| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2025/1632/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1953 |
| Огноо | 2025-08-18 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1953
2025 08 18 2025/ШЦТ/1953
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр;
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: М.Билгүүтэй;
Шүүгдэгч: З.С- (өөрийгөө өмгөөлөв);
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Балдырган;
Хэргийн дугаар: 2503000000696;
Шүүгдэгч З.С ... регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч З.С- нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 5374 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас жолоодох эрхээ 1 жилийн хугацаанд хасуулж, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд дарь эх 33 дугаар гудамжинд ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокуророос З.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.С- мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 4),
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчийн 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, илтгэх хуудас (хх-ийн 3, 5),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд согтуурлын зэрэг 3.46%-тай байсныг баримтжуулсан тэмдэглэл (хх-ийн 4),
Жолоочийн лавлагаа мэдээлэл (хх-ийн 27),
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 5374 дугаартай шүүгчийн шийтгэвэр (хх-ийн 19-20),
З.С-гийн гэрчээр болон яллагдагчаар “...Тухайн өдөр Дарь эх зах буюу өөрийн ажил дээрээ хараа нэртэй 200 грамм архи ганцаараа ууж дуусгаад өөрийн эзэмшлийн ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гэр рүүгээ явсан. Явах замдаа гудамж руу ороод явж байтал цагдаа ирээд “та хүн шүргэх шахлаа мэдэж байна уу” гэж асуусан. Тэгээд үүнээс цааш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Өмнө 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад цагдаад баригдаж жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 9, 14),
Шүүгдэгч З.С-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 17-29) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.С-гийн холбогдсон хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг хууль ёсны эх сурвалж, агуулга, хоорондын уялдаа, зөрчилтэй болон зөрчилгүй шинж, хэргийн нөхцөл байдалтай нийцэж буй байдлыг харьцуулан судалж, үнэлсний үндсэнд шүүх дараах дүгнэлтэд хүрлээ.
Шүүгдэгч З.С- нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 5374 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасны дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байжээ.
Гэвч шүүгдэгч нь дээрх шийтгэврийн хүчин төгөлдөр хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 33 дугаар гудамжинд Тоёота Хонда маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь нотлогдож байна.
Энэ нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл 3.64% (хх-ийн 4), цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас (хх-ийн 3, 5), мөн шүүгдэгчид урьд шийтгэл оногдуулсан шүүхийн шийтгэврээр баталгаажжээ (хх-ийн 19-20).
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь энэхүү хориглолтыг зөрчиж, замын хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдлоо.
Шүүх дээрх нотлох баримтуудыг эх сурвалжийн найдвартай байдал, мэдүүлгийн уялдаа, объектив нотолгоотой нийцэл, цаг хугацааны зохицол, үйлдэл ба үр дагаврын уялдаа зэрэг шалгууруудаар харьцуулан дүгнэхэд шүүгдэгч З.С- нь өмнө нь жолоодох эрхээ хасуулсан, тухайн шүүхийн шийтгэврийн хүчин төгөлдөр хугацаанд, санаатайгаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь бүрэн нотлогдож байна.
Иймд шүүгдэгч З.С-гийн үйлдэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн нөхцөл шалтгаан, үйлдлийн арга хэлбэр, гэм буруугийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдэл ба үр дагаврын хоорондын учир шалтгааны холбоо зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон баримтуудаар шүүгдэгч З.С- нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгэгдэж байгаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, нийгмийн тодорхой харилцаанд оролцдог, тогтвортой амьдралын нөхцөлтэй хүн болох нь тогтоогдсон. Түүнчлэн шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, шүүх хуралдааны үеэр гэмшиж байгаагаа илэрхийлсэн, бусдад төлөх төлбөргүй нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хор уршиг, хувийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа ухамсарласан байдал зэрэг нөхцөл байдлыг бүх талаар харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан ял шийтгэлийг сонгох нь зүйтэй.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч З.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгчийг өөрийн хөдөлмөрөөрөө нийтийн ашиг сонирхолд тустай, үр ашигтай ажил хийлгэж цээрлүүлэх, буруутай үйлдлийнх нь хариуцлагыг ухамсарлуулах үр нөлөө үзүүлэх зорилготой бөгөөд нийгмийн амьдралд идэвхтэй, хариуцлагатайгаар оролцох дадал суулгах зэрэг нийгэмшүүлэх үр нөлөөтэй тул шүүгдэгчид дээрх төрөл, хэмжээний ялыг оногдуулсан болно.
Шүүхээс З.С-д тодорхой нийтэд тустай ажил хийлгэхийг даалгаагүй учир нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэх учиртайг дурьдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч З.С-гийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч З.С- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч З.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.С-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.С-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.С- нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.С-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан үеэс тоолсугай.
6. Шүүгдэгч З.С- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ