| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 171/2020/0371/Э |
| Дугаар | 0049 |
| Огноо | 2021-07-07 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 0049
Б.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Л.Э
Шүүгдэгч Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н
Хохирогч Л.С
Иргэний нэхэмжлэгч Г.Э
Хохирогчийн өмгөөлөгч Т.Э
Нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Бд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б, хохирогч Л.С, иргэний нэхэмжлэгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Г овогт Б-ны Б.
Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт баг гэсэн самбарын урд талын авто зам дээр Тоёота Раш маркийн суудлын автомашиныг жолоодож яваад Замын Хөдөлгөөний Дүрэм зөрчсөний улмаас иргэн Л.Сын жолоодож явсан дугаартай бага оврын ачааны автомашинтай мөргөлдөж Л.Сын биед хүндэвтэр гэмт учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Г овогт Б-ны Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 10 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 50.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бгээс нийт 908.450 төгрөг гаргуулж хохирогч Л.Ст 848.450 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Эад 60.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Л.Сын нэхэмжлэлээс 700.420 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Г.Эын нэхэмжлэлээс 1.646.350 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийт 3.774.756 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаас үүссэн эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан зардлын талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Шүүгдэгч Б.Бд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “... Би өөрийн анхаарал болгоомжгүй байдлаас болж туслах замаас төв замд орохдоо төв замаар яваа машиныг өнгөрүүлээгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүхээс оноосон торгох ял дээр маргах зүйлгүй. Харин шүүхийн надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн зарим хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхнаасаа би хүүхдүүдтэйгээ яриад, энэ хохирогч С, түүний эхнэр Э нартай уулзаж "адил төрлийн он ойролцоо машиныг нь зах дээрээс авч өгье, тэгээд эм эмчилгээний зардлыг нь бодит гүйцэтгэлээр нь төлье" гэж тохирсон. Гэтэл маргааш нь энэ хүмүүс машинаа авахуулаад дээр нь 15 сая төгрөг өгвөл тохирно гэсэн асуудал тавьснаар яриа тохиролцоо дууссан. Тэгээд энэ үгэндээ бариулах гэсэн юм байлгүй баахан шатахууны баримт, хүнсний дэлгүүрийн баримт /дотор нь пиво, шүд цэвэрлэгч утас хүртэл бий/ цуглуулж 15.481.560 төгрөг нэхэмжилсэн. Миний хэргийг анх 2021 оны 01 дүгээр сарын 19-нд хэлэлцсэн ба шүүх намайг Э-д машины хохирол 2.395.000 төгрөг, С-т эмчилгээний бусад зардалд төгрөг 831.253 төгрөг төлүүлэхээр шийдсэн ба би өмгөөлөгчийн хувьд завсарлага авч, хохирогчтой цалин листний зөрүүг тооцон тохирч 556.756 төгрөгийн сайн дураар зөвшөөрч нийт 3.784.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо 2021 оны 05 сарын 17-ны дахин хэлэлцсэн шүүх хуралдаанаар намайг 348.450 төгрөгийг нэмж төлөхөөр шийдвэрлэгдсэн. Үүнээс: Хохирогчийн нэхэмжилсэн 20 удаагийн 408.175 төгрөгийн шатахууны баримтыг хангасан нь дараах байдлаар үндэслэлгүй гэж үзнэ. 2021.01.19-ний шүүх хурал дээр энэ шатахууныг яг юунд зарцуулсныг өмгөөлөгч лавлахад багт гэрээсээ Бүсийн оношилгоо эмчилгээний төв орох, Цагдаагийн газар орох, Шүүхийн шинжилгээнд очих, баг анги очих, эргээд харихад зарцуулсан гэдэг. Энэ нь 100 км-т 10 литр шатахуун зарцуулдаг машинаар тооцоход 3.200 км явах шатахуун байгаа. Хэргийн материалаас үзэхэд дээрх газруудад 1-2 удаа очсон, эмнэлэгт арай олон удаа очсон харагдана. Шатахууныг ямар дугаарын хэн гэгч эзэмшигчтэй машинд олгосон, энэ нь энэ хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй, хүнсний баримтаас харвал хамааралгүй байж болохоор байна. Манай өмгөөлөгч надтай зөвлөөд за яахав хамгийн ихээр 600-700 км явсан гэж тооцоод 100.000 төгрөгийг шатахууны зардалд өгөхийг зөвшөөрч болох юм гэдэг санал хэлсэн нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, 2021 оны 05 дугаар сарын 17-ны шүүх хурлын тэмдэглэлд байгаа, байх учиртай. Би үүнийг зөвшөөрсөн. Гар утасны 370.000 төгрөгийн төлбөрийг би хариуцах үндэс байхгүй. Учир нь хэргийн газрын үзлэгээр хэргийн газраас эвдэрсэн гар утас илрээгүй. Өөрийнх нь машины урд тавиатай явсан гар утас урагшаа унахаас хажуу тал руугаа миний машины тэнд унах боломжгүй /Физикийн хуулиар/ байдаг. Ослын дараа тэр даруй С гар утсаараа цагдаа руу ярьж, эхнэртэйгээ ярьж байсан баримт хэрэгт авагдсан, өөрөө мэдүүлсэн. Гар утас эвдэрсэн тухай ослоос хойш 21 хоногийн дараа 2021 оны 10 дугаар сарын 25-нд С энэ хэрэгт ярьж эхэлсэн байдаг. Энэ хугацаанд гар утсаа яаж хэрэглээд, яаж гэмтээсэн үү, яасан ийснийг мэдэх боломжгүй. Хохирогч С хэрэг шалгах явцад энэ талаараа баримт, хүсэлт гаргаж өгч шийдвэрлүүлэх бүрэн эрх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэг, 16.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгээр тодорхой байгаа. Хохирол нотлогдохгүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчин төлбөр төлүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ. Машинаа 4 сая төгрөгөөр үнэлүүлсэн гэж надаас 4 сая төгрөг нэхээд байгаа баримт нь тийм төрлийн хуучин машины зах зээлийн үнэ ханшийн мэдээлэл болохоос осолд орсон машинд хийсэн үнэлгээ биш. Иймд 131 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хохирол төлбөрөөс /308.175 + 370.000/ 678.175 төгрөгийг хасч 170.275 төгрөг төлүүлэхээр өөрчлөлт оруулна уу. Намайг хүнийг өчнөөн хохироочихоод хөгшин хүн байж шинжгүй зан гаргалаа гэж зэмлэх байх. Хохирогч энэ залуу хүн анхаарал сэрэмжтэй явсан бол ийм осол гарахгүй ч байсан байж бас мэднэ. Би ч энэ хэргээс болж хямралд орж, нойргүйтэж сайнгүй л байгаа гэжээ.
Хохирогч Л.С давж заалдах гомдолдоо: ... Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай нь тогтоогдчихоод байхад өөрийн гэм буруугаа ухамсарлахгүй байгааг гайхаж байна...миний бие нь 2020.10.04-ний өдрөөс хойш ажил хөдөлмөрөө эрхэлж чадахгүй 3 сар гаран хүний асаргаанд байж, Эрүүл мэндийн байгууллага, Цагдаагийн газар, Шүүх, Эмийн сангуудаар явсан үйлдэл бүрд зардал гарсныг баримтаар нотолж, нэхэмжилснийг анхан шатны шүүхээс нотлох баримтыг судалж, бодитой болохыг тогтоосон болно. Шүүгдэгч Б.Б нь хохирогч миний хохирлын 81 хувийг төлж барагдуулсан гэх ял хөнгөлөлт нь санал зохимжгүй санагдаж байна. Мөн Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэлт ял хэрэглээгүй байгаа зэргээс үзэхэд хууль энэ хүний талд үйлчилж, хохирогч намайг өдий болтол нэмж хохироож байгаад гомдолтой байна. Шүүгдэгч Б.Б нь хохирогч миний гар хөлийг хугалж, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хүнд хохирол учруулчхаад, эрүүл мэндэд 823.000 төгрөг, цалингийн зөрүүд 556.756 төгрөг 2021.01.19-ны шүүх хуралдааны завсарлагаанаар гаргаж өгснийгөө (81 %) хохирол барагдуулсанд тооцож байгаад гомдож байна. Энэ ослоос болж эрүүл мэндэд минь ноцтой хохирол учраад байна. Толгой байнга өвддөг, нүдний хараанд өөрчлөлт орсон, хугарч гэмтсэн яс янгинаж өвддөг, өвдгөөрөө өөрийн мэдэлгүй нугарч унадаг болсон. Хохирогч миний бие нь ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээдэг, цалингийн зээлтэй. Анхан шатны шүүх гар утасны төлбөрт 370.000 төгрөг, шатахуун, эмчилгээний зардалд, үнэлгээний төлбөрт 848.450 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Харин өмгөөлөгчийн хөлсний 500.000 төгрөг, нэмэлт бүтээгдэхүүний 200.420 төгрөгийг гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Учир нь энэ зардал нь ослын улмаас гарсан зайлшгүй зардал мөн болно гэжээ.
Иргэний нэхэмжлэгч Г.Э давж заалдах гомдолдоо: ... Б.Б нь 2020.10.14-ний өдөр аймгийн сумын багт байрлах самбарын урд талын авто зам дээр ТОҮОТА RUSH загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтын зөрчсөн болно.Б.Б нь хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулснаа шүүгч нарын нүдэн дээр зөвшөөрдөг боловч биднээс одоог хүртэл нэг ч удаа уучлалт гуйж үзээгүй, үр хүүхдүүдтэйгээ нийлж хэл амаар дайрч давшилдаг үйлдлүүдээс нь харахад гэм буруутайдаа огт харамссан шинжгүй, оноосон ял шийтгэлээс мултрах хүсэлтэй байгаа нь илт байна. Хүний эд хөрөнгийг дахин засаж сэлбэх нөхцөлгүй болгосныхоо дараа “Шинэ орж ирсэн адил загварын машин худалдаж авч өгье” гэж байсан ч хэсэг хугацааны дараа хэлсэн үгнээсээ буцсан. Хохирогч миний эзэмшлийн улсын дугаартай, эвдэрсэн тээврийн хэрэгслийг Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК 2020.10.28-ны өдрийн №200 дугаартай тодорхойлолтдоо “... улсын дугаартай MITSUBISHI Minicab загварын автомашин нь 2020 оны 10 дугаар сарын байдлаар манай улсын зах зээл дээр 4.000.000 (4 сая) төгрөгийн үнэтэй байгаа” хэмээн үнэлсэн. Энэ хугацаанаас хойш 9 сар өнгөрч цар тахлын улмаас хил гааль хаагдсанаар бараа бүтээгдэхүүний үнэ мэдэгдэхүйц өссөн ба миний бие энэ 4.000.000 төгрөгөөр ижил загварын машин худалдаж авах ямар ч боломжгүй болсон бөгөөд энэ нь шаардлагатай сэлбэг, засвар үйлчилгээнд ч хангалтгүй хэмжээний мөнгө юм. Анхан шатны шүүх үнэлгээ хийлгэсэн 20.000 төгрөг, ачилтын 40.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Иймд “Ашид билгүүн” ХХК 2020.10.28-ны өдрийн №200 дугаартай тодорхойлолтдоо заагдсан 4 сая төгрөгийн зөрүү болох 1.605.000 төгрөг, татварын 41.350 төгрөгийг шүүгдэгчээр гаргуулан миний бие хохирлоо 100 хувь бүрэн барагдуулахаар шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Хохирогч Л.С тайлбартаа: ... Би өөрийн анхаарал болгоомжгүй байдлаас болж туслах замаас төв замд орохдоо төв замаар яваа машиныг өнгөрүүлээгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүхээс оноосон торгох ял дээр маргах зүйлгүй гэжээ. Шүүгдэгч Б.Б ийм ял авахаа эртнээс мэдэж байсан. Шүүгдэгч нь хүүхдүүдтэйгээ нийлж өндөр настай хүнд хууль үйлчилдэггүй, хохиролд нэг ч төгрөг өгөхгүй гэх мэтээр эхнэр бид хоёр руу залгадаг байсан. Өмнөх шүүх хуралдаанаар хохирлын хэмжээг тогтоосны дараа мөнгө шилжүүлсэн. Биднээс өнөөдрийг хүртэл уучлал гуйгаагүй. Миний хүүхдүүдээс бага залуу хүмүүс гэж үл тоодог. Бид настай хүн гээд өнөөдрийг хүртэл хүндэлж ирсэн. Анхан шатны шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өндөр насны тэтгэвэрт байдаг, одоо 76 настай гээд 500.000 төгрөгөөр торгосон. Шүүгдэгчид хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байхад улсын яллагчийн 1.000.000 төгрөгөөр торгох саналыг үндэслэлгүй 500.000 төгрөг болгож бууруулсан. Хохирогчоос уучлалт гуйгаагүй, хохирол төлөгдөөгүй, дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай зэргийг шүүх харгалзаж үзээгүй. Үндэслэлгүйгээр ялыг багасгаж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа. Машинаа 5 сая төгрөгөөр үнэлж, эрүүл мэндэд одоо хийгдэж байгаа эмчилгээ болон цаашид гарах эмчилгээний зардлыг нэг мөсөн тооцож 15 сая төгрөг гэж нэхэмжилсэн байдаг. Гэтэл үүнийг шүүгдэгч машинаас гадна 15 сая төгрөг нэхсэн мэтээр худал хэлж байгаад гомдолтой байна. Хавтаст хэрэгт хавсаргасан хүнсний баримтуудыг бид мэдээгүйгээс болж өгсөн. Үүнийг уул нь тооцуулмаар байгаа боловч шүүх хүлээн авдаггүй гэсэн учраас энэ баримтуудад байгаа мөнгийг нэхээгүй болно. Гэтэл нэхсэн мэтээр тайлбар ирүүлж байгаад харамсаж байна. Хохирогчийн нэхэмжилсэн 20 удаагийн 408.175 төгрөгийн шатахууны баримтыг хангасан нь үндэслэлгүй гэжээ. Осолд орсны дараа 2 сарын хугацаанд хөлөндөө гипстэй, гарандаа солиолтой байсан. Цагдааг дуудахад очих, /мөрдөгч дуудчихаад заримдаа очиход гараад явчихсан байдаг/ мэдүүлэг өгөх, дүгнэлтүүдтэй танилцах, хэргийн материалтай танилцах, эмнэлэг орох, эм тариагаа төв рүү орж авах гэх мэтээр явсан бинзений зардал байгаа. Өвөл гипстэй хөл, гартай нийтийн унаанд явах боломжгүй, такс дуудахаар 10.000 төгрөг болдог учраас найз нөхөд, ах дүүгийнхээ машиныг гуйж бензин, газ хийж явдаг байсан. Шүүгдэгч нь 1 удаа ирээд эмнэлэгт хүргэж өгөөгүй. Миний биеийн байдлыг огт асуугаагүй. Улаанбаатар хот руу явж үзүүлсэн бөгөөд гипстэй байсан болохоор нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжгүй, такс барьж явсан, галт тэрэгт болон Улаанбаатар хотод хоол унд идэх зэргээр баримтгүй зардал зөндөө гарсан. Төрийн байгууллагад ажилладаг, гэрээсээ ганцаараа ажил хийдэг, цалингийн зээлтэй хүнд эмчилгээний зардал гэж юу байхав дээ хүнээс мөнгө зээлж эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээндээ хэрэглэ гэж 1 төгрөг өгөлгүй, шүүх хуралдааны завсарлагааны үед мөнгө шилжүүлсэн. Өндөр настай хүн байж залуучууд биднийг яаж амьдарч байгааг хэн хүнээс илүү мэдэж байгаа байлгүй. Осолд орсны дараа миний машиныг Б-н хүүхдүүд аваад явсан. Үнэхээр засаж янзлах байсан бол засчих хугацаа өнгөрсөн. Давж заалдах шатны шүүх хуралдааны дараа машиныг хүүхдүүд нь манайд авчирч өгсөн. Эхнэр бид хоёрыг өндөр настайгаараа далимдуулан өнөөдрийг хүртэл дээрэлхэж ирсэн. Гар утасны 370.000 төгрөгийн төлбөрийг би хариуцах үндэс байхгүй гэжээ. Осол болоход гар утсаараа дуудлага өгсөн. Маргааш нь гар утас ажиллахгүй болсон. Ослын үеэр гар утасны дэлгэц хагарч эвдэрсэн талаар мөрдөгчид хэлэхэд прокурор дээр очихоор нь үнэлүүл гээд мэдүүлэг авахдаа огт бичээгүй, асуусан асуултад хариул гээд огт хүлээж аваагүй. Бид санхүүгийн боломжгүйгээсээ болоод өмгөөлөгч авч чадаагүй. Анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэх үед учраа олохгүй болохоор өмгөөлөгч авсан. Би ослоос болж биедээ гэмтэл авч, машинаа эвдүүлж, эд хөрөнгө, цаг хугацаагаараа хохирсон хүн. Гэтэл Б нь өөрөө мөргөчихөөд намайг зогсоох арга хэмжээ аваагүйгээс осол гарсан мэтээр шүүх хуралдаан дээр ярьдаг. Би удаан зогсож чадахгүй болсон. Зогсож байгаад хөл гэнэт нугардаг. зовиуртай байгаа болохоор доглож явдаг болсон. Сайн эмчилгээ хийлгэж чадалгүй, өдөр хоног аргацаасан өвчин намдаах эм ууж байгаа. Санхүүгийн боломжгүйгээсээ болж ажилдаа орсон. 1 удаа хүүхдүүд шиг минь хүүхдүүд байхад гэж хандалгүй, үл тоож ирсэн. Шүүх хуралдаан дээр хүртэл энэ байдал нь харагддаг. Бид өндөр настай хүн учраас эвдэрсэн машин, гар утасныхаа мөнгийг нэхэхгүй байх ёстой юм шиг байгаа юм. Бид хохирсон болохоос Б.Б хохироогүй. Түр хүлээсэн бол осол гарахгүй байсан. Шударга шүүхэд итгэсэн. Шүүх хүртэл энэ хүний талд байж хохирогч намайг хохирсон дээр минь дахин хохироож байгаад гомдолтой байна. Өндөр настай хүн осол гараад явж болохоор нийгэмд амьдарч байгааг мэдсэн. Хэн ч эрүүл мэндээрээ хохиръё, осол аваар гаргая гэж бодохгүй ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв..
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б, хохирогч Л.С, иргэний нэхэмжлэгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Бд холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзэв.
Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт “ баг” гэсэн самбарын урд талын авто зам дээр “Тоёота Раш” маркийн улсын дугаартай суудлын автомашиныг жолоодож явахдаа Замын Хөдөлгөөний Дүрмийн 15.9-д заасан ... Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө ... гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Л.Сын жолоодож явсан улсын дугаартай “Митсүбиши Миникаб” маркийн бага оврын ачааны автомашинтай мөргөлдөж Л.Сын биед ... баруун гарын сарвууны 4 дүгээр шивнүүрийн суурь хэсгийн зөрөө багатай ташуу хугарал, баруун тойгны ясны зөрүүгүй хугарал, баруун өвдөгний зөөлөн эдэд цус хуралт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Бгийн гэм бурууг хянан хэлэлцээд түүний гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан зүйлчилж, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулжээ.
Дээрх зам тээврийн ослын улмаас хохирогч Л.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, иргэний нэхэмжлэгч Г.Эын автомашин болон машин дотор байсан гар утас эвдэрч гэмтсэн болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар нотлогдсоноос гадна хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршгийн талаар анхан шатны шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилсан, өөрөөр хэлбэл эрх хасах нэмэгдэл ял хэрэглэхээр заагаагүй юм.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахаар заасан боловч энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.т ... ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, ... яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна ... гэж заасан байна.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас үүсэх хууль зүйн үр дагавар зэргээс гадна шүүхээс тогтоосон бодит хохирлыг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрсөн байхыг бүхэлд нь хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч Б.Б нь “ ... шүүхээс тогтоосон хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй ...” талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээс дүгнэн үзэхэд түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх боломжгүй гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бгийн ... шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж хохирлоос 678.175 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэсэн, хохирогч Л.Сын ... өмгөөлөгчийн хөлс, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн үнийг гаргуулж өгнө үү гэсэн, иргэний нэхэмжлэгч Г.Эын ... машины үнэлгээний зөрүү 1.605.000 төгрөг, татварын 41.350 төгрөгийг гаргуулж хохирлыг минь бүрэн барагдуулж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, хохирогч Л.С, иргэний нэхэмжлэгч Г.Э нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ё.БЯМБАЦЭРЭН
С.ЦЭЦЭГМАА