| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/ШШ2022/00443 |
| Дугаар | 151/ШШ2021/01286 |
| Огноо | 2022-11-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 151/ШШ2021/01286
2022 11 30 151/ШШ2022/01286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, Ерөнхий шүүгч Д.Алтантуул, шүүгч Д.Отгончулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .......... аймгийн ....... сумын .....-р багт оршин суух, ....... овогт М.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .......... аймгийн ....... сумын .....-р багт оршин суух ......... овогт Д.Э-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 14,699,713 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: М.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Энхтуяа,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Энхтөгс,
Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Батжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхцэцэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
Мөн .. аймгийн ..... суманд ажлаасаа гадуур өөрийн хүү Б.Б-тэй мал аж ахуй эрхэлж, гахай малладаг байсан. Гахай маллаж байх хугацаандаа зоогийн газруудаар явж махыг зарж ашгаараа дахин гахай авч эргэлдүүлдэг байсан. Нэг сард цэвэр ашиг 2,800,000 төгрөгийн ашиг олдог байсан. 1,2,3 дугаар саруудын хугацаанд нийт 8,400,000 төгрөгийн ашигтай байх байсан. Энэ явдлаас хойш ажлаа хийж, мал аж ахуйгаа эрхэлж явж чадахаа байсан. Хөдөлмөрийн чадвараа алдаж 5 юмуу 6 дугаар сард дахин хагалгаанд орохоор болсон. Энэ дээрх хугацаанд гарсан 9,635,356 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч М.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шаардлагын хэмжээг ихэсгэж, тодруулан 14,699,713 төгрөгийг Д.Э-өөс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: “Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Д.Э-д шалтгаангүйгээр зодуулж зүүн хөлөн дээрээ дэвсүүлж 2 гараараа мушгин эргүүлж хугалсны улмаас хүнд бэртэл авч өнөөдрийг хүртэл эдгэхгүйгээр гэмтэл авсан. Энэ хугацаанд би 2 удаа мэс заслын хүнд хагалгаанд орсон. Тухайн үедээ эмч нар надад хүнд гэмтэл 2-3 удаа хагалгаанд орно ясны дунд металл суулгах шаардлагатай, төлбөртэй хагалгаа хийгдэнэ гэсэн. Ингээд би тэр үед нь Энхтөр рүү залгахад утсаа ерөөсөө авахгүй, арай гэж холбогдоод энэ байдлаа хэлэхэд хагалгааны зардалд 510,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын төлбөрт 100,000 төгрөг нийт 610,000 төгрөг надад өгсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл надтай огт яриагүй нэг л удаа ярихдаа согтуу ярьж занал хийлж ална, гүйцээх байсан юм гэж ярьсан. Намайг 2 удаа Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн хагалгаа хийлгэж эмчлүүлж байхад миний биеийг нэг удаа ч асууж, эргэж байгаагүй. Би Төв аймаг дээр таниж мэдэх хүн, айл байхгүй учир Улаанбаатар хотоос эм тариа, хоол цайгаа эргэлтээр нэг өнжөөд төрсөн дүү М.Болор өөрийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөлгөдөг байсан. Би Төв аймгийн эмнэлгээс гараад охиноо бараадаж, эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэхээр болж Төв аймгаас Дархан-Уул аймаг-Лүн сум-Дархан руу буцаж ирсэн. Дарханд гэр хороололд эмчилгээ хийлгэхэд хүндрэлтэй байсан учир дулаан байр түрээслэн суухаар болсон, эмнэлэг, гэр хоёрын хооронд өдөр болгон хөлдөө цэвэрлэгээ боолт хийлгэхээр машин хөлсөлж явсан. Дархан-Уул, Төв аймгийн хооронд цагдаагийн газар ирж хохирогчоор мэдүүлэг өгөх, мөн хэрэг танилцахаар, эмчид үзүүлэхээр ирж буцахдаа Д.Х-ын .... дугаарын приус 30 автомашиныг хөлсөлж бензин хийж явдаг байсан. Мөн Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж, группэд орохын тулд 3 удаа ирж очиж явсан бензин хөлсний зардал гээд хаашаа ч явсан хөлөөрөө чөлөөтэй явж чадахгүй болсон учир тээврийн хэрэгсэл хөлсөлж, бензин хийж явдаг байсан. Энэ үед хүүхдүүд, хамаатан садан, найз нөхөд тусладаг байсан. Миний бие эрүүл саруул байхдаа ямар ч төрлийн ажил хийж хажуугаар нь гахай маллаж цалин мөнгөөр тасардаггүй байсан. Аргалант суманд газар тариалангийн ажил эрхэлдэг “Хос бэрс” ХХК-д сарын 1,200,000 төгрөгөөр цалинжин сайн ажилладаг байсан. Хөлдөө гэмтэл аваад, суга таягтай хөдөлмөрийн чадваргүй болж өнөөдрийг хүртэл 8 сарын цалингаараа хохироод байна.
Би ажлаасаа гадуур Лүн суманд өөрийн төрсөн хүү Б-ийн хамт гахай малладаг байсан. Гахай маллаж байх хугацаандаа ойр орчмын зоогийн газруудаар явж гахайн махаа борлуулж түүнээс гарсан ашгаараа дахин гахай худалдан авч эргэлдүүлдэг байсан юм. Үүний үр дүнд сардаа цэвэр ашиг нь 2,800,000 төгрөгийн ашиг олдог байсан юм. Хөл гэмтсэнээс хойш ажил төрлөө хийж, мал аж ахуйгаа эрхэлж чадахаа больж би маш их сэтгэл санааны дарамттай явдаг болсон. Надад мөнгө өгөх хүн байхгүй болсон. Би нилээд өр ширтэй. Д.Э нь эхнэрийн хамт 2-лаа ажил хөдөлмөр эрхлэдэг эрүүл саруул цалин орлоготой хэрнээ надад нэг удаа ч мөнгөн тусламж үзүүлж байгаагүй. Сумандаа архи уугаад л явж байдаг. Би маш их гомдолтой байна.
Иймд: 1.Эмчилгээний зардалд нийт 2,858,216 төгрөг. Үүнд (хх-7)-д 429,730 төгрөг, (хх-9)-д 254,230 төгрөг, (хх-10)-д 134,234 төгрөг, (хх-11)-д 436,262 төгрөг, (хх-67)-д 12,320 төгрөг, (хх-68)-д 264,450 төгрөг, (хх-69)-д 84,700 төгрөг, (хх-70)-д 286,400 төгрөг, (хх-71)-д 146,900 төгрөг, (хх-72)-д 310,990 төгрөг, картанд-430,000 төгрөг, суга таяг 68,000 төгрөг.
2.Нааш цааш явсан шатахууны зардалд 1,041,497 төгрөг. Үүнд: (хх-10)-д 332,666 төгрөг, (хх-11)-д 60,024 төгрөг, (хх-67)-д 192,397 төгрөг, (хх-68)-д 15,000 төгрөг, (хх-69)-д 44,400 төгрөг, (хх-70)-д 212,010 төгрөг, 185,000 төгрөг
3.Түрээсийн төлбөрт: 1,200,000 төгрөг (хх-12)-д, ажилгүй байсан хугацааны цалинд 1,200,000x8 cap 9,600,000 төгрөг (хх-6, 66)-д, нийт 14,699,713 төгрөгийг Д.Энхтөрөөс гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн. Энэ хэрэг нь эрүүгийн журмаар шалгагдан, шийтгэх тогтоол нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гарсан. Хариуцагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Д.Э хөлийг хугалахдаа согтуурхан түлхэж унагаан хөлийг нь 2-3 удаа эргүүлээд мушгиж хугалсан. Хариуцагч нэг сард хагалгаа хийлгэхэд 500,000 төгрөг, 100,000 төгрөг эмчээр яриулж байж өгсөн. Хөлийг нь мушгиснаас болоод одоо хүртэл хөл нь эдгэрэхгүй байгаа. Эмнэлэгт очоод яаралтай тусламжийн тасагт очиход гахайнаас болоод хөл нь гэмтсэн гэх өгүүлбэр байдаг. Энэ нь бодит байдалтай нийцэхгүй. Тэр үгийг Д.Э зааж өгсөн. Энэ өгүүлбэр нь өвчтөний түүх дээр байдаг. Энэ нь нотлох баримтаар үгүйсгэгддэг. Нэхэмжлэгч 11 сарын турш хөл нь эдгэхгүй байгаа талаарх нотлох баримтаа гаргаж өгсөн. Анхны нэхэмжлэлийн шаардлагыг нь нэхэмжлэгчийн хүргэн нь бичиж өгсөн байсан. Тэр нь бодит байдалтай авцалдахгүй учраас тодруулсан. Нэхэмжлэгч ажил хийж байсан. Үнэтэй эм тариа авч хэрэглэсэн. Энгийн хүн харахад ч гэсэн өдий хэмжээний зардал гарна. Эмчилгээний зардал 2,858,216, унаа шатахууны төлбөрт 1,041,497 төгрөг, байрны түрээсийн төлбөр болох 1,200,000 төгрөг, 8 сарын хугацааны ажилгүй байсан хугацааны төлбөрт 9,600,000 төгрөг, нийт 14,699,713 төгрөгийг нэхэмжилж байна. Эм тариа авчихаад өөрсдийн хайнга байдлаасаа болоод тамга тэмдэг нь зөрүүтэй гарсан хэдий ч эм тариа авсан нь үнэн. Дархан-Уул аймагт 1,200,000 төгрөгөөр байр түрээсэлсэн. Энэ баримтыг авахад байрны хүмүүс нь уурласан. Нэхэмжлэгч 1,200,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан, хувийн компани татвар, нийгмийн даатгал төлдөггүй учир ажилгүй байсан хугацааны 8 сарын цалин зэргийг шаардаж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу хохирлыг гаргуулж өгнө үү” гэв.
2. Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Дээрх нэхэмжилж буй мөнгө нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байх бөгөөд нотлох баримт нь хэрэгт хамааралгүй байна. Дамдинжав гэх айл 7 хүүхэдтэйгээс бага хүүхэд Д.Э нь ковидын нөхцөл байдалд байнгын бэлэн байдалд байсан хүнд архи авч очиж даамжруулсан. Машин барьж архидан согтууран, уриалан дуудаж авч явсан. Хавтаст хэргийн 146 дугаар хуудаст 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагийн үед гахайн хоол тавьж өгч байхдаа хальтирч унаж бэртсэн талаарх баримт байгаа. Хариуцагчийн зүгээс бодит гарсан зардлыг ярилцаад эвлэрэх боломжтой талаар ярилцахад үндэслэлгүй их мөнгө нэхэж байгаа учир хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Гэм бурууд маргахгүй бөгөөд эмчилгээнд гарсан бодит зардал болох 1,063,098 төгрөгийг зөвшөөрч байна. Бусад цалин, бензин, түрээсийн байрны зардлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд эргэлзээгүй баримт үнэлэгдэх ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн баримт болох хавтаст хэргийн 7,8-д байгаа баримтын тамга, мэдээлэл зөрж байгаа нь эргэлзээтэй. Өөрсдөдөө ашигтай байдлыг бий болгон шүүхэд баримт гаргаж өгсөн. Тухайн үед шүүхэд баримтаа андуураад өгсөн гэж байгаа нь худлаа. Хуулийн этгээд баримтад үндэслэн татвар төлдөг учир ийм зүйл байх боломжгүй. Эмчлүүлэгчийн картанд бичсэн 430,000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэхгүй. Мөн 12 дугаар хуудасны 4, 7 дугаартай и-баримтыг балаар тодруулж бичсэн, 69 дүгээр хуудасны 2,500 төгрөг, 78,000 төгрөгийн и-баримтаар юу авсан нь тодорхойгүй, 71 дүгээр хуудасны 4 дугаартай баримт арилсан, 72 дугаар хуудасны 5 дугаартай баримтаар юу авсан нь мөн тодорхой бус учир үнэлэх боломжгүй, бусад баримтаар гарсан зардлыг хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн баримт нь бодит байдалтай нийцэхгүй байна. Түрээсийн төлбөрт нэхэмжилсэн мөнгө нь дансны хуулгатайгаа тохирохгүй, ямар хамааралтай болох нь тодорхойгүй. Түрээсийн харилцаа үүссэн бол талууд түрээсийн гэрээ хийсэн байх ёстой. Гэрээний дагуу төрд төлбөр төлөх үүрэгтэй. Тодорхойгүй баримтыг хэрэгт хавсаргасан. Нэхэмжлэгч Төв аймгийн Лүн суманд амьдардаг байж яагаад Дархан-Уул аймагт байсан нь тодорхойгүй. Ажилгүй байсан хугацааны цалинд 9,600,000 төгрөг нэхэмжилж байгааг нь зөвшөөрөхгүй. Учир нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар ажил олгогч, ажилтан хоёрын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдах ёстой. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлөгдөх ёстой. “Хос бэрс” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гаргаж өгсөн тодорхойлолтод 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа гэсэн тодорхойлолт байна. Гэтэл нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа 1999 оноос эхлэн ажилласан гэж мэдүүлж байгаа нь зөрж байна. Тухайн тодорхойлолтоор нэхэмжлэгчийг энэ компанид ажилладаг гэдгийг тодорхойлох боломжгүй. Хэрэгт авагдсан цалингийн тодорхойлолтыг зөвхөн *******өд зориулж гаргаж өгсөн юм шиг байна. Үүнд нийгмийн даатгалын шимтгэл нь 0 төгрөг байна. Эрүүгийн хэрэг хянагдаж байхад нэхэмжлэгч мэдүүлэгтээ 800,000 төгрөгөөс 1,200,000 төгрөгийн цалин авдаг гэсэн мэдүүлэг байдаг. Энэ мэт тайлбар нь зөрүүтэй байна. Гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа. Харин бодитой гарсан эмчилгээний зардлыг төлнө” гэв.
3.Иргэдийн төлөөлөгч Н.Ваня шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн шаардлага болох 14,699,713 төгрөгийг хариуцагч Д.Э-өөс гаргуулж нэхэмжлэгч М.Б-д олгох нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.
4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл (хх-1-5), нэмэгдүүлсэн шаардлага (хх-64), нэхэмжлэлийн шаардлага тодруулж өөрчлөх тухай нэхэмжлэл (хх-181-182), “Хос Бэрс” ХХК-ийн тодорхойлолт (хх-6, 66), эм тариа, шатахууны баримтууд (хх-7-11, 67-72, 183), Б.Г-ийн “Хаан банк” ХХК дахь 51130559621 тоот дансны хуулга (хх-12), нотариатын баримт (хх-11, 65), амбулаториор эмчлүүлэгсдийн карт (хх-111-117, 200), Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/78 дугаар шийтгэх тогтоол (хх-13-16), 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-29) нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх Төв аймгийн Нэгдсэн эмнэлгээс М.*******ийн хөдөлмөрийн чадвар алдалтын талаарх Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 398, 399 дугаартай албан тоот (хх-137-138), Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүх №19, №2469-ийг бүрдүүлж, хэрэгт хавсаргав. (хх-138-179)
5.Хариуцагч Д.Э-ийн хариу тайлбар (хх-26), Д.Э-д 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр зохигчийн эдлэх бүх эрхийг олгосон итгэмжлэл (хх-34), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар (хх-82, 195); 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №25 дугаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-90) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын opendata.burtgel.gov.mn сайтаас “Астила” ХХК (рд:5532728), “Идэртүшиг” ХХК (рд:4246209)-ийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээлэлд үзлэг хийж, тэмдэглэлийг хэрэгт хавсаргав (хх-129-132).
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх бүрэлдэхүүн М.Б-ийн нэхэмжлэлээс 6,145,753 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 8,553,960 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч М.Б- нь хариуцагч Д.Э-д холбогдуулан гэм хорын хохиролд 9,635,356 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэргийг хянан хэлэлцэх ажиллагааны шатанд гэм хорын хохиролд 14,699,713 төгрөгийг гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэлийн ихэсгэж тодруулсан шаардлагын хэмжээгээр хэргийг хэлэлцүүлж, хянан шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Д.Э-д шалтгаангүйгээр зодуулж зүүн хөлөн дээрээ дэвсүүлж, 2 гараараа мушгин эргүүлж хугалсны улмаас хүнд бэртэл авч өнөөдрийг хүртэл эдгэрэхгүй байна. Энэ хугацаанд би 2 удаа мэс заслын хагалгаанд орсон. Хагалгааны зардалд нийт 610,000 төгрөг надад өгсөн...
Хөлдөө гэмтэл аваад суга таягтай хөдөлмөрийн чадваргүй болж өнөөдрийг хүртэл хохироод байна... Иймд эмчилгээний зардалд 2,858,216 төгрөг, нааш цааш явсан шатахууны зардалд 1,041,497 төгрөг, түрээсийн төлбөр 1,200,000 төгрөг, ажилгүй байсан 8 capын хугацааны цалинд 9,600,000 төгрөг, нийт 14,699,713 төгрөгийг Д.Энхтөрөөс гаргуулж өгнө үү” гэв.
3.Хариуцагч Д.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөгс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд: “Нэхэмжлэгч нь эмчилгээний зардалд 2,858,216 төгрөг, шатахууны зардалд 1,041,497 төгрөг, түрээсийн төлбөрт 1,200,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 9,600,000 төгрөг, нийт 14,699,713 төгрөгийг Д.Э-өөс гаргуулахаар нэхэмжилж буй мөнгө нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байх бөгөөд нотлох баримт нь хэрэгт хамааралгүй байна. Хариуцагчийн зүгээс эмчилгээний бодит гарсан 1,063,098 төгрөгийн зардлыг ярилцаад эвлэрэх боломжтой талаар ярилцахад үндэслэлгүй их мөнгө нэхэж байгаа учир хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэм буруутай эсэхэд маргахгүй. Харин бүрдүүлж цуглуулсан баримтаар цалин хөлс, бензин шатахуун, түрээсийн байрны мөнгө төлснийг бодит зардал гэж хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
4.Шүүхээс хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.
Үйл баримтын талаар:
.... аймгийн ... сумын ...р багийн Рашаантын .... тоотод 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Д.Э-ийг бусдын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан (М.Б-ийн зүүн шаант яс, тахилзуур ясны хугарал) гэм буруутайд тооцон 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Тухайн гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч М.Б- нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 10 хоног эмнэлэгт хэвтэж, “зүүн шаант тахилзуур ясны доод 3/1 хэсгийн зөрүү бүхий далд хугарал” оношоор “хугарал далд аргаар түгжээт хадаасаар бэхлэх” мэс засал хийлгэсэн (хх-139-157); Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 8 хоног эмнэлэгт хэвтэж, “Яснаас суулгасан багажийг авах” мэс засал хийлгэсэн (хх-158-179); зүүн хөлийн шилбэ ясны хүндрэлтэй, бороололт удааширсан хугарал оношоор 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 12 сараар хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон (хх-137-138) байна.
Нэхэмжлэгч М.Б- нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн нээсэн өвчний түүх №50-д “...2021 оны 01/03-ны 21 цагийн үед гахайдаа хоол тавьж өгөх гэж байгаад хальтарч унаж гэмтсэн” гэж (хх-146), мөн эмнэлэгт 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн нээсэн өвчний түүх №2469-д “2022 оны 01 сард согтуу явганаас унаж гэмтсэн...” гэж (хх-172) тус тус тэмдэглэгдсэн байх боловч шүүх хуралдаанд зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хариуцагчийн гэм бурууд маргахгүй, хариуцагч тал бодит гарсан зардлыг төлөхөө илэрхийлсэн болно.
Хариуцагч Д.Э-ийн хууль бус, санаатай үйлдлийн улмаас нэхэмжлэгч М.Б-ийн эрүүл мэндэд хор уршиг учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой болох нь шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул шүүх дахин нотлохгүй. (хх-13-16)
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд учруулсан хохирлоо арилгуулахаар эрх зөрчсөн этгээдээс шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас эрүүл мэнд ...хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдаснаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч М.******* шаардах эрхтэй, хариуцагч Д.Э гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй байна.
М.Б- нь эрүүл мэндэд учирсан гэм хорын улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй боловч гарсан бодит хохирлын хэмжээ тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийг хангах нөхцөл бүрдэнэ.
Зохигчид гэм бурууд маргаагүй боловч хариуцагч хохирлын хэмжээг эс зөвшөөрч, гэм хорын хохирол хүлээх хариуцлагын хэмжээний асуудлаар маргаж байх учир нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.
4.1.Эмчилгээний зардалд 2,858,216 төгрөг гаргуулах тухайд:
Нэхэмжлэгч эмчилгээний зардалд хавтаст хэргийн 7-д 429,730 төгрөг, 9-д 254,230 төгрөг, 10-т 134,234 төгрөг, 11-т 436,262 төгрөг, 67-д 12,320 төгрөг, 68-д 264,450 төгрөг, 69-д 84,700 төгрөг, 70-д 286,400 төгрөг, 71-д 146,900 төгрөг, 72-т 310,990 төгрөг, хх-179-д 112,500 төгрөг, картанд-430,000 төгрөг, суга таяг 68,000 төгрөгийг зарцуулсан гэж тайлбарлан нийт 2,970,716 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлж, 2,858,216 төгрөгийг нэхэмжилсэн.
Хариуцагч тал хавтаст хэргийн 7-д 429,730 төгрөг, 9-д 254,230 төгрөг, картанд-430,000 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй, 12 дугаар хуудасны 4, 7 дугаартай 15,900 төгрөг, 5,680 төгрөг и-баримтыг балаар тодруулж бичсэн, 69 дүгээр хуудсанд авагдсан 2,500 төгрөг, 78,000 төгрөгийн и-баримтыг юу авсан нь тодорхой бус, 71 дүгээр хуудасны 4 дугаартай баримт арилсан, 72 дугаар хуудасны 5 дугаартай баримтаар юу авсан нь тодорхой бус гэж эс зөвшөөрч, бусад баримтаар гарсан зардлыг хүлээн зөвшөөрнө гэжээ.
Төлбөрийн баримт нь бараа, ажил, үйлчилгээний төлбөр, тооцоо хийгдсэнийг нотлох анхан шатны цаасан болон цахим баримт юм. Төлбөрийн баримтаар борлуулагч, худалдан авагчийн таних тэмдэг, татвар төлөгчийн дугаар, төлбөр тооцоо хийгдсэн он, сар, өдөр, бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, татварын дүнг тусгана. Төлбөрийн цахим гарын үсэг эсхүл тусгай нууцлалын QR кодоор баталгаажуулах бөгөөд Монгол Улсын стандарт MNS 6529:2015 татварын нэгдсэн системд ашиглах төлбөрийн баримтын ерөнхий шаардлагад заасан загварын дагуу бүртгэлийн машинаар хоёр хувь үйлдэгдэнэ.
Шүүх хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан 429,730 төгрөг, 9 дүгээр хуудсанд авагдсан 254,230 төгрөг, амбулаториор эмчлүүлэгсдийн картад бичигдсэн 430,000 төгрөгийн баримтууд нь төлбөр тооцооны баримтад хамаарахгүй ба хэрэгт авагдсан өөр бусад бичгийн нотлох баримтуудаар М.Б-өөс 429,730 төгрөг, 254,230 төгрөг, 430,000 төгрөгийн зардал гарсныг нотлохгүй байх тул эдгээр баримтыг үнэлэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Хариуцагчийн эс зөвшөөрсөн хавтаст хэргийн 12 дугаар хуудасны 4, 7 дугаартай и-баримтаар буюу 15,900 төгрөгөөр альфавид детский сад, 5,650 төгрөгөөр өндөг хүнс, хавтаст хэргийн 69 дүгээр хуудсанд авагдсан 2,500 төгрөгөөр үзэмтэй үрэл, 78,000 төгрөгөөр хэн, юу худалдан авсан нь тодорхойгүй байх тул эмчилгээний зардалд тооцох боломжгүй гэж үзэв.
Хавтаст хэргийн 71 дүгээр хуудасны 4 дугаартай баримтаар альбумин, дуслын систем, новамитыг нийт 283,860 төгрөгөөр худалдан авсан, 72 дугаар хуудасны 5 дугаартай баримтаар альбумин, системийг 256,990 төгрөгөөр тус тус худадан авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай гэж үзлээ.
Нэхэмжлэгч хоёр ширхэг таяг хийлгэсэн үндэслэлээр 68,000 төгрөгийг баримтгүйгээр шаардсан боловч, хариуцагч маргахгүйгээр хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд эмчилгээний зардлын баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан, эмчилгээний зардалд хамаарах, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн болон и-баримтаар нотлогдож байгаа нийт бодит зардлыг нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээгээр хязгаарлан, нийт эмчилгээний зардалд 1,744,256 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
4.2.Унаа, шатахууны зардалд 1,041,497 төгрөг гаргуулах тухайд:
Нэхэмжлэгч М.Б Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт 2 удаа хэвтэн хагалгаа хийлгэсэн, хохирогчоор мэдүүлэг өгөх, хэрэгтэй танилцах, эмчийн үзлэгт орох, групп тогтоолгох, иргэний шүүх хуралд оролцох зэрэг шалтгаанаар Төв аймаг, Лүн сум, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хот гэсэн чиглэлд ирж очих болгонд машин хөлсөлж, бензин шатахуун хийж, хохирол учирсан үндэслэлээр нийт 1,041,497 төгрөгийг хариуцагчаас шаардсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ямар үндэслэлээр, хаашаа, ямар зорилгоор машинд бензин хийж явсан нь тодорхойгүй, явсан огноо зөрүүтэй, жолооч Д.Хишигжаргалыг хөлсөлсөн гэх тодорхойлолтыг үндэслэн гэм хорын хохирол нэхэмжилснийг гарсан бодит зардалд тооцох боломжгүй гэж эс зөвшөөрчээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлохоор бензин, шатахуун худалдан авсан 1,071,497 төгрөгийн и-баримтыг шүүхэд ирүүлсэн, нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлсэн байна.
Харин хариуцагч тухайн бензин, шатахууны зардлын баримтыг эс зөвшөөрсөн боловч няцаасан үндэслэлээ шүүхэд нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах үүргээ биелүүлээгүй болно.
Шүүх нэгэнт талууд гэм бурууд маргаагүй буюу гэм бурууг хүлээн зөвшөөрсөн тул М.Б-ийн тулгуур эрхтэн буюу хөл гэмтсэн, одоо болтол бүрэн эдгэрээгүйн улмаас зайлшгүй гарсан зардалд унаа тээврийн үйлчилгээ авахаар бензин, шатахуунд төлсөн төлбөрийг тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн бензин, шатахуун худалдан авсан төлбөрийн и-баримтад үндэслэн тооцоход нийт 1,071,497 төгрөгийг зарцуулсан байх боловч нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр 1,041,497 төгрөгийг зайлшгүй гарсан зардалд тооцон хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
Харин жолооч Д.Хишигжаргалын тодорхойлолт нь нотолгооны хэрэгслээр бэхжээгүй учир шүүх үнэлэх боломжгүй болно.
4.3.Орон сууц хөлсөлсөн 1,200,000 төгрөг гаргуулах тухайд:
Нэхэмжлэгч М.Б нь Дархан-Уул аймагт эмчилгээ хийлгэхэд гэр хороололд хүндрэлтэй байсан учир дулаан байр 6 сарын хугацаагаар түрээслэсэн 1,200,000 төгрөгийг хариуцагчийн гэм буруугаас учирсан хохиролд тооцон гаргуулахаар шаардаж, хариуцагч нэхэмжлэгчийн байр түрээслэх гэрээ, түрээсийн төлбөр төлсөн баримт хэрэгт авагдаагүй, зайлшгүй зардал болохыг нотлоогүй үндэслэлээр эс зөвшөөрчээ.
Нэхэмжлэгч тухайн шаардлагад холбогдуулан миний охин түрээсийн төлбөрийг төлсөн гэж тайлбарлан, иргэн Б-ийн Г-ийн “Хаан банк” ХХК дахь ............ дугаартай депозит дансны хуулгыг шүүхэд гаргаж өгчээ.
Тус дансны хуулгаар 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “байр төлөлт” гэх
утгатай 1,200,000 төгрөгийн шилжүүлгийг ............... дугаартай данс эзэмшигч рүү шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн нь харагдаж байна.
Энэ баримтаар нэхэмжлэгч М.Б-ийг 2022 оны 01 дүгээр сараас 6 сарын хугацаатай байр түрээслэн амьдарсан, эсхүл М.Б-д Б.Г-ийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх үүссэн болохыг нотлохгүй, хэрэгт ач холбогдол бүхий өөр нотлох баримт авагдаагүй, зайлшгүй зардал болох нь нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-д заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрөө нотлох, нотлох бармтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй учир тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.4.Цалин хөлсөд 9,600,000 төгрөг гаргуулах тухайд:
Нэхэмжлэгч М.Б нь Аргалант суманд газар тариалангийн ажил эрхэлдэг “Хос бэрс” ХХК-д сарын 1,200,000 төгрөгийн цалинтай ажилладаг бөгөөд хөлдөө гэмтэл аваад суга таягтай хөдөлмөрийн чадваргүй болж өнөөдрийг хүртэл 8 сарын хугацааны цалингаар хохирсон үндэслэлээр 9,600,000 төгрөгийг шаарджээ.
Нэхэмжлэгч М.Б нь шаардлагын үндэслэлийг нотлохоор “Хос бэрс” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “М.Б нь хаврын тариалалт, намрын ургац хураалтын ажилд түр хугацаанд туслах ажилтнаар ажилладаг. 1 сарын цалин нь 1,200,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх 22/44 дугаартай албан тоот (хх-6), “Хос бэрс” ХХК-ийн М.Б-ийн 2021 оны 3, 4, 5, 9, 10, 11 дүгээр сарын цалингийн хүснэгт (хх-66) баримтыг шүүхэд ирүүлж, хувийн компани нийгмийн даатгал, татвар төлдөггүй, гар дээрээ цалинг бэлнээр авдаг гэж тайлбарлаж байна.
“Хувийн компани гэрээ хийдэггүй үндэслэлээр нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлөөгүй, цалингаа бэлэн мөнгөөр авдаг гэж тайлбарлан шаардаж байгаа нь үндэслэлгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар төрийн ба хувийн хэвшлийн байгууллага хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласан л бол нийгмийн даатгалыг төлөх ёстой. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод татвар ногдох ёстой. Нотлох баримтад татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар тусгагдаагүй, цалингийн дансны хуулга, нийгмийн даатгалын лавлагаа байхгүй учир цалин хөлстэй ажилладаг байсан нь нотлогдохгүй, шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж хариуцагч маргав.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар байгуулахаар тус тус заасан тул М.Б нь 2019 оноос хойш тогтвортой ажил эрхэлж байгаа ажилтны хувьд “Хос бэрс” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг ажил олгогчоос шаардах эрхтэй байсан.
Нийгмийн даатгалын тухай 4 дүгээр зүйлийн 4.2.1-д өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, ... иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар заасан бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлд зааснаар даатгуулагч болон ажил олгогч нь даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй.
М.Б нь Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар хөдөлмөр эрхэлж цалин хөлс, урамшуулал авсан сар тутамд хүн амын орлогын албан татварыг ажил олгогчид суутгуулан, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар суутган авсан “Хос бэрс” ХХК нь улирал, жилээр харьяалах татварын албанд тайлагнах үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээ, эсхүл хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр цалин, хөлс, урамшуулал олгож байгаа бол өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ажил олгосон байгууллага нь гэрээг бичгээр байгуулсан эсэхээс үл хамааран олгож буй хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу тооцон суутгаж, үлдсэн орлогоос хувь хүний орлогын албан татварыг суутган, цалин хөлс, урамшууллыг бэлэн болон бэлэн бусаар олгож, суутган авсан шимтгэл, татварыг холбогдох төрийн байгууллагад тайлагнах үүргийг хуулиар хүлээнэ.
Нэхэмжлэгч нь улирлын чанартай ажлыг 2019 оноос хойш тогтмол хийж байгаа гэж тайлбарлан ажил олгогчийн тодорхойлолт, цалин хөлсний тодорхойлолтыг үндэслэн шаардлага гаргаж байх боловч Монгол Улсын хуульд заасан журмын дагуу татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болохоо шүүх хуралд хүлээн зөвшөөрсөн, энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй тул сард 1,200,000 төгрөгийн цалин хөлстэй ажилладаг гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Ажил олгогч “Хос бэрс” ХХК нь ажилтны өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ажилтанд хохирол учирсан бол холбогдох татвар, нийгмийн даатгалын болон бусад хяналтын байгууллагаар шалгуулах, түүнээс учирсан хохирлыг ажил олгогчоос шаардах эрх захиргааны журмаар Д.Б-д үүсэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч, түүнээсээ хуульд заасан татвар, шимтгэл төлдөггүй болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч цалин хөлс нэхэмжилсэн тул түүний цалин хөлсний нөхөн төлбөрийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 5 дугаар тогтоолоор баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн сарын 420,000 төгрөгийн хэмжээгээр, нэхэмжлэгчийн шаардсан 8 сарын хугацаагаар тооцон, 3,360,000 төгрөгийг хариуцагч Д.Энхтөрөөс гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Дээрхээс нэгтгэвэл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлагаас эмчилгээний зардалд 1,744,256 төгрөг, бензин шатахууны зардалд 1,041,497 төгрөг, цалин хөлсний нөхөн төлбөрт 3,360,000 төгрөг, нийт гэм хорын хохирлын хариуцлагын хэмжээг 6,145,753 төгрөг гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 6,145,753 төгрөгийг хангаж, үлдэх 8,553,960 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дээрх хэрэг гарсны дараа хариуцагч Д.Энхтөр нь хагалгааны зардалд 510,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын төлбөрт 100,000 төгрөг, нийт 610,000 төгрөгийг М.Б-д төлсөн гэдэгт зохигчид маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагад оруулан тооцох эсэх талаар мэтгэлцээгүй, нотариатын зардлыг шаардаагүйг дурдвал зохино.
5. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт:
Иргэдийн төлөөлөгч Н.Ваня нь “Нэхэмжлэлийн шаардлага болох 14,699,713 төгрөгийг хариуцагч Д.Э-өөс гаргуулж нэхэмжлэгч М.Б-д олгох нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцээд Д.Э-д бусдын эрүүл мэндэд санаатай хүндэвтэр гэмтэл учруулсаны улмаас М.Б-д учруулсан бодит хохирлыг төлөх үүрэг хуулиар үүссэн болох нь нотлогдож байх тул “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй” гэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн зарим хэсгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Д.Э-өөс улсын тэмдэгтийн хураамжид 113,282 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т зааснаар хариуцагч Д.Э-өөс гэм хорын хохиролд 6,145,753 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгож, үлдсэн 8,553,960 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч М.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Д.Э-өөс улсын тэмдэгтийн хураамжид 113,282 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараах 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУУЛ
Д.ОТГОНЧУЛУУН