Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 0048

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

               Прокурор                                          Г.Э

Шүүгдэгч                                           Э.А /онлайнаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Р.Б /онлайнаар/

Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолтой Э.Ат холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Э.Аын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Э-н А.

 

Э.А нь   аймгийн сумын  багийн      тоот  гэсэн хаягтай хашааны харалдаа        гэрт 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Б-тэй маргалдаж толгойн тус газарт нь модоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:    Шүүгдэгч Б овогт Э-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Ат оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Аын 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 99 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Ааас 153.700 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 226.300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

   Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан толгойн рентген зураг 1ш, томографикийн зураг 3ш зэргийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Э эсэргүүцэлдээ:

 

“... Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д заасан хохирогчийн “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах “ эрхийг ноцтой зөрчиж, хууль бусаар хязгаарласан байна.

Хохирогч Ц.Б эмчилгээний зардалд нийт 400.000 төгрөг нэхэмжилдэг ба түүний баримтаа цуглуулж чадаагүй гэж мэдүүлсэн 226.300 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх баримтаар нотлогдоогүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Хэдийгээр шүүх иргэний нэхэмжлэлийг бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох эрхтэй хэдий боловч нэхэмжлэлийн үндэслэлд үндэслэл бүхий дүгнэлт хийн гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тодорхойлох нь шударга ёсны зарчим хийгээд Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхэд бус гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршдог. Гэтэл шүүх баримтаар нотлогдоогүй гэх үндэслэлээр эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан хохирогчийн хохирлоо нөхөн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг бодитой эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадалгүйгээр, түүнийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхийг хязгаарлаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Учир нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг* хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэх заалтыг баримтлан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, хохирогчийн нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах эрхийг эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан “...шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг арилгах үүргийг биелүүлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэж байна.

Мөн шүүх шүүгдэгч Э.Ааас 153.700 төгрөг гаргуулан хохирогч Ц.Б-т олгуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримталсан нь буруу байна.

Учир нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг нь бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах тухай хуулийн зохицуулалт байх ба энэ гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд бус эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул шүүх Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах тухай хуулийн заалтыг баримтлах нь хуульд нийцнэ.

Иймд ... 136 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Шүүгдэгч Э.А давж заалдах гомдолдоо:

 

“Миний бие өөрийн холбогдон ял шийтгүүлсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулах болно. Иймд надад оногдуулсан хорих ял болон дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: “... Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос “Б” овогт Э-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч прокурор Г.Э эсэргүүцэл, шүүгдэгч Э.А давж заалдах гомдол тус тус гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх прокурор Г.Э-ын эсэргүүцэл, шүүгдэгч Э.Аын давж заалдах гомдол зэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Э.А нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ     аймгийн     сумын     багийн тоот гэсэн хаягтай  гэрт хохирогч Ц.Б-тэй маргалдаж, түүний толгойн тус газарт нь модоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

Мөн анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Ат 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх хохирогч Ц.Б-ийн нэхэмжилсэн 400.000 төгрөгийн нэхэмжлэлээс баримтаар нотлогдоогүй гэж дүгнэж 226.300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ -ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүхээс хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдах хууль зүйн үр дагавар үүснэ.

 

Хохирогч Ц.Б нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... эм тариа хэрэглэсэн боловч баримтыг нь цуглуулаагүй” гэсэн мэдүүлэг өгсөн байх бөгөөд тэрээр гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй юм.

 

Түүнээс гадна анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад техникийн шинжтэй алдаа гаргаснаас гадна шүүгдэгч Э.Ааас 153.700 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг буюу бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах тухай заалтыг баримтлаагүй байх тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг зөвтгөж зохих өөрчлөлт оруулах боломжтой гэж дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн тусгай ангийн ...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн ...” гэж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Э.Ааас 153.700 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-т олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Шүүгдэгч Э.Аын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

             ШҮҮГЧИД                                                   Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                         С.УРАНЧИМЭГ