Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2023/00917

 

 

 

 

 

 

 

2023 02 15

101/ШШ2023/00917

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч З.Баярмаа, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  М -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Г,

Хариуцагч: Б.Б нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 3,958,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.М,

Хариуцагч Б.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Ж.Г-ын өмгөөлөгч Э.Н,

Иргэдийн төлөөлөгч Г.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие М.М 2022 оны 6 дугаар сарын 13-нд Ж ХХК-ийн нэр дээр байсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй 14 дүгээр хорооллын 103 дугаар байрны 128 тоот гурван өрөө байрыг худалдаж авсан. Иргэн Ж.Г, Б.Б нар нь тус компаниа төлөөлж надад худалдсан. Тус байр нь миний охин М.Б, хүргэн П.Л нарынх бөгөөд одоогоор БНСУ-д амьдарч байгаа учир эцэг М.М миний нэр дээр авсан юм. 6 дугаар сарын 13-нд тус байрыг худалдаж аваад байр хариуцсан СӨХ болон конторт нэг хэсэгтээ эзэнгүй байгаа гэдгээ мэдэгдэж, зохих арга хэмжээг авч, халуун хүйтэн усны крантыг нь хааж мөн цахилгаанаа гал хамгаалагчаар унтрааж, цоожилж үлдээсэн юм. Гэтэл 2022 оны 7 сарын 10-нд гэнэт ус алдаж, авсан байрны паркетан шал, обой зэргийг нь норгож ашиглах боломжгүй болгосон. Үүгээр ч зогсохгүй доод давхаруудад байрлах 14 ба 13 давхарын хоёр айлын тааз обой зарим тавилгуудыг нь норгож гэмтээсэн юм. Ингээд тус байрыг хариуцан ажилладаг Түмэн наяд ХХК-ийн сан техникийн мэргэжлийн ажилтанг дуудан ирүүлж, ус алдсан шалтгааныг тодруулахад: Банны өрөөний крант буюу холигч эвдэрч ус алдсан болохыг нь тогтоож акт гаргаж өгсөн. Ингээд Г болон Б нараас уг гарсан хохирлыг нэхэх болсон шалтгаан нь:

1. Байрыг анх авах гээд очиж үзэхэд байсан банны өрөөний холигч буюу крантыг нь намайг мөнгөө шилжүүлээд гэрээгээ хийгээд түлхүүрээ хүлээж авах гээд очиход өөрчилж сольсон байсан. Энэ холигчийг яагаад сольсон юм бэ гэж асуухад Б.Бы эхнэр (надад түлхүүр гардуулж өгсөн хүн) тухайн үед үг дуугараагүй өнгөрсөн юм.

2. Халуун хүйтэн усыг хаадаг крант нь өөр айлын дугаартайг надад хэлээгүй. Хаалт нь коридортоо байрладаг ба айл айлаар нь ноймертой байдаг юм бн лээ. Би хаахдаа өөрийнхөө дугаараар хаагаад явсан. Бых тус байранд жил гаран амьдарсан болохоор крант нь ямар тоон дээр байсныг мэдсээр байж надад хэлээгүй зэрэг шалтгаанаас мөн Гөөрийнхөө данс руу байрны мөнгө болох 152,000,000 төгрөгийг шилжүүлүүлж авсан учраас энэ 2 хүнээс нэхэмжилж байгаа болно. Ийнхүү өөрийнх нь душ буюу холигчийг сольж авч явж, оронд нь өөр холигч буюу душ сольж хийснээс үүдэн ус алдаж, үүнээс болж миний бие олон хохирол амсаад байна. Анх байсан душ буюу холигчны зураг түлхүүрээ авах үед солигдсон душны зургийг баримтжуулж дарсан бөгөөд баримтаар хавсаргасан болно.

Б, Гнар өөрийн буруугаа хүлээж харилцан тохиролцсон боловч өнөөг хүртэл тохиролцоондоо хүрээгүй удаж намайг маш их хохироосон. Ус орсон доод 2 айл хохирол барагдуулахыг надаас шаардсан учир миний бие мэргэжлийн хүмүүс хөлсөлж байранд нь засвар хийж өгч, хохиролгүй болгосон. Мөн худалдаж авсан байр маань өдөр өдрөөр хөгзөрч үнэр орон аргагүйн эрхэнд мэргэжлийн засварчидийг хөлслөн байраа засварлуулсан. Ийнхүү доод 2 айлын хохирол, манай байрны хохирол, би өөрөө ажил орлогоо алдаж энэ удаан хугацаанд байрны асуудлаас болж хөөцөлдсөн цаг хугацаа зэрэг маш их хохирол амсаад байна. Миний бие UB cab компанид таксинд явж амьдралаа залгуулдаг юм. Гэтэл багаар бодоход 20-25 хоног алдаж мөн л их хохирсон. Гэсэн хэдий ч зөвхөн материалын үнэ, хүнээр хийлгэсэн ажлын хөлс болох 3,958,000 төгрөгийг л нэхэмжилж байна. Тус мөнгөний задаргаа:

Баримт 1. 1,193,500 төгрөг (паркетан шал) 2. 375,000 төгрөг (грунт, зөөлөвч, обой), 3. 190,500 төгрөг (эмульс, ам дарагч, багс шпатал гэх мэт), 4. 70,000 төгрөг (банны холигч), 5. 45,000 төгрөг (тээврийн зардал), 6. 600,000 төгрөг (300,000-аар хоёр удаагийн дансны хуулга байгаа болно) -Доод хоёр айлын засвар хийсэн ажлын хөлс, 7. 600,000 төгрөг (230,000 болон 80,000-ыг дансаар 290,000 төгрөг бэлнээр өгөв. Энэ нь обой наалгасан хүний ажлын хөлс), 8. 384,000 төгрөг (паркетан шал шахуулсан хүний ажлын хөлс. Үүнийг дансаар 200,000 төгрөг бэлнээр 184,000 төгрөг өгөв.), 9. 500,000 төгрөг (14 дүгээр давхрын айлын тавилганы засварт өгсөн үнэ). гэв.

 

2. Хариуцагч Б.Б, Ж.Гнар шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн М овогтой М нь 2022 оны 06 сарын 13-ны өдөр Баянзүрх Апартментын Б байрны 15 давхрын 128 тоот /66,19м2/ 3 өрөө байрыг Баянзүрх дүүргийн үл хөдлөх дээр нэрээ бүрэн шилжүүлж авсан болно. Тус байранд 2022 оны 7 сарын 11-ний өглөө 11 цаг 20 минутад ус алдаад байна гэж СӨХ-ны жижүүр залгасан. 128 тоотыг худалдаж авсан иргэн дугаараа СӨХ-дөө үлдээгээгүй байсан. Хол газар явсан бол усаа хаагаад явах байсан болно. Байрыг худалдаж авснаас сарын дараа ус алдах манайд ямар ч хамаагүй болно. Ийм учраас иргэн М овогтой М-ын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн иргэн байрыг худалдаж авснаас хойш хариуцаж буй СӨХ болон Контортоо утасны дугаараа үлдээж явах ёстой байсан. 2022 оны 08 сарын 08-нд Мажиг овогтой М нь ирж уулзаад 13, 14 давхрын харалдаа айлуудад жижиг засварын ажлыг өөрөө хийж гүйцэтгэнэ гэсэн болно. Мажиг овогтой Мын засвар хийсэн материал болон ажлын хөлс нь тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс өндөр байна. Баримт гарсан мөнгө нь и-баримт буюу НӨАТ-гүй байсан, өөрийнх нь бүрдүүлсэн материалыг үндэслэлгүй гэж үзэж байна. гэв.

 

3. Нэхэмжлэгч нь хавтаст хэргийн 5-25 дугаар талд авагдсан баримтуудыг нэхэмжлэлд хавсарган өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 42, 60-64 дүгээр талд авагдсан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Б.Б, Ж.Гнарт холбогдуулан гэм хорын хохиролд 3,958,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

3. Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 хороолол /13330/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 103/1 байр 128 тоот, 66.19 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204123783 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч Ж ХХК-иас худалдан авагч М.Мад худалдаж, орон сууц М.Мын өмчлөлд шилжсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

4. Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ байр анх үзэж байхад байсан угаалгын өрөөний холигч байр авсны дараа солигдсон байсан, уг холигчийг сольсны улмаас ус алдсан нь хариуцагч нарын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж тайлбарлаж,

Хариуцагч нар нь орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн, 1 сарын дараа ус алдсан, нэхэмжлэгч өөрөө эд хөрөнгөө хайхрамжгүй орхиод явсан тул хариуцагч нар хариуцах үндэслэлгүй гэж маргажээ.

5. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар бүрдүүлж өгсөн, хавтаст хэргийн 10-р талд авагдсан Түмэн наяд хайрхан ХХК-ийн гүйцэтгэх захирлын баталсан 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Техникийн комиссийн акт №15 баримтад, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 103б байр 128 тоотын айлын банны холигчоос ус алдсан болохыг тодорхойлж, хохирлын хэмжээ зардлыг үнэлгээний компаниар үнэлүүлж, хохирлоо даатгалын компанид хандаж шийдвэрлүүлэх гэж акт тогтоосон байна. Мөн уг баримтын арын хуудсанд гараар бичсэн бичвэрт Ж ХХК 128 тоот хийгдэх ажил 1.Паркет солих шинэ болгох-2 өрөө, 2. Обой засвар шинэ болгох, 3. Нойлын тааз янзлах, 4. Холигч солих Ерөнхий инженер Б 2022 оны 08 сарын 08-нд, доод 2 айл буюу 14 давхар 13 давхрыг би өөрөө хариуцна гээд Мөнх... гэх таталсан гарын үсэг зурсан байна.

Мөн нэхэмжлэгч нь ус алдсаны улмаас өөрийн байранд болон доод 2 айлын байранд засвар хийсэн, паркетан шал сольсон, банны өрөөний холигч сольсон гэх зарлагын баримтууд, засварын ажилтай холбоотой мөнгө шилжүүлсэн гэх дансны хуулга, ус алдсан гэх банны өрөөний зураг, паркетан шал сольж байгаа гэх зураг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн ба дээр дурьдсан Техникийн комиссийн акт №15 баримтаар хариуцагч нарын сольсон банны өрөөний холигчоос ус алдсан нь тогтоогдсон тул хариуцагч нар хохирлыг төлөх үндэслэлтэй гэж мэтгэлцэж байна.

6. Эдгээр баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн худалдан авсан байрны банны өрөөний холигчоос ус алдсан үйл баримт тогтоогдсон боловч ус алдсаны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч нар төлөх үүрэгтэй эсэх нь маргаантай юм.

7. Өмнө дурьдсанчлан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч уг байрны өмчлөгч болсон ба орон сууцаа өөрийн өмчлөл, эзэмшилдээ шилжүүлэн авсанаас хойш 1 сар орчим хугацааны дараа ус алдсан байна.

8. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаж байна уу, эсхүл хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол гаргуулахаар шаардаж байгаа эсхийг тодруулахад байрыг анх авах гээд очиж үзэхэд банны өрөөний холигч буюу карантыг нь намайг мөнгө шилжүүлээд гэрээгээ хийгээд түлхүүрээ хүлээж авах гээд очиход өөрчилж сольсон байсан. Энэ холигчийг яагаад сольсон юм бэ гэж асуухад Б.Бы эхнэр (надад түлхүүр гардуулж өгсөн хүн) тухайн үед үг дуугараагүй өнгөрсөн юм. Халуун хүйтэн усыг хаадаг крант нь өөр айлын дугаартайг надад хэлээгүй. Хаалт нь коридортоо байрладаг ба айл айлаар нь ноймертой байдаг юм бн лээ. Би хаахдаа өөрийнхөө дугаараар хаагаад явсан. Бых тус байранд жил гаран амьдарсан болохоор крант нь ямар тоон дээр байсныг мэдсээр байж надад хэлээгүй зэрэг шалтгаанаар мөн Гөөрийнхөө данс руу байрны мөнгө болох 152,000,000 төгрөгийг шилжүүлүүлж авсан учраас энэ 2 хүнээс нэхэмжилж байна... гэснээс үзэхэд худалдах-худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой хохирол бус хариуцагч нарын холигч сольсон гэх үйлдэлтэй холбоотой гэм хорын хохирол нэхэмжилж байна гэж дүгнэлээ.

9. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн бүрдүүлсэн нотлох баримт хангалтгүй тул дахин бүрдүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан ба шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

10. Учир нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч нарын хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 247 дугаар зүйлийн 247.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцыг худалдагчаас худалдан авагчид шилжүүлсэн бол тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжих ба нэхэмжлэгч энэ маргааны тухайд гэрээний байгуулсан хуулийн этгээдэд холбогдуулан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаагүй, хариуцагч Б банны өрөөний холигч сольсны улмаас ус алдаж өөрт нь хохирол учирсан, Гд мөнгө шилжүүлсэн тул хариуцагчаар татсан гэж тайлбарлаж байгаа боловч банны өрөөний холигчоос ус алдсан нь хариуцагч Б.Б, Ж.Гнарын үйлдэлтэй хамааралтай гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагч нараас хүлээн авч өөрийн өмчлөл, эзэмшилдээ авсан ба өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ус, цахилгаан зэрэг гэнэтийн аюулаас хамгаалах нь өмчлөгчийн үүрэгт хамаарах асуудал юм.

Мөн нэхэмжлэгч нь орон сууцыг өмчлөл, эзэмшилдээ авснаас хойших цаг хугацаанд хариуцагч нар нэхэмжлэгчийн орон сууцанд нэвтрэн орж банны өрөөний холигчийг сольсон, эсхүл нэхэмжлэгчийн шаардсанаар болон өөр бусад шалтгаанаар холигчийг сольсон гэх үйл баримт тогтоогдоогүй, мөн холигчийг орон сууц худалдахаас өмнө сольсон байсан нь түүний эвдрэлийг хариуцах үндэслэл болохгүй гэж үзлээ. Нэхэмжлэгч банны өрөөний холигч сольсон байсан гэж үзэж байгаа бол орон сууцыг өмчлөл, эзэмшилдээ шилжүүлэн авах үедээ түүний бүрэн бүтэн байдлыг шалгах боломжтой байсан гэж үзнэ.

11. Цаашлаад нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлын хэмжээг Техникийн комиссийн акт №15 баримтад зааснаар эрх бүхий үнэлгээний байгууллагаар үнэлүүлээгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан, ийнхүү үнэлүүлэх шаардлагагүй гэж тайлбарлаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнтэй холбоотой баримтаа өөрөө цуглуулах, гаргаж өгөх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 38.6-д зааснаар шүүхэд хүсэлт гаргаагүй болно.

12. Иймд шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан үндэслэл үүсээгүй тул хариуцагч Ж.Г, Б.Б нарт холбогдох гэм хорын хохирол 3,958,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 78,278 төгрөгийг улсын орлогод үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай нийцнэ гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Б.Б, Ж.Гнараас гэм хорын хохиролд 3,958,000 /гурван сая есөн зуун тавин найман мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,278 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

ШҮҮГЧИД З.БАЯРМАА

 

Д.ЯНЖИНДУЛАМ