Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2023/00969

 

 

 

 

 

 

 

 

2023 02 17

101/ШШ2023/00969

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О.П -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Н,

Хариуцагч: Б.С,

Хариуцагч: П.Б нарт холбогдох

 

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС 15 дугаар гудамж, ******* хашаанд байрлах Цагдаагийн Ерөнхий газрын захиалгаар баригдсан 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок 49Б байр, 2 дугаар орц, 7 давхарын ******* 60.93 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг П.Н, Б.С нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц,

Хариуцагч П.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

Хариуцагч П.Нын өмгөөлөгч болон хариуцагч Б.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х ,

Хариуцагч П.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Оршуу овогтой П би 2015 оны 11 сард Цагдаагийн байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудыг шийдвэрлэх зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр буюу 1 м.кв-ыг нь 800,000 төгрөгийн өртөгтөй Хууль сахиулагч хотхон барихаар захиалга авахад хүсэлтээ өгч Б ХХК-тай 2015 оны 11 сарын 10-ны өдөр BBLC2015/11/133 тоот орон сууцны захиалгын гэрээг байгуулсан. Гэрээнд зааснаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15 гудамжны ******* хашаанд ЦЕГ-н захиалгаар баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок 2-р орц 7 давхарт ******* 2 өрөө 60,93 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг нь 800,000 төгрөгөөр тооцож 48,744,000 төгрөгөөр захиалж, захиалгын үнэ болох 48,744,000 төгрөгийг Б ХХК-д төлсөн.

Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №101/ШШ2021/02250 тоот шийдвэрээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС 15 дугаар гудамж ******* хашаанд байрлах Цагдаагийн Ерөнхий Газрын захиалгаар баригдсан 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок 49 Б байрны 2 дугаар орц 7 дугаар давхарын 60,93 м.кв талбайтай ******* 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн.

Уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. О.П би өөрийн өмчлөлийн орон сууцандаа орох гэтэл Б ХХК нь П.Н, Б.С нарт эзэмшүүлж байгаа ба уг байрны хууль ёсны өмчлөгч О.П миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөөр байна. Уг байр нь ашиглалтанд орсон боловч улсын комисс хүлээн аваагүй тул өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй болно. Энэ талаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандсан боловч шүүхийн журмаар гаргаж өгөх боломжтой гэсэн хариу өгсөн болно.

Иймд, О.П миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС 15 дүгаар гүдамж ******* хашаанд байрлах Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдсан 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок 49 Б байрны 2 дугаар орц 7 дугаар давхарын 60.93 м.кв талбайтай ******* 2 өрөө орон сууцыг Монгол Улсын Иргэний Хуулийн 106 дугаар зуйлийн 106.1-д заасны дагуу П.Н, Б.С нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү. гэв.

2. Хариуцагч П.Н шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

П.Н миний бие О.Пгийн гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. П.Н миний бие тус орон сууцанд амьдарч байгаа ба Б ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж төлбөрийг бүрэн төлж барагдуулсан учир Б ХХК нь П.Н надад орон сууцыг албан ёсоор хүлээлгэн өгсөн. Миний бие О.Пгийн өмчлөл, эзэмшлийн орон сууцанд хууль бусаар, зөвшөөрөлгүй амьдарч байгаа зүйл байхгүй, нэхэмжлэгч О.П бидний хооронд эрх зүйн ямар нэгэн харилцаа үүсээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно.

П.Н нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулаад төлбөрт 76,162,500 төгрөг төлсөн байдаг. Тухайн орон сууцыг хууль бусаар өмчлөлдөө байлгаагүй. Төрсөн ах П.Бод эзэмшүүлж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

3. Хариуцагч Б.С шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Б.С миний бие О.Пгийн гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Миний эхнэр П.Нын Б групп ХХК-тай 2019 оны 3 сарын 10-ны өдөр BLLC2019/A-58 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулж орон сууцны төлбөрт 76,162,500 төгрөгийг бүрэн төлж гэрээний үүргээ гүйцэтгэсэн учир Б групп ХХК орон сууцыг манайд хүлээлгэн өгсөн. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Б.С нь маргаан бүхий байртай холбоотой ямар нэгэн гэрээ хийгээгүй, энэ орон сууцанд огт амьдарч байгаагүй тул хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна.гэв.

4. Хариуцагч П.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч П.Бын зүгээс уг байрыг өөрийн төрсөн дүү П.Наас хүлээн авч ашиглаж байгаа. Тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмших ашиглах, захиран зарцуулахад улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй эд хөрөнгө байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

 

5. Нэхэмжлэгч талаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/02250 дугаар шийдвэр /хх-4-7/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны 02 сарын 21-ний өдрийн 141 тоот албан бичиг /хх-8/, О.Пгээс 2022 оны 01 сарын 10-ны өдөр Ц.Цд олгосон итгэмжлэл /хх42/, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-90/, Хууль сахиулах хотхон СӨХ-ны 2022.10.31-ний өдрийн 22/25 тоот Тодорхойлолт гаргах тухай албан бичиг /хх-91/,

Хариуцагч П.Нын өмгөөлөгч У.Хгээс Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 04 сарын 21-ний өдрийн 06/5490 тоот албан бичиг /хх-41/, хариуцагч П.Наас 2022 оны 09 сарын 07-ны өдөр Г.Гд олгосон итгэмжлэл /ХХ-50/, хариуцагч Б.Сээс 2022 оны 09 сарын 13-ны өдөр У.Хд олгосон итгэмжлэл /хх-53/, хариуцагч П.Нын хүсэлтээр тус шүүхийн Тамгын газраас Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/02250 дугаар шийдвэртэй хэргээс О.П, Б ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 11 сарын 10-ны өдрийн BLLC2015/11/133 орон сууц захиалгын гэрээг хуулбарлан гаргуулж /хх-67-71/, 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 407648230 Юнивишн үндсэн үйлчилгээний гэрээний хуулбар, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хуулбар /хх-85/,

Хариуцагч П.Боос 2022 оны 12 сарын 02-ны өдөр Т.Ут олгосон итгэмжлэл /хх-112/, хариуцагч талаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/05161 дугаар захирамжийн хуулбар, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 13-ны өдрийн 101/ШЗ2023/01821 дүгээр захирамжийн хуулбар, мөн тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 101/ШЗ2023/02881 дүгээр захирамжийн хуулбар, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 101/ШЗ2023/04210 дугаар захирамжийн хуулбар, мөн өдрийн 101/ГХ2023/00389 дүгээр гүйцэтгэх хуудасны хуулбар, 2023 оны 02 сарын 16-ны өдрийн 23260409 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, 2023 оны 02 сарын 13-ны өдрийн 409 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хуудас хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтээс Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС 15 гудамж, ******* хашаанд байрлах Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар Б ХХК-ийн барьж ашиглалтанд оржжлсан 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок 49Б байрыг улсын комисс хүлээн авсан эсэх, мөн тус байрны 2 дугаар орц 7 давхарын 60.96 м.кв талбайтай ******* 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан эсэх талаарх лавлагааг гаргуулж /хх-30-31/,

Хариуцагч П.Нын өмгөөлөгч У.Хгийн хүсэлтээр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс П.Нын 2020 оны 7 сард Б групп ХХК-ийг орон сууц захиалан мөнгө өгч залилуулсан гэх гомдолд 2020 оны 8 сарын 04-ний өдөр П.Ныг хохирогчоор тогтоосон тогтоол, (Хэргийн дугаар 20062592) эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурорын тогтоолыг гаргуулж /хх-35-39/,

Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 14-ний өдрийн 101/ШЗ2022/21158 дугаар захирамжаар шийдвэрлэсэн гэрч П.Быг асууж, гэрчийн мэдүүлэг авч /хх-75-81/ тэмдэглэл хөтөлсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч О.П нь хариуцагч П.Н, Б.С нарт холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд уг байранд П.Б амьдарч байгаа үндэслэлээр хамтран хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.

Хариуцагч П.Н нь Б ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж төлбөрийг бүрэн төлж барагдуулсан учир Б ХХК нь П.Н надад орон сууцыг албан ёсоор хүлээлгэн өгсөн, орон сууцанд хууль бусаар, зөвшөөрөлгүй амьдарч байгаа зүйл байхгүй, нэхэмжлэгч О.П бидний хооронд эрх зүйн ямар нэгэн харилцаа үүсээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж,

Хариуцагч Б.С нь Миний эхнэр П.Нын Б групп ХХК-тай 2019 оны 3 сарын 10-ны өдөр BLLC2019/A-58 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулж орон сууцны төлбөрт 76,162,500 төгрөгийг бүрэн төлж гэрээний үүргээ гүйцэтгэсэн учир Б групп ХХК орон сууцыг манайд хүлээлгэн өгсөн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж,

Хариуцагч П.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч П.Б нь уг байрыг өөрийн төрсөн дүү П.Наас хүлээн авч ашиглаж байгаа. Тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмших ашиглах, захиран зарцуулахад улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй эд хөрөнгө байгаа, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тус тус маргажээ.

3. Нэхэмжлэгч О.П нь орон сууц захиалгын гэрээний дагуу орон сууцны үнийг төлсөн, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/02250 дугаар шийдвэрээр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон тул маргаан бүхий орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий орон сууцанд хариуцагч П.Б нь амьдарч байгаа болох нь хариуцагчийн тайлбар болон түүний гэрчээр өгсөн мэдүүлэг, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Univision үйлчилгээний гэрээ зэрэг баримтаар тогтоогдсон.

5. Хариуцагч П.Н, Б.С нар нь гэр бүл ба П.Н нь хариуцагч Б групп ХХК-д холбогдуулан Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/05161 дугаар захирамжаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-151-162/

6. Хариуцагч П.Н нь О.Пг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгааг мэдсээр байж, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

7. Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч О.П, хариуцагч П.Н нарыг маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 8-р хороо, УС-15 гудамж, ******* хашаанд байрлах Цагдаагийн Ерөнхий газрын захиалгаар баригдсан 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок 49Б байр, 2 дугаар орц, 7 давхарын ******* 60.93 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байна. /хх-4-7, 151-162/

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно,

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т улсын бүртгэлийн төрөлд эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл гэсэн төрөлтэй байна,

Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж тус тус заажээ.

 

8. Гэтэл уг 2 этгээдийн хэн нь ч шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэх зарчимд нийцээгүй байна.

9. Тодруулбал, өмчлөгчийн эрх хуульд зааснаар, гэрээгээр, шүүхийн шийдвэрээр үүсч болох ба нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр тогтоогдсон боловч ийнхүү өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад гаргаагүй, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг холбогдох шүүхэд гаргаагүй, өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул өмчлөгчийн хувиар үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс шаардах эрх үүсэхгүй гэж үзлээ.

10. Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нэхэмжлэгч төлснийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч П.Н, Б.С, Х.Б нарт холбогдох Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС 15 дугаар гудамж, ******* хашаанд байрлах Цагдаагийн Ерөнхий газрын захиалгаар баригдсан 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок 49Б байр, 2 дугаар орц, 7 давхарын ******* 60.93 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх О.Пгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ