт өгч улайж хүрэнтсэн. Г.******* манай ажил дээр ирэхэд нь яг ямар байгаагаа харуулахад заримыг нь хэрэглэхээ зогсоо 2 бүтээгдэхүүний нэгийг нь хэрэглээд бай гэхээр нь үгүй ээ таарахгүй байна гээд буцаая гэхэд үгүй чамаас мөнгөө авна гээд нохой, гичий гэх мэт янз бүрийн үгээр доромжилж байсан. Энэ хүний хавсаргасан чат миний бичсэн зүйлийг оруулаагүй, миний дугаарыг мэдэхгүй гэдэг нь худлаа, тухайн үед зөндөө удаа дараа буцаая гэдгээ хэлэхэд заавал мөнгөө авна гэж дарамталж байсан. Уг бүтээгдэхүүнүүдийг хэрэглээгүй одоо болтол надад байгаа. Гэсэн.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, арьсны оношилгоо хийсэн баримт, Р.*******тай фэйсбүүк мессенжерээр харилцсан зурвасуудын зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Миний бие 2006 оноос 2022 он хүртэл 16 жил Орифлейм Монгол ХХК-д бизнес чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Надаас 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Авто вокзалын баруун Угалз баян өлгий хүнсний дэлгүүр ажиллуулдаг Т.******* нь арьс оношилгоо хийлгэн, өөртөө тохирох 534,000 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны бүтээгдэхүүн зээлээр авсан бөгөөд би 70,000 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны бүтээгдэхүүнийг бэлгэнд өгсөн. Худалдаж асван бараа бүтээгдэхүүний үнийг төлөхгүй байгаа тул нийт 604,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.
3. Хариуцагч Р.******* нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...би Г.*******гаас үнэртэй ус авахаар очоод арьсаа оношлуулж бүтээгдэхүүн авсан, авсан бүтээгдэхүүн миний арьсанд тохирохгүй болохоор нь буцаая гэдгээ хэлэхэд мөнгөө авна гэж дарамталсан. Уг бүтээгдэхүүнийг хэрэглээгүй одоо болтол надад байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Р.*******д 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр арьс оношилгоог 10,000 төгрөгөөр хийж, түүнд 333,000 төгрөгөөр Novаge багц ком, 26,000 төгрөгөөр нарны тос, 40,000 төгрөгөөр гүн чийг өгдөг эссенц, 25,000 төгрөгөөр гүн чийг өгдөг маск, 55,000 төгрөгөөр унтлагын маск, 10,000 төгрөгөөр тоник, 35,000 төгрөгөөр гуужуулагч, нийт 534,000 төгрөгийн Орифлейм брендийн гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдаж, бэлгэнд нь 70,000 төгрөгийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг өгсөн байна.
Уг бүтээгдэхүүнүүдийг Р.******* худалдан авч хэрэглэсэн байх ба түүний арьсанд таарахгүй болохоор нь буцаая гэж Г.*******д хэлсэн боловч буцааж аваагүй байна.
Талууд худалдсан бараа, бүтээгдэхүүний тоо ширхэг, үнийн тухайд маргахгүй байгаа ба хариуцагч Р.******* нь худалдан авсан гоо сайхны бүтээгдэхүүнийг арьсандаа таарч тохирохгүй байхад нэхэмжлэгчид буцааж өгөөгүй болох нь тогтоогдож байна.
6. Худалдаж авсан гоо сайхны бүтээгдэхүүнийг өөрийнхөө арьсанд таарахгүй байгаа талаар болон буцааж өгөх талаар удаа дараа нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж хариуцагч тайлбарласан боловч энэ талаар нотлох баримт байхгүй, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар, татгалзлын үндэслэл болсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, түүний тайлбар, татгалзал нотлох баримтаар нотлогдохгүй байна.
7. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Р.*******д 534,000 төгрөгийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдаж авсны урамшуулал болгож 70,000 төгрөгийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг бэлгэлсэн атлаа түүнээс гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
8. Иймд хариуцагч Р.*******аас гоо сайхны бараа бүтээгдэхүүний үнэ 534,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 70,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
9.Нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.*******аас улсын тэмдэгтийн хураамж 16,670 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Р.*******аас 534,000 /таван зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 70,000 /далан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.*******аас улсын тэмдэгтийн хураамж 16,670 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ