Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 151/ШШ2023/00208

 

 

 

 

 

 

                        2023         03           02

               151/ШШ2023/00208

       

             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, Д.Отгончулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ... тоотод оршин суух Б.Б,

   Хариуцагч: Төв аймаг, ... сум, Эрдэнэ .... оршин суух Ц.Р,

   Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 22,374,140 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч: Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Цэрэн-Очир,

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Базардорж,

Иргэдийн төлөөлөгч: Т.Чинзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ганзориг

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь Ц.Рт холбогдуулан “Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 22,374,140 төгрөг гаргуулах” нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Миний бие Б.Б нь Төв аймгийн Баянчандмань сумын Усан гозгор хэмээх газар 2021 онд 15 га талбайд шар манжин, 2 га талбайд ногоон тэжээл тариалсан болно. 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс хураалт эхэлсэн бөгөөд энэ хугацаанд иргэн Ц.Рын үхэр, адуу өдөр шөнөгүй хашаа эвдэж тариалангийн талбай руу дайрч орж байсан болно. Уг адуу, үхэр орсны улмаас 9 га талбайн шар манжин, 1га талбайн ногоон тэжээл тахлагдсан гэсэн дүгнэлт сумын ургацын комиссын дүгнэлтээр тогтоогдож 22,374,140 төгрөгийн хохирол учирсан болно. Уг хохирлыг иргэн Рагчаабазарт танилцуулсан бөгөөд холбогдож уулзахгүй байна. Иймд хохирлыг барагдуулж өгч туслалцаа үзүүлнэ үү” гэжээ.

1.1 Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн нутаг Усан гозгор гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс манжин хураалтаа эхэлсэн. Манай тариалалтын талбай руу 9 дүгээр сарын 23-ны оройноос 10 дугаар сарын 5-6 өдрийг хүртэл 10-аад тооны алаг үхэр орж ирсэн. Миний бие тухайн үхрүүдийг өдөр, орой нь хөөж гаргадаг байсан. Би аргаа бараад эдгээр үхрийг хэний үхэр вэ? гээд хүнээс асуухад Ц.Рын үхэр гэж байсан. Ц.Рын эхнэрт энэ талаар хэлэхэд манайхан намрын ажил гээд гэрт хүн байхгүй гэх зүйл хэлсэн. Бас 70-д тооны адуу орж ирээд манай манжинг гишгэлээд байхаар нь хэний адуу болохыг тодруултал бас л иргэн Ц.Рын адуу гэж хэлсэн. Адуу манжинг идэхгүй хэр нь гишгэлсэн байсан. Адуу гишгэлсэн тул манжин маань зөөлрөөд борлуулагдаагүй. Би талбайд ажиллах ажилчдаа төвөөс өөрийн биеэр зөөж авч ирдэг байсан. Энэ хооронд л мал орчихдог байсан. Би тухайн бүрд нь хөөж гаргадаг байсан ч ганцаараа тул хүч хүрдэггүй байсан. Нэг удаа хар гүү талбайд явж байхаар нь бариад уячихсан байсан. Гэтэл Ц.Р тавиад явуулчихсан байсан. Иргэн Ц.Р 2021  оны 10 дугаар сарын 07-ны өдөр уулзсан. Би маш их хохирсон Нэхэмжлэгч: Хажуу айлууд мал хашаанд орох гэхээр малаа туугаад явчихдаг байсан. Ц.Рынх нэг ч удаа малаа ирж авч байгаагүй. Актын тухайд 2021 оны 10 билүү 11 дүгээр сард сумаас авчирч өгсөн. Тухайн үед хариуцагч талыг над руу ярих байх гэж их хүлээсэн. Хэрэв ярих юм бол эр улсууд учраа олох байх гэж бодож байлаа. Ярихгүй болохоор нь ирэх оны 1 дүгээр сард хохирлын актыг би өөрийн биеэр Ц.Базаррагчаагийн гэрт аваачиж өгсөн. Улмаар энэ асуудлаар шүүхэд хандах болсон. Адууг манжин иддэггүй гэж тайлбарлаад байх шиг байна. Адууны гишгэлчихсэн манжинг хүн худалдаж авах боломжгүй, тэгэхээр яах ч аргагүй надад хохирол учирсан” гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэрэн-Очир нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний аав Ц.Р нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багт мал маллан амьдардаг. Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ц.Рын 1 мал болох үхэр, адуу тариалангийн талбайд орж 15 гад шар манжин тариалсан, 2 га талбайд ногоон тэжээл тариалж, мал орсны улмаас 9 га талбайн шар манжин, 1 га талбайн ногоон тэжээл талхлагдаж хохирол учирсан гэж үзэн 22,374,140 төгрөгийн хохирол нэхэмжилжээ. Гэвч манайх тухайн тариалангийн газраас 3-4 км зайтай байдаг ба тариалангийн талбай нь хашаалсан, мал орох боломжгүй байдаг. Мөн манай адуу тухайн талбайгаас хойш бэлчин явдаг ба, үхэр нь байнгын хариулга маллагаатай байдаг болно. Бас тухайн тариалангийн талбайн манайх ойрхон олон айл мал маллан амьдардаг. 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай мал Б.Бын тариалангийн талбайд ороогүй ба орох ч боломжгүй. Учир нь тариалангийн талбайн нь хашаалсан, мөн 9 сар учраас ургац хурааж байх үе ба тариалангийн талбайд ургац хурааж байгаа хүмүүс байх боломжтой үе. Хэрэв мал орсон бол тухайн тариалангийн талбайгаас их хэмжээгээр талхлагдахаас сэргийлж хөөж туух боломжтой цаг үе ба ямар мал орж боломжгүй. Харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн хохирлын актыг өмнө танилцуулаагүй, ийм акт гаргасан талаар танилцуулаагүй, ийм акт гарсан талаар мэдэгдээгүй. Иймд Ц.Рт холбогдуулан гаргасан 22,374,140 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

2.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэрэн-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай мал нэхэмжлэгч Б.Бын тариалалтын талбай руу ороогүй. Учир нь манайх адуугаа тариан талбайгаас хойд зүгт бэлчээдэг. Үхрийн хувьд манайх нийт 14 тооны үхэртэйгээс 5 нь жижиг тугал байдаг. Үхрээ оройдоо байнга уядаг. Нэхэмжлэгч нь манай гэрт очихдоо “..танай улаан халзан үхэр тор эвдэж хашаанд ороод байна...” гэсэн байдаг. Манайд ерөөсөө улаан халзан үхэр байдаггүй. Ямар нэгэн байдлаар малаа авна уу гэсэн мэдээлэл өгч байгаагүй. Мөн сумаас хохирлын хэмжээг тогтоохдоо мэдэгдээгүй байж байгаад 2022 оны 1 дүгээр сарын сүүлээр Б.Б гэх хүн хохирлын акт тогтоосон баримттай танилцуулсан байдаг. Б.Бын ойролцоо Гантөмөр гэх айл байдаг. Тэднийх адуу үхэр нийлсэн 70 гаран тооны малтай. Манайх Б.Бынхаас 4-5 км зайтай амьдардаг. Бусад айлын мал орж гарсан байж ч магадгүй байхад зөвхөн манай мал орсон мэтээр яриад байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

2.3 Хариуцагчийн өмгөөлөгч С.Базардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б нь 22.374.130 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тайлбар өгсөн. Түүнийгээ дэмжиж оролцож байна. Б.Б 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тариалалтын талбайд нь Ц.Рын мал орсон гэж тайлбарлаж байна. Иргэн Ц.Рын хувьд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 2 дугаар багийн малчин бөгөөд тухайн тариалалтын талбайгаас зүүн хойшоо 4-5 км зайтай нутагладаг байсан юм байна лээ. Адуугаа хойд зүг рүү буюу Полигон гэх газар руу туугаад гаргачихдаг байсан. Үхрээ шөнөдөө уяж хонодог, өдөртөө байнга хариулгатай байдаг гэж өөрсдөө тайлбарладаг. Тухайн газар буюу тариан талбайн ойролцоо зөвхөн Ц.Р гэх хүн нутагладаггүй, нэхэмжлэгчийн хамгийн сайн танил болох н.Гантөмөр, мөн Н.Мийгаа гэх айлууд нутаглаж байсан. Мөн миний бие тухайн тариалалтын талбайг очиж харсан ба тухайн газар нь хашаатай үхэр орох боломжгүй, адуу харайж орвол орох л байх, ийм л газар байна лээ. Мөн хохирлын акт гарсан гэж яриад байгаа. Б.Б гэх хүн хэзээ гомдол гаргасан  юм бэ? хэзээ мал орсныг мэдсэн юм бэ? хохирлын акт нь хэдний өдөр үйлдэгдсэн юм бэ? талуудын оролцоог хэрхэн хангасан юм бэ? талуудаас тайлбар мэдүүлэг авсан юм бэ? гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар харагдахгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3. Нэхэмжлэгчээс “Мөнхтулга уянга” ХХК-ийн аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн №000022416 дугаар гэрчилгээний хуулбар (хх-5), “Мөнхтулга уянга” ХХК-ийн №000137720 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-6), “Мөнхтулга уянга” ХХК-ийн дүрэм (хх-7-10), 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ (хх-11-13), Төв аймгийн Баянчандмань сумын хохирол тогтоосон акт (хх-14-15) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4. Хариуцагчаас 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-28) зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх бүрэлдэхүүн Б.Бын нэхэмжилсэн эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 22,374,140 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.Б нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“Б.Б нь Төв аймгийн Баянчандмань сумын Усан гозгор хэмээх газар 2021 онд 15 га талбайд шар манжин, 2 га талбайд ногоон тэжээл тариалсан болно. 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс хураалт эхэлсэн бөгөөд энэ хугацаанд иргэн Ц.Рын үхэр, адуу өдөр шөнөгүй хашаа эвдэж тариалангийн талбай руу дайрч орж байсан болно. Уг адуу, үхэр орсны улмаас 9 га талбай шар манжин, 1га талбай ногоон тэжээл тахлагдсан гэсэн дүгнэлт сумын ургацын комиссын дүгнэлтээр тогтоогдож 22,374,140 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэрэн-Очир нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...манайх тухайн тариалангийн газраас 3-4 км зайтай байдаг ба тариалангийн талбайг хашаалсан, мал орох боломжгүй, тухайн тариалангийн талбайтай ойрхон олон айл мал маллан амьдардаг, нэхэмжлэгч нь шүүхэд гаргаж өгсөн хохирлын актыг бидэнд өмнө нь танилцуулаагүй, хохирол учруулсан зүйлийг үзэж харуулсан зүйл байхгүй, хохирлын акт танилцуулаагүй, акт тавихдаа манай талаас байлцуулаагүй” иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргав.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Мөнхтулга уянга” ХХК-ийн аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн №000022416 дугаар гэрчилгээний хуулбар (хх-5), “Мөнхтулга уянга” ХХК-ийн №000137720 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-6), “Мөнхтулга уянга” ХХК-ийн дүрэм (хх-7-10), 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ (хх-11-13), Төв аймгийн Баянчандмань сумын хохирол тогтоосон акт (хх-14-15), 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-28) зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар Ц.Р нь Б.Бын тариалангийн талбайд мал оруулсны улмаас эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байна.

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Б.Б нь Төв аймгийн Баян-Чандмань сумын Эрдэнэ баг Усан гэх газар 2021 онд 15 га талбайд шар манжин, 2 га талбайд ногоон тэжээл тариалсан бөгөөд иргэн Ц.Рын үхэр, адуу нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд өдөр шөнөгүй хашаа эвдэн орж 9 га тайлбайн шар манжин, 1 га талбайн ногоон тэжээл зэргийг идэж талбай сүйтгэн 22,374,140 төгрөгийн хохирол учруулсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодрхойлжээ.

Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Баян-Чандмань сумын хохирол тооцох ажлын хэсэгт өргөдөл гаргаж тухайн өргөдөлийн дагуу тус сумын ажлын хэсэг хохирол тогтоосон акт гаргажээ.

Тухайн актаар “... 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс ойр хавийн нэр бүхий малчдын мал орж хохирол учруулсан гэх өргөдөл гомдлын дагуу малд идэгдсэн талбайн хэмжээ, хохиролыг ХХААХҮЯ-ний сайд, ХЗДХЯ-ны сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаар тушаалаар батлагдсан Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэр эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлалаар бодоход 22,374,140 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоожээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан ба мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө.

Хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-д хууль тогтоомж зөрчсөн байхаас гадна нийгмийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн тохиолдол ч мөн хамаардаг байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх боломжгүй нөхцөлд гэм хорыг мөнгөөр шаардах эрхтэй.

Хохиролыг нөхөн төлүүлэх тохиолдолд гэм хор, учирсан хохиролын хэмжээ, хариуцагчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой нь нотлогдсон байх учиртай.

Төв аймгийн Баян-Чандмань сумын хохирол тооцох ажлын хэсгийн хохирол тогтоосон тухай актаас үзвэл хэний эзэмшил, өмчлөлийн тариалангийн талбайд акт үйлдэж байгаа нь тодорхойгүй бөгөөд ойр хавийн нэр бүхий малчдын мал орж хохирол учруулсан гэх дан ганц өргөдөл гаргагчийн хүсэлтээр тухайн актыг гаргасан нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаар тушаалаар батлагдсан Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэр эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлалын холбогдох заалтыг зөрчиж гаргасан байна.

Тухайлбал дээрхи аргачлалын 3.5-д “ажлын хэсгийн төлөөлөл нь хохирол учруулсан талбайн хэмжээ, талбайд орсон мал, тэжээвэр амьтаны тоо, ургац, талбайн түүхийн дэвтэр, газар тариалангийн эрчимжүүлэлт /үр, бордоо, усалгаа, хашаа, ургамал хамгааллын бодис / зэрэг хохирол тооцоход шаардлагатай мэдээллийг газар дээр нь шалгаж, баримтжуулалт хийнэ” гэж заасан байхад тухайн актад дээрхи ажиллагааг яаж хэрхэн хийсэн талаархи баримтууд авагдаагүй байна.

Мөн 3.9-д “Ажлын хэсгийн дүгнэлтэд газрын гэрээ, талбайн кадастрын зураг, тэмдэглэгээний болон талбайн түүх хөтөлсөн дэвтрийн хуулбараас гадна хохиролын ангилалаас хамаарч дараах баримтыг хавсаргана” 3.9.4-т “гэрэл зураг, зураглал, дуу-дүрсний бичлэг зэргээр хохирол учирсаныг баримтжуулсан бусад баримт” зэргээр тухайн газар тариалангийн талбайд хэн гэдэг малчны мал орж хохирол учруулсаныг тухайн актаар давхар нотлох үүргийг хүлээлгэсэн боловч дээрхи актын үндэслэлээс үзвэл 22,374,140 төгрөгний хохирол учирсан гэж тодорхойлсноос ямар малчны мал орж тухайн хохиролыг нэхэмжлэгч Б.Бад учруулсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч Б.Б нь үхэрнүүд нь хашаа эвдэж орж ирдэг харин адуунууд нь хашаа давж орж ирдэг гэж тайлбарлаж байгаа боловч хашаа эвдсэн эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн Тариалангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “тариалсан газарт хүний үйл ажиллагаагаар тарьж ургуулсан таримал ургамал бүхий талбай хамаарна” мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-т “Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүрэгтэй гэж зааснаар малаас хамгаалах үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ц.Рын мал орсон гэж тайлбарлан, энэхүү нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор 1 ширхэг сиди, 4 ширхэг фото зураг, 9 ширхэг гэрэл зургийг ирүүлсэн байх боловч эдгээр гэрэл зургийн үзүүлэлтүүдийг хаана, хэзээ, ямар эрх бүхий этгээд бэхжүүлсэн нь тодорхойгүй тухайн мал аль хашаанд байгаа тэрхүү малыг эзэнд нь хүлээлгэж өгсөн баримт байхгүй тул тухайн талбайд орсон гэх малыг хариуцагч Ц.Рын мал гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

Учир нь нэхэмжлэгчийн нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн СД-г нотлох баримтаар шинжлэн судлахад хариуцагч Ц.Ртай уулзаж байгаа бичлэг байхаас нэхэмжлэгчийн талбайн хашааг эвдэж, мал орсон гэх үйл баримт тогтоогдоогүй болно. 

Гэм хорын хохиролыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг бөгөөд хуулийн гол урьдчилсан нөхцөл болох гэм хор учруулсан тохиолдолд зохигчийн хооронд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирол, үйлдэл ба хохиролын хооронд шалтгаант холбоотой эсэх талаар Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсч, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан үүрэг үүсэх үндэслэлд хамаарна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Б нь “Мөнхтулга Уянга” ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар 15 га талбайг түрээслэхээр гэрээ байгуулсан байна. Гэвч хэрэгт цугларсан 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Төв аймгийн Баянчандмань сумын газар тариалангийн мэргэжилтэн Г.Эрхэмтөрийн 2021 онд иргэн Болдбаатар овогтой Буянбатын нэр дээр газар тариалангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулсан мэдээ тайлан бүртгэгдээгүй гэх тодорхойлолтоор нэхэмжлэгч тухайн талбайд төмс, хүнсний ногоо, ногоон тэжээл тарьж ургуулсан болох нь тогтоогдоогүй бөгөөд харин “Мөнхтулга уянга” ХХК нь 2021 онд шар манжин, хүнсний ногоо тарьсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Иймд дээрх нотлох баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгч Б.Б нь түрээсийн гэрээгээр хүлээсэн төмс, хүнсний ногоо, шар манжин, ногоон тэжээл зэргийг тарьсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй нотолж чадаагүй гэж үзэж байна. 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Р холбогдох гэм хорын хохирол 22,374,140 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэдийн төлөөлөгч Т.Чинзориг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ц.Р нар аль аль нь хариуцлагагүй хандсан байна. Нэхэмжлэгчийн нотлох баримтын шаардлага хангаагүй хэдий ч видео бичлэг нэхэмжлэгчийн тайлбар нотлох баримтаас Ц.Рын мал тариалангийн талбайд орж хохирол учруулсан гэж үзэж байна. Хохирлын хэмжээг шүүх бүрэлдэхүүн тогтооно гэж үзэв” гэжээ.

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь хэрэгт цугларсан ямар нотлох баримтаар хариуцагч Ц.Рын мал нэхэмжлэгч Б.Бын талбайд орсон эсэх талаар дүгнэлт хийгээгүй зөвхөн хохиролтой холбоотой асуудлаар дүгнэлт гаргасан байна. Мөн энэхүү эрх зүйн харилцаатай холбоотой хуулийн зохицуулалтын нэг гол урьдчилсан нөхцөл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирол, үйлдэл ба хохиролын хооронд шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруутай үйлдэл  байх учир тухайн хэргийн хувьд гэм хор учруулсан гэх шалтгаант холбоотой эсэх талаар нэхэмжлэгч Б.Б нотолж чадаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,821 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ц.Раас гэм хорын хохиролд 22,374,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,821 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ:                                     Б.ТҮВШИНЖАРГАЛ

                                            ШҮҮГЧИД:                                    Д.МӨНХБҮРЭН

 

                                                                                                  Д.ОТГОНЧУЛУУН