Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 060

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг,

улсын яллагч М.Фарида,

шүүгдэгч О.Азимхан нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Азимханд холбогдох 201704000131 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ители овгийн Оросын Азимхан, 1992 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 3 дугаар багт оршин суудаг, РД:БК92040611.

            Шүүгдэгч О.Азимханы холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Азимхан нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 02 дугаар баг буюу Хөх хөтөл багийн төвд “DAYUN” маркийн 29-56 БӨЗ улсын дугаартай мотоциклыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Турсынбек овогтой Ахтилекийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

  •  Шүүгдэгч О.Азимхан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын  2 дугаар баг Хөх Хөтөлийн нутаг дэвсгэрт мотоцикл жолоодож яваад явган зорчигч Т.Ахтилекийг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Би та бүхнээс уучлалт гуйж байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж, ялаас чөлөөлж өгнө үү” гэв,
  • Мөн өсвөр насны хохирогч Т.Ахтилекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр би Улаанхус сумын Хөх хөтөл багийн төвд байдаг өвөөгийн гэрээс гараад гэр лүү явах гэж өвөөгийн хашааны хаалгаар гудамжинд гараад ирэхэд ертөнцийн зүгээр урд зүг талаас 3 мотоциклтой хүн ирж байсан. Би уг 3 мотоцикльтой хүн миний хажуугаар зөрж өнгөрсний дараа замаар хөндлөн гараад явж байхад миний зүүн талаар мотоцикл ирж мөргөсөн шиг болсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Би ухаан алдсан байсан. Дараа нь ухаан ороход өвөөгийн гэрт хэвтэж байсан юм” гэх мэдүүлэг,
  • Иргэний нэхэмжлэгч К.Турсынбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний хүү Т.Ахтилекийг мөргөсөн мотоциклын жолооч О.Азимхан нь аймгийн төвд очиж эмнэлэгт хэвтэн хагалгаанд орж, эмчилгээ хийлгэхэд гарсан эм болон бусад бүх зардлын мөнгийг өөрөөсөө гаргаж төлж өгч бид нараас уучлалт хүссэн. Хүү маань амьд үлдсэн болохоор бидэнд нэхэмжлэх зүйл байхгүй. ... Одоо бидний зүгээс ямар нэгэн гомдол саналгүй тул О.Азимханд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэх мэдүүлэг,
  • Гэрч Т.Еркетайгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Даулетбекийн хашаанд Бергенбай гэх залуу бид хоёр машинаас чулуу буулгаж байхад хашааны гадна тас түс гэсэн чанга дуу чимээ гарахаар нь би гүйж хашааны гадна талд гарсан чинь мотоциклын урд талын дугуйны шаврын хаалт рам хоёрын завсарт миний ажил хийж байсан айлын эзэн болох Даулетбекийн дүү нь Турсынбекийн хүүхэд хавчуулагдсан байхаар нь хүүхдийг сугалж гаргаж аваад хүргэн ах нь болох Бергенбайд өгсөн” гэх мэдүүлэг,
  • Гэрч Ж.Бергенбайн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Еркетай гэдэг залуу бид хоёр машинаас чулуу буулгаж байхад хашааны гадна мотоциклыг тормоз дарсан дуу гарсан. Еркетай надаас түрүүлж машинаас үсэрч буугаад хашааны гадна гарсан ба би араас нь гараад очиход манай хадам ахын хүүхэд Ахтилекийг мотоциклоор хүн мөргөсөн зогсож байсан ба би Ахтилекийг аваад тэвэрсэн. Тэр үед уг хүүхэд ухаан алдсан байсан. Тэгээд багийн эмч нарыг дуудаж үзүүлж аймгийн төв рүү авч явсан” гэх мэдүүлэг,
  • Гэрч Т.Жанузахын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би хашаанд орж байхад гудамжинд тас түс гэсэн чанга дуу чимээ гарахаар мотоциклээ тавиад гудамжинд гараад ирэхэд Азимхан хашааны гадна талд гараад зогсож байсан Турсынбекийн хүүхдийг мөргөчихсөн зогсож байхаар нь гүйж очсон. Намайг очиход Турсынбекийн хүүхдийг хүргэн ах Беку гэдэг хүн “Ахтилек” гэж нэрийг нь дуудаад тэврээд сууж байсан” гэх мэдүүлэг,
  • Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 177 дугаартай дүгнэлт, зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч А.Мырзабекийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч О.Азимхан нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 02 дугаар баг буюу Хөх хөтөл багийн төвд “DAYUN” маркийн 29-56 БӨЗ улсын дугаартай мотоциклыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Турсынбек овогтой Ахтилекийг мөргөж түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учрууулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Үүнд: Өсвөр насны хохирогч Т.Ахтилек мөрдөн байцаалтын шатанд: “... Би уг 3 мотоцикльтой хүн миний хажуугаар зөрж өнгөрсний дараа замаар хөндлөн гараад явж байхад миний зүүн талаар мотоцикл ирж мөргөсөн шиг болсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Би ухаан алдсан байсан. Дараа нь ухаан ороход өвөөгийн гэрт хэвтэж байсан юм” гэж мэдүүлсэн байна. Уг ослын улмаас өсвөр насны хохирогч Т.Ахтилекийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 177 дугаартай “...1. Иргэн Т.Ахтилекийн биед хэвлийн битүү гэмтэл, дэлүү задарсан /дэлүү тайрах хагалгаанд орсон/, цусан хураа цус алдалт, нүүр, зулай баруун хамарсан шалбаралттай, гэдэсний түгжрэл зэрэг гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл болно.

3. Дээрх гэмтэл нь амь биед аюултай, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2 заалтыг агуулах, гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно ...” гэх шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Мөн шүүгдэгч О.Азмиханы мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг бусад гэрч нарын  мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч О.Азимханыг “Жолоодох А ангиллын эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Баян-Өлгийн аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Азимханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирч байна.

Шүүгдэгч О.Азимхан нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж, хохирогчтой эвлэрэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргажээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч О.Азимханы 00974227 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь, иргэн О.Сьезханы өмчлөлийн DAYUN маркийн мотоциклын 01167259 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч О.Сьезханд тус тус буцаан олгож,

Шүүгдэгч О.Азимханы эзэмшлийн 3-6 насны, нэг бүрийн үнэ 80000-100000 төгрөгний үнэтэй 30 хонийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч О.Азимханы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ялаас чөлөөлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Ители овгийн Оросын Азимханыг “Жолоодох А ангиллын эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Азимханыг хорих ялаас чөлөөлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хассугай.
  3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар зааснаар шүүгдэгч О.Азимханы эзэмшлийн 3-6 насны, нэг бүрийн үнэ 80000-100000 төгрөгний үнэтэй 30 хонийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
  5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч О.Азимханы 00974227 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь, иргэн О.Сьезханы өмчлөлийн DAYUN маркийн мотоциклын 01167259 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч  О.Сьезханд тус тус буцаан олгосугай. 
  6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Азимханд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОРЖБАЛ