Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2023/0150

 

 

   2023          02          14                                    128/ШШ2023/0150

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Ц.Б*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Э*******, Ж.А,

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хороо,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д, Р.Ц,

Гуравдагч этгээд: “Т” ХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Д.Т, М.Э нарын хоорондын акттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Э, Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

            1.1. Үнэт цаасны хорооны 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 60 тоот тогтоолоор “Т” ХК-ийн нийт гаргасан 1280440 ширхэг хувьцаанаас 471598 ширхэг хувьцааг хасч уг компанийн нийт хувьцааны тоог 808842 ширхэг байхаар бүртгэлд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

1.2. Нэхэмжлэгч Ц.Б*******гаас Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хороо хуучнаар Үнэт цаасны хороо нь “Т” ХК-д хувьцаа эзэмшигч Ц.Б*******гийн “Т” ХК-д холбогдох бүх материалтай танилцах, хуулбарлаж авах эрхийг хязгаарласан эс үйлдэхүй хууль бус болохыг, Үнэт цаасны хорооны /Одоогийн санхүүгийн зохицуулах хороо/ 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 60 тоот тогтоолын Ц.Б*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тус тус тогтоож, Ц.Б*******гийн эзэмшиж байсан 148.197 ширхэг хувьцааг “Т” ХК-д нэгтгэж бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргасан байна.

 

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Хуучнаар Үнэт цаасны хороо нь /эрх залгамжлан авсан Санхүүгийн зохицуулах хороо/  нь  2003 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 60 тоот тогтоол гаргаж миний “Т” ХК-д эзэмшиж байсан 148,197 ширхэг хувьцааг тусгаарлан намайг “Т” ХК-д хамааралгүй этгээд болгосон байна. Миний бие тухайн үед хэнд ч итгэмжлэл олгоогүй, хувьцаагаа тусгаарлуулах талаар хаана ч ямар ч өргөдөл өгөөгүй Улсын Их Хурлаас 2005 оны 11 дүгээр сард Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль гарч 2006 оны 45 дугаар тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны дүрмийг баталж, уг дүрмээр Үнэт цаасны хорооны бүх эрх үүрэг Санхүүгийн зохицуулах хороонд хамаардаг болсон байна.

“Т” ХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Б*******гийн эзэмшиж байсан 148.197 ширхэг хувьцааг Ц.Б*******гийн зөвшөөрөлгүйгээр хасаж тэг /0/ төгрөгөөр үнэлэх эрх Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар зөвшөөрөгдөөгүй илт хууль бус үйлдэл бөгөөд энэ илт хууль бус үйлдлийг төрийн болон бусад этгээд хамгаалах нь хууль бус гэмт хэрэг гэж үзэж байна. Үнэт цаас эзэмшигчийн эрхийг сэргээх үйлдэлд хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй. Захиргааны маргаанд илт хууль бус үйлдэлд мөн хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй бөгөөд Ц.Б******* миний бие яагаад олон жилийн дараа эрхээ сэргээлгэх гэж байгааг заавал нэг бүрчлэн тайлбарлах шаардлагагүй ба Санхүүгийн зохицуулах хороонд Ц.Б*******гийн өргөдөл, хүсэлт байгаа эсэхийг шалгаж тогтоосноор манай шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

2003 оноос өнөөг хүртэл 19 жилийн хугацааны ноогдол ашгийг илт хууль бус тогтоол гаргаж намайг хохироосон /Хуучнаар Үнэт цаасны хороо/ Санхүүгийн зохицуулах хороо хариуцах уу, хуурамч баримт өгсөн “Т” ХК хариуцах уу. Яахаараа төрийн том байгууллага иргэний ямар ч хүсэлт, өргөдөлгүйгээр хүний үнэт цаас болох хөрөнгийг үнэгүй болгодог байна вэ?

Миний санхүүгийн зохицуулах хороонд бичсэн өргөдлийг Санхүүгийн зохицуулах хорооны ёс зүйн зөвлөлд шилжүүлэн хянуулаад хариу өгсөн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын дагуу Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 249 дугаар тушаалаар байгуулагдсан Ёс зүйн зөвлөл нь "Ц.Б******* танд “Т” ХК-ийн баримт бичигтэй танилцах эрх хуулиараа байхгүй" гэж хэлсэн нь бараг доромжлол юм. Санхүүгийн зохицуулах хорооны Ёс зүйн зөвлөл нь Ц.Б******* эрхгүй гэж утсаар тайлбарлаад Санхүүгийн зохицуулах хороо нь болохоор шүүхийн журмаар нотлох баримт олж авах эрхтэй гэх юм. Монгол Улсын иргэн Ц.Б******* миний зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад анхан шатны шүүх зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжийг хязгаарлаж, удаа дараа татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 324 тоот тогтоол, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 461 тоот тогтоолыг гаргаад байхад хүчингүй болгоод байхад мөн л 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 5969 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасанд ихэд гомдолтой байна.

Иймд Санхүүгийн зохицуулах хороо нь “Т” ХК-д хувьцаа эзэмшигч Ц.Б*******гийн “Т” ХК-д холбогдох бүх материалтай танилцах, хуулбарлаж авах эрхийг хязгаарласан эс үйлдэхүй хууль бус болохыг, Үнэт цаасны хорооны /Одоогийн санхүүгийн зохицуулах хороо/ 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 60 тоот тогтоолын Ц.Б*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тус тус тогтоож, Ц.Б*******гийн эзэмшиж байсан 148.197 ширхэг хувьцааг “Т” ХК-д нэгтгэж бүртгэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

2.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ц.Б******* “Т” ХК-ийн 145.197 ширхэг хувьцааг эзэмшдэг. Энэ хувьцааг “Т” ХК-ийн хүмүүс хууль бус аргаар дээрэмдэж авах санаачилга гаргасныг  Ц.Б******* хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хувьцааны тоо их байдаг учраас  нэхэмжлэгч  удирдах зөвлөлийн бүх асуудалд орох эрхтэй байсан. Төлөөлөн удирдах зөвлөлд нэхэмжлэгчийг оруулдаггүй. Чи хэн бэ гаднаас хувьцаа худалдаж оруулсан гээд ад үздэг байсан. Төлөөлөн удирдах  зөвлөл нь  хуучин “Т” ХК-д ажиллаж байсан хүмүүс байгууллагын журмаар аван хувьцаа эзэмшигч болсон байдаг. Хуучин Төлөөлөн удирдах зөвлөл гэх хүмүүс нэмэлт хувьцаа гаргасан байдаг. Нэмэлт хувьцаа гаргасан талаар Ц.Б******* эсэргүүцсэн. Энэ талаар маргаан болж эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээг 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулаад үүнийг материал гэрчилсэн. Үүний дараа Ц.Б******* өөр асуудалд оролцоогүй. Баримтаар 2003 онд хувь нийлүүлэгчийн хуралдаанд оролцож байсан баримт байдаг. Өөр хэлбэрээр ямар нэгэн байдлаар оролцоогүй. Хичнээн санал бичгээр  авсан талаар зарласан байдаг. Үүнд Ц.Б******* оролцоогүй. Өөрөөр хэлбэл зөвшөөрөхгүй гэсэн санал явуулахад хугацаа хэтэрсэн гэдэг талаар хавтаст хэрэгт баримтаар байгаа. Санхүүгийн зохицуулах хороо Ц.Б*******гийн хувьцааг тусгаарлаж тогтоол гаргасан. Тогтоол гаргахдаа ямар зүйлийг үндэслэж байгаа вэ гэхээр эвлэрлийн гэрээ, хэлэлцээр гэсэн хоёр хэлэлцээрийг үндэслэж шийдвэрээ гаргасан байдаг. Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч оролцсон бөгөөд 04 дүгээр сарын 22-ны өдөр болсон. Нотариатын тэмдэглэл 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэсэн хоёр хэлэлцээр гэдэг дээр Ц.Б, Ч.Б, Л.Э гэдэг гурван этгээдийн орсон 04 дүгээр сарын 22-ны өдөр гэсэн хэлэлцээр байдаг. Үүн дээр М******* ХХК-ийг байгуулах хэлэлцээр байдаг. Нотариатын үйлдэл нь 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нотариатаар орсон байдаг. Дараа нь М******* ХХК-ийн барилгыг тусгаарлах гэсэн хэлэлцээр байдаг. Энэ хэлэлцээрт Р.Л, Ж.Ч, Ц.Б гэсэн 3 хүн орсон байдаг. Нотариатаар бүртгүүлэхдээ 2003 оны 08 дугаар сарын 27-ны өдөр орсон. Улмаар тусгаарласан  асуудлыг шийдвэрлэсэн зүйл нэхэмжлэгчийн ямар ч оролцоо байхгүй, гэрээ хэлэлцээр  олгох  эрх  олгогдоогүй. Гуравдагч этгээдээс Ц.Бд итгэмжлэлээ өгөөд бүх  хэлэлцээрийг  байгуулсан  байна гэсэн баримт гаргаж ирсэн. Хуралд зааснаар нэг удаагийн компанийн хуралд оролцох итгэмжлэл байсан. Тэрнээс биш өөр нэгэн санал өгөх эрхтэй этгээдэд итгэмжлэл олгосон зүйл байхгүй.

Шүүхээр хүсэл зоригоо илэрхийлж байсан. Ц.Б*******гаас авсан нэг ч итгэмжлэл байхгүй учир аль эрт хугацаандаа шийдэх байтал өчнөөн удаа гуравдагч этгээд байнга өвчтэй гадаад дотоод явж байна гээд өнөөдрийг хүрсэн. Ц.Б*******гийн оролцсон баримт гэж хаана ч байдаггүй. Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, “Т” ХК нарт ерөөсөө Ц.Б******* оролцсон баримт байдаггүй.  Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар өөрийнхөө хөрөнгийг хамгаалуулсан Ц.Б******* гэдэг хүний хувьцааг байхгүй болгоод, өөрийнх нь зөвшөөрөлгүй бүртгэл хийгээд явсан. Үүн дээр хамгийн гол хууль бус зүйл хийхэд нөлөөлсөн тухайн үеийн Үнэт цаасны хорооны хүмүүс тохиролцсон асуудал гарч ирдэг. Ц.Б*******гийн хувьцааг булааж санаатай өмнө нь өчнөөн олон санал гээд бусад зүйл дээр саналаа өгөөд арай л болохгүй гээд хуульд нийцүүлнэ гээд явсаар байгаад хуурамч гэрээ хэлэлцээрийг хуульд нийцүүлсэн. Хэлэлцээр гэдэг зүйл өөрөө нэхэмжлэгчийг оролцуулаагүй хуурамчаар болсон. Хувьцаа эзэмшигч Ц.Б*******гийн эрхэнд халдах хууль өнөөдөр байхгүй. Ц.Б*******гийн хөрөнгийг хуваагаад бусад хүмүүс аваад эзэмшээд, ашиглаад явах хууль Монгол Улсад байхгүй. Ц.Б*******гийн хувьцаатай холбоотой шаардлагаа хэзээ ч гаргах эрхтэй. Тийм учир нэхэмжлэгчийн шаардлагын дагуу шүүх шийдвэрээ гаргаж өгнө байх.

Нэгэнт Ц.Б******* хувьцаа эзэмшигч хүн байхад өөрийн хувьцаатай холбоотой бичиг баримтыг төрийн байгууллага, архив бусад газраас шаардаж гаргах эрх байдаггүй вэ? Энэ талаараа Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооноос танд тийм эрх байхгүй гэсэн хариу өгсөн нь хууль бус юм. Хувьцаа эзэмшигч хүн өөрийнхөө бүх бичиг баримттай танилцах эрх хуулиар нээлттэй байгаа. Ц.Б*******гийн эрхийг хязгаарласан үйлдэл болсон учир хууль бус гэдгийг тогтоож өгнө үү” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Р.Ц нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

“Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно."  гэж  заасан.  Эс үйлдэхүйг захиргааны актад тооцохын тулд гурван нөхцөл хангагдсан байх шаардлагатай.

а) эрх зүйн тусгай зохицуулалтаар захиргааны байгууллагын эс үйлдлийг захиргааны акт гэж тогтоосон байх;

б) иргэн хуулийн этгээд өргөдөл гаргаснаас хойш захиргааны байгууллага хариу үйлдэл хийлгүй хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байх;

в) захиргааны байгууллага эс үйлдэхүйгээрээ "гаргасан" захиргааны актын агуулгаар маргаан гарахгүй байх үүднээс иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл тодорхой, ойлгомжтой байх ёстой.

Нэхэмжлэлд дурдсан Санхүүгийн зохицуулах хороо хуучнаар Үнэт цаасны хороо нь “Т” ХК-д хувьцаа  эзэмшигч  Ц.Б*******гийн  “Т” ХК-д холбогдох бүх материалтай танилцах, хуулбарлаж авах эрхийг хязгаарласан эс үйлдэхүй гэдэг нь дээрх гурван нөхцөлийг хангахгүй буюу иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан нөхцөл тогтоогдохгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл Санхүүгийн зохицуулах хороо нь иргэн Ц.Б*******гаас гаргасан хүсэлтэд хуулийн хугацаанд хариу өгсөн бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар нийтэд мэдээлэхээр заасан, эсхүл хуульд заасан үндэслэлээр эрх бүхий байгууллагаас шаардсанаас бусад тохиолдолд төр, байгууллага, хувь хүний нууцал хамаарах мэдээллийг бусдад гаргаж өгөх боломжгүй тул "Т" ХК-ийн хувьцаа эзэмшигч биш этгээдэд мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан Үнэт цаасны хорооны 2003 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн "Т" ХК-ийн хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай" 60 дугаар тогтоолоор "Т" ХК-ийн 471,598 ширхэг хувьцааг хасаж, тус компанийн хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн бөгөөд тус тогтоолоор иргэн Ц.Б*******гийн хувьцаа эзэмшилтэй буюу тухайлсан өмчлөх эрхийг хасах, хязгаарлахтай холбоотой ямар нэгэн шийдвэрийг нэр  дурдаж  гаргаагүй  байна. Үнэт цаасны хороо нь дээрх тогтоолыг батлахдаа "Т" ХК-ийн хувь нийлүүлэгчдийн эчнээ санал хураалтын дүнг үндэслэн гаргасан шийдвэр, Компанийн тухай хуулийн 73 дугаар зүйл, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн холбогдох заалтыг тус тус үндэслэсэн байна. Тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Компанийн тухай хуулийн 73.1-д “Хувьцаат компани нь хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг хурал хуралдуулахгүйгээр хувь нийлүүлэгчдээс эчнээ санал хураалт явуулах замаар шийдвэрлэж болно.” гэж заажээ.

Дээрхээс үзвэл  “Т” ХК-ийн  хувь  эзэмшигч нар компанийн нийт гаргасан хувьцаанаасаа 471,598 ширхэг хувьцааг хасуулахаар шийдвэрлэсэн байна. Өмнө дурдсанчлан Үнэт цаасны хороо нь “Т" ХК-ийн Үнэт цаасны хороонд бүртгэлтэй хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулсан шийдвэр гаргасан бөгөөд иргэн Ц.Б*******гийн үнэт цаасны өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Учир нь тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар Үнэт цаасны хороо нь, одоогийн мөрдөгдөж буй хуулиар Санхүүгийн зохицуулах хороо нь үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой чиг үүрэг хэрэгжүүлдэггүй болно. Уг асуудал нь өмнөх болон одоогийн хуулиараа үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэл хийх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн эрхэлдэг үйл ажиллагаа болно. Мөн нэхэмжлэлээр Ц.Б*******гийн эзэмшиж байсан 148,197 ширхэг хувьцааг "Т" ХК-д нэгтгэж бүртгэхийг даалгахыг шаарджээ.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүрээнд нэгэнт бүртгэлээс хассан үнэт цаасыг буцааж бүртгэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн дурдсан шиг хувьцааг нэгтгэж бүртгэх гэсэн ойлголт байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар "Т" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/21 дугаартай албан бичгээр Монголын хөрөнгийн биржид Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 492 дугаар захирамж, Нийслэлийн шүүхийн 2003 оны 626 дугаар магадлал,  тус  компанийн  нэр бүхий хувь нийлүүлэгчдийн хооронд хийсэн гэрээ, хэлэлцээр зэргийг үндэслэн "Т" ХК-ийн нийт гаргасан 1,280,440 ширхэг хувьцаанаас 471,598 ширхэг хувьцааг хувь нийлүүлэгч Р.Л, Д.Э*******, Ц.Б******* нарын данснаас хасаж бүртгэлд өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан байна. Мөн "Т" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд 2002 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хийгдсэн “Хэлэлцээр” хавтаст хэрэгт авагдсан байна.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Ц.Б******* нь өөрийн эзэмшиж байсан “Т” ХК-ийн хувьцааны өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:", 54.1.5-т "нэхэмжлэгчийг Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн   54.1-т   “Шүүгч   төлөөлөх   бүрэн  эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;" гэж заасан ба Үнэт цаасны хороо нь дээрх 60 дугаар тогтоолыг батлахдаа "Т" ХК гэх бие даасан хуулийн этгээдтэй холбоотой шийдвэр гаргасан бөгөөд хувьцаа эзэмшигч Ц.Б*******д чиглэсэн, эрх ашгийг хөндсөн шийдвэрийг гаргаагүй тул иргэн Ц.Б******* нь тус захиргааны хэргийн хувьд нэхэмжлэгч болох боломжгүй гэж үзэж байна. Иймд иргэн Ц.Б*******гаас Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан. Ц.Б*******гаас Санхүүгийн зохицуулах хороонд 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Т” ХК-ийн материалтай танилцъя гэсэн хүсэлт шаардлага гаргасан байдаг. Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 9/1060 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байдаг. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо тухайн иргэний гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй эсвэл шийдвэрлэхгүй орхисон ямар нэгэн эс үйлдэхүй гаргаагүй. Санхүүгийн зохицуулах хороо яагаад баримттай танилцуулахаас татгалзсан бэ гэхээр иргэн Ц.Б*******гаас 2020 онд Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгч нь үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн газраас ирсэн баримтаар хувьцаа эзэмшигч биш болох нь тогтоогдсон. 2022 онд гаргасан хүсэлтдээ Чингэлтэй дүүргийн шүүхийн 01 дүгээр сарын 03-ны өдрийн 00376 дугаартай шүүгчийн захирамжийг хавсаргаж ирүүлсэн. Захирамж дээр нэхэмжлэгч Ц.Б******* хариуцагч “Т” ХК гэсэн хэрэг байсан. Иймээс Санхүүгийн зохицуулах хороонд шүүхийн маргаан явж байна үүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхийн журмаар авна уу гэсэн хариу хүргүүлсэн.

Үнэт цаасны хорооны 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болох шаардлагад тайлбар хэлэхэд Үнэт цаасны хороо “Т” ХК-ийн хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай тус тогтоолоор компанийн 471,598 ширхэг хувьцааг хасаж Үнэт цаасны хорооны бүртгэлд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Энэ тогтоолоор нэхэмжлэгчид олгох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгоно гэж байгаа. Тус тогтоолоор Ц.Б*******гийн хувьцаа эзэмшилтэй холбоотой буюу өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Тогтоолын үндэслэл хэсгийг харах юм  бол  “Т” ХК-ийн хувь  нийлүүлэгчийн саналыг үндэслэж гаргасан шийдвэр мөн Компанийн тухай хуулийн 73 дугаар зүйл, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.7 дах заалтыг үндэслэж Үнэт цаасны хорооноос тогтоох нь гэж байгаа. Тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Компанийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д хувьцаат компани нь хурлын бүрэн эрхэнд хамаарах асуудлыг хурал хуралдуулахгүйгээр хувь нийлүүлэгчээс санал хураалт явуулж шийдвэрлэж болно гэж заасан байсан.

Үнэт цаасны тухай хуулийн тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны хуулийн 37.1-д үнэт  цаасыг  бүртгэх тухай Үнэт цаасны хорооны бүрэн эрх гэж заасан байгаа. Бүртгэсэн бол бүртгэлээс хасах, өөрчлөлт оруулах гэж байдаг. Дээрх баримтаас үзэхэд “Т” ХК-ийн хувь нийлүүлэгч компанийн нийт гаргасан хувьцаанаас 471,598 ширхэг хувьцааг хасуулахаар шийдвэрлэсэн. Үүнийг Үнэт цаасны хороонд ирүүлж тухайн үед мөрдөгдөж байсан хууль журмын дагуу шийдвэрлэсэн талаар өмнөх хуралдаанд яригдсан үйл баримт гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Үнэт цаасны хорооны тогтоолоор Ц.Б*******гийн үнэт цаасыг өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Тухайн  үед мөрдөгдөж байсан хууль одоо үед мөрдөгдөж байгаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар Санхүүгийн зохицуулах хороо хэн нэгэн хувьцаа эзэмшигчийг бүртгэхгүй. Хувьцаа эзэмшигчийн хувьцаа бүртгэлээс хасахгүй. Үнэт цаас гаргагч буюу ХК-ийн  хувьцааг  бүртгэж  авдаг  бүртгэлд өөрчлөлт оруулдаг. Яагаад нэхэмжлэгчийн хувьцаа хасагдсан бэ гэдэг талаар өмнөх шүүх хуралдаанд яригдсан. “Т” ХК нь компаниа тусгаарлаад М******* гэдэг компанийг байгуулаад  энэ талаар Үнэт цаасны хороонд баримтуудыг ирүүлсэн боловч энэ нь тухайн үед мөрдөгдөж  байсан  Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх үүргийг шинээр байгуулагдсан компанид  шилжүүлэхийг  компани тусгаарлах гэж заана. Компанийг тусгаарлах замаар өөрчилнө байгуулагдаж  байгаа компани нь шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигч байна гэж заасан. “Т” ХК-ийн  тусгаарласан байдлыг хараад үзэхэд М*******  компанийн хувьцааг “Т” ХК эзэмшихгүй энэ хоёр компани хэн нэгний удирдлагын асуудалд оролцохгүй. Ингээд цаашаа бие даагаад явна гэсэн. Энэ бол тухайн үеийн компанийн тухай хуулийн 22.1-д заасан компанийг тусгаарлах үйл ажиллагаа явуулсан байсан. Үүний дагуу Үнэт цаасны хорооноос хуульд нийцэхгүй байна, танай хоёр компанийг хуваасан нь Компанийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хэрэгжүүлсэн байна үүнийг хуульд нийцүүлнэ гэж өмнөх шүүх хуралдаан яригдсан зүйл болон хавтаст хэрэгт авагдсан  Үнэт  цаасны хороо болон “Т” ХК нарын харилцсан албан бичгээр тогтоогдож байна. Ийм учраас М*******ийн хувьцаа эзэмшигч хэн болох вэ гэдэг  талаар  “Т” ХК-ийн  хувьцаа эзэмшигч нар хоорондоо гэрээ хэлэлцээр байгуулж шийдвэрлэсэн.  Үнэт цаасны хороонд М******* компанийн хувьцаа эзэмшигч хэн болохыг бүртгэж авахгүй. Тухайн компанийн хувьцаа эзэмшигч хоорондоо хэлэлцээр хийгээд хэн гэдэг хувьцаа эзэмшигч Марс компанийн хувьцааг авахаар тохиролцсон бэ? Тэр хүмүүс л авах байсан. Үнэт цаасны хороонд нэхэмжлэгч тал болохоор Ц.Б*******гийн зөвшөөрөлгүй хувьцааг тусгаарласан Ц.Б*******гийн гарын үсэгтэй ганц ч баримт байдаггүй гэдэг. Тухайн үед мөрдөгдөж байсан Үнэт цаасны  хууль  болон Компанийн тухай хуулиар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах журмаар тэр хоёр компанийн бүрдүүлж ирэх баримт бичигт Ц.Б*******гийн  гарын  үсэгтэй баримт шаардлагагүй. Тухайн компанийн хувьцаа эзэмшигч нар хоорондоо тохиролцсон баримтыг ирүүлсэн. Гуравдагч этгээдээс гаргаж өгсөн “Т” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол болон эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байгаа. Тийм учраас Үнэт цаасны хорооны 60 дугаар тогтоол бол Ц.Б*******гийн өмчлөх эрхэнд халдаагүй тухайн үед мөрдөгдөж байсан хууль журмын дагуу гарсан захиргааны акт байгаа.

Нэмж гаргасан баримттай холбоотой тайлбар хэлэхэд “Т” ХК-ийн 2000 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанд оролцож байсан гэж  байна. Энэ бол эвлэрлийн гэрээ хэлэлцээр байгуулснаас хойш болсон хурал байна. Шууд эвлэрлийн гэрээ хэлэлцээр байгуулагдаад энэ компани 2 хуваагдаагүй харагдаж байсан. Тухайн үеийн Компанийн тухай хуулиар шинээр байгуулагдсан хоёр компани улсын бүртгэлд бүртгүүлснээр тооцно гэж байгаа.  Дараагийн  баримт болох 2003 оны хуралдсан тэмдэглэл байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар “Т” ХК-иас Үнэт цаасны хороонд зөвлөгөө өгөхийг хүссэн байдаг. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл “Т” ХК-ийг хувааж өөрчлөн байгуулагдсан асуудлыг 2002 оны 12 дугаар сард санал хураалтаар шийдвэрлэсэн боловч компанийн үнэт цаасанд дэлгэрэнгүй бүртгэлд өөрчлөлт оруулах тухай шийдвэр гараагүй учир компанийг хуваах төсөлд зааснаар шинээр байгуулагдсан “Т” ХК-ийн хувь нийлүүлэгчийн хурлыг зарлан хуралдах асуудал хүлээгдэж байна. Үүнтэй холбоотой шийдвэр гарсны дараа хуралдааныг зарлан хуралдуулах нь зүйтэй юу энэ талаар зөвлөгөө өгнө үү гэсэн албан  бичиг  хүргүүлсэн байгаа. Үнэт цаасны хорооноос “Т” ХК-ийн албан бичигт  хариу  өгсөн. Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “Компанийг нэгтгэхээс бусад хэлбэрээр өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд шинээр бий болж байгаа компанийг улсын бүртгэлд бүртгэснээр компани өөрчлөн байгуулагдсанд тооцно” гэж заасан. Иймд хуульд журамд заасны дагуу ээлжит хурлыг зарлан хуралдуулж асуудлаа шийдвэрлээд хувьцааны тоонд өөрчлөлт оруулах асуудлыг зохих ёсоор тавих нь зүйтэй гэсэн хариу өгсөн. Энэ бол 2003 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 77 дугаартай албан бичиг байна. “Т” ХК 5, 6 дугаар сард хувьцаа эзэмшигчийн хуралдаанаа хийсэн байна. Иймд Үнэт цаасны хорооны 60 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны илт хууль бус актын ямар нөхцөлөөр илт хууль бус акт гэж үзэж байгаа талаар нэхэмжлэгч тайлбарлаж хэлдэггүй. Уг акт нь хууль зүйн үндэслэл бүхий акт учир нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

4. Гуравдагч этгээдийн хариу тайлбар

4.1. Гуравдагч этгээд “Т” ХК шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

“Иргэн Ц.Б******* нь тус шүүхэд хандан "Санхүүгийн зохицуулах хороо /хуучнаар Үнэт цаасны хороо/ нь “Т” (ХК) компанид хувьцаа эзэмшигч Ц.Б*******гийн “Т” (ХК) компанид холбогдох бүх материалтай танилцах, хуулбарлаж авах эрхийг хязгаарласан эс үйлдэхүй хууль бус болохыг, Үнэт цаасны хорооны 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 60 тоот тогтоолын Ц.Б*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тус тус тогтоож, Ц.Б*******гийн эзэмшиж байсан 148,197 ширхэг хувьцааг “Т” (ХК) компанид нэгтгэж бүртгэхийг даалгах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

1. Санхүүгийн зохицуулах хороо /хуучнаар Үнэт цаасны хороо/ нь “Т” (ХК) компанид хувьцаа эзэмшигч Ц.Б*******гийн “Т” (ХК) компанид холбогдох бух материалтай танилцах, хуулбарлаж авах эрхийг хязгаарласан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Иргэн Ц.Б******* нь Санхүүгийн зохицуулах хороонд 2022  оны 03 дугаар сарын 07-ны өдөр дараах баримт, лавлагаануудыг гаргаж өгөхийг шаардсан байна.

-“Т” (ХК) компанийн хувьцаа эзэмшигчдийн жагсаалт

-Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн овог, нэр, хувьцаа эзэмшигч эсэх, утасны дугаар бүхий лавлагаа

-Хувьцаа тусгаарлагдсанаас хойших сүүлийн 20 жилийн хугацаан дахь “Т” (ХК) компанийн нэгж хувьцаанд ногдуулсан ногдол ашгийг жил бүрээр гаргуулах

-Ц.Б******* нь “Т” (ХК) компанийн талаар улсын бүртгэлийн байгууллага, татварын байгууллага болон бусад газраас лавлагаа, тодорхойлолт авах эрхтэй гэсэн албан тоот

-Сүүлийн 20 жилийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн авсан цалин, шагнал, урамшууллын талаарх лавлагаа

Уг шаардлагад Санхүүгийн зохицуулах хорооноос 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 9/1060  дугаар албан тоотоор хариу өгч,  иргэн  Ц.Б*******гийн Т (ХК) компанид эзэмшиж байсан 145,197 ширхэг хувьцааг Үнэт цаасны хорооны 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаар тогтоолыг үндэслэн хассан байна гээд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу холбогдох баримтыг хүргүүлэх боломжтой гэж хариу өгсөн нь Ц.Б*******гийн мэдээлэлтэй танилцах, хуулбарлаж авах эрхийг хязгаарласан эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй. Учир нь:

1) Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг  сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно." гэж заасан бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэн Ц.Б*******гийн өргөдлийг хүлээн авч, хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан хугацаанд хариуг өгсөн байх тул захиргааны байгууллагыг эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2) Иргэн Ц.Б******* нь Т (ХК) компанийн хувьцаа эзэмшигч биш, 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээ, хэлэлцээрээр тус компанид өөрийн эзэмшиж байсан 148,197 ширхэг хувьцааг хасч, шинээр компани байгуулах талаар Т (ХК) компанитай хэлэлцэн тохирсныг үндэслэн Т (ХК) компанийн хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулсан

3) Үнэт цаасны хорооны 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаар тогтоол хүчин төгөлдөр учир Санхүүгийн зохицуулах хороо хувьцаа нь  эзэмшигч бус этгээдэд байгууллага, хувь хүний нууцад хамаарах мэдээллийг олгохоос татгалзсаныг хууль бус эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй.

Иймд иргэн Ц.Б*******гийн хувьд Т (ХК) компанийн хувьцаа эзэмшигч биш учраас Т (ХК) компанид холбогдох бичиг баримтуудтай танилцах, хуулбарлаж авах хувьцаа эзэмшигчийн эрхийг захиргааны байгууллага хязгаарласан эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй.

2. Үнэт цаасны хорооны 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 60 тоот тогтоолын   Ц.Б*******д   холбогдох   хэсгийг   илт   хууль   бус   болохыг   тогтоолгож,

 

Ц.Б*******гийн эзэмшиж байсан 148,197 ширхэг хувьцааг Т ХК компанид нэгтгэж бүртгэхийг даалгах шаардлагын тухайд:

2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Т (ХК) компанийн хувьцаа эзэмшигч Д.Э*******, Ц.Б******* нар  /цаашид “Б тал” гэх/  нь  тус  компанийн хувьцаа  эзэмшигч Р.Л, Ж.Ч  нар  /цаашид “А тал” гэх/-тай "Эвлэрлийн гэрээ"-г байгуулж, уг гэрээг хэрэгжүүлэхээр мөн өдөр "Хэлэлцээр”-ийг  А талыг төлөөлж Р.Л, Б талыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нар байгуулсан байдаг. Тухайн өдрийн гэрээ хэлэлцээрээр Д.Э*******, Ц.Б******* нарын нийт 297,428 ширхэг  хувьцаа /Д.Э*******-152,231 ширхэг, Ц.Б*******-145,197 ширхэг/, А талаас нэр заасан 2 этгээдийн 174,170 ширхэг хувьцаа, нийт 471,598 ширхэг хувьцааг Т (ХК) компанийн 1,280,440 ширхэг хувьцаанаас хасч, Т (ХК) компанийн U III дугаартай 470,247.97 мян. Төгрөгийн үнэлгээтэй барилга буюу "Марс" төв ажиллаж байгаа барилгыг шинээр  байгуулагдах компанийн эзэмшилд шилжүүлж, тус компанийг А талын нэр заасан 2 этгээд болон Б тал болох Д.Э*******, Ц.Б******* нар хамтран эзэмшихээр тохиролцсон. Ийнхүү талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэрэгжиж, иргэн  Ц.Б******* нь өөрийн бэр эгч Д.Э******* нарын хамт "Марс" төв ажиллаж байсан барилгыг шилжүүлэн авч, ашиг орлого олж, үр шимийг нь хүртэж ирсэн атлаа уг үйл явдлаас хойш бүтэн 20 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, шалтгаанаа нэг бүрчлэн тайлбарлах шаардлагагүй гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-д заасан шүүхэд хэргийн талаар  үнэн  зөв тайлбар гаргах үүргээ зөрчиж байна.

Иргэн Ц.Б*******гийн хувьд өөрийгөө төрсөн ах Ц.Баараа төлөөлүүлэн Т (ХК) компанийн хувьцаа эзэмшигчидтэй хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулж, хувьцаагаа хасуулан "Марс" төвийн барилгыг түшиглэж шинээр компани байгуулахаар илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр хэрэгжүүлснээс хойш 20 жилийн дараа үгүйсгэж, улмаар захиргааны байгууллагыг үндэслэлгүйгээр буруутган шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан нэхэмжлэл гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна иргэн Ц.Б*******г захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй. Эцэст нь иргэн Ц.Б******* нь энэ хугацаанд 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ, хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус эсхүл төлөөлөх эрхгүй этгээд гэрээ хэлцэл байгуулсан гэх үндэслэлээр гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй, ийм ч учраас эдгээр гэрээ хэлцлийн дагуу Т (ХК) компанийн хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулсан Үнэт цаасны хорооны 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 60 тоот тогтоолыг илт хууль бус захиргааны акт гэж огт маргаж байгаагүй болно.  Иймд иргэн Ц.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож өгнө үү” гэжээ.

4.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигч нар улирлын гэрээ хэлэлцээрийг байгуулдаг. Уг эвлэрлийн гэрээ хэлэлцээрээр талуудын хүсэл сонирхлыг илэрхийлэхийн дагуу 174,170 ширхэг хувьцааг тусгаарлаад М******* ХХК-ийн барилгыг тусгаарлаж бусад үйл ажиллагааг явуулахаар харилцан тохиролцдог. Өмнөх шүүх хуралдаанаар дурдагдсан итгэмжлэлээр нэхэмжлэгчийн хувьд хувь нийлүүлэгчийн хуралдаанд ерөөсөө оролцдоггүй байсан талаар тогтоогдож байгаа. Мөн төрсөн ах Ц.Бд итгэмжлэл авахад түүний ах нь хувьцаа эзэмшигчийн  хуралд  Ц.Б*******г төлөөлдөг байсан талаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ хэлэлцээр нь 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн ах Ц.Бд тус өдрөө итгэмжлэл олгосон байна. Хувь нийлүүлэгчдийн саналын эрхийг улмаар өгсөн.  Энэ  талаар  хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Гэтэл өмнөх шүүх хуралдаанаар зөвхөн хувь нийлүүлэгчийн саналын эрхийн өгсөн гэж тайлбарладаг.  Гэтэл  “Т” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх даргатай байгуулсан эвлэрлийн гэрээ болон хэлэлцээрийг төрсөн ах дүү хоёр нэг өдөр гарын үсэг зурсан хүсэл сонирхлоо илэрхийлсэн атлаа огт хамааралгүй мэтээр тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

“Т” ХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Э*******, Ц.Б******* нараас  2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөл шаардлага хүргүүлдэг. Уг шаардлагын дагуу Ц.Б******* төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ хэлцэл хийсэн гэж маргадаггүй. Харин санал хуралтын хуралдааны хугацааг сунгаж өгнө үү гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа. Уг шаардлагыг Төлөөлөн удирдах зөвлөл эрх хэмжээний хүрээнд хуралдаад шийдвэрлэсэн баримтууд хэрэгт байгаа. Тус шаардлагын дагуу хоёр тогтоол гарсан. “Т” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 02/08 дугаартай санал хураах хугацааг сунгаад уг тогтоолоор 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр буюу  30 хүртэл хугацаанд сунгасан. Дахин сунгах хүсэлтийг 11 дүгээр сарын 06-ны өдөр санал хураалт явуулах атал Д.Э*******, Ц.Б******* нарын шаардлагын дагуу 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажлын 30 хоног сунгасан хоёр тогтоол байгаа. “Т” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл тус тогтоолыг гаргахдаа иргэн Д.Э*******, Ц.Б******* нарт шаардлагын хариуг хүргүүлж та бүхний шаардлагын дагуу хичнээн санал хураалтыг явууллаа гэдэг хариу албан бичгийг гаргуулж өгдөг байсан. Төлөөлөн удирдах зөвлөл нь М******* ХХК-ийн захирал н.Д*******т 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 01/47 тоот албан бичгээр хувьцаа эзэмшигч нар санал хураалтаас гарах шийдвэрийн төсөл санал хураалтын хуудас танилцуулга 32 хуудас баримтыг хүргүүлсэн тухай дурдагдсан. Үүгээр Ц.Б******* нь гэрээ хэлэлцлийг огт мэдэхгүй өөрийг нь төлөөлөх эрхгүй этгээд төлөөлсөн гэж маргахгүй. Компанийг хуваах асуудлаар хувьцаа эзэмшигчийн санал хураалтыг мэдээгүй оролцоогүй гэдэг асуудлаар маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  “Т” ХК-ийн  хувьцаа эзэмшигч Ц.Б*******, Д.Э******* нар 2003 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 150 тоот албан бичгээр нэгдмэл сонирхолтой этгээд буюу Ц.Бын нэрээр М******* компанийг байгуулж 2000 оны 05 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж 2609368 тоот дугаарт гэрчилгээ авна үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг худалдааны 150 гаруй төлөөлөгч нар сарын 8000-67000 төгрөгөөр түрээсэлсэн хөлсийг М******* компанийн үйл ажиллагааны орлогод тооцож бие даасан баланстай хуулийн этгээд болохыг хорооны улсын байцаагч нар шалгаж тогтоогоод энэ талаар хариугаа өгсөн. Иргэн Ц.Б******* гэрээ хэлцлийг огт мэдэхгүй байсан тогтоогдохгүй. Нэмэлт хувьцаа гаргасантай холбоотой талуудын хооронд маргаан үүсдэг. Үүн дээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 835 дугаартай шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 626 тоот магадлалаар н.Д*******, н.Б******* нарын нэхэмжлэлтэй, Р.Л болон Ц.Б*******, Д.Э******* нарт холбогдох шүүх хуралдаанаар Ц.Б******* өөрийнхөө тайлбартаа би 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж “Т” ХК-ийн нэмж гаргасан Р.Лгийн эзэмшлийн хувьцаанаас 41500 төгрөгийн хувьцааг үнэ төлбөргүй авсан. Энэ хугацаанд М******* ХХК-ийг тусгаарласан авч ашиглаж байгаа гэдгээр эвлэрлийн гэрээ болон хэлэлцээр бүрэн хэрэгжсэн гэсэн нь энэ хүн мэдэж байгаа талаар илтгэж байна. Түүнчлэн Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.3-д зааснаар жил бүр хувьцаа эзэмшигчийн хурал зарлаж тус компани санхүүгийн тайлан ногдол ашиг авах гэсэн улмаар цаашид ямар үйл  ажиллагаа явуулах уу гэдэг асуудлыг хэлэлцдэг. Гэтэл гэрээ хэлэлцээр байгуулагдсанаас хойш Ц.Б******* огт хувьцаа эзэмшигчийн хуралд оролцож, эсвэл миний хувьцаатай холбоотой асуудал яасан бэ гэж хандаагүй. Гэтэл 20 жилийн дараа ерөөсөө миний хувьцаа байх ёстой, хувьцаа хулгайлсан, дээрэмдсэн гэж хэлж байгаа нь ёс зүйгүй асуудал гэж үзэж байна. Өөрийнхөө буруутай үйл ажиллагаанаас болоод гэрээ хэлцэл огт биелэгдээгүй эсвэл би энэ талаар мэдээгүй гэж байгаа нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа мэтээр гуйвуулж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Ц.Б******* байгуулсан  гэрээ  хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус тооцуулах эсвэл төлөөлөх эрхгүй этгээд гэрээ хэлэлцээр байгуулсан гэж үзсэн бол иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл болон шаардлагаа гаргах бүрэн эрхтэй. Гэтэл 20 жилийн хугацаанд огт тэгж иргэний журмаар нэхэмжлэл гомдол гаргаж байгаагүй байж Иргэний  хуулийн  75  дугаар  зүйлийн 75.1, 75.2-т зааснаар ерөнхий тусгай хугацаа дууссаны дараа захиргааны байгууллагыг буруутгаж 60 дугаар тогтоолыг хүчингүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн хувьд захиргааны акт илт хууль бус гэдгийг яг ямар үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан аль гэдгийг яг тайлбарлаж чаддаггүй. Харин Үнэт цаасны хорооны тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34.1-д зааснаар үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг хэрэгжүүлсэн ажлын зохион байгуулах хяналт хуулийн 34.13-д эрх хэмжээний хүрээнд дүрэм журам заавар баталж мөрдүүлэх эрхийн хүрээнд үнэт цаасны дэлгэрэнгүй бүртгэлийг  бүртгэж үнэт цаас гаргах, үнэт цаасны дэлгэрэнгүй бүртгэлд өөрчлөлт оруулж хасах үйл ажиллагааг хуульд нийцүүлэн гаргасан журмын дагуу явуулсан. Гэтэл 60 дугаар тогтоол нь Үнэт цаасны тухай хууль болон Компанийн тухай хуульд бүрэн нийцсэн захиргааны акт болно. Ямар нэгэн хууль зөрчөөгүй байхад 60 дугаар тогтоолыг би огт мэдээгүй байхад Үнэт цаасны хороо бид нартай байгуулсан гэрээ хэлцлийн үндсэн дээр итгэмжлэл шаардаагүй гэдэг утгаар тайлбарлаж байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

4.3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“Нэхэмжлэгчийн зүгээс  илт хууль бус акт болохыг тогтоолгоод Ц.Б*******гийн эзэмшилд байсан хувьцааг буцаана “Т” ХК-д бүртгэхийг даалгах шаардлага гаргаж байгаа. Тухайн үед ямар хууль тогтоомж мөрдөгдсөн асуудал хөндөгдсөн. Тэр үед Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиас өмнө 1990 оны 03 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Монгол Улсын иргэний эрхийг хохироосон төрийн захиргааны байгууллага  албан  тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах журмын тухай хууль үйлчилж байсан. Энэ хуулийн 2-т Монгол Улсын Үндсэн хууль болон хууль тогтоомжийн бусад актаар Монгол Улсын иргэнд олгосон эрхээ бүрэн эдлэх боломжийг нь хууль бусаар хязгаарласан буюу алдагдуулсан түүнчлэн иргэн ямар нэгэн үүрэг хууль бусаар оногдуулсан байгууллага албан тушаалтны  үйл ажиллагаа иргэдийн эрхийг хохироосон хууль бус үйл ажиллагаа гэж үзэх талаар тодорхойлсон. Ингээд хууль бус ажиллагаанд нь иргэн дээд шатны байгууллага албан тушаалтанд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх хугацааг 30 хоногоор тогтоож өгсөн. Гомдлоо гаргаж шийдвэрлүүлээд хариуг нь эс  зөвшөөрсөн  бол ардын шүүхэд гомдол гаргахаар хуульчилсан хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Энэ хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл тухайн хугацаанд гомдлоо гаргаж нэхэмжлэл гаргаагүй. Шаардах эрх хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Хоёрдугаарт, одоогийн хүчин төгөлдөр  мөрдөгдөж  байгаа хууль тогтоомжийн зарчим агуулга дүйцүүлээд тайлбар хэлэхэд нэхэмжлэгчийн өөрийнх нь болоод төлөөлөгчийн хэлж байгаа тайлбарыг үзэхээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн аль үндэслэлээр Санхүүгийн зохицуулах хорооны 2003 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 60 дугаар тогтоол хүчин төгөлдөр хэрэгжсэн тогтоолыг илт хууль бус захиргааны акт гэж тогтоолгох гэж байгаа үндэслэл юу вэ гэхээр Үндсэн хуульд заасан заалтыг зөрчөөд дайчлан  хураагаад  авсан гэдэг. Гэтэл энэ өөрөө хууль тогтоомжид байхгүй, ямар үндэслэл яриад энэ шаардах эрхийг хангах үндэслэлтэй гэж тайлбарлаж байгаа вэ гэдэг зүйл байна. Энэ тохиолдолд “Т” ХК болон Үнэт цаасны хороо ямар хөрөнгийг нь дайчлан хураагаад авсан шийдвэр байгаа вэ? Энэ зөвхөн бүртгэлийн үйл ажиллагаагаар хуулиар олгогдсон эрх хэмжээг хэрэгжүүлсэн захиргааны акт гарсан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн агуулгаар тайлбарлаад тааж үзэх үү гэж хэлэхэд хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар гаргаад байх шиг байна. Гэтэл хуулийн 47.1.6-д зааснаар эрх зүйт төрийн хуульд үйлчлэх зарчмыг зөрчсөн алдаа гарч байгаа. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа үндэслэл тайлбарыг үзэхээр нөгөө эрх зүйн алдаатай хууль бус захиргааны акт буюу ийм  агуулгаар  гаргаж ирээд байгаа. Үүнийг анхаарч үзнэ үү. Энэ тохиолдолд хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах байж гэж харж байгаа. Хүчингүй болгуулах шаардлага гаргаад ирэхээр хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаж байгаа учир нэхэмжлэгч  хүчээр   илт   хууль   бус   захиргааны   акт   гэдэг   агуулгаар нэхэмжлэлээ гаргаад байх шиг байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан илт  хууль бус захиргааны актад тооцогдох  үндэслэл  тогтоогдохгүй  байна. Үнэт цаасыг хассан эсвэл үнэт цаасны бүртгэлээс хассан гэдэг хоёр ойлголтыг ялгаж хэрэглэж чадахгүй байна. Захиргааны байгууллага бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Харин үнэт цаасыг хасах буюу компанийг тусгаарлах хуваах хэлбэрээр өөрчлөн байгуулах  асуудлыг компанийн тухай хууль болон үнэт цаасны дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх журмаар үнэт цаас гаргагч эдэлж байгаа. Шийдвэр гаргах эрхтэй этгээд нь “Т” ХК юм. “Т” ХК-иас тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны компанийн тухай хуульд заасан зохицуулалтын дагуу энэ асуудлыг хувь нийлүүлэгчийн хурлаар хэлэлцүүлнэ.  Хуулийн  63 дугаар зүйлийн 63.1.2-т зааснаар компанийг өөрчлөн байгуулах асуудлыг зөвхөн хувь нийлүүлэгчийн хурлаар хэлэлцэж шийдвэрлүүлнэ гэсэн хуулийн дагуу хурлаар хэлэлцүүлсэн. Хувь нийлүүлэгчийн хурлын бүрэн эрх хувь нийлүүлэгчийн хурал хуралдуулах журам хоёрыг хольж хэрэглэж байгаа. Хувь нийлүүлэгчийн бүрэн эрхийг нь Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д тогтоож өгсөн. Үүний дагуу 73 дугаар зүйлд хурлынхаа зохион байгуулалтыг хэрхэн яаж шийдвэрлэх нь санал хураалтаар явуулж болно гэдгийг Компанийн тухай хуульд нийцүүлж шийдвэрлэсэн. Журмын 4.2-т зааснаар “Т” ХК баримтыг хүргүүлсэн. Дүрмийн 4.8, 4.10-д зааснаар Үнэт заасны хороо асуудлыг шийдвэрлэсэн. Журмын дагуу шийдвэр гаргах 30 хоногийн хугацааг бүх бичиг баримтыг бүрдүүлсэн өдрөөс хойш тооцож байгаа учраас “Т” ХК-иас 2002 онд санал хураалтын тайлан дүгнэлт зэргийг үндэслээд бичиг баримтын бүрдүүлбэр хангагдаад Санхүүгийн зохицуулах хорооноос 2003 онд 60 тоот тогтоол гарсныг захиргааны  байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй.

Үүнийг илт хууль бус захиргааны актад тооцохгүй. Ц.Б гэдэг хүн Ц.Б*******гийн хөрөнгийн асуудлыг өмнөөс нь аваад шийдвэрлэсэн гэдэг. Улмаар тухайн үеийн Иргэний хуулийг харах нь зүйтэй. 1994 оны Иргэний хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Хуульд зааснаар хэлцлийг хүлээн зөвшөөрсөн үеэс эхлэн хүчин төгөлдөр гэж үздэг. 2004 онд маргалдаад явж байхад мэдэж байсан байгаа. Компанийг хуваасан асуудлаар бүх  үйл  баримтыг мэдэж байсан. Өнөөдрийг хүртэл  хэлцэл  хүчин  төгөлдөр, хэн нэгэн гомдол гаргаагүй. Иймд хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

4.4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дэх заалт гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Энд заасан иргэн хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхол нь хуульд заасан үндэслэл  байгаагүй  гэдэг нь нарийн ноцтой алдаа яригдана. Үндсэн хуулийн асуудлыг ярьж байгаа бол энэ өөрөө Үндсэн хуулийн зүйл заалт нь хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхэнд очиж халдаж байгаа захиргааны актын хүрээнд яригдана. Үндсэн хуулийн цэцэд ямар нэгэн маргаан гаргаагүй. Нарийвчилсан журмын дагуу эрх хэмжээгээр үнэт цаасны дэлгэрэнгүй бүртгэлийг хөтлөх эрхтэй этгээд бүртгэлээс  хассан тогтоол байгаа. Тогтоолын үндэслэл хэсэгт хувь нийлүүлэгчийн санал хураалтын дүнг үндэслэж гэж байгаа. Энэ өөрөө 1999 оныхоо 73 дугаар зүйлийг хатуу баримталж байгаа тогтоол юм. Хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль акт гэж үзэх үндэслэлгүй байна.

Ер нь бол иргэний эрх зүйн маргаан ярьж байгаа хүмүүс юм. Би ахдаа найдаад ах хариуцсан гэдэг. Хувьцаа гэхээр хөрөнгө яриад байгаа. М******* ХХК-ийг авахгүй Теди төвийн 2 давхрыг авна гэдэг. Сүүлд өгсөн нотлох баримтаар юу нотлоод байгаа вэ гэхээр компанийг бол өөрчлөн байгуулж болно. Өөрчилнө байгуулж байгаа бол өөрчилнө байгуулах асуудал дээр хувь нийлүүлэгч  өөрөө эсрэг саналтай байж болно. Санал хураалтад оролцох эсвэл оролцохгүй байж болно. Энэ асуудлаар төсвийг хүргүүлээд “Т” ХК-ийн 313 тоотод ирээд та бүх бичиг баримттай танилцдаг. Ингээд Д.Э******* болон Ц.Б******* мэддэг. Мэдээд санал хураах хугацааг сунгаж өгнө үү гэдэг. Огт мэдээгүй гэдэг нь үндэслэлгүй. Санал хураалтад оролцоогүй учир 1999 оны Компанийн тухай хуулийн 24.1-ээр ямар шаардах эрх үүсэж байгаа вэ гэхээр хэрвээ өөрчлөн байгуулахын эсрэг саналтай байна гэж байгаа бол хамгийн түрүүнд өөрийнхөө эзэмшиж байгаа хувьцааг компанид буцааж авахыг шаардах эрхтэй. Шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байх юм бол хуулийн 24.3-д зааснаар компанийг өөрчлөн байгуулах шийдвэрийн дагуу хүргүүлнэ гэж заасан. Улмаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Улмаар итгэмжлэл гэж яриад байдаг. Одоо бол амаар ярихдаа би М*******ийг авмааргүй байна гэж байгаа. Иргэний хэргийг түдгэлзүүлэх биш иргэний хэргийн ажиллагаа явагдаад тэр шийдвэрийг үндэслээд захиргааны хэргийн шүүхэд ямар нэхэмжлэл гаргах үйл явцаар явах байжээ.

Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө Үнэт цаасны хорооны 60 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны  актад  үзэх  үндэслэлгүй  байна. Мөн Компанийн тухай хуулийн үзэл баримтал болон Улсын дээд шүүхээс гарсан тогтоолоор хувьцаа эзэмшигчийн хуралдааны бүрэн эрх гэдгийг хуулийн 60.2 дах заалтаар тодорхойлоод заагаад өгсөн. Хурлыг хуралдуулахгүй санал хураалт явуулах эрхийг компанид олгосон байдаг. Санал хураалтыг хэрхэн явуулах талаар процессоор тайлбарласан байдаг. Өөрөөр заагаагүй байх юм бол хуулиар давуу эрхээ баримтлах ёстой. “Т” ХК-ийн дүрэмд хувьцаа эзэмшигчийн хурлыг хичнээн санал хураалтаар явуулахгүй шүү гэж заасан зохицуулалт байхгүй. Тийм учраас үүнийг Үнэт цаасны хороо хуулийн дагуу хувь нийлүүлэгч нарт дүнг мэдээлээд үүнийд дагуу хуваасан байгаа бүртгэлийг зөвшөөрөөд хасаад байгаа нь хуульд нийцэж байна. “Т” бол ХК юм. Нэхэмжлэгчийн хувьцааг буцаан нэгтгэхийг даалгах гээд хувьцаа гэдэг бол ерөөсөө авч хаяад салгаж  шидээд буцааж авна авахгүй гэдэг зүйл биш. Хувьцаа эзэмшигчийн эрх  гэдэг бол Компанийн тухай хуулиар ерөөсөө хувь нийлүүлэгч хуралдаад саналын эрх өгнө, ногдол ашиг авна, хэрвээ бүүр компани татан буугдах юм бол хөрөнгөнөөс авна гэдэг эрх байгаа. Тэгэхээр тус эрхээ хэрэгжүүлээд гаргаж байгаа шаардах эрхийг яагаад хуулиар нарийвчлан зохицуулж өгч байгаа вэ гэхээр энэ шаардах эрх би энэ хөрөнгийг авна, авахгүй гэдэг огт сольсон асуудлаар үүсэхгүй учраас хэрвээ гол солих гэж байгаа асуудал байгаа бол Компанийн тухай хуулиар зохицуулахгүй иргэнд хандаад гомдлоо гаргаад явах асуудал нь иргэний шаардах эрх учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд нэхэмжлэгч Ц.Б*******гаас Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хороо хуучнаар Үнэт цаасны хороо нь “Т” ХК-д хувьцаа эзэмшигч Ц.Б*******гийн “Т” ХК-д холбогдох бүх материалтай танилцах, хуулбарлаж авах эрхийг хязгаарласан эс үйлдэхүй хууль бус болохыг, Үнэт цаасны хорооны /Одоогийн санхүүгийн зохицуулах хороо/ 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 60 тоот тогтоолын Ц.Б*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тус тус тогтоож, Ц.Б*******гийн эзэмшиж байсан 148.197 ширхэг хувьцааг “Т” ХК-д нэгтгэж бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ,

-“Т” ХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Б*******гийн эзэмшиж  байсан  148.197 ширхэг хувьцааг Ц.Б*******гийн зөвшөөрөлгүйгээр хасаж тэг /0/ төгрөгөөр үнэлэх эрх Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар зөвшөөрөгдөөгүй илт хууль бус үйлдэл,

-Үнэт цаасны хорооны 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаар тогтоолын үндэслэл болсон хэлэлцээрт Ц.Б******* оролцоогүй, санал өгөөгүй байхад компанийг хувааж бүртгэсэн,

-Санхүүгийн зохицуулах хороо нь “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Б*******г баримт, материалтай танилцуулдаггүй, эрхгүй этгээд гэж байгаа нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2004 оны  06 дугаар сарын 01-ний өдрөөс, Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус мөрдөгдөж эхэлсэн байх ба нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж байгаа Үнэт цаасны хорооны 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаар тогтоол гарах үед дээрх хуулиуд нь хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхлээгүй байжээ.

3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ц.Б*******гаас Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хороо хуучнаар Үнэт цаасны хороо нь “Т” ХК-д хувьцаа эзэмшигч Ц.Б*******гийн “Т” ХК-д холбогдох бүх материалтай танилцах, хуулбарлаж авах эрхийг хязгаарласан эс үйлдэхүй хууль бус болохыг, Үнэт цаасны хорооны /Одоогийн санхүүгийн зохицуулах хороо/ 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 60 тоот тогтоолын Ц.Б*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тус тус тогтоож, Ц.Б*******гийн эзэмшиж байсан 148.197 ширхэг хувьцааг “Т” ХК-д нэгтгэж бүртгэхийг даалгах” шаардлага гаргажээ.

3.2. Хэдийгээр нэхэмжлэгчээс илт хууль  бус  болохыг тогтоолгохоор шаардаж буй 60 дугаар тогтоолыг Үнэт цаасны хороо/хуучин нэрээ/-ноос гаргасан цаг хугацаанд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай эрх зүйн зохицуулалт байхгүй байсан боловч нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн зохицуулалтын дагуу захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байх тул шүүх Үнэт цаасны хорооны /Одоогийн санхүүгийн зохицуулах хороо/ 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 60 тоот тогтоол нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэв. Үүнд:  

4. Нэхэмжлэгчээс Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хороо хуучнаар Үнэт цаасны хороо нь “Т” ХК-д хувьцаа эзэмшигч Ц.Б*******гийн “Т” ХК-д холбогдох бүх материалтай танилцах, хуулбарлаж авах эрхийг хязгаарласан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

4.1. Ц.Б*******гаас Санхүүгийн зохицуулах хороонд хандан 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “.. “Т” ХК-ийн 0.5-аас хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг, “Т” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн овог нэр, хаяг, хувьцаа эзэмшигч эсэх, утасны дугаар бүхий лавлагааг, Хувьцаа тусгаарлагдсанаас хойших сүүлийн 20  жилийн  хугацаан  дахь “Т” ХК-ийн нэгж хувьцаанд ногдуулсан ногдол ашгийг  жил  бүрээр  гаргуулах, Улсын бүртгэлийн байгууллага, татварын байгууллага болон бусад газраас “Т” ХК-ийн талаар Ц.Б******* нь лавлагаа, тодорхойлолт авах эрхтэй гэсэн албан тоотыг, Сүүлийн 20 жилийн дотор Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн авсан цалин, шагнал, урамшууллын талаарх лавлагааг тус тус гаргуулах, “Т” ХК-д сүүлийн 20 жилийн ашиг  орлого  ноогдол  ашигтай  холбогдуулан  аудитын  шалгалт оруулах” агуулга бүхий шаардлагыг хүргүүлжээ.

4.2. Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 9/1060 тоот албан бичгээр “... Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-иас 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/332 тоот албан бичгээр ирүүлсэн холбогдох баримтад иргэн Ц.Б*******гийн “Т” ХК-д  эзэмшиж байсан 145,197 ширхэг хувьцааг Үнэт цаасны хорооны 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Т” ХК-ийн хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай 60 дугаартай тогтоолд үндэслэн хассан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу холбогдох баримтыг хүргүүлэх боломжтой” гэсэн хариуг хүргүүлсэн байх боловч нэхэмжлэгчээс уг албан бичигт холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

4.3. Харин Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан”-ыг эс үйлдэхүй гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч захиргааны байгууллага нь Ц.Б*******гаас тус байгууллагад хандан гаргасан хүсэлт, шаардлагад холбогдох хариу өгсөн, захиргааны байгууллагаас хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.

4.4. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Санхүүгийн зохицуулах хороо тухайн иргэний гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй эсвэл шийдвэрлэхгүй орхисон ямар нэгэн эс үйлдэхүй гаргаагүй” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй байх тул Ц.Б*******гийн ““Т” ХК-д холбогдох бүх материалтай танилцах, хуулбарлаж авах эрхийг хязгаарласан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Үнэт цаасны хороо-/Одоогийн Санхүүгийн зохицуулах хороо/-ны 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 60 тоот тогтоолын Ц.Б*******д  холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тус тус тогтоож, Ц.Б*******гийн эзэмшиж байсан 148.197 ширхэг хувьцааг “Т” ХК-д нэгтгэж  бүртгэхийг  даалгах  нэхэмжлэл шаардлагын тухайд:

5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

5.1.1. 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигч Р.Л, Ж.Ч, Д.Э*******, Ц.Б******* нарын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээгээр “... “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигч Р.Л, Ж.Ч нар харилцан тохиролцож өөрсдийн нэр дээр бүртгэлтэй байгаа 1996 онд шинээр нэмж гаргасан 687,680 ширхэг хувьцаанаас бүгд 83,000 ширхэг хувьцааг буюу “Т” ХК-ийн энэхүү гэрээг байгуулах үед хөрөнгийн биржид бүртгэлтэй байсан нийт 1,280,440 ширхэг хувьцааны 6,482 %-ийг харилцан тохирсон нөхцөл хэрэгжсэнээр иргэн Д.Э*******, Ц.Б******* нарт тэнцүү /тус бүрд 41,500 ширхэг хувьцаа/ хувааж шилжүүлэх...”-ээр тохирсон,

5.1.2. Мөн 2000 оны 04 дүгээр  сарын  22-ны  өдөр  байгуулагдсан “Хэлэлцээр”-т “... “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигч Р.Л, Ж.Ч /А тал/, Д.Э*******, Ц.Б******* нарыг төлөөлж Ц.Б /Б тал/ нар нь Эвлэрлийн гэрээг ажил болгож уг гэрээний 1 дүгээр зүйлд тэмдэглэгдсэн харилцан тохирсон нөхцөлийг хэрэгжүүлэхээр энэхүү хэлэлцээрийг байгуулж байна. ...Харилцан тохирсон ёсоор “Т” ХК-ийн үл хөдлөх хөрөнгийг түшиглэн “Т” ХК-ийн U III дугаартай 470,247.97 мянган төгрөгийн үнэлгээтэй барилга буюу одоогоор худалдааны М******* ажиллаж байгаа барилгыг тусгаарлан түүнийг түшиглэн шинээр компани байгуулна. А талаас нэр заасан 2 этгээд 174,170 ширхэг хувьцаа, Б талаас 297,428 ширхэг хувьцааг эзэмших ..., ... “Т(ХК) нь тус компанийн ашиг, алдагдлаас хуваалцахгүй бөгөөд шинээр байгуулсан компанийн  алдаатай үйл ажиллагааг хариуцахгүй...” гэсэн байх ба уг хэлэлцээрт “... “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигч Р.Л /А тал/, Д.Э*******, Ц.Б******* нарыг төлөөлж Ц.Б /Б тал/ нар нь гарын үсэг зурсан,

5.1.3. “Т” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2002 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 02/05 тоот хуралдаанаас тус компанийг хуваах замаар өөрчлөн байгуулах тухай төслийг баталж, компанийг хуваах асуудлыг компанийн хувь нийлүүлэгчдээс эчнээ санал хураалт явуулах замаар шийдвэрлүүлэхээр тогтоосон байх ба эчнээ санал хураалтын дүнг Үнэт цаасны хороо /хуучин нэрээр/-ны 2003 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэхийг хойшлуулсан, 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 7 дугаар хуралдаанаар “Т*******” ХК-ийн хувьцааны тоонд өөрчлөлт оруулах саналыг зөвшөөрсөн үйл баримтууд тогтоогдов.

5.2.  Улмаар Үнэт цаасны хорооны 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаартай “Т” ХК-ийн хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор “Т” хувьцаат компанийн нийт гаргасан 1,280,440 ширхэг хувьцаанаас 471,598 ширхэг хувьцааг хасч уг компанийн нийт хувьцааны тоог 808,842 ширхэг байхаар бүртгэлд өөрчлөлт оруулжээ.

5.3. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль/2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.7-д зааснаар “Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэх, бүртгэлгүй үнэт цаасны арилжааг зогсоох, хориглох;” нь Үнэт цаасны хорооны эрх хэмжээнд хамаарч байх хувьцааны бүртгэл хөтлөх үйл ажиллагааны журмыг Үнэт цаасны хороо/хуучин нэрээр/-ны 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 90 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Үнэт цаасны дэлгэрэнгүй бүртгэлд өөрчлөлт оруулах тухай журам”-ын “Гурав” “Үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах” хэсгийн 3.1-д “Хөрөнгийн зах зээл дээр худалдахаар зөвшөөрсөн үнэт цаасны дэлгэрэнгүй бүртгэлд өөрчлөлт оруулах шийдвэр гаргах эрхийг үнэт цаасыг гаргах шийдвэр гаргасан этгээд эдэлнэ”, 3.3-т “Хувьцаат компани нийлсэн, нэгдсэн, салсан, тусгаарласан тохиолдолд гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн тэдгээрийн хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж журамлажээ.

5.4. Мөн Компанийн тухай хууль/1999 он/-ийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар компанийг өөрчлөн байгуулах болон компанийн хувьцааг хуваах, нэгтгэх асуудлыг компанийн хувь нийлүүлэгчдийн хурлаар шийдвэрлэхээр, 73 дугаар зүйлийн 73.1-д “Хувьцаат компани нь хурлын бүрэн эрхэд  хамаарах  асуудлыг хурал хуралдуулахгүйгээр хувь нийлүүлэгчдээс эчнээ санал хураалт явуулах замаар шийдвэрлэж болох”-оор хуульчилсан байсан байна.

5.5. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтууд болон хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбарыг нэгтгэн үзвэл, хариуцагчаас 2003 оны 60 дугаар тогтоолоор “Т*******” ХК-ийн хувьцааны тоонд өөрчлөлт орсныг бүртгэснийг хууль бус гэж үзэх боломжгүй байна.

5.6. Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу компанийг өөрчлөн байгуулсан, үүнтэй холбоотойгоор компанийн хувьцааг хуваасан асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурлын эрх хэмжээнд, харин шийдвэрийн дагуу хувьцааны тоонд орсон өөрчлөлтийг бүртгэх нь хариуцагч  захиргааны байгууллагын эрх хэмжээнд тус тус хамаарч байх тул “Т*******” ХК-ийн хувьцаа эзэмшигчдээс авсан эчнээ санал хураалтын дүнгийн дагуу “...“Т” хувьцаат компанийн нийт гаргасан 1,280,440 ширхэг хувьцаанаас 471,598 ширхэг хувьцааг хасч уг компанийн нийт хувьцааны тоог 808,842  ширхэг  байхаар  бүртгэлд өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг бүртгэсэн” нь хууль тогтоомжид нийцжээ. Тодруулбал, 

5.6.1. Үнэт цаасны дэлгэрэнгүй бүртгэлд өөрчлөлт оруулах тухай журмын 3.1-д “Хөрөнгийн зах зээл дээр худалдаалахаар зөвшөөрсөн үнэт цаасны дэлгэрэнгүй бүртгэлд өөрчлөлт оруулах шийдвэр гаргах  эрхийг үнэт цаас гаргах шийдвэр гаргасан этгээд эдэлнэ” гэж журамласан, “Т” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2002 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит хуралдаанаар “...компанийг хуваах замаар өөрчлөн байгуулах төслийн баталж, уг асуудлыг компанийн хувь нийлүүлэгчдээс эчнээ санал хураалт явуулах замаар шийдвэрлүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна.

5.6.2. Улмаар компанийн хувьцаа эзэмшигч Д.Э*******, Ц.Б******* нараас шаардлага гаргасан болон Үнэт цаасны хороо/хуучин нэрээр/-ний 2002 оны 10 дугаар сарны 30-ны өдрийн 160 дугаартай албан бичгээр “... хувьцаа эзэмшигчээс гаргасан гомдлыг шийдвэрлэгдэх хүртэл эчнээ санал хураалтыг хойшлуулах” гэж мэдэгдсэний дагуу “Т*******” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2002 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 02/08, 2002 оны 11 дүгээр  сарын  06-ны өдрийн 02/09 дугаартай тогтоолуудаар санал хураалтыг тус тус хойшлуулж, 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Т” ХК-иас явуулсан хувь нийлүүлэгчдийн эчнээ санал хураалтын тооллогын комиссын 01 дугаартай тогтоолоор ““Т” ХК-ийг хуваах замаар өөрчлөн байгуулж 808,842 ширхэг энгийн хувьцаа бүхий нээлттэй, 471,598 ширхэг энгийн хувьцаа бүхий хаалттай компаниуд болгож шийдвэрлэсэн”-ийг баталжээ.

5.6.3. Түүнчлэн гуравдагч этгээд “Т” ХК-иас Үнэт цаасны дэлгэрэнгүй бүртгэлд өөрчлөлт оруулах тухай журмын  3.6-д  заасны  дагуу  үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтдээ тооллогын комиссын тогтоол болон эчнээ санал хураалтын товыг “Өдрийн сонин”-нд нийтлүүлсэн талаарх мэдээлэл, компанийг өөрчлөн байгуулах тухай төсөл, хурлын тэмдэглэл”, өөрчлөн байгуулах асуудлыг хариуцаж гүйцэтгэх комисс томилсон бол комиссын бүрэлдэхүүн, түүнийг баталсан тухай шийдвэр, хуваах баланс зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

5.6.4. Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллага нь “Т” ХК-ийг өөрчлөн байгуулсны улмаас хувьцааны тоонд орсон өөрчлөлтийг бүртгэх эсэх асуудлыг Үнэт цаасны хорооны 2003 оны 06 дугаар сарын 06-ны болон 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаануудаар хэлэлцэж бүртгэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрч шийдвэрлэжээ. 

5.6.5. Нэхэмжлэгч Ц.Б*******гаас “Т” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дээрх шийдвэрүүд болон компанийг хуваах, хувьцааг тусгаарлах асуудлыг хувь нийлүүлэгчдээс эчнээ санал хураалтаар шийдвэрлэсэн асуудлаар гомдол, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байгаагүй гэж тайлбарласан.

5.6.6. Дээрхээс үзвэл, “Т” ХК нь журамд заасан шаардлагатай материалуудыг бүрдүүлж хүргүүлсэн, компанийг хуваах замаар өөрчлөн байгуулахаар шийдвэрлэж хувьцааг тусгаарласан үйл ажиллагаа нь хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр биш байх тул Үнэт  цаасны  хороо/хуучин нэрээр/ нь 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаартай тогтоолыг гаргахдаа хууль тогтоомжоор тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

5.6.7. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь “Т” хувьцаат компанийн хувь нийлүүлэгчдээс олонхын саналаар шийдвэрлэсэн, дээрх 5.6.1, 5.6.2-т дурьдсан шийдвэрүүд нэгэнт гарсан, хүчин төгөлдөр, түүнчлэн Үнэт  цаасны  зах зээлийн тухай хуулиар арилжаалагдах хувьцааны бүртгэл хөтлөх үүргийг Үнэт цаасны хороо/хуучин нэрээр/ хэрэгжүүлэхээр зохицуулсан байх тул хариуцагч нь тус компанийн хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэхээс татгалзах эрхгүй юм. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...“Т” ХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Б*******гийн эзэмшиж байсан 148.197 ширхэг хувьцааг Ц.Б*******гийн зөвшөөрөлгүйгээр хасаж тэг /0/  төгрөгөөр  үнэлэх  эрх Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар зохицуулаагүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

6. Нэхэмжлэгч талаас “Үнэт цаасны хорооны 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаар тогтоолын үндэслэл болсон хэлэлцээрт Ц.Б******* оролцоогүй, гарын үсэг зураагүй, нотариатын тэмдэг, огноо зөрсөн байхад хэлэлцээрийг үндэслэж хувьцааг тусгаарлаж бүртгэсэн нь хууль бус” хэмээн тайлбарлан маргах боловч уг хэлэлцээр нь хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулах бус хувь нийлүүлэгчдийн хурал/эчнээ санал хураалт/-ын шийдвэрийн үндэслэлд хамааралтай байна.

7. Мөн нэхэмжлэгч талын “...компанийг хуваах замаар өөрчлөн байгуулах асуудлыг эчнээ санал хураалтаар шийдвэрлэх зохицуулалт байхгүй, уг эчнээ санал хураалтад би оролцоогүй, миний зөвшөөрөлгүйгээр хувьцааг тусгаарласан, “М*******” ХХК-д миний оролцоо байхгүй” зэрэг тайлбарууд нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль/2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б*******гаас Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хороо хуучнаар Үнэт цаасны хороо нь “Т” ХК-д хувьцаа эзэмшигч Ц.Б*******гийн “Т” ХК-д холбогдох бүх материалтай танилцах, хуулбарлаж авах эрхийг хязгаарласан эс үйлдэхүй хууль бус болохыг, Үнэт цаасны хорооны /Одоогийн санхүүгийн зохицуулах хороо/ 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 60 тоот тогтоолын Ц.Б*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тус тус тогтоож, Ц.Б*******гийн эзэмшиж байсан 148,197 ширхэг хувьцааг “Т” ХК-д нэгтгэж бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ