Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 161/ШЦТ2017/00063

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, 

нарийн бичгийн дарга Т.А,

орчуулагч А.Е,

улсын яллагч М.Ф, 

хохирогч Х.А,

хохирогчийн өмгөөлөгч Х.З,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

шүүгдэгч Х.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ат холбогдох 1713*************  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Н овгийн Х А, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Б сумын 0 дүгээр багт оршин суудаг, РД:МЕ********.

Шүүгдэгч Х.А ийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Х.А /хоч нэр нь Б/ нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Б сумын 0 дүгээр багийн иргэн бэргэн эгч нь болох Х овогтой А ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

- Шүүгдэгч Х.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Би Х.А ыг хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Мөн 1, 2 удаа цохиж авсан. Надад үүнээс өөр хэлэх зүйл байхгүй байна. Би хохирлыг бүрэн төлж өгсөн” гэв. 

- Хохирогч Х.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... хөлөөрөө миний баруун талын шилбэ хэсгээс өшиглөж, мөн гараараа хэд хэдэн удаа цээжнээс минь нударч цохиж унагааж, мөн цээжнээс нэг удаа, толгойн оройн хэсгээс 3 удаа гараар цохьсон. Бидний хооронд одоо ямар ч гомдол тэмцэл гээд зүйл байхгүй” гэв. 

Мөн насанд хүрээгүй гэрч М.Н н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Б ах /А/ миний ээж Аыг “Чи муу авгай миний эхнэрийг юу юу гээд ховлоод явдаг вэ” гэж янз бүрийн юм ярьж байгаад хөлөндөө өмсөж явсан бакаль гутлаар хөлний тус газар хэд хэдэн удаа өшиглөж авсан. Тэр үед ээж маань орилж уйлсан, мөн ээжийн минь толгойн тус газар нударч, цээжнээс нь цохиж зодсон” гэх мэдүүлэг,

- Гэрч Ө.А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Х.А над руу утасдаж, хадам дүү Х.А ирээд намайг зодоод явлаа гэж ярьж байсан. Би тэгээд сумаас 103-ын эмч дуудаж өгсөн. Маргааш нь мотоциклоор тэдний гэрт очиход Х.Аы баруун талын шилбэний хэсэг нь хавдсан нөхөр нь байхгүй, хоёр хүүхдийн хамт гэртээ байсан. Дараа нь сумын түргэн ирээд аваад явсан” гэх мэдүүлэг,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б ы 258 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эмнэлгийн магадлагаа болон жижүүр эмчийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, шүүгдэгч Х.Аийн хувийн байдлын талаарх багийн засаг даргын тодорхойлолт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Х.А /хоч нэр нь Б/ нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Б сумын 0 дүгээр багийн иргэн бэргэн эгч нь болох Х овогтой Аыг ахуйн маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

Үүнд: Хохирогч Х.Аы мөрдөн байцаалтын шатанд “... хөлөөрөө миний баруун талын шилбэ хэсгээс өшиглөж, мөн гараараа хэд хэдэн удаа цээжнээс минь нударч цохиж унагааж, мөн цээжнээс нэг удаа, толгойн оройн хэсгээс 3 удаа гараар цохьсон” гэж мэдүүлсэн ба дээрх цохилтын улмаас хохирогч Х.Аы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 258 дугаартай “...1. Иргэн Х.Аы биед цээжний зүүн дээд хэсэг болон баруун талын хөлний шилбэний хэсгийг бүхэлдээ хамарсан хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр нотлогдож байна. Мөн шүүгдэгч Х.Аийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, бусад гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна. 

  Иймд шүүгдэгч Х.Аийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Баян-Өлгийн аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирч байна.

Шүүгдэгч Х.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж прокуророос ялаас чөлөөлөх саналтай ирүүлсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж шүүх дүгнэлээ. 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ад 333300 /гурван зуун гучин гурван мянга гурван зуу/ төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Х.А нь бүрэн төлж барагдуулсан байна. 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн  шүүгдэгч Х.Аийн цахим иргэний үнэмлэх, В00906600 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/03 дугаартай шүүгдэгч Х.Аийн нас бие гүйцсэн, 900000 төгрөгний үнэтэй морийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна. 

Шүүх шүүгдэгч Х.Аийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ялаас чөлөөлж  шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Н овгийн Х Аийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Х.Аийг ялаас чөлөөлсүгэй. 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/03 дугаартай шүүгдэгч Х.Аийн нас бие гүйцсэн, 900000 төгрөгний үнэтэй морийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай. 

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ат өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Х.Аийн цахим иргэний үнэмлэх, В00906600 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОРЖБАЛ