Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/00944

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2023 о      02 с       16 ө

Дугаар           101/ШШ2023/00944

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр 47 тоотод байрлах, С ХХК /рд:....../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .............../рд:...../-д холбогдох,

19,358,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Хандсүрэн, хариуцагч Б , түүний өмгөөлөгч Б.Галхүү, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Хандсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Цогт-Очир овогтой Бадамханд нь С ХХК-д 2009 онд тоног төхөөрөмжийн операторчоор ажилд орсон бөгөөд үүнээс хойш түүнд гэрээнд зааснаар цалин хөлс олгож ажиллаж байсан. Б  С ХХК-д идэвх санаачилгатай ажилладаг сайн ажилтнуудын нэг байсан бөгөөд цаашид үргэлжлүүлэн тогтвортой ажиллахаа илэрхийлж байсан учраас түүний хүсэлтээр амьдрал ахуйг нь дэмжих зорилгоор  ажиллаж байх хугацаандаа цалингаасаа төлж дуусгах болзолтойгоор удаа  дараалан цалингийн зээл хэлбэрээр буюу ирээдүйд авах цалинг нь урьдчилан тооцон олгож, ийнхүү олгосон мөнгөн дүнг хүснэгтлэн түүний гарын үсгээр баталгаажуулах байдлаар баримтжуулж байсан юм. Гэтэл Б  нь 2017 оны 12 сарын 25-ны өдрийн сүүлээр өдрийн сүүлийн тооцоогоор 29,358,000 төгрөгийн цалингийн зээлийн өр төлбөртэйгөөр ажлаа хаяж явсан бөгөөд үүнээс хойш удаа дараа холбогдож төлбөр төлөхийг шаардсан боловч биелүүлэхгүй байсан тул 2020 оны 02 сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандсан боловч Б  нь хаягтаа байхгүй үндэслэлээр буцаагдаад, эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг дахин гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар эрэн сурвалжилсны дагуу 2021 оны 02 сарын 03-ны өдрийн 27(12-1)/786 дугаартай албан бичгээр Б ын хаягийг тодруулж нэхэмжлэгчид мэдэгдсэнийг манай улсад үүсээд буй цар тахлын хорио цээр нөхцөл байдалтай холбоотойгоор нэхэмжлэлээ одоо гаргаж байна. Манай компанийн зүгээс цалингийн зээл хэлбэрээр Б ад олгосон 29,358,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагч Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2008 онд нэхэмжлэгч талд зарын дагуу ажилд орсон. Зарын дагуу ажилд орж уг компанид 2017 он хүртэл тасралтгүй ажилласан. Тухайн үед 2010, 2011 оны үед 1 машин зээлээр авч байсан, Түвшин захирал бид 2-ын дунд зээлийн гэрээ гэх зүйл байхгүй байсан. 6,000,000 төгрөгөөр машин авч байсан. Түүнээс хойш бидэнд ямар ч зээлийн гэрээ байхгүй байсан, тухайн 6,000,000 төгрөгийг би 2017 он хүртэл цалингаасаа төлж байсан. 2013, 2014 оны үед 1 хашаа авсан. Тухайн хашааг Түвшин захирал миний нэр дээр цалингийн зээл авч өөрийн нэр дээр авч байсан. Тухайн цалингийн зээл надад ахадсан зээл байсан,  2013 онд 10,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан, миний цалин тухайн зээлийг төлөхөөр хэмжээнийх биш байсан. Түвшин захирал тухайн үед данс руу хуурамчаар их хэмжээний мөнгө оруулж, гаргаж төлж байсан. Байгууллагад надтай хамт ажиллаж байсан залуу бид 2-т 10 сая төгрөгийн зээлийг тус тус авхуулж, банкны үүдэнд бэлэн мөнгөөр аваад гараад ир гэж байгаад авч байсан. Тухайн мөнгөнөөс 100,000 төгрөгийг бид 2-т тус тус өгч байсан, хашаа байшин авах бол над руу ярьж байгаад авчхаарай гэж байсан. Би 10 сая төгрөгийн хашаа авахдаа Түвшин захирлын нэр дээр биш хамаатных нь хүүхдийн нэр дээр авсан. Тухайн Хас банк ХХК-ийн зээлийг 2017 он хүртэл төлж явж байсан, гэвч бодит цалин хүрэхгүй тул өр нь нэмэгдсээр байсан. Миний нэр дээрх зээлийг ууг нь би зарцуулах ёстой байсан, гэвч би биш Түвшин захирал өөрөө зарцуулж, хүүг бүгдийг нь би төлж байсан. Түвшин захирал батлан даагчаар банктай ярьж байгаад зээл авч өгсөн. Хамгийн сүүлд 2017 он хүртэл би ажилласан, сүүлдээ цалин авахаа больж, идэх хоол ундгүй болсон тул би ажлаасаа гарсан. Цалин нь тухайн өрийг төлж чадах хэмжээнд байгаагүй. Цалингийн 10 сая төгрөгийн зээлийг хаслаа гэж байна, угаасаа би өөрөө аваагүй мөнгө учир тухайн мөнгөний хүүг банканд төлж байсан нь одоо утгагүй байна. Надад авсан үл хөдлөх эд хөрөнгө байхгүй. Түвшин захирал бид 2-ын хооронд өр зээл байх ёсгүй. Энэхүү гарын үсэг зурсан баримтыг би ойлгохгүй байна. Анхны машин зээлсэн мөнгийг би төлж байсан...” гэв.

 

Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан тоот 1 хуудас, 2021 оны 05 сарын 12-ны өдрийн итгэмжлэл 1 хуудас, С ХХК-ийн ажилтны мөнгө хүлээн авсан баримт 1 хуудас, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 06-ны өдрийн 2688 дугаартай шийдвэр 1 хуудас, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 6919 дугаартай захирамж 2 хуудас, С ХХК-ийн захирлын тушаал 1 хуудас, С ХХК-ийн дүрэм 2 хуудас, С ХХК-ийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, С ХХК-ийн 2014 оны 01 сарын шимтгэл  хураамж төлөлтийн тооцооны баримт 1 хуудас, С ХХК-д ажиллаж байгаа даатгуулагчдын 2014 оны 5-12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримт 8 хуудас, Т гийн иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас, С ХХК-ийн ажилтны бэлэн мөнгө авсан баримт 4 хуудас, Т  дансны гүйлгээний жагсаалт 1 хуудас, Т ий Хаан банкны депозит дансны хуулга 18 хуудас, С ХХК-д ажиллаж байгаа даатгуулагчдын 2014 оны 3-12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримт 11 хуудас, С ХХК-д ажиллаж байгаа даатгуулагчдын 2015 оны 1-12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримт 12 хуудас, С ХХК-д ажиллаж байгаа даатгуулагчдын 2016 оны 1-3 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримт 3 хуудас, 2022 оны 04 сарын 20-ны өдрийн итгэмжлэл 1 хуудас.

 

Хариуцагчаас шүүхэд бүрдүүлэн өгсөн нотлох баримт: хууль зүйн туслалцаа гэрээ 1 хуудас.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 сарын 14-ний өдрийн 140 дугаартай шинжээчийн дүгнэлт 11 хуудас.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С ХХК хариуцагч Б ад холбогдуулан “компанид ажиллаж байхдаа зээлсэн 29,358,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа 10,000,000 төгрөгөөр багасгаж, компанид ажиллаж байхдаа зээлсэн 19,358,000 төгрөг гаргуулахаар шаардав.

 

Хариуцагч “авто машин авах гэж мөнгө зээлсэн нь үнэн, энэ мөнгөө цалингаасаа төлсөн, бусад мөнгийг зээлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

С ХХК-д Б  хөдөлмөрийн гэрээний дагуу 2010 оноос 2018 оны хооронд тоног төхөөрөмжийн операторчноор ажиллаж байгаад ажлаасаа гарсан болох нь зохигчийн тайлбар, С ХХК-ийн тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн ногдуулалтын тайлан зэргээр тогтоогдож байна. /хх-11, 16-23/

 

Б ыг 2013.03.01-ний өдрөөс 400,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тушаалаас өөр ямар нэгэн санхүүгийн баримтыг нэхэмжлэгч тал хэрэгт өгөөгүй, шүүхээс Б тай холбоотой санхүүгийн анхан шатны баримтуудыг хэрэгт авахаар шийдвэрлэсэн боловч Т гийн дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн ногдуулалтын тайлангууд өгсөн.

 

Хэргийн 129-152-р хуудсан дахь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн ногдуулалтын тайлангууд нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлэх боломжгүй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...цалингаас тусдаа зээл хэлбэрээр олгосон мөнгө 19,358,000 төгрөгийг гаргуулна... гэж тайлбарлаж байна.

 

Т гийн Хаан банкны ......... тоот данснаас 2014.02.23-ны өдрөөс 2016.01.13-ны өдрийн хооронд 18 удаагийн гүйлгээгээр Б ад ...Шигрээд... гэсэн утгатай 7,100,000 төгрөг шилжүүлснийг хариуцагч хүлээн зөвшөөрч байх боловч уг мөнгийг зээл хэлбэрээр олгосон гэж дүгнэх хангалттай үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлохоор өгсөн хэргийн 7-р хуудсан дахь баримтын хамгийн сүүлд зурагдсан гарын үсэг Б ынх мөн, 29,358,000 гэх тоо засвартай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч тал 2010.08.22-ны өдрөөс 2017 оны 12 сарыг дуустал 19,358,000 төгрөгийг зээлсэн болох нь хэргийн 7, 48, 49, 50, 51-р хуудсан дахь баримтуудаар тогтоогдохгүй, уг баримтуудын зарим нь хэдэн оны баримт болох нь тодорхойгүй, баримтын зарим нь цалин олгохтой холбоотой, уг баримтыг ямар албан тушаалтан үйлдсэн нь тодорхой бус зэрэг зөрчилтэй байгаа тул үнэлэх боломжгүй.

 

Өөрөөр хэлбэл, зохигчийн тайлбар, хэргийн 7, 48, 49, 50, 51-р хуудсан дахь баримтуудыг харьцуулбал “цалин олгосон баримт дээрх эцсийн үлдэгдэл, авбал зохих цалин, урьдчилж авсан цалин, гарт очих цалин, эцсийн үлдэгдлийг хэрхэн бодож гаргасан нь тодорхойгүй, дүнгүүд хоорондоо таарахгүй байх тул уг баримтуудаар талуудын хооронд 19,358,000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн, хариуцагчийг 19,358,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэх үндэслэлгүй.

 

С ХХК 2011 онд Б ад авто машин авахад нь зориулж 5,420,000 төгрөгийг тодорхой хугацаагүй, хүүгүй зээлүүлсэн болох нь зохигчийн тайлбар, С ХХК-ийн ажилтны мөнгө хүлээн авсан баримтаар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”

283 дугаар зүйлийн 283.1-д “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж тус тус заажээ.

 

С ХХК болон Б  нар 5,420,000 төгрөгийг хэзээ буцаан төлөх талаар тохирсон баримтгүй, буцаан төлөх талаар хугацаа тохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул зээлдүүлэгч С ХХК-ийн шаардсанаар зээлдэгч Б  буцаан төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч 5,420,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ “... хашаа байшин авахад 10,000,000 төгрөгийг миний нэр дээр авсан, би цалингаасаа төлсөн тул машин авахад зээлсэн зээл төлөгдсөн ...” гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд анхан шатны баримт бүрүүлэхийг хуульчилсан ба

13 дугаар зүйлийн 13.4-т “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна”

13 дугаар зүйлийн 13.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно”,

13 дугаар зүйлийн 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”,

13 дугаар зүйлийн 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэж заажээ.

 

Хуулийн дээрх заалтуудын дагуу С ХХК ажилтанд зээл олгосон талаарх баримтаа бүрдүүлэх, улмаар санхүүгийн тайланд авлагаар тусгасан болохоо баримтаар нотлоогүй.

 

Зохигч хэн аль тайлбараа баримтаар нотлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хангалттай хугацаанд явагдсан.

 

Талуудын хооронд хугацаагүй, хүүгүй 5,420,000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн болох нь тогтоогдсон тул хариуцагчийн өмгөөлөгчийн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил өнгөрсөн гэх татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч Б аас зээл 5,420,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлээс 13,938,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,420,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 101,670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б аас 5,420,000 /таван сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлээс 13,938,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 101,670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ                                        Д.БАТЦЭЦЭГ