| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2025/1638/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1901 |
| Огноо | 2025-08-11 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Итгэл (томилолтоор) |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1901
2025 08 11 2025/ШЦТ/1901
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр;
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: П.Итгэл (томилолтоор);
Шүүгдэгч: Т.М- (өөрийгөө өмгөөлөв);
Хохирогч: С.Б- (өөрийгөө өмгөөлөв);
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Золзаяа;
Хэргийн дугаар: 2503004850716;
Шүүгдэгч Т.М ... регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа модны худалдааны захад ажилладаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Т.М- нь 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 05 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө Баянгол зочид буудлын зүүн талын авто замд Тоёота приус Альфа маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.3 “жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдолд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч С.Б-ыг мөргөж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокуророос Т.М-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М- мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн зүйл дээр нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид нийт 1.393.600 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Эрүүл мэндийн даатгалын санд 49.000 төгрөгийг төлсөн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б- мэдүүлэхдээ: “...2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 16 цагийн үед гэрээсээ ажил руугаа явж байсан. Би гарцаар гарч байтал баруун талаас мөргөөд хөлөн дээгүүр машины дугуй гарсан. Баримтаар нэхэмжилсэн 1.393.600 төгрөгийг авсан. Одоо сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна. Дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд ирээдүйд гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч С.Б-ын “...Би 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 16 цаг өнгөрч байхад би ганцаараа гэрээсээ алхаад ажил руугаа Энхтайваны гүүрийг урдаасаа хойш даваад Баянгол зочид буудлын харалдаа зүүн талд буюу төв замын баруун талаар явган хүний замаар урдаас хойш чиглэн алхаж байгаад явган хүний гарцаар алхаж явтал төв замаас баруун эргэж байсан. Гэтэл хар өнгийн приус маркийн ...улсын дугаартай суудлын автомашин ирээд намайг мөргөөд газарт унагаачаад зогсоогүй бөгөөд би босож чадахгүй өндийгөөд гараа өргөөд байхад баруун урд талын дугуйгаараа миний баруун хөлний шилбэн дээгүүр гарч яваад зогссон. Ингээд жолооч залуу эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24),
“...С.Б-ын биед хүзүүний С5/С6 нугалмын жийргэвчийн цагариг мөгөөрсний урагдал, цүлхийлт, баруун шилбэ тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №6923 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 31-33),
“...Тухайн хэргийн улмаас С.Б-ын сэтгэцэд дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №1879 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 53-55),
“...Явган зорчигч С.Б- нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна. Toyota Prius Alpha маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.М- нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй...” гэх Тээврийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах албаны мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 350 дугаартай дүгнэлт (хх-ийн 66-67),
Т.М-ы гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн “...Баянгол зочид буудлын зүүн талын авто замаар хойноос урагш чиглэлд явж байгаад баруун тийг Баянгол зочид буудлын зогсоол руу эргэж орох гэж байгаад авто зам дагуу явган хүний гарцаар урдаас хойш чиглэлд явж байсан явган зорчигчийг мөргөсөн. Ингээд эмнэлэг болон цагдаагийн байгууллагын ажилчид ирсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28, 78),
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-11),
Хохирогч С.Б-аас гаргасан хохирлын баримтууд (хх-ийн 82-83, 97),
Т.М-ы жолоодох эрхийн лавлагаа, хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 14-19, 93) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тус тусынх нь хууль ёсны эх сурвалж, агуулга, хоорондын уялдаа, зөрчилтэй болон зөрчилгүй шинж, хэргийн нөхцөл байдалтай нийцэж буй эсэхийг шүүх бодитойгоор судлан шинжилж, үнэлгээ хийж дараах дүгнэлтэд хүрэв.
Шүүгдэгч Т.М- нь 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 05 минутын орчимд Toyota Prius Alpha маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Чингисийн өргөн чөлөө Баянгол зочид буудлын зүүн талын авто зам дээр хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчих, жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгөх жолоочийн мөрдөх үүргийг тус тус зөрчиж, тухайн үед гарцаар гарч явсан явган зорчигч С.Б-ыг мөргөсөн нь тогтоогдож байна.
Осол гарах үед С.Б- нь явган хүний гарцаар урдаас хойш чиглэлд явж байсан бөгөөд тухайн нөхцөлд шүүгдэгч Т.М- нь гарцаар замд нийлэх, гарахдаа аюул хохирол учруулахгүй сэрэмжтэй байж явган зорчигчид зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүй нь осол гарахад хүргэсэн болохыг мөрдөгчийн магадлагаа (хх-ийн 66-67)-гаар тогтоожээ.
Хохирогч С.Б-ын биед хүзүүний С5/С6 нугалмын жийргэвчийн цагариг мөгөөрсний урагдал, цүлхийлт, баруун шилбэ тавхайд цус хуралт зэрэг эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол учирсан нь тухайн ослоос үүдсэн шинэ гэмтэл болохыг шинжээчийн дүгнэлтэд тусгасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М- хэргийн үйл баримтыг хүлээн зөвшөөрч, хохирогчид 1.393.600 төгрөгийн эм, тариа, эмчилгээний зардлыг барагдуулсан тухайгаа мэдүүлж, үүнийг нотлох баримтыг гаргаж өгсөн байна. Түүнчлэн осол гарах үед шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь согтолтын зэргийг тогтоосон тэмдэглэлээр нотлогджээ (хх-ийн 12).
Мөн хэрэгт хавсаргасан ослын газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургууд, тээврийн хэрэгслийн мэдээлэл, жолоочийн эрхийн лавлагаа, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нь үйл баримтыг харилцан дэмжиж байна.
Хохирогч С.Б-ын мэдүүлэгт явганаар явж байгаад осолд орсон тухай мэдүүлсэн нь хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилж байгаа бол шүүгдэгч Т.М-ы мэдүүлэг нь явган зорчигчийг мөргөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлснээр ослын нөхцөл байдлыг бодитойгоор илэрхийлжээ.
Иймд хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хууль ёсны эх сурвалжтай, агуулгаараа бодит байдлыг тусгасан, хоорондоо харилцан нийцтэй, хэргийн нөхцөл байдалтай нийцсэн, үнэн зөв, итгэх үндэслэл бүхий гэж шүүх үзэв.
Эдгээр баримтад тулгуурлан 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 05 минутын орчимд Чингисийн өргөн чөлөө Баянгол зочид буудлын зүүн талын авто зам дээр Т.М- нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, явган зорчигч хохирогч С.Б-ыг машинаар мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь нотлогдож байна.
Шүүгдэгч Т.М- нь автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж, явган хүний гарцаар гарч явсан явган зорчигчид зам тавьж өгөөгүй, хурд хасаагүй, автомашины баруун урд хэсгээр мөргөж, хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь гэмт хэргийн объектив талд хамаарна. Энэ нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хийсэн үйлдэл, үр дагавар (хүний биед хохирол учрах), үйлдэл ба үр дагаврын шалтгаант холбоо, хуульд заасан тодорхой нөхцөлд үйлдэгдсэн байдал зэргийг хангасан байна.
Мөн шүүгдэгч нь осол гаргахдаа сэрэмж алдсан, болгоомжгүй байдал гаргасан бөгөөд тухайн үр дагаврыг урьдчилан мэдэх боломжтой байсан ч зохих анхаарал, болгоомжлол гаргаагүй, түүний энэ болгоомжгүй хэлбэрийн буруутай сэтгэхүйн хандлага нь гэмт хэргийн субъектив талыг бүрдүүлж байна.
Ийнхүү дээрх байдлаар тодорхойлсноор шүүгдэгч Т.М-ы үйлдэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, үйлдлийн арга, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, үйлдэл, үр дагаврын хоорондын учир шалтгааны хамаарал зэрэг объектив болон субъектив шинж чанарууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.М- нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө ял шийтгэгдэж байгаагүй, ажил хөдөлмөр эрхэлдэг, бүрэн дунд боловсролтой, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг хүн болох нь тогтоогдсон. Түүнчлэн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд үйлдсэн гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд үүссэн байна.
Осол гарах үед хохирогчийн амь насанд аюул учраагүй, учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахуйц хүндэвтэр хохирол байсан ч гэм буруугаа ухамсарласан, хохиролд тодорхой хэмжээнд нөхөн төлбөр олгосон зэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцогдох үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан ял шийтгэлийг сонгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Торгох ял нь тухайн хүний орлого, эд хөрөнгө, амьдралын нөхцөлд шууд нөлөө үзүүлэх ба үүний үр дүнд гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн шалтгаан, сэдлийг ухамсарлах, санхүүгийн хариуцлагын ач холбогдлыг ойлгох, цаашид ийм төрлийн хэрэг дахин үйлдэхээс сэргийлэх нөхцөл бүрддэг. Мөн торгууль оногдуулснаар хувь хүн хууль зөрчсөн тохиолдолд зөвхөн мөнгөн төлбөр хэлбэрийн бодит үр дагавар бий болдгийг мэдрэхээс гадна хууль дээдлэх ухамсар, нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй гэж шүүх үзсэн тул дээрх байдлаар ялын төрөл, хэмжээг тогтоосон болно.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 7 (долоо) сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон 7 (долоо) сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.М-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Б- нь эмчилгээний зардалд нийт 1.393.600 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авсан болохыг нотолсон баримт (хх-ийн 82-83) хэрэгт хавсаргагдсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч өөрийн санаачилгаар бүрэн төлж барагдуулсан тул хохирогчид нэмж төлөх төлбөргүй болно.
Мөн хохирогч С.Б- нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 49.000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт авсан зардлыг шүүгдэгч Т.М-аас нөхөн төлсөн нотлох баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн учир Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Харин хохирогч С.Б- нь шүүх хуралдаанд “Сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ” хэмээн мэдүүлсэн.
Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д зааснаар, тухайн гэмт хэргийн сэтгэцэд үзүүлсэн хор уршгийг Шүүх шинжилгээний байгууллага үнэлэх бөгөөд уг журмын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг баримтлан 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №1879 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 53-55)-д хохирогч С.Б-ын сэтгэцэд учирсан хор уршгийг “Хоёрдугаар зэрэглэл”-д хамааруулан дүгнэсэн байна.
Иймд Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд “Хоёрдугаар зэрэглэл”-ийн хор уршгийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж тогтоосон тул хохирогчийн сэтгэцийн гэмтлийн зэрэглэл, нөхөн сэргэлтийн байдал, хохирогчид учирсан бодит сэтгэл зүйн шаналал, цаашдын эмчилгээний шаардлага зэргийг харгалзан шүүхээс нөхөн төлбөрийн дүнг доод хязгаар болох 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээ буюу гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэн буюу 3.960.000 төгрөгийг шүүгдэгч Т.М-аас гаргуулан хохирогч С.Б-ад олгохоор шийдвэрлэв.
Мөн хохирогч С.Б- нь цаашид давтан шинжилгээ хийлгэх шаардлагатай хэмээн мэдүүлсэн боловч энэ талаар нотолсон эмчийн дүгнэлт байхгүй, төлбөр төлөөгүй учраас бодитоор гарсан зардал одоогоор байхгүй байх тул тухайн эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч Т.М- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг 7 (долоо) сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон 7 (долоо) сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг торгох ялыг оногдуулсан үеэс тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-аас сэтгэцэд учирсан хохиролд нийт 3.960.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-ад олгож, хохирогч С.Б- нь цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Т.М- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ