| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/0229/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/257 |
| Огноо | 2025-10-02 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/257
2025/ШЦТ/257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж,
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч: Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.Б-д холбогдох эрүүгийн 2512002300205 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр А аймгийн Б суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт А аймгийн Э сумын *** дүгээр баг, Б 8-12 тоотод оршин суух, урьд нь А аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 122 дугаар таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
А аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145-2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
А аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Д.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Бнь 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн И сумын Х багийн И гэх газраас зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн газар унасан унанги мод 3 ширхгийг цахилгаан хөрөөгөөр огтолж буюу 2,9835 метр куб мод бэлтгэж, ойн санд 327,468 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
*Эрүүгийн 2512002300205 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн өгсөн:
“...Би уг хэрэгт ойн санд учирсан хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. ...Байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар тал/,
*Гэрч О.М-нийн өгсөн:
“...2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр сумын байгаль хамгаалагч Ч.М-гийн хамт Хан-Өндөр багийн Нарийн өлөнт, Их өлөнт гэх газар хууль бусаар мод бэлтгэж байж болзошгүй газруудаар эргүүл хяналт шалгалт хийсэн ба 17 цагийн орчимд Их өлөнтийн Чорьж гэх газрын ойролцоо явж байтал модноос цахилгаан хөрөөний дуу гарахаар нь очиж шалгатал Д.Б гэх иргэн гарал үүслийн гэрчилгээгүй 3 ширхэг газар унасан унанги мод тайрч бэлтгэсэн байдалтай байсан. Тус иргэний мод бэлтгэх гарал үүслийн гэрчилгээ байгаа эсэх талаар тодруулахад ямар нэгэн бичиг баримт байхгүй байсан. ..Бэлтгэсэн модоо тээврийн хэрэгсэл дээр ачаагүй, газар байсан буюу тээврийн хэрэгсэл ашиглаагүй байсан. ...Д.Бнь модоо бэлтгэхдээ улаан өнгийн бариултай, улбар шар өнгийн хамгаалалтын тагтай, хөх өнгийн бензиний савтай, цэнхэр өнгийн маниултай, цахилгаан хөрөө байсан. Өөр эд зүйл байгаагүй. Сүх ашиглаагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,
*Гэрч А.Ч-ын өгсөн:
“...А аймгийн И сумын Х багийн И гэх газар нь талбай тусгаарлалт хийгдсэн газар мөн. Тухайн газрын талбай тусгаарлалтын 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №01 дугаартай гэрээгээр “Их өлөнт” нөхөрлөлийн захирал Д.Э, Сум дундын ойн ангийн инженер А.Ч нар байгуулж А аймгийн И суман дахь сум дундын ойн ангийн дарга Б.Ц баталсан байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар тал/,
*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд“...Хэрэг учрал болсон гэх газар нь А аймгийн И сумын Х багийн нутаг дэвсгэрт байрлах И гэх газар байх ой мод байв. Д.Бмод бэлтгэсэн гэх газар нь ой модны захаас машины бүдэг мөр бүхий замаар 2.3 км зайд өгсөн очих ба газрын хөрс чийглэг зарим хэсгээр шавартай тээврийн хэрэгслээр зорчиход хүндрэлтэй газар байв.
...Д.Б-аар мод бэлтгэсэн гэх газрыг заалгахад байгалийн жамаар үндсээрээ бутарч унасан 1-2 метрийн урттай 4 ширхэг унанги мод байсан ба 3 ба 4-р моднуудыг хэрчимлэн тайрсан байв...” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 4-7 дугаар тал/,
*А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-гийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “...1.Модонд үзлэг хийсэн хэмжилтээр тайрдаснууд нь 2,9835м3 байх ба экологи-эдийн засгийн үнэлгээ 327,468 төгрөг байна. 2. “Монгол орны мод сөөг” гарын авлагатай харьцуулахад Pinaceae Lindl-Нарсны овгийн Larix sibrica-Сибирь шинэс байна. З.Хэргийн газрын үзлэг хийхэд уг моднууд нь унанги модноос бэлдсэн байна.” гэх шинжээчийн дүгнэлт, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 29-31 дүгээр тал/,
*Эд зүйлд үзлэг хийсэн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “...А аймгийн И сумын Т багийн замын цагдаагийн байнгын хяналтын постны 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хууль бусаар бэлтгэсэн модонд үзлэг хийхэд уртын хэмжээ 2 метр 60 см өргөн 1 метр 35 см өндөр 0.85 см байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-35 дугаар тал/,
*Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 68 дугаартай “...А аймгийн И сумын Х багийн И гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт орохгүй болно...” гэх албан бичиг (хх-ийн 42 дугаар тал),
* Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 51 дүгээр тал/,
*Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “...Үзлэгээр уг хөрөө нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн бариултай, улбар шар өнгийн хамгаалалтын тагтай, хөх өнгийн бензиний савтай , цэнхэр өнгийн маниултай, дээд бариул нь хар өнгийн, шугам төмөр нь 62 см, сеп зэргээс бүрдсэн цахилгаан хөрөө байв...” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 22-23 дугаар тал/,
*Эд зүйл баримт бичиг хүлээн авсан 2025 оны 06 дугаар 24-ний өдрийн “...2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Мод бэлтгэх талбай тусгаарлалтын гэрээ”-ний хуулбар хүлээн авав...” гэх тэмдэглэл /хх-ийн 96-99 дүгээр тал/,
*А аймаг дахь И сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоол, түүний хавсралтад “Их Өлөнт гэх газар нь тусгаарлагдсан талбайд хамрагдсан” /хх-ийн 102-107 дугаар тал/,
*Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №АЦ25-127 дугаартай “...шинэс төрлийн 2,9835м3 модны зах зээлийн үнэлгээ 298.350 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хуучин хөрөө 1 ширхэг нь 88.000 төгрөг нийт 386.350 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 113-120 дугаар хуудас/,
*Яллагдагч Д.Б-ны “...миний үйлдэлтэй тохирч байна. Маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 152-153 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.Бнь 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн И сумын Х багийн И гэх газраас зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн газар унасан унанги мод 3 ширхгийг цахилгаан хөрөөгөөр огтолж буюу 2,9835 метр куб мод бэлтгэж, ойн санд 327,468 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн өгсөн: “...Би уг хэрэгт ойн санд учирсан хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. ...Байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч О.М-нийн өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр сумын байгаль хамгаалагч Ч.М-гийн хамт Х багийн Нарийн өлөнт, Их өлөнт гэх газар хууль бусаар мод бэлтгэж байж болзошгүй газруудаар эргүүл хяналт шалгалт хийсэн ба 17 цагийн орчимд И гэх газрын ойролцоо явж байтал модноос цахилгаан хөрөөний дуу гарахаар нь очиж шалгатал Д.Б гэх иргэн гарал үүслийн гэрчилгээгүй 3 ширхэг газар унасан унанги мод тайрч бэлтгэсэн байдалтай байсан. Тус иргэний мод бэлтгэх гарал үүслийн гэрчилгээ байгаа эсэх талаар тодруулахад ямар нэгэн бичиг баримт байхгүй байсан. ..Бэлтгэсэн модоо тээврийн хэрэгсэл дээр ачаагүй, газар байсан буюу тээврийн хэрэгсэл ашиглаагүй байсан. ...Д.Б нь модоо бэлтгэхдээ улаан өнгийн бариултай, улбар шар өнгийн хамгаалалтын тагтай, хөх өнгийн бензиний савтай, цэнхэр өнгийн маниултай, цахилгаан хөрөө байсан. Өөр эд зүйл байгаагүй. Сүх ашиглаагүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Ч-ын өгсөн: “...А аймгийн И сумын Х багийн И гэх газар нь талбай тусгаарлалт хийгдсэн газар мөн. Тухайн газрын талбай тусгаарлалтын 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №01 дугаартай гэрээгээр “И” нөхөрлөлийн захирал Д.Э, Сум дундын ойн ангийн инженер А.Ч нар байгуулж А аймгийн И суман дахь сум дундын ойн ангийн дарга Б.Ц баталсан байдаг...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-гийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, түүний гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 68 дугаартай албан бичиг, эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №АЦ25-127 дугаартай “...шинэс төрлийн 2,9835м3 модны зах зээлийн үнэлгээ 298.350 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хуучин хөрөө 1 ширхэг нь 88.000 төгрөг нийт 386.350 төгрөг...” гэх дүгнэлт, яллагдагч Д.Б-ны “...миний үйлдэлтэй тохирч байна. Маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
А аймгийн П-ын газраас шүүгдэгч Д.Б-ны зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Д.Б-ыг зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 327,468 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан, /327,468*3=982,404/есөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс /327,468*3=982,404/есөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Б-ыг зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна.
Шүүгдэгч Д.Б-ны гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 88,000 /наян найман мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг хураан гэмт хэргийн улмаас учирсан хохирол 982,404 төгрөгийг төлүүлэн, хэрэгт битүүмжлэгдсэн 2,9835 м3 шоо шинэс төрлийн модыг улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бнь шүүхээс оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 49.2.1, 49.4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-наас байгаль экологид учруулсан хохирол /327,468*3=982,404/есөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 08 сарын 14-ний өдрийн 107 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б-ны гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 88,000 /наян найман мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг хураан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 982,404 /есөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөгөөс төлүүлж хэрэгт битүүмжлэгдсэн 2.9835 м3 шоо шинэс төрлийн модыг улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН