| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/0226/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/246 |
| Огноо | 2025-09-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Т |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж
Улсын яллагч: Б.Т
Шүүгдэгч: Б.Ө
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Ө-т холбогдох эрүүгийн 2512000000216 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ковшийн оператор ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, А аймгийн Э сумын ** дугаар баг, А хорооллын 9-1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Б.Ө
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Өнь 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт, тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Стой маргаж, улмаар биед нь халдан зодолдож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун зовхи, хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2512000000216 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Сын өгсөн:
“...О надад Ө гэх залуу намайг цохисон гэж хэлсэн. О-ын хацар улайсан байсан, өөр гэмтэл байгаагүй. Тэгээд дэлгүүр орох гээд явж байхад Ө гэх залуу гудамжинд явж байхаар нь би очоод дүү яагаад дээрэлхээд байгаа юм гээд нүд хэсэг рүү нь 1 удаа мөргөөд, 1 удаа өшиглөчхөөд яваад өгсөн. Тэгээд явж байхад араас машинтай 5-6 залуу ирээд Ө бууж ирээд над руу “одоо зодолдъё” гээд дайрсан. Би урдаас нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид хоёр зодолдоод Ө миний хамар луу цохисон. Миний хамраас цус гараад би доошоо тонгойсон, толгой хэсэг рүү нь цохиод байсан. Тэгээд тэд нар яваад өгсөн, би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/
*Хохирогч Б.Сын дахин өгсөн:
“...Одоо сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг тогтоолгохгүй. Уг гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд гэм хор учраагүй, ...7,000,000 төгрөг шаардагдах тул хагалгааны мөнгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг/хх-ийн 70 дугаар тал/
*Гэрч Б.А-ын өгсөн:
“...Ө гэх залуу дээр С очоод дүү яагаад дээрэлхээд байгаа юм гээд Өыг нэг удаа мөргөж, нэг удаа гараараа цохиж, хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид нар алхаад явж байхад араас Ө гэх залуу машинтай ирээд Стой зодолдоод унасан. Тэгээд би салгах гэж Өыг татсан, газарт унасан. Тэгэхэд Өтай хамт явж байсан залуу намайг тэвэрч авсан. Тэр үед О, Э хоёр зугтаад явчихсан байсан. Тэгээд бид нар салгаад зодооныг болиулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 дугаар тал/
*Гэрч Г.Х-гийн өгсөн:
“...Бид нарыг дараа нь хамт очиход Ө машинаас буугаад С гэх залуутай ярилцъя гээд очиход С шууд гараараа цохиод авсан. Ө зөрүүлж цохиод зодоон болсон. Би машинаас буугаад салгах гээд очиход Стой хамт явсан залуу Ө-г газарт унагаачихсан байсан. Тэгээд би салгаад зодооныг зогсоосон, Ө-г машиндаа суулгаад аваад явсан. Миний харснаар Ө нь Сыг гараараа нүүр хэсэгт нь 1 удаа цохиж байсан. Яг ямар гэмтэл учирсныг хараагүй. Дараа нь сонсоход Сын хамар хугарсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/
* А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-гийн 2025 оны 06 сарын 27-ны өдрийн АРХ0725/226 дугаартай “...Б.С-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр тал/,
*Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авсан талаарх баримт /хх-ийн 45 дугаар тал/,
*Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М-гийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “...Б.С нь 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 134,244 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр тал/,
*Яллагдагч Б.Өын өгсөн:
“...Би Сын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг/хх-ийн 65-66 дугаар тал/,
*Хохирогчоос гаргаж өгсөн “Intercharm” эмнэлгийн хамрын мэс заслын үнийн санал /хх-ийн 75 дугаар тал
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Өнь 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр А аймгийн Э сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт, тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.С-той маргаж, улмаар биед нь халдан зодолдож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун зовхи, хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Б.Өгэм буруутай болох нь хохирогч Б.С-ын өгсөн: “...О надад Ө гэх залуу намайг цохисон гэж хэлсэн. Оын хацар улайсан байсан, өөр гэмтэл байгаагүй. Тэгээд дэлгүүр орох гээд явж байхад Ө гэх залуу гудамжинд явж байхаар нь би очоод дүү яагаад дээрэлхээд байгаа юм гээд нүд хэсэг рүү нь 1 удаа мөргөөд, 1 удаа өшиглөчхөөд яваад өгсөн. Тэгээд явж байхад араас машинтай 5-6 залуу ирээд Ө бууж ирээд над руу “одоо зодолдъё” гээд дайрсан. Би урдаас нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид хоёр зодолдоод Ө миний хамар луу цохисон. Миний хамраас цус гараад би доошоо тонгойсон, толгой хэсэг рүү нь цохиод байсан. Тэгээд тэд нар яваад өгсөн, би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б.А-ын өгсөн: “...Ө гэх залуу дээр С очоод дүү яагаад дээрэлхээд байгаа юм гээд Өыг нэг удаа мөргөж, нэг удаа гараараа цохиж, хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид нар алхаад явж байхад араас Ө гэх залуу машинтай ирээд Стой зодолдоод унасан. Тэгээд би салгах гэж Өыг татсан, газарт унасан. Тэгэхэд Өтай хамт явж байсан залуу намайг тэвэрч авсан. Тэр үед О, Э хоёр зугтаад явчихсан байсан. Тэгээд бид нар салгаад зодооныг болиулсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Х-гийн өгсөн: “...Бид нарыг дараа нь хамт очиход Ө машинаас буугаад С гэх залуутай ярилцъя гээд очиход С шууд гараараа цохиод авсан. Ө зөрүүлж цохиод зодоон болсон. Би машинаас буугаад салгах гээд очиход Стой хамт явсан залуу Ө-г газарт унагаачихсан байсан. Тэгээд би салгаад зодооныг зогсоосон, Ө-г машиндаа суулгаад аваад явсан. Миний харснаар Ө нь С-ыг гараараа нүүр хэсэгт нь 1 удаа цохиж байсан. Яг ямар гэмтэл учирсныг хараагүй. Дараа нь сонсоход Сын хамар хугарсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авсан талаарх баримт, эрүүл мэндийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М-гийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “...Б.С нь 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 134,244 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байна...” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Өын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-гийн 2025 оны 06 сарын 27-ны өдрийн АРХ0725/226 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Өнь хохирогч Б.Сын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун зовхи, хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.Өнь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Б.Сын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун зовхи, хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.
Хохирогч Б.С нь гэмт хэргийн улмаас гарах хагалгааны зардал 7,000,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч уг 7,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т заасан гарсан зардалд хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгож, хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч Б.Өын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Өт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Өнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өнь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513.1-т зааснаар шүүгдэгч Б.Ө-аас 134,244 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хохирогчийн нэхэмжилсэн 7,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлын талаар зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН