Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0193

 

 

   2023         03           06                                    128/ШШ2023/0193

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Г*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Н*******,

Хариуцагч: *******а,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ч*******, Б.Г******* нарын хоорондын төрийн албаны  маргааныг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э****** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. *******ын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар тус газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын ерөнхий нягтлан бодогч Л.Г*******ыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс албан тушаалаас нь чөлөөлж, мөн өдрөөс тус газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

1.2. *******ын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар тус газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Г*******ыг албан тушаалаас чөлөөлжээ

1.3. *******ын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/133 дугаар тушаалын 1 дэх заалтаар Л.Г*******ыг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлж, 4 дэх заалтаар дээрх Б/83 дугаар тушаалыг хүчингүй болгожээ.

1.4. Нэхэмжлэгчээс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “*******ын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/133 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэл гаргажээ.

1.5. 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “*******ын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/133 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлснийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин болон эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх” гэж багасгажээ.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Л.Г******* миний бие Нийгмийн халамж үйлчилгээний газар, Хүнс хөдөө аж ахуйн яамны харьяа байгууллагууд, Мал эмнэлэг, үржлийн газарт тус тус ажиллаж байсан бөгөөд төрийн албанд 22 жил ажиллаж мерит зарчмын дагуу дэвшин ажиллах боломж гарч улмаар *******ын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон билээ. Миний бие ажиллах хугацаандаа аливаа байдлаар зөрчил гаргаж байгаагүй, Үндэсний аудитын газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санхүүгийн хяналт шалгалтад удаа дараа сайн үнэлгээ авч "Зөрчилгүй” санал дүгнэлт аван ажилласан бөгөөд жил бүр үр дүнгийн гэрээгээ тогтмол "Хангалттай сайн” хэмээн дүгнүүлж байсан болно.

Гэтэл *******ын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/83 тоот тушаалаар намайг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил, албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд уг тушаалаа өөрчлөн 2022 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн Б/133 дугаар тушаалыг гаргасан. Энэхүү тушаал нь дараах байдлаар хууль тогтоомж зөрчсөн шийдвэр болсон.

Маргаан бүхий тушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар
зүйлийн 32.1, 32.2-д заасныг баримталсан байх бөгөөд уг заалтын дагуу Төрийн албаны зөвлөл нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлсэн байхыг шаардахаар байна.

Гэтэл манай байгууллагын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1/4 тоот албан тоотын хариу болох Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 02/1744 тоот албан бичигт тус газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалт явуулах захиалгыг төрийн албаны зөвлөлийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Салбар зөвлөлд хүргүүлэн, хуульд заасан хугацаанд зохион байгуулж, хариу ирүүлнэ үү гээд хууль хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөж, улмаар хууль бусаар
ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор төрд учруулсан албан тушаалтнаар
хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай зохицуулалттайг анхаарч ажиллана уу гэжээ. Өөрөөр хэлбэл, уг албан бичигт намайг үүрэгт ажлаас маань чөлөөлөхтэй холбоотой асуудлыг хөндөөгүй байтал дээрх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй болно.

Түүнчлэн Коронавируст халдвар /Ковид-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2-д "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг.

Миний хувьд тухайн цаг хугацаанд Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд томилогдсон, томилогдсоноос хойших хугацаанд "Төрийн жинхэнэ албаны тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон албан удирдах шалгаруулалт огт зарлаагүй атлаа үүндээ намайг буруутгаж хөдөлмөрлөх эрх, цаашлаад уг сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлаж байгаа нь үндэслэлгүй болно.

Нөгөөтэйгүүр миний бие тус сонгон шалгаруулалтыг зарлуулахтай холбоотой хүсэлтээ удаа дараа байгууллагын удирдлагуудад гаргасан боловч цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хойшлуулсаар шалгалт зохион байгуулаагүй бөгөөд миний зүгээс Төрийн албаны тухай хуулийн эрхэлсэн түшмэлийн албыг хаших болзлыг бүрэн хангасан эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан болно.

Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасан ба тус хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулах журмыг нарийвчлан хуульчилсан байдаг. Сонсох ажиллагааны гол агуулга нь тухайн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн эрх ашгийг хамгаалах үүднээс, өөрөөс нь холбогдох нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргуулах боломжийг олгох байдаг. Тухайлбал уг хуулийн 27.7-д "Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй” хэмээн заасан.

Уг заалт ёсоор бол хөндөгдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг анхаарч үзсэн шийдвэр гаргах ёстой. Гэтэл миний гаргасан санал, тайлбарыг огт харгалзан үзээгүйн дээр миний эрх ашгийг хамгаалах талаар ямар нэгэн боломжит шийдэл эрэлхийлэлгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь зөрчсөн шийдвэр гасан нь сонсох ажиллагааг хэлбэр төдий гүйцэтгэж, үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг минь ноцтой зөрчиж байна. Нөгөөтэйгүүр Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг тусгаж өгсөн ба 62.1.1-д "Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” хэмээн хуульчилсныг зөрчсөн юм.

Миний бие ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч 2022 оны 08 сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандан өргөдөл гаргасан бөгөөд өргөдлийг Төрийн албаны зөвлөлөөс хянаж үзээд *******ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б*******д “хууль хэрэгжүүлэх тухай" 2022 оны 10 сарын 10-ны өдрийн 01/1992 дугаартай албан тоотыг хүргүүлсэн. уг албан тоотод Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн Б/133 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуульд нийцээгүй болохыг тогтоосон. Гэвч хариуцагчийн зүгээс Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул ийнхүү шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Иймд *******ын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/133 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

 

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н*******ээс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хариуцагч байгууллагаас Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 8 сарын 19-ний өдрийн тушаалыг үндэслэж байна гэж тушаалын 2 дугаар зүйлд заагаад Төрийн албаны тухай хуулийн 46.3.5 дах заалтыг баримталж ажлаас халсан. Энэ нь өөрөө Төрийн албаны зөвлөлөөс болон тухайн гомдол гаргасан сонсох ажиллагаанд хууль зөрчөөд байна. Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлаагүйтэй холбоотойгоор төрийн албан хаагчийг ажлаас нь халах үндэслэл болохгүй. Ажлаас халж байгаа нь ямар нэгэн байдлаар буцаад сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй нөхцөл байдал бүрдүүлж байна гэж тайлбар гаргаад явж байсан. Гэтэл маргаан ажлаас халах ёсгүй байна, буруутай байна гээд хариуцагч хүлээн зөвшөөрөөд 2022 оны 9 сарын 21-ний өдөр дахиад тушаалаа өөрчилж байна. Энэ агуулгаараа үндсэндээ нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх ёсгүй гэж илтгэж байна. Мөн тушаалын үндэслэлд дурдаж байгаа хуулийн 32.1, 32.2 өөрөө тухайн төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй. Мөн хуулийн 43.6 дах заалтыг үндэслэж түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно гэсэн заалтыг баримтлаад ажлаас чөлөөлж байгаа нь өөрөө Төрийн албаны тухай хуулийн 46.2 дах заалтад хамаарах буюу энэ үндэслэл тогтоогдоогүй байхад ажлаас чөлөөлсөн хууль бус юм. Ингээд чөлөөлөхдөө Л.Г*******ыг сонгон шалгаруулалтад томилогдоогүй мөн шалгалт өгөх болзол журмыг зөрчиж томилсон гэдэг агуулгаар маргаж байгаа. Сонгон шалгаруулалтыг зарлах үүрэг өөрөө хариуцагч захиргааны байгууллагад байгаа. Энэ үүргээ хэрэгжүүлнэ үү гэдэг агуулгаар Төрийн албаны зөвлөлөөс үүргээ хэрэгжүүлэх агуулгатай бичиг явуулахаар буруу хэрэгжүүлээд тухайн хүнийг албан тушаалаас чөлөөлж байна. Чөлөөлөхдөө хуульд заасныг баримтлаагүй. Шаардлага хангасан болох нь сонгон шалгаруулалтад оролцоод тогтоогдож байна. Гэтэл хариуцагч байгууллага шаардлага хангаж байгаа эсэхийг баримтаар тогтоогоогүй байж ажлаас чөлөөлсөн үндэслэлгүй. 2022 оны 10 сарын 10-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн албан бичигт тодорхой дурдсан. Энэ этгээдүүдийг ажлаас чөлөөл гэдэг агуулгаар танайд албан бичиг хүргүүлээгүй. Танайхыг сонгон шалгаруулалтыг зарлаач ээ гэдэг агуулгаар хүргүүлж байгаа. Сонгон шалгаруулалтад оролцуулах боломжоор хангаагүй. Нэхэмжлэгчийг түр орлон гүйцэтгэгчээр томилж байгаа нь хууль зөрчсөн гэж үзсэн мөртлөө мөн нэхэмжлэгчийн үүрэгт ажлыг гүйцэтгэх хүнийг дахиад түр орлон гүйцэтгэгчээр томилж байгаа. Энэ өөрөө хууль зүйн хувьд хоорондоо хамааралтай акт гаргахдаа зөрчсөн шийдвэр гаргаж тухайн этгээдийн эрхийн хөндөж байна.  Хэдийгээр энэ этгээд сонгон шалгаруулалтад оролцоод тухайн газрын санхүүгийн даргын албан тушаалыг гүйцэтгэж байгаа хэдий ч томилогдох хүртэл 6 сарын хугацаанд хууль зөрчөөд ажлаас чөлөөлсөн учир төрийн албаны баталгаа хуулийн 49.4-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх гэдэг заалтаар тус заалт хэрэгжээгүй. Хуулийн 62.1-д заасан төрийн албанаас халагдахгүй байх үндэслэлүүдээ хэрэгжүүлээгүй улмаас эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөний улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Албан тушаал эрхэлж байгаа ч гэсэн Б/133 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн учраас ажилгүй байсан цалин хөлсийг нэхэмжлэлдээ гаргаж байгаа. Тус захиргааны акт хууль зөрчсөн гэдэг агуулгаар маргаад ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал.

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:1. Л.Г******* нь Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн хяналт, баталгаажуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, 33 дугаар зүйлд заагдсан сонгон шалгаруулалт, мэргэшлийн шалгалт өгөх зохицуулалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмыг тус тус зөрчин томилогдсон болохыг Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 02/1744 тоот албан бичгээр тогтоогдсон.

Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь заалтад
“... Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ" гэснийг удирдлага болгосон.

2. Мал эмнэлгийн ерөнхий газар нь Төрийн албаны зөвлөлийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх салбар зөвлөлд Санхүү, төлөвлөлтийн газрын даргын сул орон тоонд тусгай шалгалт зарлаж, сонгон шалгаруулалт явуулах захиалга өгсөн. Энэхүү тусгай шалгалтад Л.Г******* оролцох эрх нь нээлттэй болно.

3. Хуульд заагдсанаар сонсох ажиллагааны мэдэгдэл Л.Г******* хүргүүлж, уг сонсох ажиллагааны явцад *******ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б******* “... Мал эмнэлгийн ерөнхий газарт Санхүү төлөвлөлтийн газарт Ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалд ажиллуулах санал гаргаж, ажиллахыг хүссэн боловч Л.Г******* нь хүлээн аваагүй болно.

4. Мал эмнэлгийн ерөнхий газар нь Төрийн албаны зөвлөлийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх салбар зөвлөлд Л.Г*******ын түр орлон гүйцэтгэж байсан албан тушаалын сонгон шалгаруулалтын захиалгыг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 01/947 тоот албан бичгээр хүргүүлсэн байгаа тул нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож, өөрийн ур чадвараар сонгогдох эрх Л.Г*******т нээлттэй байгаа тул 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/133 тоот тушаалыг хүчингүй болгож буцаан түр орлон гүйцэтгэгчээр томилох боломжгүй болно” гэжээ.

 

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*******ын Б/83, Б/133 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн тушаалуудыг гаргахад Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 8 сарын 19-ний өдрийн 011744 дугаартай албан бичгийг Мал эмнэлгийн ерөнхий газарт хүргүүлсэн. Энэ албан бичиг нь Төрийн албаны тухай хуулийн 32.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хуулийн дагуу явагдсан ажил гэж үзэж байгаа. *******ын Б/133 тоот тушаалыг гаргахад Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, тус хуулийн 7 дах хэсгүүдэд албан хаагчийг чөлөөлөх үндэслэл болсон талаар заасан тул Захиргааны ерөнхий хуулийн 40.2.3-д зааснаар бичгээр гаргасан захиргааны актын бодит нөхцөл байдлыг заахыг шаардсан шаардлагад тус тушаал нь нийцсэн байна. Сонсох ажиллагааны тухайд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хуульд заасны дагуу нотлох баримтаар ирүүлсэн байх ёстой. Сонсох ажиллагаанд нэхэмжлэгчид олгогдсон болон дахин сонгон шалгаруулалтад оролцох эрх нээлттэй байгаа талаар мэдэгдэж байсан. Энэхүү бичгийг 2022 оны 10 сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс 011992 дугаартай мэдэгдэл нэхэмжлэгчийг үүрэгт ажилд нь буцаан томилох бус орон тооны сонгон шалгаруулалтад өрсөлдөх эрхээр нь хангахыг сануулсан. Нэхэмжлэгчийг Б/133 тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн хуульд нийцсэн гэж үзэж байгаа.

...Засгийн газраас Ковидын тухай хуулийн үйлчлэл зогссон үүний дагуу Засгийн газраас 2023 оны 01 сарын 11-нд тогтоол гарсан. Энэ тогтоол юу вэ гэхээр Засгийн газрын агентлагийн түр орлон гүйцэтгэгч нь Ковидын тухай хуулиар түр орлон гүйцэтгэгчээр гүйцэтгэж байсан албан хаагч ажилчид дарга нарыг чөлөөлөх асуудал хөндөгдсөн. Үүнийхээ дагуу агентлагийн дарга нарыг чөлөөлсөн. Ингээд түр орлон гүйцэтгэгч шинээр томилогдож байгаа. Үүнтэй агаар нэг адилхан гэж бодож байна. Хуулийн 32.1 дэх заалт болохоор чөлөөлөх үндэслэл байхгүй гэж яриад байгаа. Ингээд хараад үзвэл Төрийн албаны тухай хуулийн 32.7 дах хэсэгт төрийн албан хаагчийг чөлөөлөх үндэслэлийг заасан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Г*******оос *******ад холбогдуулан “*******ын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/133 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин болон эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх” нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, “тус газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаагүй атлаа үүнд намайг буруутгаж, хөдөлмөрлөх эрх, цаашлаад сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарласан нь хууль бус” гэж тайлбарлан маргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

2.1. *******ын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны “Мал эмнэлгийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр” батлагдсантай холбогдуулан “тус газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын ерөнхий нягтлан бодогч Л.Г*******ыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс албан тушаалаас нь чөлөөлж, мөн өдрөөс тус газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон”,

2.2. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 02/1744 дүгээр албан бичигт “...  Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А/46  дугаар тушаалыг үндэслэн тус газар бүтцийн 7 нэгжтэй болж, Санхүү, хөрөнгө оруулалтын газар нэмэгджээ. ... Д.Г******* нь Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох болон мэргэжлийн шалгалт өгөх зохицуулалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ыг зөрчиж томилогджээ. ... Иймд ... Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх салбар зөвлөлд хүргүүлэн, хуульд заасан хугацаанд зохион байгуулж, хариу ирүүлнэ үү” гэсэн,

2.3. *******ын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар тус газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Г*******ыг албан тушаалаас чөлөөлсөн,

2.4. *******ын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/124 дүгээр тушаалаар “Ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан С.М*******ыг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ээр томилсон,

2.5. *******ын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/133 дугаар тушаалын 1 дэх заалтаар Л.Г*******ыг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлж, 4 дэх заалтаар дээрх Б/83 дугаар тушаалыг хүчингүй болгосон,

2.6. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/1992 дугаар албан бичигт “...Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэг нь төрийн албанаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй юм. ... Л.Г******* нарыг хууль тогтоомж зөрчиж томилсныг Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон талаар ямар нэгэн шийдвэр гараагүй атал дээрх үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Иймд ... тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад орж, өрсөлдөх эрхийг хангаж ажиллахыг мэдэгдэж байна...” гэсэн,

2.7. Төрийн албаны зөвлөлийн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор Мал эмнэлгийн ерөнхий газрын Санхүү, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласны дагуу явагдсан сонгон шалгаруулалтад Л.Г******* нь хамгийн өндөр оноо авсан тул, уг албан тушаалд түүнийг томилуулахаар нэр дэвшүүлсэн,

2.8. Улмаар *******ын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Л.Г*******ыг Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилсон нөхцөл байдал тогтоогдов.

3. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл, хариуцагч нь маргаан бүхий Б/133 дугаар тушаалын 1 дэх заалтаар Л.Г*******ыг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7”1.-т “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална:”, 7.1.4-т “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах;” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэж заасанд нийцэхгүй хууль бус шийдвэр болжээ. Учир нь:

3.1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А/46 дугаар тушаалаар “Мал эмнэлгийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр” батлагдахаас өмнө нэхэмжлэгч Л.Г******* нь тус газарт ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан тухай хариуцагч маргаагүй.

3.2. Улмаар байгууллагын бүтэц өөрчлөгдөж Мал эмнэлгийн ерөнхий газар нь Санхүү, хөрөнгө оруулалтын газартай байхаар тогтоосноор хариуцагч нь Төрийн албаны тухай хуульд заасан “сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нөхөх” зарчмын дагуу тухайн байгууллагад ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Л.Г*******ыг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон атлаа маргаан бүхий актаар “хууль зөрчиж томилогдсон” гэсэн үндэслэлээр тус албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн нь өмнөх шийдвэрээ үгүйсгэсэн агуулгатай, захиргааны акт үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

3.3. Өөрөөр хэлбэл, тухайн тохиолдолд байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдэж, Санхүү, хөрөнгө оруулалтын газар шинээр нэмэгдсэнтэй холбоотойгоор хариуцагч нь Б/39 дугаартай тушаалаар Л.Г*******ыг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон атлаа маргаан бүхий Б/133 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийг чөлөөлсөн нь агуулгын хувьд алдаатай шийдвэр болжээ. Учир нь хуулийн дээрх зохицуулалт нь түр орлон гүйцэтгэгчийг чөлөөлөх бус анхнаасаа томилж ажиллуулахгүй байхыг захиргаанд үүрэг болгосон агуулгатай тул нэгэнт томилогдон ажиллаж байсан түр орлон гүйцэтгэгчийг албан тушаалаас чөлөөлөх харилцаанд хэрэглэгдэхгүй юм.

3.4. Мөн тухайн байгууллагад хийгдсэн бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга томилогдтол даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллахаар Л.Г******* зөвшөөрсөн нь тухайн газрын дарга хуульд заасан журмын дагуу томилогдох хүртэл үргэлжлэхээр байх тул хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй” гэж заасныг зөрчиж маргаан бүхий актыг гаргасан гэж үзнэ. Учир нь:

3.4.1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох журмыг хуульчилсан байх ба энэ нь төрийн албан хаагчдаас, эсхүл нөөцөд байгаа иргэдээс гэсэн дарааллаар томилогдохоор, боломжгүй тохиолдолд сонгон шалгаруулалтаар гэсэн дарааллаар явагдахаар байна.

3.4.2. Маргааны тохиолдолд Мал эмнэлгийн ерөнхий газрын Санхүү, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалын сул орон тоо төрийн албан хаагчдаас нөхөгдөөгүй, уг сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлагдаагүй байсан нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01/442 тоот албан бичигт “...Мал эмнэлгийн ерөнхий газрын Санхүү, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг 2022 оны 12 дугаар сарын 22-ний өдөр зохион байгуулсан...” гэсэн болон *******ын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/124 дүгээр тушаалаар “Ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан С.М*******ыг Санхүү, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж” шийдвэрлэснээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч талын “...төрийн алба хаах адил тэгш боломжоор хангаагүй”  гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.

3.5. Түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий актыг гаргаснаараа тухай албан тушаалын үүргийг гүйцэтгэх хүнгүй болж улмаар түр орлон гүйцэтгэгчийг түр орлон гүйцэтгэгчээр сольж ажиллуулсан нь бодит нөхцөлд тохироогүй шийдвэр болжээ.

4. Маргаан бүхий актаар Л.Г*******ыг Мал эмнэлгийн ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалын түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн, Төрийн албаны зөвлөлийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс тус газрын Санхүү, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зохион байгуулсныг үндэслэн Л.Г*******ыг 2023 оны Б/17 дугаар тушаалаар тухайн албан тушаалд томилсон байх боловч эдгээр нь нэг албан тушаал болох тухайд хариуцагч маргаагүйг тэмдэглэв.

5. Дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн *******ын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/133 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлснийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл үндэслэлтэй байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

6. Нэхэмжлэгч Л.Г******* нь  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс Мал эмнэлгийн ерөнхий газрын Санхүү, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад орж тэнцэн, тус газрын даргын 2023 оны 02 дүгээр сарын 20-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Санхүү, төлөвлөлтийн газрын даргаар томилогдсонтой холбоотойгоор “... эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэл дэмжихгүйгээ илэрхийлж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

7. Иймд Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “...Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасны дагуу Л.Г*******ын ажилгүй байсан 2022 оны 09 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг дуусталх ажлын 100 өдрийн цалин хөлсийг түүний өмнө авч байсан цалин хөлсний дунджаар тооцож, нийт 7,574,855.7 төгрөгийг нэхэмжлэгч Л.Г*******т олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч *******ад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн  47.1.6-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Г*******оос *******ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, *******ын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/133 дугаартай тушаалаар Л.Г*******ыг ажлаас чөлөөлснийг хүчингүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан Л.Г*******ын ажилгүй байсан 2022 оны 09 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг дуусталх ажлын 100 өдрийн цалин хөлс болох 7,574,855.7 төгрөгийг /долоон сая таван зуун далан дөрвөн мянга найман зуун тавин зургаан/ төгрөгөөс зохих татвар суутгалыг хийж нэхэмжлэгч Л.Г*******т олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад даалгасугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.МӨНХЗУЛ