2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1920

 

 

 

 

 

 

 

 

 

 2025        08         13                                           2025/ШЦТ/1920

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч А.Марал,

хохирогч Д.А,

хохирогчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг, Э.Оюунтүлхүүр,

шүүгдэгч А.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг,

нарийн бичгийн даргаар Х.Сүххуяг нарыг оролцуулан эрүүгийн 2503000000326 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: И овогт А.Д

        Монгол Улсын иргэн, ............. өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт .............., урьд шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч А.Д нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өглөөний 09 цаг 45 минутын үед Сүхбаатар дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр дэлгүүрийн орчимын тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн уулзвар замд ................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар гарч явсан, хохирогч Д.Аыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

Шүүгдэгч А.Д нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өглөөний 09 цаг 45 минутын үед Сүхбаатар дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр дэлгүүрийн орчимын тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн уулзвар замд ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 15.7-т зааман тус тус заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар гарч явсан, явган зорчигч хохирогч Д.Аыг мөргөж, бие махбодид нь “зүүн шаант ясны далд хугарал, зүүн өвдөг, шилбэнд зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлэг,

- хохирогч Д.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2025 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 07 цагийн орчим гэрийнхээ гаднаас өөрийн зэмшлийн тээврийн хэрэгслээ жолоодоод Монгол Улсын Их сургуулийн хичээлийн 5 дугаар байр луу ажилдаа явсан. Тээврийн хэрэгслээ сургуулийн баруун талд нэлээн зайтай байдаг багш нарын тээврийн хэрэгслээ байрлуулдаг зогсоол дээр машинаа тавьж байрлуулчхаад тэндээсээ алхаад зүүн тийш сургууль руугаа явсан. Могул төвийн зүүн талын явган хүний гарцаар баруунаас зүүн тийш гэрлэн дохиотой гарцаар ногоон гэрлээр зам хөндлөн гарах гэтэл нэг машин хойд талаас орж ирээд миний зүүн хөл хэсгээс мөргөөд миний зүүн хөл урд талын дугуйнд нь хавчуулагдаад хөшигдөөд тэр дороо уначихсан. Би орилсон боловч тэр хавьд хүн байхгүй, машины жолооч бууж ирэхгүй хэсэг хугацаа өнгөрсөн. Би хөлөө татаж авах гэтэл хөл хөдлөхгүй дугуйнд нь хавчуулагдсан байсан. Намайг мөргөсөн машины жолооч гарч ирэхээр нь ухраачээ гэж хэлтэл нөгөө жолооч 1 минут орчим байж байгаад машинаа ухраасан. Би хөлөө татаж аваад тухайн үед их цочирдсон. Машины жолооч бууж ирээд яанаа эгчээ гэж хэлээд намайг босгоё гээд баруун гараас татах гэхээр нь хойд талаас өргө гэж хэлээд намайг араас суга цээжнээс өргөөд босгосон. Нөгөө жолооч намайг машиндаа суулгаад 11 дүгээр хорооллын түлэнхийн төвийн гэмтлийн эмнэлэг дээр очсон. Гэмтлийн эмнэлэг дээр очиж хэвтээд зүүн хөлөө хадуулах хагалгаанд ороод 8 хоног хэвтээд гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, Б.Баяртогтохын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №ЕГ0725/3056 дугаартай:“1. Д.Аын биед зүүн шаант ясны далд хугарал, зүүн өвдөг, шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэн ба боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт/ хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас/,

- “Замын хөдөлгөөний Удирдлагын төв” ОНӨТҮГ-ын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/247 дугаартай “Танай хэлтсээс ирүүлсэн 2025 оны 03 дугаар сарын 11-ний 14е/2045 тоот албан бичигтэй танилцлаа. Тус албан бичигт дурдсан хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, Хүнсний 4 дэлгүүрийн урд уулзварын гэрлэн дохионы ажиллах ерөнхий горим 1-р үе: Бага тойруугийн зүүнээс баруун чиглэлд бүх чигийн хөдөлгөөнийг зевшеерсен ногоон гэрэл болон урд тал Их сургуулийн гудамжнаас Бага тойруу руу баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн ногоон гэрэл асна. Мөн уулзварын хойд талаар Их сургуулийн гудамжийг зам хөндлөн гарах явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл асна. 1-р үе: Бага тойруугийн баруунаас зүүн чиглэлд бүх чигийн хеделгеенийг зөвшеерсен ногоон гэрэл болон хойд тал, Их сургуулийн гудамжнаас Бага тойруу руу баруун rap тийш эргэхийг зөвшөөрсөн ногоон гэрэл асна. Мөн уулзварын урд талаар Их сургуулийн гудамжийг зам хөндлөн гарах явган зорчигчийн хеделгеенийг зевшеерсен ногоон гэрэл асна. 2-р үе: Их сургуулийн гудамжны хойноос урагшаа чиглэлд бүх чигийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл болон зүүн тал, Бага тойруугаас Их сургуулийн гудамж руу баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн ногоон гэрэл асна. Мөн уулзварын баруун талаар Бага тойруугийн замыг зам хөндлөн гарах явган зорчигчийн хөдөлгеөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл асна, 3-р үе: Их сургуулийн гудамжны урдаас хойшоо чиглэлд бүх чигийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл болон баруун тал, Бага тойруугаас Их сургуулийн гудамж руу баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн ногоон гэрэл асна. Мөн уулзварын зүүн талаар Бага тойруугийн замыг зам хөндлөн гарах явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл асна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Өнөрсайханы 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 0410 дугаартай: “1. а/Жолооч: А.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 15.7. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон гэх үндэслэлтэй байна. б/ Явган зорчигч: Д.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна.” гэх магадалгаа /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/,

- Жолооч А.Дын жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 59-65 хуудас/,

- Зам тээврийн ослын талаарх дуудлага мэдээллийн хуудас /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 06-10 дугаар хуудас/,

- Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,

- Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын төвийн шинжээч Г.Батболдын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-46 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв. 

Шүүгдэгч А.Д нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримтлах ёстой ба хэрэв баримтлахгүй бол осол аваар гаргаж хүний эрүүл мэнд болон эд хөрөнгийг хохироох боломжтой гэдгээ ухамсарлаж байсан боловч өөрийгөө замын хөдөлгөөнд оролцохдоо осол аваар гаргахгүй байж чадна гэж хайхрамжгүй хандан замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж явган зорчигчийг мөргөж, улмаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршигт болгоомжгүйгээр хүргэсэн байна.         

Тиймээс Шүүгдэгч А.Д нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өглөөний 09 цаг 45 минутын үед Сүхбаатар дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр дэлгүүрийн орчимын тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн уулзвар замд ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” 15.7-т “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар гарч явсан, явган зорчигч хохирогч Д.Аыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжийг бүрэн хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шинжээч нь ирүүлсэн объектийн хүрээнд дүгнэлт гаргасан. Гэтэл хэргийн бодит үйл баримтаар хохирогч нь 2024 оны 8 сард цахилгаан дугуйтай хүнд дайруулаад шагайндаа гэмтэл авсан. Түүнээс 4  сарын дараа энэ хэрэг гарсан. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг нь зөвхөн А.Дын гэм буруутай үйлдлээс гадна өмнөх осолтой холбоотой сэтгэцэд айдас, түгшүүр үүссэн гэдгийг үгүйсгэх бололцоо байхгүй. Зөвхөн А.Даас болоод 4 зэргийн айдас, түгшүүртэй болсон гэдэг нь хэрэгт авагдсан хохирлын шинж чанартай нийцэхгүй байна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 4 зэрэглэл гэж тогтоосон. Гэтэл удаан удаагаар сарниулах гэмтэл учраас хүндэвтэр төрлийн гэмтэл гэж дүгнэлт гаргасан. Хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан хүнд Улсын дээд шүүхийн тогтоосон аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-аас 22.99 дахин нэмэгдүүлэхээр тогтоосон. 4 зэрэглэл байх шалгуур нь 15-30 хувь, 9-15 хувь гэж байгаа. Яг сэтгэцэд учирсан хувь хэмжээг нь шинжээч тогтоож өгөөгүй. Шинжээч нь 4 зэрэглэл гэж тогтоосноо шинжлэх ухааны аргаар тайлбарлаагүй. Аргачлалын 1.3-т зааснаар багасгаж сэтгэцэд учирсан хохирлыг 3 дугаар зэрэглэлээр тогтоож өгнө үү” гэв.

Тусгай мэдлэгийнхээ хүрээнд гаргасан 2 эмчийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэлтэй, хүчин чадлын хувьд илүү гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно. Өөрөөр хэлбэл осол аваарт орсон хүний сэтгэцэд учирсан үр нөлөө нь хүн бүрт харилцан адилгүй тусч, илрэх нь ойлгомжтой ба үүнийг зөвхөн сэтгэцийн мэргэжлийн эмч л тогтоох учиртай. Мөн хохирогч нь урьд  цахилгаан дугуйтай хүнд мөргүүлж биедээ гэмтэл авч байсан үйл баримт тогтоогдож байх боловч, хэрэгт тусгай мэдлэгийнхээ хүрээнд гаргасан Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, Б.Бын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №ЕГ0725/3056 дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд тухайн осол болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж дүгнэсэнд эргэлзэж, үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

 

Шүүгдэгч А.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг зарим хэсгийг төлж барагдуулсан, тус гэмт хэрэгтэй холбоотой цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгийн торгох ял шийтгэж, өөрийнх нь санал, хохирол төлөх боломжит хугацаа зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдаж шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд оногдуулсан эрх хасах ялыг, Шийтгэх тогтол хүчин төгөлдөр болсон үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийтгэх тогтоолыг хүргүүлэхийг дурдав.

 

Бусад асуудлын талаар

 

Иргэний нэхэмжпэгч Д.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.А нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,506,900 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна.Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэж мэдүүлжээ. /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

Тйимээс Хохирогч Д.Аын эмчилгээний зардалд зарцуулсан 1.506.900 төгрөг нь шүүгдэгч А.Дын гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой тул түүнээс гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шүүгдэгчийн орлого олох боломжыг харгалзан 2 жилийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Хохирогч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт цалингийн зөрүү 3.014.397 төгрөгийг холбогдох хууль ёсны баримттай нэхэмжилсэнийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв. Мөн сэтгэл санааны хохирол нэхэмжлэхээ илэрхийлсэн болно. Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн санал, хохирогчийн өмгөөлөгчийн саналыг тус тус харгалзан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, төлбөрийн чадвар, хохирогчид учирсан гэмтлийн өвдөлт, шаналал, учирсан сөрөг үр дагавар болон хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 660.000*23=15.180.000 төгрөгөөр хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Дээрх шүүхээс тогтоож шийдвэрлэсэн нийт 18.194.397 төгрөгийн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж, уг хохирлыг А.Дын санал, орлого олох боломж зэргийг харгалзан хохирогч Д.Ад 10 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч И овогт А.Дыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Дыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгж буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар А.Дыг торгуулийн ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд оногдуулсан эрх хасах ялыг, торгох ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 6. Энэ хэрэгт иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг дурдсугай.

 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Даас нийт 18.194.397 /арван найман сая нэг зуун ерэн дөрвөн мянга гурван зуун ерэн долоон мянган/ төгрөгийг гаргуулан, хохирогч Д.А /РД:.............../-д олгож, 10 /арав/ сарын хугацаанд уг хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Даас 1.506.900 /нэг сая таван зуун зургаан мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 2 /хоёр/ жилийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

          10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

          11. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.БАТГЭРЭЛ