2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1934

 

 

 

 

 

 

 

     2025      08         14                                      2025/ШЦТ/1934

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр;

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явагдсан;

Шүүх: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх;

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

Улсын яллагч: Ө.Эрдэнэмөнх;

Шүүгдэгч: Ж.П- (өөрийгөө өмгөөлөв);

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Золзаяа;

Хэргийн дугаар: 2406010810243;

Шүүгдэгч Ж.П ... регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, ... оны .... дүгээр сарын ...-ний өдөр ... суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ж.П- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, ... нийтийн байранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.С-г бусадтай хардсаны улмаас хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн цохиж зодон эрүүл мэндэд нь баруун атгаал ясны зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн дээрх цаг хугацаанд хохирогч Х.Г-ыг хамтран амьдрагч Б.С-тай хардаж цохиж зодон түүний эрүүл мэндэд бугуйн яс битүү хугарал, баруун ташаа шарх, баруун чамархай, баруун чих, баруун, зүүн, шанаа, баруун хацар, уруул, эрүү, дух, зүүн шилбэнд зулгаралт, баруун зүүн чамархай, баруун зүүн чих баруун, зүүн нүдний зовхи, хамар, баруун, зүүн бугалга, баруун, зүүн мөр, зүүн шуу, баруун, гарын хуруу, баруун, зүүн гуя, нуруунд цус хуралт, баруун, зүүн нүдний салстад цус харвалт, нүүр, баруун, зүүн гарын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокуророос Ж.П-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.П- мэдүүлэхдээ: “...Тухайн үед Б.С-, Х.Г- хоёр нь нойлоос хамт гарч ирэхээр нь хардаж зодоон болсон. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд:

 

Хохирогч Х.Г-ын “...Би Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо ... айлын нийтийг байрыг түрээслэн ажиллуулдаг. 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай авто машинаа 11 номерын Б, 8 номерын У, 4 номерын Ж.П- гэх залуучуудын хамт янзалж байхдаа бид дөрөв 0.5 литрийн архи уусан. Машинаа янзалж дуусаад 1 номерт байрлах манай гэр рүү орж 0.75 литрийн 3 шил “Хараа” архи уусан. Би архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн тул тухайн үед болсон асуудлыг тодорхой сайн санахгүй байгаа. Нэг сэрэхэд эмнэлэгт миний бие хөндүүр орсон байсан. Эхнэр Н хажууд байсан ба “Ж.П- чамайг зодож хутгалсан” гэж хэлсэн.

...Ж.П- нь уг нийтийн байрны 4 тоот өрөөнд 2023 оны 11 дүгээр сараас хойш амьдарч байгаа. Б.С- гэх найз охин нь ирж очоод байдаг. Намайг Б.С-тай хардаад байдаг юм шиг байна лээ. Б.С- бид хоёрын дунд ямар нэгэн харилцаа байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23),

 

Гэрч Э.Н-ийн “...Би 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2 цаг 10 минутын үед намайг ажил дээрээ байх үед манай нийтийн байрны 4 тоотод амьдардаг Ж.П- гэх залуу над руу ... гэх дугаараас миний ... дугаарт залгаж “танай нөхөр Х.Г-ыг би зодсон бас хутгалсан” гэж хэлсэн. Тухайн үед би “яагаад” гэж асуухад Ж.П- нь “Б.С-, Х.Г- хоёр ариун цэврийн өрөөн дотор бэлгийн харьцаанд орж байхаар нь би Х.Г-ыг зодсон” гэж хэлсэн. Гэртээ яваад ороход тухайн нийтийн байрны 4 номерын өрөөнд манай нөхөр Х.Г-ын хөл хэсэг нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-28),

 

Хохирогч Б.С-гийн “...Би Ж.П- гэх залуутай 2023 оны 09 дүгээр сард 3, 4 дүгээр хороололд шөнийн цэнгээний клубын гадна танилцаж байсан. Тухайн үеэс хойш бие биедээ таалагдаж 2024 оны 02 дугаар сар хүртэл Дарь эхэд нийтийн байранд хамтран амьдарсан. 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд Г ах, Ж.П-, мөн нэрийг нь мэдэхгүй 3 залуугийн хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Архи дуусаж хүмүүс гэр гэртээ орсон. Би гадаа ариун цэврийн өрөө орох гэж байтал араас Х.Г- ах гарч ирээд надад хандаж “Хоёулаа эрт таарчихгүй яав даа” гэх утгатай юм хэлхээр нь би Х.Г- ахад хандаж “Та юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд байж байтал Ж.П- гараад ирсэн. Тэгтэл Х.Г- ах намайг хөтлөөд нойл руу авч орсон. Х.Г- ах бид хоёр Ж.П-г хүнтэй утсаар ярих байх гээд чагнаад сонсож байтал Ж.П- хүнтэй яриагүй. Тэгэхээр нь нойлоос гараад нийтийн байр руу орох гэж байтал Х.Г- ахын толгой хэсэг рүү Ж.П- нь төмрөөр цохисон. Х.Г- ахыг газарт унасны дараа хөлөөрөө дэвсэлж цохиж байгаад, над руу ирж миний баруун хөл рүү цохиж унагаасан. Газарт унасан байхад миний дээрээс хөлөөрөө гар болон хэвлий хэсэгт цохисон. Би босох гэтэл миний гар дийлдэхгүй арай гэж босоод Ж.П-гээс зугтаахад араас ирж үсдээд явуулахгүй гээд миний хөл болон эгэм хэсэг рүү цохисон. Тэгээд би зугтааж айл руу орсон. Хэсэг хугацааны дараа гартал цагдаа болон эмнэлгийн албан хаагчид ирсэн байсан. Гэмтлийн эмнэлэгт очиход миний эгэм хугарсан байсан ба Ж.П-г бодоод цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй өдий хүрсэн байна. ...Өмнө нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр цэргийн төв эмнэлэгт хэвтэж байхад Ж.П- согтуу ирж надтай уулзаж миний утсыг авах гэж булаацалдаж байгаад намайг шатнаас унагааж баруун хөлийн тойг гэмтээсэн. Баруун эгэм, өвдөгний тойг гэмтээснээс болж 1 удаагийн хагалгаанд орж байсан. Одоо хүртэл эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох шаардлагагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34, 124),

 

“...Х.Г-ын биед бугуйн яс битүү хугарал, баруун ташаа, шарх, баруун чамархай, баруун чих, баруун, зүүн шанаа, баруун хацар, уруул, эрүү, дух, зүүн шилбэнд зулгаралт, баруун, зүүн чамархай, баруун, зүүн чих, баруун, зүүн нүдний зовхи, хамар, баруун, зүүн бугалга, баруун, зүүн мөр, зүүн шуу, баруун гарын хуруу, баруун, зүүн гуя, нуруунд цус хуралт, баруун, зүүн нүдний салстад цус харвалт, нүүр, баруун, зүүн гарын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн, иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бугуйн яс битүү хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун ташаа, зүүн гуяны шарх, баруун чамархай, баруун чихний ар, зүүн чамархай, дух, баруун ташаа, баруун, ташаа, баруун, зүүн гуя, нурууны цус хуралт, баруун нүдний салстын цус харвалт, нүүр, сарвууны зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, хацар, зүүн шууны зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун чамархай, баруун шанаа, уруул, эрүү, дух, зүүн шилбэний зулгаралт, зүүн сарвуу, баруун тохой, зүүн шилбэний цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2388 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 53-57),

 

“...Б.С-гийн биед баруун атгаал ясны зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8934 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 60-61),

 

“...Б.С-гийн сэтгэцэд 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 530 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 134-136),

Иргэний нэхэмжлэгч С.С-ийн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Х.Г-, Б.С- нарын эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2.900.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ж.П-гээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хх-ийн 103),

 

Яллагдагч Ж.П-гийн “...Би Б.С- гэх хүнтэй 2024 оны эхнээс Дарь эхэд байрлах нийтийн байрыг түрээслэн хамтран амьдарч эхэлсэн. 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тухайн нийтийн байр хариуцсан Х.Г- гэх хүнтэй архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Өрөөндөө ороход хамтран амьдрагч Б.С- байхгүй байхаар нь гайхаад Х.Г-ын гэрт ороход бас байхгүй болохоор нь гадаа гараад зогсож байтал Б.С-, Х.Г- хоёр нойлоос цуг гараад ирэхээр нь би жаахан хардаад Х.Г-тай муудалцсан. Тэгэхэд Б.С- тэр хоёр бие биенээ хамгаалаад байхаар нь хэрүүл маргаан болж Х.Г- намайг “чам шиг бацаанд зодуулдаг хүн би биш” зэргээр үгээр өдөөд байхаар нь Х.Г-ын нүүр хэсэг рүү цохисон. Бид хоёр нилээн зодолдож байгаад салаад Х.Г- нийтийн байрны өрөөрүү орж хутга аваад намайг “хутгалж ална” гээд хутга бариад гараад ирэхэд нь хутгыг нь булааж аваад гуя хэсэгт нь нэг удаа хутгалсан. Б.С-г байрны гадна байхад нүүр рүү нь алгадсан. Бид хоёрыг зодолдож байхад ирээд дундуур ороод салгах гээд байхаар нь баруун талын суга хэсэгт өшиглөөд унагаасан. Тэгээд удалгүй цагдаа ирээд намайг барьсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 110-111),

 

Хохирогч Х.Г- эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хх-ийн 78),

 

Хохирогч Б.С- эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хх-ийн 84),

 

Хохирогч Х.Г-аас гаргасан хохирлын баримтууд (хх-ийн 73-76, 78),

 

Шүүгдэгч Ж.П-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 89-99) зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тус тусын хууль ёсны эх сурвалж, агуулга, хоорондын уялдаа, зөрчилтэй болон зөрчилгүй шинж, хэргийн нөхцөл байдалтай нийцэж буй эсэхийг шүүх бодитойгоор судлан шинжлэхэд шүүгдэгч Ж.П- нь 2024 оны 02 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, ... айлын нийтийн байранд хамтран амьдрагч Б.С-г Х.Г-тай хардаж, улмаар тэднийг зодож, эрүүл мэндэд нь тус бүр хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь эргэлзээгүй тогтоогдож байна.

 

Хохирогч Х.Г-ын мэдүүлгээр (хх-ийн 22-23) тэрээр тухайн өдөр Ж.П- болон бусадтай хамт архи уусан бөгөөд архины нөлөөгөөр болсон явдлыг тодорхой санахгүй, нэг сэрэхэд эмнэлэгт байж, эхнэрээсээ өөрийг нь Ж.П- зодож, хутгалсныг сонссон гэж мэдүүлжээ. Энэ мэдүүлгийг гэрч Э.Н-гийн мэдүүлэг баталж (хх-ийн 26-28) тэрээр тухайн үед Ж.П- өөрөө “Х.Г-ыг зодсон, хутгалсан” гэж утсаар мэдэгдсэний дараа гэртээ очиход нөхөр нь хөлнөөсөө цус алдсан байдалтай байсныг мэдүүлсэн байна.

 

Хохирогч Б.С-гийн мэдүүлгээр (хх-ийн 33-34, 124) хэрэг гарах үед Ж.П- нь Б.С-, Х.Г- хоёрыг ариун цэврийн өрөөнөөс хамт гарч ирэхийг хараад хардаж, уурлан Х.Г-ыг төмрөөр цохиж унагаан, олон удаа өшиглөж цохисон. Дараа нь Б.С-гийн хөл рүү цохиж, унагааж, дээрээс нь гар, хэвлийн хэсэгт нь удаа дараа цохисон, мөн зугтаахад нь араас нь үсдэн дахин цохисон гэж мэдүүлсэн нь хэрэг гарсан хугацаа, газар, халдагч этгээд, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөлийг тодорхой тусгажээ.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2388 дугаартай шинжээчийн дүгнэлтээр (хх-ийн 53-57) Х.Г-ын биед бугуйн ясны битүү хугарал, биеийн олон хэсгийн цус хуралт, зулгаралт тогтоогдсон бөгөөд эдгээр нь удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдагдуулах хүндэвтэр гэмтэл гэж тогтоогдсон байна. Харин Б.С-гийн биед учирсан гэмтлийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8934 дугаартай шинжээчийн дүгнэлтээр (хх-ийн 60-61) баруун атгаал ясны зөрөөтэй хугарал гэж тогтоосон бөгөөд мөн хүндэвтэр зэрэгт хамааруулжээ. Түүнчлэн Б.С-д хийсэн сэтгэцийн шинжилгээгээр гэмтлийн дараах стрессийн урвал илэрсэн нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч буй нь тогтоогджээ (хх-ийн 134-136).

 

Ж.П яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ (хх-ийн 110-111) Х.Г-ын нүүр рүү цохиж зодолдсон, хутгыг булааж авч гуя руу нь нэг удаа хутгалсан, Б.С-г нүүр рүү нь алгадсан, салгах гэхэд нь өшиглөсөн гэж мэдүүлсэн нь хохирогч, гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлттэй нийцэж, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.

 

Ийнхүү хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь эх сурвалжийн хувьд хууль ёсны, хоорондоо нийцсэн, хэргийн нөхцөл байдалтай уялджээ.

 

Шүүгдэгч Ж.П- нь архины нөлөөнд орж, бодит үндэслэлгүйгээр хамтран амьдрагч Б.С-г Х.Г-тай хардаж сэрдэн, уурлаж хүч хэрэглэн зодсон нь гэр бүлийн орчинд гарсан, хамтран амьдрагчийн бие махбодид хохирол учруулсан, гэр бүлийн харилцаанд хүчээр ноёрхох, айдас бий болгох замаар нэг талын давамгайлсан хяналт тогтоож, хоёр хүнийг зодож эрүүл мэндэд нь тус бүр хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Ж.П-г уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ж.П- нь 24 настай, ажил эрхэлдэг, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүн болох нь хувийн байдлын талаарх баримтаар тогтоогдсон бөгөөд тэрээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн өөрийн үйлдлийг хянах чадвараа алдаж, улмаар гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн болохыг харуулж байна.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ж.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан төрөл, хэмжээний дотор 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 (таван сая) төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Торгох ял нь тухайн хүний орлого, эд хөрөнгө, амьдралын нөхцөлд шууд нөлөө үзүүлэх бөгөөд энэ нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн шалтгаан, сэдлийг ухамсарлах, санхүүгийн хариуцлагын ач холбогдлыг ойлгох, цаашид ийм төрлийн хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлдэг. Мөн торгох ял оногдуулснаар хувь хүн хууль зөрчсөн тохиолдолд мөнгөн төлбөр хэлбэрийн бодит үр дагаврыг мэдэрч, хууль дээдлэх ухамсар, нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж шүүх үзсэн тул ялын төрөл, хэмжээг дээрх байдлаар тогтоосон болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь бүрэн тогтоогдсон хохирол хор уршиг болох хохирогч Х.Г-ын эмчилгээний зардал  573.912 (хх-ийн 73-76) төгрөгийг шүүгдэгч Ж.П-гээс гаргуулан түүнд олгох нь зүйтэй.

 

Мөн хохирогч Х.Г- Нийслэлийн түргэн тусламжийн төв, Цэргийн төв эмнэлэгээс эрүүл мэндийн даатгалаар тусламж, үйлчилгээ авсан (хх-ийн 78) зардал болох 2.741.920 төгрөг, хохирогч Б.С- нь Нийслэлийн түргэн тусламж, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эрүүл мэндийн даатгалаар тусламж, үйлчилгээ авсан (хх-ийн 84) зардал болох 208.000 төгрөг, нийт 2.949.920 төгрөгийг шүүгдэгч Ж.П-гээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Б.С-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “одоо баримттай нэхэмжлэх хохирол байхгүй, цаашид эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилнэ, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилж байна” гэсэн болно.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтооно гэсний дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 530 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 134-136)-ээр хохирогч Б.С-гийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэж дүгнэжээ.

 

Иймд Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд “Хоёрдугаар зэрэглэл”-ийн хор уршгийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж тогтоосон тул хохирогчийн сэтгэцийн гэмтлийн зэрэглэл, нөхөн сэргэлтийн байдал, хохирогчид учирсан бодит сэтгэл зүйн шаналал, цаашдын эмчилгээний шаардлага зэргийг харгалзан шүүхээс нөхөн төлбөрийн дүнг доод хязгаар болох 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээ буюу гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792.000 төгрөгийг x 5 = 3.960.000 төгрөгөөр тогтоох нь зохистой гэж үзэж уг төлбөрийг шүүгдэгч Ж.П-гээс гаргуулан хохирогч Б.С-д олгохоор шийдвэрлэв.

 

Мөн хохирогч Х.Г-, Б.С- нарын биед хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдлыг харгалзсан цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч Ж.П- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

     ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ж.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.П-г 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 (таван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П- нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлэх үүрэгтэй ба торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

4. Шүүгдэгч Ж.П- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П-гээс 573.912 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Г-т олгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П-гээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болох 3.960.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.С-д олгосугай.

 

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ж.П-гээс нийт 2.949.920 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгосугай.

 

8. Хохирогч Б.С-, Х.Г- нар нь цаашид эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХ-ЭРДЭНЭ