Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/248

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж,

Улсын яллагч: Т.А

Шүүгдэгч: Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б-гийн Э-т холбогдох эрүүгийн 2512001380194 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 07-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Ө сумын А 1 дүгээр багийн Г гэх газарт оршин суух хаягтай, урьд нь А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаанд тэнссэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Д овогт Б.Э

 

                             Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь зохих зөвшөөрөлгүйгээр 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр А аймгийн Ө сумын А баг, Ш гэх газраас шинэс төрлийн босоо мод 16 ширхгийг огтолж, 92 ширхэгт хэсэгчлэн хувааж, нийт 92 ширхэг буюу 8.0207 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод хууль бусаар бэлтгэж, иргэн Н.Н-ын эзэмшлийн ********* улсын дугаартай Хюндэй маркийн бага оврын ачааны зориулалттай тээврийн хэрэгслээр А аймгийн Э сумын *** дүгээр баг, Ц хорооллын 40-07 тоот хүртэл тээвэрлэж ойн санд 880,352 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           *Эрүүгийн 2512001380194 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч М.Д-гийн өгсөн:  

“...А аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт А багийн Ш гэх газарт 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хууль бусаар бэлтгэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна ...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-31 дүгээр тал/

 

          *Гэрч Д.А-ны өгсөн:

           “...А аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт А багийн Ш гэх газарт талбайн тусгаарлалт хийгдээгүй. Б-ын Э болон Н-ийн Н нар мод бэлтгэх эрхийн бичиг бэлдүүлж аваагүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 40-41 дүгээр тал/,

 

         *Гэрч Н.Н-ын өгсөн:

         “...Би 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б.Э ахтай уулзсан. Тухайн өдөр би өөрийн цагаан өнгийн Хюндэй маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслээр өвс, тэжээл ачаад аймгийн төвөөс оччихсон байсан болохоор ах Б.Э нь сумын төвөөс ирчхээд байж байна гээд надтай уулзахдаа дүүг ирсэн дээр машинаар нь жоохон галын түлээний мод бэлдээд аваадахъя гэхээр нь би малд яваад завгүй байсан учир түүнд машинаа өгөх болсон. Б.Э ах залгаад манайхаас урагшаа 5-6 километр орчим зайд Ш-ны голын Х гэх газар ирээд мод ачилцаад өгөөч гэж гуйхаар нь би унаж явсан мотоциклоор очиж ачилцаж өгсөн. Б.Э ах 10 гаран ширхэг шинэс төрлийн босоо мод унагааж тайраад 90 орчим хуваасан байсан. Тэгэхээр нь би машин дээр ачилцаж өгсөн. Хүмүүс галын түлээнд мод бэлтгэх эрхийн бичиг авцан байдаг болохоор би авсан болоод мод бэлтгэж байна гэж ойлгосон, ...эрхийн бичиггүй гэдгийг нь мэдээгүй. Э ах надад манай хашаанд буулгана гэж хэлээгүй. Би дараа нь мэдсэн. ...уг хашаа нь эзэнгүй байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-50, 88-89 дүгээр тал/,

 

         *Яллагдагч Б.Э-ын өгсөн:

         “...Би 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2512001380194 дугаартай тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 103 дугаар тал/

 

         *А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-гийн 2025 оны 03 сарын 06-ны өдрийн АРХ0325/116 дугаартай: “...1.Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй моднуудыг хуурай, нойтон аль нь болохыг тогтооход 8.1% чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл болно. 4. Шинжлэгдэж буй модны 1-92 гэж дугаарласан 92 ширхэг мод нь 8.0207 м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 880,352 төгрөг тус тус байна...” гэх дүгнэлт /хх-н 55-59 дугаар тал/

 

*Дамно үнэлгээ ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн АЦ25-126 дугаартай: ...ойгоос бэлтгэсэн мод 802,070 төгрөг, цахилгаан хөрөө 100,000 төгрөг, ********* дугаартай автомашин 11,466,000 төгрөг, нийт 12,369,070 төгрөгийн үнэлгээ гэх дүгнэлт /хх-ийн 110-121 дүгээр тал/,

           *Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...А аймгийн Ө сумын А баг Ш гэх газарт 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хууль бусаар мод бэлтгэсэн байж болзошгүй...” гэх тэмдэглэл /хх-н 1 дүгээр тал/,

          *Эд зүйлд үзлэг хийсэн “...Үзлэгийг А аймгийн Э сумын *** дүгээр баг, Ц 40-07 тоот хашаанд шинэс төрлийн модонд үзлэг хийхээр тогтов. Дээрх тайрч бэлтгэсэн модыг 1-92 хүртэл дугаарлан урт, бүдүүн, нарийн хэсгийн хэмжээ радиусыг сантиметр ашиглан хэмжиж тогтоохоор үзлэгийг үргэлжлүүлэвгэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 10-21 дүгээр тал/,

         *Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн ...Үзлэгийг А аймгийн Э сумын *** дүгээр баг, Ц 40-047 тоот хашаанд байх ********* улсын дугаартай Хюндэй маркийн тээврийн хэрэгсэлд хийв....” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 22-25, 78 дугаар тал/,

         * Хэргийн газрын үзлэг хийсэн “...А аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт А багийн Ш-ны хатавч гэх газар байв. Нийт 16 ширхэг шинэс төрлийн хожуул байв....” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 3-9 дүгээр тал/,

 

            *Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А аймгийн Ө сумын А багийн Ш гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй талаарх албан бичиг /хх-н 77 дугаар тал/,

 

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

 Гэм буруугийн талаар: 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.Э нь 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр А аймгийн Ө сумын А баг, Ш гэх газраас шинэс төрлийн босоо мод 16 ширхгийг огтолж, 92 ширхэгт хэсэгчлэн хувааж, нийт 92 ширхэг буюу 8.0207 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод хууль бусаар бэлтгэж, иргэн Н.Н-ын эзэмшлийн ******* улсын дугаартай Хюндэй маркийн бага оврын ачааны зориулалттай тээврийн хэрэгслээр А аймгийн Э сумын Ц хорооллын ****** тоот хүртэл тээвэрлэж ойн санд 880,352 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд: Иргэний нэхэмжлэгч М.Д-гийн өгсөн:  “...А аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт А багийн Ш гэх газарт 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хууль бусаар бэлтгэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна ...” гэх мэдүүлэг, гэрч Д.А-ны өгсөн: “...А аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт А багийн Ш гэх газарт талбайн тусгаарлалт хийгдээгүй. Б-ын Э болон Н-ийн Н нар мод бэлтгэх эрхийн бичиг бэлдүүлж аваагүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Н-ын өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б.Э ахтай уулзсан. Тухайн өдөр би өөрийн цагаан өнгийн Хюндэй маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслээр өвс, тэжээл ачаад аймгийн төвөөс оччихсон байсан болохоор ах Б.Э нь сумын төвөөс ирчхээд байж байна гээд надтай уулзахдаа дүүг ирсэн дээр машинаар нь жоохон галын түлээний мод бэлдээд аваадахъя гэхээр нь би малд яваад завгүй байсан учир түүнд машинаа өгөх болсон. Б.Э ах залгаад манайхаас урагшаа 5-6 километр орчим зайд Ш гэх газар ирээд мод ачилцаад өгөөч гэж гуйхаар нь би унаж явсан мотоциклоор очиж ачилцаж өгсөн. Б.Э ах 10 гаран ширхэг шинэс төрлийн босоо мод унагааж тайраад 90 орчим хуваасан байсан. Тэгэхээр нь би машин дээр ачилцаж өгсөн. Хүмүүс галын түлээнд мод бэлтгэх эрхийн бичиг авцан байдаг болохоор би авсан болоод мод бэлтгэж байна гэж ойлгосон, ...эрхийн бичиггүй гэдгийг нь мэдээгүй. Э ах надад манай хашаанд буулгана гэж хэлээгүй. Би дараа нь мэдсэн. ...уг хашаа нь эзэнгүй байсан юм...” гэсэн мэдүүлэг, *А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-гийн 2025 оны 03 сарын 06-ны өдрийн АРХ0325/116 дугаартай дүгнэлт, Дамно үнэлгээ ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн АЦ25-126 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...А аймгийн Ө сумын А баг Ш гэх газарт 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хууль бусаар мод бэлтгэсэн байж болзошгүй...” гэх тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн “...Үзлэгийг А аймгийн Э сумын ** дүгээр баг, Ц-ны 40-07 тоот хашаанд шинэс төрлийн модонд үзлэг хийхээр тогтов. Дээрх тайрч бэлтгэсэн модыг 1-92 хүртэл дугаарлан урт, бүдүүн, нарийн хэсгийн хэмжээ радиусыг сантиметр ашиглан хэмжиж тогтоохоор үзлэгийг үргэлжлүүлэвгэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн ...Үзлэгийг А аймгийн Э сумын **** дүгээр баг, Ц-ны 40-07 тоот хашаанд байх ******* улсын дугаартай Хюндэй маркийн тээврийн хэрэгсэлд хийв....” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн “...А аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт А багийн Ш гэх газар байв. Нийт 16 ширхэг шинэс төрлийн хожуул байв....” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,      хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А аймгийн Ө сумын А багийн Ш гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй талаарх албан бичиг, яллагдагч Б.Эын өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2512001380194 дугаартай тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Э-ын зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

А аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Э-ын зөвшөөрөлгүйгээр,  хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Б.Эыг зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 880,352  төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан, /880,352*3=2,641,056/хоёр сая зургаан зуун дөчин нэгэн мянга тавин зургаа/ төгрөг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс /880,352*3=2,641,056/хоёр сая зургаан зуун дөчин нэгэн мянга тавин зургаа/ төгрөг  гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Б.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Э-ын зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч Б.Э-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашины гэрчилгээг Н.Н-т буцаан олгож, автомашины үнэ 11,466,000 /арван нэгэн сая дөрвөн зуун жаран зургаа/ төгрөгийг шүүгдэгч Б.Эаас гаргуулж,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 2,641,056 /хоёр сая зургаан зуун дөчин нэгэн мянга тавин зургаа/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 8,824,944 /найман сая найман зуун хорин дөрвөн мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн нийт 92 ширхэг буюу 8.0207 м3 шинэс төрлийн мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

   

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Б-гийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан торгох ялыг биелүүлэх ажиллагаанд хяналт тавихыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 49.2.1, 49.4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Эаас байгаль экологид учруулсан хохирол /880,352*3=2,641,056/хоёр сая зургаан зуун дөчин нэгэн мянга тавин зургаа/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 05 сарын 07-ны өдрийн 83 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 31 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож, Шүүгдэгч Б.Эын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашины гэрчилгэг Н.Н-т буцаан олгож, автомашины үнэ 11,466,000 /арван нэгэн сая дөрвөн зуун жаран зургаа/ төгрөгийг шүүгдэгч Б.Эаас гаргуулж,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 2,641,056 /хоёр сая зургаан зуун дөчин нэгэн мянга тавин зургаа/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 8,824,944 /найман сая найман зуун хорин дөрвөн мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн нийт 92 ширхэг буюу 8.0207 м3 шинэс төрлийн мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.

 

8. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН