| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2017/0070/Э |
| Дугаар | 161/ШЦТ2017/00061 |
| Огноо | 2017-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ботакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 161/ШЦТ2017/00061
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
нарийн бичгийн дарга Ц.С,
орчуулагч Т.М,
улсын яллагч Б.Б,
шүүгдэгч С.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мд холбогдох 1713********* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ш овгийн Сн М, 1960 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Б сумын 00 дугаар багт оршин суудаг, РД:БВ*******.
Шүүгдэгч С.Мы холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.М нь Баян-Өлгий аймгийн Б сумын 00 дугаар багт оршин суух иргэн О.Нын гэрт 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед тус сумын иргэн З.Дтай “өвөлжөөнд зуссан” гэх асуудлаар хэрэлдэж маргалдан, улмаар З.Дыг зодож, түлхэн унагааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр З.Ды сууж байгаа газраас 2 км зайтай газар нүүж очсон. Би Нын гэрт гөлүүр хийгээд сууж байхад З.Д ирсэн. Би З.Дтай мэндлэхэд урдаас мэндлээгүй. Тэрээр надад элдэв үг хэлж намайг хэл амаар доромжилсон. Би сууж байхад З.Д ирж миний ам тус газар 2 удаа цохисон. Би тэр үед түүнийг “яах гээд байгаа юм бэ” гэж түлхэх үед гэрийн хана мөргөж нүүр амаа гэмтээсэн байна. Бид нас чацуу. Би З.Даас уучлалт гуйж, бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн” гэв.
- Хохирогч З.Ды мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улаанбэлчээр гэх газар зусланд хонь хариулаад 16 цагийн үед гэрт буцаж явах замд манай хүргэн болох Нгэх хүний гэрт ирж Наас морины тах авах гэж ирэхэд тэр гэрт С.М гэх хүн сууж байсан юм. М нь манай өвөлжөөнд зусаж байсан ба би тэгээд С.Мд “Чи яагаад манай өвөлжөөнд зусаж байгаа юм бэ?, мөн зусланд ах болох Ш /хоч нэр нь Ш/-ыг яагаад хамт нүүлгэж ирсэн юм бэ” гэж хэлэхэд С.М өөдөөс “Чи юу гээд байгаа юм бэ, танай өвөлжөөнд зуссан ч яадгийн” гэж хэлсэн. Тэгээд би ингэж болохгүй энд манай мал өвөлждөг гэсэн юм. Тэр үед С.М намайг хэл амаар доромжлон хэрүүл маргаан гаргаж миний толгой болон нүд тус газар цохисон болно. Тухайн үед С.М нь эрүүл байсан ба миний өвөлжөөнд урд өмнө нь зусдаг байсан ба энэ жил хажуудаа бусад айлыг хамт нүүлгэж ирсэн болохоор нь би тэгэж хэлсэн юм. ... бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн ба хэргийг хурдан хугацаанд шийдэж өгөхийг хүсэж байна. Одоо надад ямар нэгэн гомдол саналгүй болно” гэх мэдүүлэг,
- Гэрч О.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр би гэрийн гадаа сууж байхад хөрш айлын хүн болох С.М ирсэн. Бид хоёр гэрийн гадаа юм яриад сууж байхад хонио хариулаад гэр лүүгээ буцаж явж байсан З.Д бид хоёрын хажууд гэрийн гадаа ирсэн юм. Тэгээд би тэднийг гэрт оруулаад цай хийж байхад Д Мыг тохойгоороо нэг цохисон ба тэр үед бие биенээ заамдаж ноцолдож эхэлсэн. Би тэр үед салгаж байхад С.М З.Дыг түлхэхэд З.Д нүүр тус газраар гэрийн хана мөргөж унаад тус газар нь шалбаран хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 227 дугаартай дүгнэлт шинжээчийн дүгнэлт болон хохирогч З.Ды биед үзлэг хийсэн эмчийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолт, гомдол мэдээллийг зөрчлөөр хүлээж авч шалгасан материал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч С.М нь Баян-Өлгий аймгийн Б сумын 0 дугаар багт оршин суух иргэн О.Нын гэрт 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед тус сумын иргэн З.Дтай “өвөлжөөнд зуссан” гэх асуудлаар хэрэлдэж маргалдан, улмаар З.Дыг зодож, түлхэн унагааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Хохирогч З.Ды мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улаанбэлчээр гэх газар зусланд хонь хариулаад 16 цагийн үед гэрт буцаж явах замд манай хүргэн болох Нгэх хүний гэрт ирж Наас морины тах авах гэж ирэхэд тэр гэрт С.М гэх хүн сууж байсан юм. ...Тэгээд би ингэж болохгүй энд манай мал өвөлждөг гэсэн юм. Тэр үед С.М намайг хэл амаар доромжлон хэрүүл маргаан гаргаж миний толгой болон нүд тус газар цохисон болно...” гэж мэдүүлсэн ба С.Мы дээрх цохилтын улмаас хохирогч З.Ды эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 227 дугаартай: 1. Иргэн З.Дийн баруун талын нүдний дээд доод зовхи нүдний алимны салстыг хамарсан улаан ягаан өнгийн цус хуралттай, баруун талын хацарны төвгөрд зулгарсан зулгаралттай, доод уруулын дотор талд язарсан шарх зэрэг гэмтэл учирсан байна. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр нотлогдож байна. Мөн шүүгдэгч С.Мы мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг давхар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч С.Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Баян-Өлгийн аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирч байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Мийн үйлдсэн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч З.Д нь уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй тухайгаа бичгээр гаргасан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч З.Дд 50000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч С.М нь бүрэн төлж барагдуулсан байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С.Мы №В00906538 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч С.Мы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ялаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ