Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 119/ШШ2023/0006

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч П.Ууганцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: М” ХХК,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Э, 

          Хариуцагч: ОА-ийн ТХ-ийн ТУБ Ч.Ц, Б.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б нарын хоорондын ОА-ийн ТХ-ийн ТУБ-ийн 2021 оны 07 сарын 06-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА20210000034 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актын төлбөрийн хэмжээг багасгах тухай” шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ч, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагч Ч.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь ОА-ийн ТХ-т холбогдуулан “ТУБ-ийн 2021 оны 07 сарын 06-ны өдрийн №НА20210000034 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актыг хэрэгсэхгүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа “ТУБ нарын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА20210000034 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актын төлбөрийн хэмжээг багасгуулах”-аар маргасан болно.

2. ОА-ийн ТХ-ийн ТУБ Ц.Цэрэндорж, Б.Э нар нь “М” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №20210000034 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актыг оногдуулсан байна. Дээрх маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдэж, гардуулсан байна.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасныг тус Татварын маргаан таслах зөвлөлөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №05 тоот тогтоолоор хариуг хүргүүлсэн бөгөөд гомдлыг татгалзаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

 4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

1/ Манай компани нь Орхон аймагт 2019 онд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийгдэж буй хөрсний бохирдлыг бууруулах эко ариун цэврийн байгууламж барих 290 айлын төслийн ажлын гүйцэтгэгчээр ажилласан ба энэхүү төсөл хөтөлбөр нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11, Сангийн сайдын 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 46 тоот тушаалаар баталсан заалтын дагуу НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжтой ажил үйлчилгээнд орж байгаа.                                                                                                                                 

2/ Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Төрийн сангаар дамжуулан мөнгийг шилжүүлэхдээ иргэний данс руу шилжүүлэхдээ Хүн амын орлогын албан татварт 10 хувийг суутгасан, иргэнээс манай компаний данс руу шилжүүлж бид дахин НӨАТ тооцуулснаар нийт 20 хувийн НӨАТ суутгуулсан нь компаний хувьд алдагдалтай ашиггүй ажиллах татварын өрөнд орох нөхцөл байдал үүссэн.

3/ Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газарт хандсаны дагуу 2021 оны 07 сарын 29-ний өдрийн 05/1772 тоот албан бичгийг ирүүлсэн. Тус хариу албан бичигт Сангийн сайдын баталсан журмын дагуу НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжтой гэж үзсэн. Үүний дагуу Татварын маргаан таслах зөвлөлд хандаж гомдол гаргасан. Иймд ТУБ нарын 2021 оны 07 сарын 06-ны өдрийн №НА20210000034 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч Ц.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь Орхон аймагт 2019 онд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийгдэж буй хөрсний бохирдлийг бууруулах эко ариун цэврийн байгууламж барих 290 айлын төслийн ажлын гүйцэтгэгчээр ажилласан. Монгол Улсын Үндсэн хууль заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хүрээнд хэрэгжсэн төсөл хөтөлбөрт манай компани оролцсон. Орон нутагт болж байгаа анхны төсөл байсан учир ашиг орлого олох тухай бодолгүй аль болохоор олон айл өрхийг оролцуулах хүсэл эрмэлзэлтэй энэ төсөлд оролцож, ажлыг хийж гүйцэтгэсэн. Ашигтай ажиллах ямар ч боломж гарч ирээгүй. Анх гэрээний үнэ 1.997.400 төгрөг байсан боловч үүнээс эцсийн хэрэглэгч иргэн лүү мөнгө шилжүүлэхдээ хүн амын орлогын албан татвар авсан. Олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрт хамрагдахгүй ч гэсэн эцсийн хэрэглэгчээс авсан мөнгөнөөс дахин татвар төлөх болсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир бүх шатны шүүхээр явж байна. Манай компани жилд 1-2 удаа тендерт оролцдог. Сүүлийн хоёр жил татварын асуудлаас болж тендерт оролцож чадаагүй. Төрийн нэрийн өмнөөс ажил үйлчилгээ явуулсныхаа төлөө ингэж их татварын төлбөрт орчихсон хэцүү байдалд байна. Нөхөн ногдуулалтын актад тусгасан үнийн дүнгээс зөвхөн эко нойлтой холбоотой нөхөн ногдуулалтын акт болох 60.825.000 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна.” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь 2019 онд Нэгдсэн Үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар эко нойл барих ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ ажил үйлчилгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх байсан уу үгүй юу гэдгийг энэ удаа шүүх дүгнэлтийг хийх байх. Татварыг давхардуулан авсан гэдэг нь иргэдэд шилжүүлсэн мөнгө, иргэдээс тухайн аж ахуйн нэгж рүү шилжүүлсэн мөнгө гээд хоёр удаа давхардуулаад нийт 20 хувийн татвар авсан. Татвар төлөгч 10 хувийн татвар төлөх ёстой байдаг. Энэ аж ахуйн нэгж нь татвар төлөгч гэдгийг дурдах нь зүйтэй байх. Бараа ажил үйлчилгээ үзүүлсний төлбөрийг зарим айл өрхүүд одоог хүртэл мөнгийг хийгээгүй. Байгаль орчин аялал жуулчлалын яам ажил үйлчилгээг дууссаны дараагаар хүлээж авна гэсэн учир 190 айлд хөрсний бохирдлыг арилгах эко нойлыг хийж өгсөн. Ажил үйлчилгээ авсан айл өрхийн 10 хувь төлбөрөө төлөөгүй компанийг хохироож байна. Иргэн, аж ахуйн нэгжээс давхар татвар авч байгаа учраас энэ аж ахуйн нэгжид ямар ч ашиг байхгүй болж таарсан. Гэрээ хэлэлцээр хийгдсэн талаар Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын төлөвлөлтийн хэлтсийн дарга Д  гэдэг хүн албан тоотдоо Хувь хүний орлогын албан татварын тухай 12 дугаар зүйлийн 12.1.1-д “урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал, тэдгээртэй адилтгах бусад орлого” хамаарна гэсэн хуулийн заалтыг бичсэн байсан. Манайх ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн болохоос ийм төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй. Тэгэхээр энэ хуулийн заалт үйлчлэхгүй гэж үзэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар нөхөн ногдуулалтын актад тавигдсан 30.191.869 төгрөг үүнд яагаад хамрагдахгүй байгаа юм бол. Татварын талаар Өршөөл үзүүлэх тухай хуульд дурдагдсан байдаг. Үүнд хамуулахгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Татвар ногдуулсан дүнгээр мөнгө шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Татвар ногдуулсан он сарыг харахаар эко нойлтой холбоотой зарлагын баримтыг татварын байцаагч нар шалгасан байсан. Хуулийн заалт, Сайдын тушаал зэрэг ийм эрх зүйн актаар чөлөөлөгдөх үндэслэлтэй байна гэж тасралтгүй маргаж байна. Татварын алба, анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхээс буцаж ирсэн. Хуулийн зүйл заалтыг дахин дурдах нь зүйтэй байх. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13-т дараах үндэслэлээр татвараас чөлөөлөгдөнө гэсэн байдаг. Үүнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т “гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа”; мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д "гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа" гэж давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад зориулсан, түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу хариу төлбөргүйгээр хүлээн авсан барааг. Үүнд буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас мөнгөөр өгсөн санхүүжилтээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээ мөн хамаарна”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-д “гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа, буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас өгсөн санхүүжилт /мөнгөн хөрөнгө/-ээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөхөд мөрдөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тус тус заасан байдаг. Мөн Сангийн сайдын 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 46 тоот тушаал байгаа. Эдгээр үндэслэлүүд байна. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой байгаа. Эко нойлтой холбоотой татвар болох 60.825.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн үүнтэй холбоотой татварын хүү, алданги тооцсон үүнийг хасаж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

7. Хариуцагч Ч.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн № НА-20210000034 тоот дугаартай актаар зөрчлийн нөхөн татвар, торгууль, алданги нийлээд нийт 142.680.045.55 төгрөгийн нөхөн ногдуулалт акт тавьсан. Зөрчлийн хувьд танилцуулбал 7 төрлийн зөрчил илэрсэн. Хувийн хэрэглээний зардлаа компанийхаа зардалд оруулж татвар ногдуулах орлогоо бууруулсан байсан. Энэ нь “Жүр үр” ХХК-иас 105.455, 71.636 төгрөг гэсэн хувийн хэрэглээний зүйлсийг авсан зөрчил гарсан. Жишээ нь 71.636 төгрөг нь татварын 10 хувь нь 7.163 төгрөг, торгууль нь 2.149 төгрөг, алданги нь 2020 оны зөрчил учраас Татварын ерөнхий хуулийн 82.1.1, алданги нь мөн хуулийн 73.1 буюу Сангийн яамнаас тогтоосон алдангийн хэмжээг төлөх ёстой хугацаанаас хяналт шалгалт хийсэн хоног хүртэл тооцдог. Нөгөө нэг зөрчил нь үндсэн хөрөнгийг худалдаж авахдаа нэмэгдсэн өртгийн албан татвараас хасах ёсгүй заалтыг зөрчөөд “Н” ХХК-иас 1.299.700 төгрөгөөр компьютер, дагалдах хэрэгслийг худалдаж авсан байсан. Үүн дээр нөхөн ногдуулалтын акт тавигдсан. Мөн хуулийнхаа дагуу 10 хувийн татвар, алданги, торгууль тооцогдож явсан. 2019-2020 онуудад баримтгүй зардал дээр 2018 онд 151.000.000 төгрөг, 2019 онд 194.000.000 төгрөг, 2020 онд 131.000.000 төгрөгийн зардлыг тайландаа тусгаж төлөх татвараа бууруулсан. Үүн дээр хуулийн дагуу нөхөн ногдуулалт акт тавьсан. Дахиад нэг нь 517.000.000 төгрөгтэй холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилтэй падаан дээр нэмэгдсэн өртгийн албан татвараар “Х” ХХК-иас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн нийт 12 падааны 527,272,727.28 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хий бичүүлэн татвараас зугтсан ийм зөрчил гаргасан нь илэрсэн. Татварын тайлан заавал ашигтай гарах ёстой байдаггүй. Үнэхээр алдагдалтай байсан бол тэр хэвээр нь тайлангаа гаргаад явах ёстой байсан. Манай зүгээс шалгаж үзээд үнэхээр алдагдалтай байсан бол алдагдлыг дараагийн жилийн ашгаас суутган тооцох хуулийн заалт байдаг. Заавал ашигтай байлгах гэж хуурамч худалдан авалт хийж татвараас зугтсан зөрчил илэрсэн учир нөхөн ногдуулалтын акт тавьсан. 2018-2020 оны нийт 3 жилийн нийт худалдан авалт борлуулалтаас зөрчлийг илрүүлсэн болохоос зөвхөн эко нойлтой холбоотой зөрчил тавьсан зүйл байхгүй. Сангийн яамны жагсаалтад оруулсан байсан бол чөлөөлөгдөх байсан гэж тайлбар гаргаж байна. Тухайн үед шалгаж байх үед Сангийн яамнаас тодруулж асуухад жагсаалтад байхгүй байна гэсэн хариуг өгч байсан. Сангийн яамнаас гаргасан журмыг зөрчөөд хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх эрх хэмжээ надад байхгүй.” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын дээд шүүхийн 64 дүгээр тогтоолын 9 дэх хэсэгт заалтад шүүх өөрийн эрхийн хүрээнд дүгнэлт хийх байх. Аж ахуй нэгжийн талаар хариуцагч сая тодорхой ярилаа. 2018-2020 онуудад тодорхой зөрчлүүд илэрсэн. Энэ нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын үндэслэл хэсэгт заасан зардал болж чадаагүй учир нөхөн ногдуулалтын акт тавьсан. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхээс нөхөн ногдуулалтын акт нь тодорхой бодогдсон байна. Нэхэмжлэгч талын хасаад байгаа зардал чинь хуульд нийцэхгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Зардлаа үндэслэлгүй бууруулсан гэж хариуцагч талаас тайлбар гаргаж явсан. Сангийн яам болон Татварын ерөнхий газраас холбогдох албан бичгүүд ирсэн. Өршөөл үзүүлэх тухай хуулийг нэхэмжлэгч тал ярьсан боловч шүүх үүнийг нь анхаарч үзээгүй. Өршөөл үзүүлэх тухай хууль нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах яагаад боломжгүй вэ? гэхээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “энэ хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах тухай шийтгэх хуудас зэргээр тогтоогдсон байна” гэж заасан байдаг. Хяналт шалгалтаар 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тухайн акт гарсан. Эрх бүхий албан тушаалтны акт маань хууль хэрэглэж болох хугацаанаас хойш гарсан “М” ХХК-ийн гаргасан зөрчил нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй гэдгийг бид бүхэн тайлбарласаар ирсэн. Дээд шүүхийн тогтоолд заасан эдгээр алдаануудыг гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Орхон аймгийн Тамгын газраас авсан тооцоолол болох 1.000.000 төгрөгийн санхүүжилтийн хэмжээгээр хасуулж болохгүй юу гэж захирал нь хэлж байх шиг байна. Захиргааны актаар ногдуулсан татварын хэмжээг шууд хасах боломжгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөөд багасгаж өгөөч гэсэн саналыг гаргаж байх шиг байна. Бид алдагдалтай болох гээд байна, актыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах гээд байсан одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж орж ирсэн нь зөв байна гэж харж байна” гэв.

     ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь ОА-ийн ТХ-ийн ТУБ нарт холбогдуулан “ТУБ-ийн 2021 оны 07 сарын 06-ны өдрийн №НА20210000034 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа “ТУБ нарын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА20210000034 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актын төлбөрийн хэмжээг багасгуулах” гэж өөрчилсөн.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн. Үүнд: “ТУБ-ийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №НА20210000034 дугаар нөхөн ногдуулалтын актаар

1/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 2018 онд 151.450.354.50 төгрөгийн, 2019 онд 194.977.578.88 төгрөгийн, 2020 онд 131.218.160.69 төгрөгийн тус тус үндсэн баримтаар нотлогдоогүй зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцсон нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар татварын тухай хуулийг зөрчсөн гэж үзсэнийг,

2/ 2019 онд 105.454.55 төгрөгийн, 2020 онд 71.636.00 төгрөгийн хувийн хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа материал, 2019 онд 1.299.729.00 төгрөгийн үндсэн хөрөнгө бэлтгэхтэй холбоотой худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусган татвар ногдуулах орлогоо бууруулан төлөх татвараа багасгасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн гэж үзсэнийг тус тус хүлээн зөвшөөрсөн.

3. Харин тухайн актаар нэмэгдсэн өртгийн албан татвараар “Х” ХХК-иас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн нийт 12 падааны 527.272.727,28 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хий бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авсан бараа үйлчилгээнд оруулан тайлагнаж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зөрчсөн гэж үзсэн хэсгийг хүчингүй болгож, актаас энэхүү нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой төлбөрийн хэмжээг багасгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.   

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:  

4.1. Манай компани нь Орхон аймагт 2019 онд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийгдэж буй “хөрсний бохирдлыг бууруулах 290 айлд Эко ариун цэврийн байгууламж барих” төслийн ажлын гүйцэтгэгчээр ажилласан. Энэхүү төсөл хөтөлбөр нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11,  Сангийн сайдын 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 46 тоот тушаалаар баталсан заалтын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх боломжтой ажил үйлчилгээнд орж байгаа учраас  2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №НА-20210000034 тоот дугаартай нөхөн ногдуулалтын актын нэмэгдсэн өртгийн албан татвараа ногдуулсан төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй.

4.2. Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Төрийн сангаар дамжуулан иргэний данс руу мөнгийг шилжүүлэхдээ Хүн амын орлогын албан татварт 10 хувийг суутгасан, иргэнээс манай компаний данс руу шилжүүлж бид дахин нэмэгдсэн өртгийн албан татвар тооцуулснаар нийт 20 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар суутгуулсан нь компаний хувьд алдагдалтай, ашиггүй ажиллах татварын өрөнд орох нөхцөл байдал үүссэн. Бид цаашид үйл ажиллагаагаа хэвийн авч явах тендерт оролцоход өр төлбөргүй байх зэрэг шаардлагын үүднээс “Х” ХХК-иас 527.272.727,28 төгрөгийн 12 падаан авсан нь татварын шалгалтаар хүчинтэй бус баримт болж таарсан. Энэхүү ажил үйлчилгээнд татварын ногдуулалт хийхдээ нэмэгдсэн өртгийн албан татвараас  чөлөөлөгдөх ажил үйлчилгээ гэж мэдэж байсан мөртлөө ямар нэг зөвлөмж, зааварчилгаа өгч хасалт хийлгүйгээр татвар ногдуулж тооцсон асуудал нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, дүрмийг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

4.3. Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газарт хандсаны дагуу 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 05/1772 тоот албан бичгийг ирүүлсэн. Тус хариу албан бичигт Сангийн сайдын баталсан журмын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас  чөлөөлөгдөх боломжтой гэж үзсэн. Үүний дагуу Татварын маргаан таслах зөвлөлд хандаж гомдол гаргасан. Тухайн үед бидэнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч төрийн байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрийн төслийн ажилтнууд, татварын байцаагч нар ойлголт өгөөгүйгээс болж энэхүү асуудалд хүрсэн. Иймд туб нарын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №НА20210000034 дугаартай нөхөн ногдуулалтын актын төлбөрийн хэмжээг багасгаж өгнө үү” гэв.

5. Хариуцагч  “М” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Эко ариун цэврийн байгууламж  нь Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 тоот тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх аж ахуйн нэгжийн жагсаалтад ороогүй тул чөлөөлөгдөх боломжгүй. “Х” ХХК-иас бараа, материалын худалдан авалт хийгээгүй байж өр төлбөргүй болох үүднээс 12 падаанаар 527.272.727,28 төгрөгийн хуурамч баримт бүрдүүлж орлогоо бууруулсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын тухай хуулиудыг зөрчсөн үйлдэл тул нөхөн ногдуулалтын акт тавьсан. “М” ХХК-иас гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус маргасан.

6. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6.1. ОА-ийн ТХ-ийн ТУБ Ч.Ц, Б.Э нар нь Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 дугаар тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн хүрээнд №2021601781 тоотын хугацаанд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №20210000034 тоот нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2, Татварын ерөнхий хууль /Шинэчлэн найруулсан 2020 он/-ийн 73 дугаар зүйлийн 73.1,  82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн ”М” ХХК-ийг нийт 1.006.395.640,9 төгрөгийн  зөрчил гаргасан гэж үзэн, 100.639.564,1 төгрөгийн нөхөн татвар, 30.191.869,24 төгрөгийн торгууль, 11.848.612,21 төгрөгийн алданги, нийт 142.680.045,55 төгрөгийн төлбөр төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт оногдуулсан байна. /1 дэх хавтаст хэргийн 73-77 дугаар тал/

6.2.  Нэмэгдсэн өртгийн албан татвараар “Х” ХХК-иас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн нийт 12 падааны 527.272.727,28 төгрөгийн  бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг  хий бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд оруулан тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж  тус тус заасныг зөрчсөн гэж нөхөн ногдуулалтын актыг оногдуулсан байна.

6.3. Хариуцагч туб нар “М” ХХК-ийг 12 ширхэг 527.272.727,28 төгрөгийн бараа материал худалдан авсан мэт нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хий бичүүлсэн зөрчилд нөхөн ногдуулалтын акт гаргасан нь нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Орхон аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 38/04-246 тоот албан бичгээр тогтоогдож байна. /1 дэх хавтаст хэргийн 96-99 дүгээр тал

6.4. Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татвараас хасаж тооцохгүй.” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

6.5.  Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар  “...Орхон аймагт 2019 онд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийгдэж буй хөрсний бохирдлыг бууруулах Эко ариун цэврийн байгууламж барих 290 айлын төслийн ажлын гүйцэтгэгчээр ажилласан тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11, Сангийн сайдын 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 46 тоот тушаалаар баталсан заалтын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх боломжтой.” гэж тайлбарласан.  

6.6. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-д “Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа, буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас өгсөн санхүүжилт /мөнгөн хөрөнгө/-ээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөхөд мөрдөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж хуульчилсан.

6.7. Сангийн сайд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Журам батлах тухай” 46 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг баталжээ.

6.8. Дээрх журмын 3.1-д “Хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн барааг албан татвараас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг улирал бүрийн эхний сарын 05-ны дотор Төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагаас Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараах баримт бичгийн хамт ирүүлнэ. 3.1.3-д “төсөл хэрэгжүүлэгчид гаргасан туслан гүйцэтгэгчийн албан хүсэлт /туслан гүйцэтгэгч болохыг нотлох баримт бичиг, захиалагчтай байгуулсан гэрээ, тендерийн баримт бичиг гэх мэт/, 3.3-т ”Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 3.1, 3.2-т заасан албан хүсэлтийг хүлээн авч, хянасны үндсэн дээр энэ журмын хоёрдугаар хавсралтад заасан жагсаалтыг улирал бүрийн эхний 15-ны дотор батална.” гэж зохицуулсан байна.

6.9. Нэхэмжлэгч “М” ХХКомпани нь Сангийн сайдын 46 дугаар тушаалаар баталсан журамд заасны дагуу “Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн барааг албан татвараас чөлөөлүүлэх хүсэлт”-ээ зохих газарт гаргаж шийдвэрлүүлээгүй, “Албан татвараас чөлөөлөх жагсаалтад ороогүй” болох нь Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03/504 дугаар албан бичгээр нотлогдож байх тул энэ үндэслэлээр нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

6.10. Мөн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.1-д “...гэрээний нийт үнийн дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар болон хүргэлт, сав баглаа боодлын зардал зэрэг бусад бүх төлбөр, зардлыг оруулсан болно” гэж зохицуулсан байгаагаас үзэхэд “М” ХХКомпани борлуулсан бараандаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үндэслэлтэй байна. /2 дугаар хавтаст хэргийн 12 дахь тал/

7. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар туб-ийн актаар тавигдсан торгуулийг Өршөөлийн тухай хуульд хамрагдана гэж маргасан.  

7.1. Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хууль /2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр/-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас үзвэл энэ хуулиар эрүүгийн хариуцлага болон зөрчлийн шийтгэлтэй холбоотой өршөөл үзүүлэх харилцааг зохицуулжээ.

 7.2. Гэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуулийн “Өршөөлд хамааруулахгүй зөрчил, шийтгэлийн төрөл, албадлагын арга хэмжээ” гэсэн 10 дугаар зүйлийн 10.1-д “Зөрчлийн тухай хуульд заасан  ...Үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, мэргэжлийн хяналт, даатгалын журмын эсрэг зөрчил /Зөрчлийн тухай хуулийн Арван нэгдүгээр бүлэг/ гэж заасан учраас “М” ХХК-ийн торгууль болох 30.191.869,24 төгрөг өршөөлд хамрагдах үндэслэлгүй байна.

7.3. Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр бүлэгт заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүйгээр хуульчилжээ.

8. Мөн Татварын Ерөнхий хууль /шинэчлэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө.” гэж заасны дагуу туб нар татварын ногдуулалт, төлөлтийг шалгахдаа тухайн онуудад хүчин төгөлдөр үйлчилж байсан татварын хууль тогтоомжийг зөв хэрэглэн, нэхэмжлэгч “М” ХХКомпанийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

9. Иргэдийн төлөөлөгч Т.Нармандах нь “М” ХХКомпанийг татвараас зайлсхийсэн байна.” гэсэн дүгнэлт гаргасан.

10.  Иймд шүүх дээрх үндэслэлүүд, хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж  үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /2020 он/-ийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1,  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5,  Зөрчлийн тухай хууль /2017 он/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, Татварын Ерөнхий хууль / шинэчилсэн  найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн гаргасан “ОА-ийн ТХ-ийн ТУБ Б.Э, Ч.Ц нарын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №НА-20210000034 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актын төлбөрийн хэмжээг багасгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.БОЛОРМАА

                       ШҮҮГЧИД                            Б.МӨНХЖАРГАЛ

                                                                  П.УУГАНЦЭЦЭГ