Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/336

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгч С.Оюунжаргал, шүүгч Б.Ууганбаяр  нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Иргэдийн төлөөлөгч Д.Гантөгс,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ж ,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Б ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Ш.Г  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш-ын Г-дод холбогдох эрүүгийн 2538000000020 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш  овогт Ш-ын Г , 2006 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 9, эцэг, эх, ах, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ........ дугаар баг ....... дүгээр гудамж, ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ...............................дугаартай.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Ш.Г  нь 2024 оны 12 дугаар сарын 5-6-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....... дугаар багийн ........ дугаар гудамжинд Б.М тай “таксигаар үйлчлүүлээд мөнгө бүрэн өгсөнгүй гэх шалтгаанаар” маргалдан, толгой хэсэг рүү нь цохиж, биед нь баруун дух, зүүн зулай ясанд хугарал, баруун дух, зулайн хатуу хальс дээрх цусан хураа, зүүн зулай чамархайн аалзан хальс доорх цус хуралт, тархины хаван, хамар ясны хугарал таславчийн мурийлт, дух, баруун хацар, зүүн чих, хоёр гарын хуруунд зулгаралт, зүүн тохой, баруун өвдөгт цус хуралт бүхий гэмтлүүд учруулж, хүнийг санаатай алах гэмт хэргийг  үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч Ш.Г ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Намайг зогсож байхад нөгөө ах над руу муухай хашхираад хүрээд ирэхээр нь цохих гэж байна гэж бодоод хавсарч газар унагаасан. ...Яваад жаахан байж байгаад буцаж үзэхээр ирэхэд тэр ах босоод явж байсан. Тэгсэн чинь Сайнаа дахиад таксиныхаа мөнгийг нэхье гээд хажууд нь очоод зогссон. Эрка таксиныхаа мөнгийг авъя гэж хэлсэн. Тэгж хэлэхэд байхгүй гэж хэлсэн. ...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна. ...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Намайг үнэхээр уучлаарай...” гэх мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 158-159-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл),

2.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  П.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр талийгч хүү маань гэрээсээ банк орж мөнгө тушаана гээд гарсан. Гарсан өдрөөс хойш 3 хоногийн дараа охин О-ээс  анх сонсоход гудамжинд осгосон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг мэдсэн. Тэгээд эмнэлэгт очиход талийгч ямар ч ухаангүй байсан. Эмч нар ар гэрт нь мэдэгдэх гэсэн боловч ар гэрийнхийг нь мэдэхгүй, утасны дугаар байхгүй байсан болохоор ар гэрийнхэнд нь мэдэгдээгүй хагалгаанд орсон гээд толгойд нь оёдол тавьж, толгой нь боолттой байсан. Тэгээд эмнэлэгт талийгч маань ухаан ороогүй, эм тарианы хүчинд л 10 хоног болоод өөд болсон. ...2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цаг 30 минутын орчимд Г-ын  аав, ээж хоёр нь манайд цай хоол унд хийж нилээн суугаад юу ч яриагүй гараад явсан. Тэгтэл оройхон Г-ын  ээж нь О  рүү ....................... гэсэн дугаараас залгаад ярихдаа манай бандийг маргааш хорино гэж байна. Маргааш хурал дээр нь очоод манай хүүг хориулахгүй талаас нь хэлээд өгөөч гэж гуйсан гэсэн.

Тэгээд ярихдаа 3-уулаа машинд явж байгаад таксины мөнгө нэхэхэд нь жолооч залуу нь машинаас бууж ирээд 1000 төгрөгөөр чинь яадаг юм гээд хавирч унагаагаад толгой руу нь цохисон гэдгийг хэлсэн байсныг охин маань надад хэлсэн. ...Мөн жолооч хүүгийн аав нь манай охин Б-тэй  талийгчийг бие муу эмнэлэгт байхад нь эмнэлгийн гадаа уулзаад ярихдаа манай хүү танай дүүг хамаагүй зодоогүй, хавирч унагаагаад хальт толгой руу нь өшиглөсөн гэж хэлсэн гэдгийг надад хэлж байсан.

Дараа нь манай гэрт жолооч хүүхдийн аав нь ирэхдээ манай хүү танай хүүхдийг зодоогүй гэж хэлж байсан. ...3 хүү явж байгаад таксинд сууж яваад бага мөнгө өгөөгүй гээд манай хүүг гурвуулаа зодсон байсан. 3-н удаа буцаж очсон гэж байсан. Гэтэл энэ хүүхдэд ганцааранд нь хэрэг хүлээлгээд нөгөө хоёр хүүхдийг хэргээс мулталж үлдээсэн. Надад гомдолтой байна. Тэр хоёрыг татаж хохирол бүгдийг нь гаргуулмаар байна. Тэр хоёр хүүхдэд маш их гомдолтой байна. Би дээшээ явах бүх газарт гомдолтой гэдгээ хэлмээр байна. Сэтгэл санааны хохиролыг хөдөлмөрийн хөлсийг 22,99 дахин нэмэгдүүлж гаргуулна. Манай хүү ажил хийгээд намайг мөнгөөр дутаахгүй амьдруулдаг байсан. Хэрэв энэ хүүхдүүд хүүг маань эмнэлгийн бараа харуулсан бол арай өөр байх байсан. Ш.Г ын ар гэрээс 21,512,000 төгрөг өгсөн. Нэмж 4,000,000 төгрөг нэхэмжилнэ. ...Миний хүү эрүүл саруул сайхан хүү байсан. Амь насыг нь хохироосон учраас ялыг дээд хэмжээ өгөх байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 67-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл),

3.Насанд хүрээгүй гэрч Ш.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2024 оны 12 дугаар сарын 5-ны орой...энд зогсчих гэж хэлэхээр нь зогсоод 3500 билүү 4500 төгрөг гарсан байна гэж хэлэхэд 1000 төгрөг өгөөд одоо ингээд буулаа гээд хэлсэн. Тэр эрэгтэй хүн машинаас буухад арын суудалд сууж явсан Г  дагаж машинаас буухаар нь араас нь бид хоёр буусан. Би нөгөө ахад мөнгөө гүйцээгээд өгчхөөч гэж хэлээд зогсож байхад Г  нөгөө ахыг араас нь хавсраад унагаагаад цээжин дээр нь баруун талынхаа хөлөөр дэвссэн. Тэгээд бид гурав машиндаа суугаад явсан. Нөгөө хүн ч босоод явсан. ...Э эргээд нөгөө хүн дээрээ оччих гайгүй явж байна уу, үгүй юу гэдгийг нь харья гэж хэлэхээр нь эргээд хойд гудамжаар нь ороод гудамжаа нэвт гараад нөгөө хүн буулгасан гудамж руугаа ороод явж байхад нөгөө хүн урдаас явж харагдсан. ...Г  машинаас буугаад очоод та мөнгөө өгч чадахгүй юм бол яах гэж машинд суудаг юм гэж хэлээд нүүр рүү нь өшиглөсөн. Тэгсэн нөгөө хүн толгойгоороо хойшоо саваад газар унасан. ...Хойшоо саваад унах үед нөгөө хүний гарт нь байсан 100 төгрөгийг Э авчихаар нь бид гурав машиндаа ороод суусан. Машинд суусны дараа Г  наад хүн чинь ухаан алдчихсан гэж хэлэхээр нь Э бид хоёр наад хүн чинь үхчихвэл яахын бэ сэрээе гэж хэлээд машинаас бууж Э, Г  хоёр суганаас нь барьж татаад сэрээрэй гэж хэлэхэд сэрэхгүй байхаар нь сэргээх маягаар хацарт нь зөөлөн нэг удаа алгадахад урдаас нөгөө ах ёо пяздаа гэж хэлэхээр нь босгоод одоо харьж амар гээд явуулсан. Тэр хүн босоод цаашаа зүгээр л алхаад явсан. ...Гэртээ харихад бол 03 билүү 04 цаг болж байсан шиг санагдаж байна. 2 удаа эргэж очсон. Эхлээд гудамжинд машинаас талийгчийг буулгасны дараа Г  хавирч унагаагаад цээжин дээр нь дэвссэн. Тэгээд бид нар машиндаа суугаад явж байхад Г  наад хүн чинь ухаан алдаад уначихсан гэж хэлэхэд Э очье гэж хэлэхээр нь хойд талынх нь гудамжаар тойроод очиход нөгөө хүн босчихсон явсан. Бид гурав дахиж таксины мөнгөө авахаар эхлээд машинаас Э буусан араас нь Г  бууж очоод Г  нөгөө хүнийг өшиглөөд унагаасан. Тэгээд бид нар машиндаа сууж яваад гудамжинд зогсож байхдаа нөгөө хүн дээр ахиж очье гээд эргээд очсон.Тэгсэн нөгөө хүн ухаан алдсан хэвээрээ байсан чинь Э , Г  нар суганаас өргөөд сэгсэрч үзсэн чинь сэрэхгүй байхаар нь ахаа сэрээрэй гэж хэлээд баруун хацарт нь зөөлхөн алгадсан. Нөгөө хүн сэрсэн...” гэх мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 69, 73-74-р хуудас),

4.Насанд хүрээгүй гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Тэгсэн чинь Г  тэр ахыг шууд хавираад унагаасан. Унангуут нь бас дээрээс нь Г  хөлөөрөө цээжин дээр нь 1 удаа дэвссэн. Тэгээд Г  “наад хүн чинь ухаан алдчихлаа явъя машиндаа сууя гэж Сайнбаяр бид хоёрт хэлээд бид нар машиндаа суугаад хөдлөөд 6-р хорооны засмал замаар өгсөөд хойш явсан. Хэсэг явсны дараа Г  нөгөө хүн чинь яасан бол очиж үзье гээд бид нар нөгөө газраа дахиж очсон. Бид нар машинтайгаа дөхөж очоод эхлээд Г  машинаас бууж нөгөө ах дээр очсон. Араас нь би бас очсон. Тэр ах гартаа 100 төгрөг барьчихсан явж байхад Г  хөөе гэж нөгөө ахыг дуудангуутаа зүүн талын шанаа хэсэгт нь 1 удаа өшиглөсөн. Өшиглүүлээд тэр ах газарт унасан. Би тэр ах дээр очих гэхэд Г  100 төгрөг л байгаа юм байна. Явъя, явъя гэж хэлээд бид хоёр буцаж машиндаа суугаад бид нар 14-р хорооноос такси барих хүн хайсан. Тэгээд явж байхад хүн олдохгүй болохоор нь бид гурав дахиад нөгөө хүнийг яаж байгаа бол гэж бодоод нөгөө унасан газар нь дахиж очсон. Очиход тэр ах яг нөгөө унасан газраа хэвтэж байсан. Эхлээд Г  бууж очоод үзсэн, араас нь би очсон. Нөгөө ах амьсгаатай байсан, бид хоёр босгоё гээд тэр ахыг өргөж босгоод өөрөө хөл дээрээ зогсож байхад нь Сайнбаяр машинаас бууж ирээд гараараа нөгөө ахыг алгадсан. Алгадсаныхаа дараа Сайнбаяр тэр ахад “амьд байгаа дээрээ эртхэн яв, хүнд битгий гай болоод бай” гэж хэлсэн. Нөгөө ах цааш алхаад худагтай үзүүрийн зүг чиглээд явсан. ...Г  эхлээд хавирч унагаагаад цээжин дээр нь дэвссэнээ ухаан алдчихлаа явъя гэж хэлээд бид гурав машиндаа суугаад хөдлөөд явсан. Эргээд очиход овоолттой шорооны хажуу талд тайлийгч явж байсан. Тэгээд яг явах гэж байхад Г  зогсож бай гээд тэгээд бид нар машинаас бууж байхад Г  очоод зүүн талын шанаа хэсэг рүү очоод хөлөөрөө өшиглөөд газар унагаасан. Тэгээд машинтайгаа ахиж яваад байж байгаад Сайнаа очье гэхээр нь эргэж 2 дахь удаагаа очсон. Г  бид хоёр түрүүлж машинаас буугаад нөгөө ахыг хоёр суганаас өргөөд босгох гэж байхад Сайнбаяр хүрч ирээд алгадсан чинь ухаан ороод нөгөө ах явсан...” гэх мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 81-82, 85-86-р хуудас),

5.Гэрч Ж.Э-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 6-ны өглөө 07-08 цагийн үед А, С, Г нар орж ирээд надад хэлэхдээ М  хөлдсөн юм уу, дэлгүүрийн үүдэнд нүд нь хөдлөөд хэвтэж байна гэхээр нь би ганцаараа яваад очсон чинь М  дээшээ харсан 2 гараа атгаад гэдсэн дээрээ тавьсан, амнаас нь цагаан хөөс гарсан байхаар нь хөлөөс нь татаад М-аа босоорой яасан бэ гэсэн хөдлөхгүй байсан...” гэх мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 92-94-р хуудас),

       6. Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Э  эгч надруу залгаад ярихдаа нөгөө дээлтэй залуу чинь таксинд суугаад зугтаахдаа “тэр залуу чинь хөлдөлтийн байдалтай эмнэлэгт хүргэгдсэн” гэж хэлээд зугтаачихлаа гэж хэлсэн, би захын энд явна, уруудаад 103 орж асуугаад эргээд чамд хариу хэлье гээд утсаа тасалсан. ...Орой 20 цагийн үед Э  нь ээж рүү утсаар залгаад М  нь осголтын байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна гэж хэлсэн. ...Эмчтэй нь уулзахад ах чинь 12 дугаар сарын 6-ны өдрийн 11 цагийн үед ухаангүй эмнэлэг дээр толгойндоо хүнд гэмтэлтэй ар гэрийнхэнд нь ямар ч холбоо барих хүнгүй байсан болохоор шууд хагалгаанд оруулсан, одоо амьдрах боломжгүй гэж хэлсэн. ...Цагдаагийн газраас гараад эмнэлгийн дуудлагаар очсон сувилагчаар М  ахын байсан газрыг заалгуулж очсон. Тэр газар нь Оюу өгөөж нэртэй дэлгүүр байсныг дэлгүүрийн камерыг цагдаагийн хамтаар шүүж үзэхээр очсон.Тэр дэлгүүрийн камерыг шүүж үзэхэд энэ 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 30 минутын үед М  ах дэлгүүрийн арын гудамжаар гарч ирээд дэлгүүрийн урд талын саад гэх юм уу төмрийн хажууд хэсэгт шууд налаад унаснаа гар хөл нь татагнаж байснаа хөдөлгөөнгүй болсон, тэр газартаа хоноод өглөө нь дэлгүүрийн эгч 09 цагийн үед дэлгүүрээ онгойлгоход ахыг унасан байсныг хараад цагдаа, эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн байсан. Тэгээд эмнэлэг ирж аваад явсны дараа нь цагдаа очсон гэж хэлсэн. Нээрээ дэлгүүрийн эгч цагдаа дуудаад сууж байхад Э  гаднаас дэлгүүрт нь орж ирээд энэ хүн үхчихсэн юм уу, эмнэлэг дуудсан юм уу гэж хэлээд гарсан гэсэн. Тэр дэлгүүрийн камерт Э  ахын хажууд очоод хөл рүү нь өшиглөж үзээд байсан бичлэг байсан...” гэх мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 98-99-р хуудас),

7.Гэрч П.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өглөө босоод Лхагваагийн хоносон айлыг заалгахаар явж байхад дэлгүүрийн үүдэнд М  дээшээ харсан байдалтай хэвтэж байхаар нь би очоогүй, холуур л өнгөрсөн.

Хонь Гах очоод таягаараа босоорой, босоорой яанаа хөлдчихсөн юм биш байгаа гэж хэлэхэд хөдлөхгүй байсан. ...М ын унасан дэлгүүрийн хойд гудамжаар ороод 7-8 дахь хаалганд Лхагваагийн хоносон айлд ороод М  дэлгүүрийн үүдэнд унасан байна гэж хэлэхэд эхнэр нь “бүжгэнд орно, ганц шил архи олоод ирье гээд гарсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 101-102-р хуудас),

8.Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед сахиур хийж байхдаа зодсон залуутай нь уулзая гээд дуудуулахад Шинэцогтын банди гээд 18 настай, шивээстэй залуу нь болохоор цохиж авснаа бол хэлж байсан. Би тэр хүүхдээс та нар яг болсон явдлаа хэл гэж хэлэхэд маргалдаад, зодолдоод цаашаа Сондор дэлгүүр ороод буцаад ирэхэд уначихсан байсан, хөөе ахаа босооч гээд алгадсан чинь босоод ирсэн гэж хэлэхээр нь та нар эмнэлэг, цагдаад мэдэгдэхгүй хаяад явчихдаа яахав дээ л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 101-102-р хуудас),

9.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, (1 дүгээр хавтаст хэргийн 8-р хуудас),

10.Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүд болоод гэрэл зургийн үзүүлэлт, (1 дүгээр хавтаст хэргийн 11-20-р хуудас),

11.Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (1 дүгээр хавтаст хэргийн 37-39-р хуудас),

12.Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (1 дүгээр хавтаст хэргийн 49-56-р хуудас),

13.Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (1 дүгээр хавтаст хэргийн 56-64-р хуудас),

14.Насанд хүрээгүй гэрч Ш.С-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (1 дүгээр хавтаст хэргийн 75-79-р хуудас),

15.Насанд хүрээгүй гэрч Б.Э-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (1 дүгээр хавтаст хэргийн 87-89-р хуудас),

16.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 141-142-р хуудас),

17.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай “...Б.М-ын биед баруун дух, зүүн зулай ясанд хугарал, баруун дух, зулайн хатуу хальс дээрх цусан хураа, зүүн зулай чамархайн аалзан хальс доорх цус хуралт, тархины хаван, хамар ясны хугарал таславчийн мурийлт, дух, баруун хацар, зүүн чих, хоёр гарын хуруунд зулгаралт, зүүн тохой, баруун өвдөгт цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

Б.М ын биед үүссэн гавал тархины гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтох журмын 4.1.2, 4 1 3-т зааснаар хохирлын хүнд зэрэг, бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, (1 дүгээр хавтаст хэргийн 122-123-р хуудас),

18.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 130 дугаартай "...Б.М-ын биед хугацаа алдалгүй түргэн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж багатай, тухайн хүний биеийн нөхцөл байдал эмчилгээ үйлчилгээний чанараас хамаарна. Энэ нь тархины цусан хураа, голтын шинжилт ховдлын нарийсал, тархины хаван, тархины дарагдал зэргээр батлагдаж байна...” гэх дүгнэлт, (1 дүгээр хавтаст хэргийн 158-159-р хуудас),

19.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчдийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 424 дугаартай “...П-ийн Ж ...................../-ын сэтгэцэд гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт, (1 дүгээр хавтаст хэргийн 165-167-р хуудас),

20.Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 2025 оны  1 дүгээр сарын 6-ны өдрийн 10 дугаартай “...Ш.Г  хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт, (1 дүгээр хавтаст хэргийн 188-191-р хуудас 188-191),

21.Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 320-р хуудас), Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт ( 1 дүгээр хавтаст хэргийн 218-р хуудас), Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас ( 2 дугаар хавтаст хэргийн 14-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч Ш.Г  нь 2024 оны 12 дугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 15 дугаар гудамжинд Б.М тай “таксигаар үйлчлүүлээд мөнгө бүрэн өгсөнгүй гэх шалтгаанаар” маргалдан, толгой хэсэг рүү нь цохиж, биед нь баруун дух, зүүн зулай ясанд хугарал, баруун дух, зулайн хатуу хальс дээрх цусан хураа, зүүн зулай чамархайн аалзан хальс доорх цус хуралт, тархины хаван, хамар ясны хугарал таславчийн мурийлт, дух, баруун хацар, зүүн чих, хоёр гарын хуруунд зулгаралт, зүүн тохой, баруун өвдөгт цус хуралт бүхий гэмтлүүд учруулж, хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал, дүгнэлтийг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч  нараас  шүүгдэгч Ш.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Б  хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн өшиглөлтөөс болсон гэдгийг улсын яллагч хангалттай ярьлаа. Хохирогч талаас 4,000,00 төгрөг нэхэж байгаа. Иймд гэм буруутайд тооцож өгнө үү гэх санал, оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Ш.Г ыг бусдын ам насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэх дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Ш.Г  нь 2024 оны 12 дугаар сарын 5-6-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 15 дугаар гудамжинд Б.М тай “таксигаар үйлчлүүлээд мөнгө бүрэн өгсөнгүй гэх шалтгаанаар” маргалдан, толгой хэсэг рүү нь цохиж, биед нь баруун дух, зүүн зулай ясанд хугарал, баруун дух, зулайн хатуу хальс дээрх цусан хураа, зүүн зулай чамархайн аалзан хальс доорх цус хуралт, тархины хаван, хамар ясны хугарал таславчийн мурийлт, дух, баруун хацар, зүүн чих, хоёр гарын хуруунд зулгаралт, зүүн тохой, баруун өвдөгт цус хуралт бүхий гэмтлүүд учруулж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ш.Г ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ж ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 67-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл), насанд хүрээгүй гэрч Ш.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 69, 73-74-р хуудас), насанд хүрээгүй гэрч Б.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 81-82, 85-86-р хуудас), гэрч Ж.Э-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 92-94-р хуудас), гэрч Б.О ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 98-99-р хуудас), гэрч П.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 101-102-р хуудас), гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 101-102-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, (1 дүгээр хавтаст хэргийн 8-р хуудас), хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүд болоод гэрэл зургийн үзүүлэлт, (1 дүгээр хавтаст хэргийн 11-20-р хуудас), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (1 дүгээр хавтаст хэргийн 37-39-р хуудас), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (1 дүгээр хавтаст хэргийн 49-56-р хуудас), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (1 дүгээр хавтаст хэргийн 56-64-р хуудас), насанд хүрээгүй гэрч Ш.С-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (1 дүгээр хавтаст хэргийн 75-79-р хуудас), насанд хүрээгүй гэрч Б.Э ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (1 дүгээр хавтаст хэргийн 87-89-р хуудас), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 141-142-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт, (1 дүгээр хавтаст хэргийн 122-123-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 130 дугаартай дүгнэлт, (1 дүгээр хавтаст хэргийн 158-159-р хуудас), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчдийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 424 дугаартай дүгнэлт, (1 дүгээр хавтаст хэргийн 165-167-р хуудас), Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 2025 оны  1 дүгээр сарын 6-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт, (1 дүгээр хавтаст хэргийн 188-191-р хуудас 188-191) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх  дээр дурдагдсан нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгон үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Хоёр. Эрх зүйн дүгнэлт.

Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг 1948 оны НҮБ-ын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт-ын зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй” гэж тус тус тунхаглаж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

Улмаар эрүүгийн эрх зүйн онол, жишиг ойлголтод хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг буюу хохирогч нас барснаар энэ гэмт хэрэг төгссөнд тооцдог.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нь амь хохирогчийн биед халдсан үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд үйлдэл хохирол шууд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй ба гэм буруутай этгээдийн үйлдэл нь хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой байдаг нь “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинж болдог.

Шүүгдэгч Ш.Г   нь амь хохирогчийг “таксины мөнгө өгөөгүй” гэх шалтгаанаар хавсарч унаган, нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөсний улмаас тархины хүнд гэмтэл авч, уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч Ш.Г  нь амь хохирогчийг хавсарч унагасан, нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөсөн үйлдэл, уг үйлдлийн улмаас амь хохирогч нас барсан үйл баримттай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хохирогчийн бие махбодид хүнд буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл учруулж уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан нь “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг агуулдаг. Хохирогч Б.М ын тархиндаа авсан хүнд гэмтэл нь бусад гадны нөлөө, өвчин эмгэгээс шалтгаалахгүйгээр дангаараа хүндэрч амь насаа алдсан болох нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Ш.Г  нь амь хохирогчийн бие махбодод халдаж, хавсарч унаган, нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөсний улмаас үхэлд хүргэх гэмтэл учирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой ба тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг шууд санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаврын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл болсон.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Иргэдийн төлөөлөгч Д.Гантөгсийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн болохыг тэмдэглэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:

Шүүгдэгч Ш.Г ын гэм буруутай үйлдлийн улмаас Б.М ын амь нас хохирч хүнд хор уршиг учирчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас,  эрүүл мэнд, бусад  эрх, эрх  чөлөө, эд  хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн  хүн, хуулийн  этгээдийг  хохирогч  гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ...тохиолдолд түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно...” гэж тус тус хуульчилсан бөгөөд мөрдөн  шалгах  ажиллагааны явцад  амь  хохирогч   Б.М ын төрсөн ээж П.Ж ыг амь хохирогчийн хууль ёсны  төлөөлөгчөөр  тогтоосон  нь  хуульд нийцнэ.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 424 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...П-ийн Ж  ...................../-ын сэтгэцэд гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэсэн дүгнэлтийг  гаргажээ.

Иймээс Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу нөхөн төлбөрийг тооцон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.

Шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан, шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас амь хохирогчийн  хууль  ёсны  төлөөлөгчид учирсан хор уршиг гуравдугаар зэрэглэлд үнэлэгдсэнг, шүүгдэгч Ш.Г ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хүнд ангилалд хамаарч байгааг тус тус харгалзан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож амь хохирогчийн  хууль  ёсны  төлөөлөгч П.Ж т  олгохоор шийдвэрлэв.

2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгөөр тогтоосон. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22,99 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 15.173.400  төгрөг болж байна. / 660.000*22,99=15,173,400/.

Шүүгдэгч болон түүний ар гэрээс мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд нийт 21,512,000 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ж т төлсөн нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбараар тогтоогдож, шүүгдэгч тал амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид баримтгүй төлсөн 21,512,000 төгрөгнөөс гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын шүүхээс тогтоосон хэмжээ болох 15,173,400 төгрөгийг хасаж тооцуулна гэх мэдүүлэг, тайлбар өгсөн тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ж т  шүүгдэгч талаас төлсөн гэх 21,512,000 төгрөгнөөс хасаж тооцохоор тогтов.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 4,000,000 төгрөгийг шүүгдэгч талаас нэхэмжилнэ хэмээн мэдүүлж байх боловч юунд зарцуулсан зардал болох нь тодорхойгүй, холбогдох нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй тул нэхэмжилж буй 4,000,000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Г-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 Гурав.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ш.Г  нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    Шүүгдэгч Ш.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Ш.Г ын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тухайн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Б  эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн харицлага хүлээлгэхэд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх ёстой. Эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой байхад үзүүлээгүй. Шүүгдэгч нь хамт явж байсан нөгөө 2-оо бодвол насанд хүрсэн байсан тул  боль согтуу хүнээс юу нэхээд байгаа юм бэ гэсэн бол ийм хэрэг гарахгүй байсан. Гэтэл нэмж өшиглөсөн байдаг...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: 

“...Улсын яллагчийн яллах дүгнэлтийн зүйлчлэл дээр миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар огт маргаагүй. Тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол бүрэн төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг хэрэглэх боломжтой байна. Учир нь  Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 8-15 жилийн хорих ялтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил,  эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан. Иймд 8-15 жилийн хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүй гэхээр 5 жил 4 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэсэн хуулийн шаардлагыг миний үйллчлүүлэгч хангаж, гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 6 сартай байсан. Өөрөөр хэлбэл 19 настай буюу 21 нас хүрээгүй нь нотлогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8.5.1 дэх хэсгийг журамлан 2 жил 7 сарын хорих ял оногдуулах боломжтой. Иймээс миний үйлчлүүлэгчид ял шийтгэл оногдуулахдаа дээрх байдлуудлыг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна...” гэв.

1 дүгээр хавтаст хэргийн 218 дугаар талд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, 1 дүгээр хавтаст хэргийн 320 дугаар талд иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, 2 дугаар хавтаст хэргийн 14 дүгээр талд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ш.Г  нь ам бүл 9, аав, ээж, ах, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 41 дүгээр гудамж, 7 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг хувийн байдал тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ш.Г од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

      Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэгийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх” тухай санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь

       Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах учиртай.

Шүүгдэгч Г.Г  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч түүний гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирсан гэм буруу, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хүнд ангилалд хамаарч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1  хэсэгт зааснаар 8 жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, шүүгдэгчийн хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

       Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж явсан хаана үйлдвэрлэсэн болон өмсгөлийн хэмжээ тодорхойгүй хар хөх өнгийн даавуун материалтай урт ханцуйтай куртик 1 ширхэг, хар өнгийн даавуун материалтай урт ханцуйтай 2 ханцуй хэсэгтээ цагаан өнгийн даавуун оруулга бүхий судалтай цамц 1 ширхэг, усан цэнхэр өнгийн даавуун материалтай богино ханцуйтай цамц 1ширхэг, саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, эрээн өнгийн эрэгтэй хүний дотоож 1 ширхэг, саарал өнгийн даавуун материалтай 1 хос оймс, хар өнгийн хагас түрүүтэй арьсан материалтай 1 хос гутал, бага зэрэг элэгдсэн шар өнгийн арьсан материалтай тимберланд гэсэн бичиглэлтэй 1 хос гутал зэргийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон 

ТОГТООХ нь:

   1.Шүүгдэгч  Ш  овогт Ш-ын Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-ын Г ыг 8 (найм)  жилийн   хугацаагаар  хорих  ялаар шийтгэсүгэй.

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-ын Г-дод оногдуулсан 8 (найм)  жилийн хугацаагаар  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ж-ын нэхэмжилсэн 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж явсан хаана үйлдвэрлэсэн болон өмсгөлийн хэмжээ тодорхойгүй хар хөх өнгийн даавуун материалтай урт ханцуйтай куртик 1 ширхэг, хар өнгийн даавуун материалтай урт ханцуйтай 2 ханцуй хэсэгтээ цагаан өнгийн даавуун оруулга бүхий судалтай цамц 1 ширхэг, усан цэнхэр өнгийн даавуун материалтай богино ханцуйтай цамц 1ширхэг, саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, эрээн өнгийн эрэгтэй хүний дотоож 1 ширхэг, саарал өнгийн даавуун материалтай 1 хос оймс, хар өнгийн хагас түрүүтэй арьсан материалтай 1 хос гутал, бага зэрэг элэгдсэн шар өнгийн арьсан материалтай тэмберланд гэсэн бичиглэлтэй 1 хос гутал зэргийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ДАВААХҮҮ

 

                                              ШҮҮГЧИД                      С.ОЮУНЖАРГАЛ

 

                                                                                                    Б.УУГАНБАЯР