Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 059

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, 

нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг,

орчуулагч Т.Маншүк,

улсын яллагч М.Фарида, 

хохирогч А.Жахсылых,

хохирогчийн өмгөөлөгч Х.Зулхаш,

гэрч А.Назгүл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд,

шүүгдэгч Б.Абушайев нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Абушайевт холбогдох 201704000082 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казах, Төлек овгийн Болатын Абушайев,1984 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй /хувиараа хөдөлмөр эрхэлдэг/, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суудаг, РД:БЗ84122511.

 

Шүүгдэгч Б.Абушайевын холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Б.Абушайев нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Жахсылыхын цээжин тус газар өшиглөснөөс ар дагзаараа савж унан толгойны дух болон зулайн ясанд хугарал үүсэж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:     

- Шүүгдэгч Б.Абушайев шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2017 оны  3 дугаар сарын 16-ны өдөр Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 22 цагийн үед хохирогчтой зодолдож биед нь хүнд гэмтэл учруулсан нь үнэн. Хохирогчийн төрөл садангийн хүмүүс аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгсөн. Би дараа нь түргэнд дуудлага өгсөн. Хохирогчийг Улаанбаатар хотод очиж эмчлүүлэхэд гарсан зардлыг төлж өгсөн.  Би хохирогч талаас хэд хэдэн удаа очиж уучлалт гуйсан. Хохирогч надад уучлалт өгсөн. Тэрээр надад “Цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй” гэдгээ хэлсэн. Би хохирогчид төлөх төлбөргүй. Би анх удаа шүүхэд ирж байна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би уг хэрэгт холбогдож шалгагдсан 4 сарын хугацаанд бүх асуудлыг ухаарч ойлгосон.  Би дахиж шүүхийн өмнө ирэхгүй. Иймд надад нэг удаа хуулийн хөнгөлөлт үзүүлж торгуулийн ял оногдуулж өгөхийг хүсэж байна. ...Нүүрсэнд явж ирснээс шалтгаалж орлого тодорхойлогддог. Заримдаа сард 3-4 удаа, заримдаа 1-2 удаа явж ирдэг...” гэв.

- Хохирогч А.Жахсылых шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би шүүгдэгчид уучлалт өгсөн. Шүүгдэгчид хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэв.

- Гэрч А.Назгүл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Би тухайн үед орой 22 цагийн үед ажлаасаа буусан. Би дэлгүүрт ажилладаг. Би 22 цаг 15 минутын үед дэлгүүрээ хаагаад ажлаасаа буугаад гэр лүүгээ явж байхад залуучууд хоорондоо зодолдож байсан. Тэнд миний дүү байгаа байх гэж харахад дүү маань байсан. Би дүүгийнхээ гараас татаад байж байхад нэг залуу дүүг минь өшиглөхөд хойшоо савж унасан. Бид тэнд 30-40 минут болсон. Цагдаа дуудахад 30 минутын дараа ирсэн. Түргэнд дуудлага өгсөн ба түргэн тусламж ирэхэд дүүгээ эмнэлэгт хүргэсэн. ... Абушайевийг миний дүүг өшиглөж байхад таньсан.” гэв. 

Мөн гэрч С.Берикболын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Зам гараад тэр хоёр нэг нэгийгээ барьж аваад зууралдаж эхэлсэн ба удалгүй тэр хоёр зам хөндлөн гараад бидэнд ирж “Бид хоёр учраа олсон” гэж ирсэн. Тэр үед А.Жахсылыхын гадуураа өмсөж явсан куртикны нэг талын ханцуй нь урагдсан ирсэн. ...”Ерөөл” нэртэй 0.75 граммын архийг уугаад дуусаж тэндээс эхлээд Абушайев, Адилбек, Айдос нар яваад өгсөн. Бид тэнд үлдсэн. Жахсылых бидэнд “Доошоо очиж миний эгчийн дэлгүүрээс тамхи авч татаж тэгээд хэдүүлээ явах уу” гэж хэлэхээр нь бид бүгд доошилсон. Тэр үед Жахсылых миний баруун талд буюу засмал замын зах хэсэгт явж байсан. Тэр үед нэг хашааны булан дөхөж ирсэн үед миний гутлын үдээс тайлагдаж доошоо харж суугаад үдээсээ үдэж байтал гэнэт түс тас гэж пижигнээд зодоон эхэлсэн. ... тэгээд би замын голын хэсэгт гараад ирсэн чинь Жахсылых газар унасан хэвтэж байсан. Би гүйгээд Жахсылыхын хажууд ирэхэд түүний эгч нь “Наадахаа алчихлаа” гэж орилж байсан. Тэгээд Назгүл надад “Жахаагийн /Жахсылых/ толгойг дээшээ өргө” гэж хэлсэн. Би доошоо сууж Жахаагийн /Жахсылых/ толгойг нь өндийлгөж сууж байтал намайг нэг нь ирээд шууд хамар хэсгээс нэг удаа өшиглөж явсан. Тэр нь хэн байсныг би мэдээгүй. ...Тэр үед хашааны буланд зодоон аль хэдийн эхэлсэн тэнд хэдэн хүн зодолдож байсан. Гэхдээ Адилбек Жахсылыхын хажууд харагдаагүй. Тэгж байхад Назгүлийн хажууд Абушайев байсан. ...” гэх мэдүүлэг,

Гэрч Х.Жарденбекийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... Удалгүй гаднаас Абушайев нэлээн согтуу орилж орж ирсэн. Тэгээд тэнд байгаа хүн бүртэй зууралдаж байсан. Би түүнд анхаарал хандуулаагүй тоглож байсан. Тэнд байгаа залуус гадаа гараад тэнд өвс зардаг фондын хашааны буланд бид хэд 2 шил архи уусан. Жахсылых Абушайев хоёр бас хоорондоо үг зөрж байсан. Тэндээс бид бүгд хамт яваад замын нэг дэлгүүрээс 1 шил архи аваад түүнийг хувааж уусан. Тэгээд Абушайев, Адилбек, Айдос нар яваад өгсөн. Удалгүй би нөгөө хэдийн араас доошоо явж байтал хашааны булан тойроод гараад ирсэн чинь нөгөө Адилбек, Абушайев, Айдос нар шууд зодоон эхэлсэн. Адилбек шууд намайг барьж аваад зууралдаж эхэлсэн. Би бас түүнийг барьж авсан. Тэгээд нөгөө хэд бас нэг нэгнийгээ барьж авсан ноцолдож байсан. Тэгээд би тэндээс ганцаараа гүүр тийш хар зам дагаад зугтаад өгсөн. Надтай хамт байсан Асхар, Көкбай нар мөн дээшээ зугтаад яваад өгсөн байсан. Абушайев, Адилбек нар тэнд үлдсэн. Тэндээс яваад би нэг хашааны буланд нуугдаж байтал зам дагаад Жахсылыхыг өргөж авсан эгч нь мөн Берикбол нар ирсэн. Тэр үед Жахсылых ухаангүй байсан ...” гэх мэдүүлэг,

Гэрч А.Асхарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... архи дууссан үед Адилбек, Абушайев, Айдос 3 хамт түрүүлээд яваад өгсөн. Араас нь Жахсылых, Берикбол, Көкбай бид нар зам дагаад алхаж ирээд хашааны булан тойроод гараад иртэл нөгөө хэд бидний урдаас гарч ирээд шууд зодоон эхэлсэн. Эхлээд Адилбек намайг заамдаж авсан. Бусад нь хэн хэнтэй зодолдож эхэлснийг би мэдэхгүй. Адилбек, Айдос хоёр намайг булан руу чирээд оруулсан. Засмалын нөгөө талд бас хүмүүс зодолдож эхэлсэн. Би тэр хоёрын гараас мултарч гүүр тийшээ ганцаараа зугтаад яваад өгсөн. Тэгээд Жахсылыхын гэрийн гадаа очиж зогсож байгаад доошоо алхаж ирж явтал миний урдаас Жахсылыхын эгч нь мөн Жарденбек, Берикбол нар Жахааг /Жахсылых/ өргөсөн ирж явсан ...” гэх мэдүүлэг,

Гэрч А.Бейсенбекийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... Архи дуусаад явах гэтэл эхлээд Абушайев нар явж байгаа харагдсан. Араас нь бид хамт доошилж булан тойроод гараад иртэл гэнэт зодоон гарсан. Би тэр хэдээс зайгаа барьж хашааны буланд байсан. ...Нэг харсан чинь Жахсылыхын хажууд нэг эмэгтэй хүн байсан ба Жаха /Жахсылых/ газарт унасан хажууд нь бас нэг эрэгтэй хүн ирсэн толгойг нь түшиж байсан харагдсан. ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Е.Бауыржаны 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 100 дугаартай шинжээчийн дүгнэлт, 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зэргийн үзүүлэлтүүд, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд, 

Эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч А.Жахсылыхын куртикэнд үзлэг хийсэн тэмдэглэл болон хохирлын талаарх баримтууд, хохирол барагдуулсан тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл, хохирогч А.Жахсылыхын хохирлын мөнгө хүлээн авсан тухай “Хохирогч А.Жахсылых миний бие Абушайеваас 2.545.000 /хоёр сая таван зуун дөчин таван мянга/ төгрөгийг хүлээн авлаа. Цаашид миний бие Абушайевт ямар нэгэн гомдол тэмцэлгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнд хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна” тэмдэглэл зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.Абушайев нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Жахсылыхын цээжин тус газар өшиглөснөөс ар дагзаараа савж унан толгойны дух болон зулайн ясанд хугарал үүсэж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Үүнд: Хохирогч А.Жахсылых нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Б.Абушайеваас өөр намайг хэн ч зодоогүй, гар хүрээгүй. ...тэрээр гүйж ирээд миний цээж тус газраас өшиглөж авсан. Тэгээд би газар савж унаж ухаан балартсан байсан. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би шүүгдэгчид уучлалт өгсөн. Шүүгдэгчид хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна...” гэж мэдүүлсэн ба Б.Абушайевын дээрх өшиглөлтийн улмаас А.Жахсылых ар дагзаараа савж унан түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Е.Бауыржаны 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 100 дугаартай: “....1. Иргэн А.Жахсылыхын биед тархины хүнд хэлбэрийн няцрал, дух болон зулай ясны хугарал, тархины эд, хатуу хальсан доорх цус хуралт, тархины хаван зэрэг гэмтлүүд учирсан байна. 

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл болно.

3. Иргэн А.Жахсылыхын биед учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь оношилгоо болон эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

4. Дээрх тархины хүнд хэлбэрийн няцрал, дух ясны хугарал, тархины эд хатуу хальсан доорх цус хуралт гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл байна. 

5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1, 2.2.2, 3.1.3, 3.1.2-т зааснаар амь биед аюултай амь тэмцсэн байдалтай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч Б.Абушайевын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна. Мөн гэрч А.Назгүл, С.Берикбол, Х.Жарденбек, А.Асхар, А.Бейсенбек нарын зодоон болсон үйл явдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд нь тухайн хэрэг үйлдэгдсэн дэс дараалал, цаг хугацааны хувьд хоорондоо зөрүүгүй тохирч байна.     

Иймд шүүгдэгч Б.Абушайевыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Баян-Өлгийн аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Абушайевд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирч байна. Прокурорын шатанд шүүгдэгчид сонсгосон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан зүйл, хэсгийг өөрчилж 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 болгон шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн нь хуульд нийцэж байна. 

Дээрх гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Абушайев нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Жахсылых нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн шүүгчдэгч Б.Абушайевын Е1273560 дугаартай гадаад паспорт, В00116481 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, 59-75 БӨТ улсын дугаартай “Камаз 5320” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг шүүгдэгчид буцаан олгож, мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор шүүгдэгч Б.Абушайевын 59-75 БӨТ улсын дугаартай “Камаз 5320” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч А.Жахсылыхын хар цэнхэр өнгийн куртикийг устгавал зохино.

Шүүгдэгч Б.Абушайевын хувийн байдал, ажил хөдөлмөр эрхлэлт, орлого олох боломж зэргийг үндэслэн түүнд хуульд заасан торгуулийн ял оногдуулж, мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдсон 34 хоногийг торгох ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Абушайевд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж түүнд Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэлээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн саналдаа: “Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хуульд заасан нөхцөл байдлаас улбаалж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж өгөх тухай санал гаргаж байна. Шүүгдэгч 34 хоног цагдан хоригдсон. 2002 оны Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт “цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд тэнцүүлж торгох ялаар сольж, хасаж тооцно” гэж байгаа. ...Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу хуулийг буцаан хэрэглэхийг санал болгож байна. Торгох ял оногдуулах бол тухайн үед цагдан хоригдсон хоногийг одоогийн хуулиар бодвол бага хэмжээтэй байгаа. Одоогийн хуульд “баривчлагдсан, цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр” гэж заасан. 2015 оны Эрүүгийн хуулиар тооцоход 510000 төгрөг гарч байгаа. 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 төгрөгөөр бодож 34 хоногийг тооцоход 8.160.000 төгрөг болохоор байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхийг санал болгож байна...” гэжээ. 

Шүүхээс энэ хэсэгт холбогдуулан дүгнэлт хийхэд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэдэг нь зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухайд яригдах асуудал юм. Өөрөөр хэлбэл энэ хэргийн тухайд 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан цаг хугацаанд үйлдэгдсэн ба тухайд үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосныг прокурорын шатанд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн. Энэ гэмт хэрэгт 2002 оны эрүүгийн хуулиар оногдуулах ял нь таваас дээш долоон жил хүртэл байсан бол 2015 оны эрүүгийн хуульд торгох ялын сонголттой болж, хорих ялын доод хэмжээ нь 2 жил болж багасаж шүүгдэгчийн эрх эрх зүйн байдал дээрдсэн тул түүнд нийцүүлэн шинэ хуулиар зүйлчлэлийг өөрчилж хуулийг буцаан хэрэглэсэн нь хуульд нийцсэн байна. Энэ нь хуулийг буцаан хэрэглэх ойлголт юм. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан цагдан хоригдсон хоногийг тооцох журам нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсон тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боложгүй байна. Иймээс шүүгдэгч Б.Абушайевын цагдан хоригдсон 34 хоногийг түүнд оногдуулсан торгох ялд оруулан тооцож 10.000 нэгжээр торгох ялаас 510 нэгжийг хасан тооцож нийт төлөх торгуулийн ялыг 9490 /есөн мянга дөрвөн зуун ер/ нэгж буюу 9.490.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

ТОГТООХ нь :                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

1. Шүүгдэгч Төлек овгийн Болатын Абушайевыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төлек овгийн Болатын Абушайевыг 10.000 “арван мянга” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Абушайевд оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Абушайевд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Абушайевын цагдан хоригдсон 34 хоногийг түүнд оногдуулсан  торгох ялд оруулан тооцож 10.000 нэгжээр торгох ялаас 510 нэгжийг хасан тооцож нийт төлөх торгуулийн ялыг 9490 /есөн мянга дөрвөн зуун ер/ нэгж буюу 9.490.000 /есөн сая дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгөөр тогтоосугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор шүүгдэгч Б.Абушайевын 59-75 БӨТ улсын дугаартай “Камаз 5320” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч А.Жахсылыхын хар цэнхэр өнгийн куртикийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-д даалгасугай.

7. Хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн шүүгчдэгч Б.Абушайевын Е1273560 дугаартай гадаад паспорт, В00116481 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, 59-75 БӨТ улсын дугаартай “Камаз 5320” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

8. Шүүгдэгч Б.Абушайев нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй, хохирогч А.Жахсылых нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

9. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокурорын бичгийн баримтаар гаргаж өгсөн хохирогч А.Жахсылыхын Улаанбаатар хотод эмчүүлсэн Ачтан элит эмнэлгийн өвчний түүх бүхий 11 хуудас материалыг /Ачтан элит эмнэлгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ хэрэгт хадгалсугай.

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Абушайевд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОРЖБАЛ