Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 7

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 143/ШШ2019/00091 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И.Д , Н.О нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.М д холбогдох “Газрын гэрчилгээг чөлөөлж, албадан гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М э,  нарийн бичгийн даргаар Ц.Даваасүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч И.Д , Н.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ц.М  нь цалингийн зээл авахад тус болооч гээд И.Д , Н.О нарын Г-1105003806 бүртгэлийн дугаартай газрын гэрчилгээг КБ инд үл хөдлөх хөрөнгөөр барьцаалан тавьсан. Энэхүү зээлийг Ц.М ийг төл гэж 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 548 дугаартай шүүхийн шийдвэрээр 6 110 950 төгрөгийг Ц.М , Р.Н  нарт олгуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Г.М ээс 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 6 140 950 төгрөгийг данснаас нь татаж авч төлбөрийг бүрэн гүйцэд төлж барагдуулсан. Иймд Ц.М гээс газрын гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ зээлийг авахаас 2 жилийн өмнө би Ц.М гийн ахынх нь Хаан банк ХХК-аас авсан 2 000 000 төгрөгийн зээлийг төлж барагдуулж байсан. Газрын гэрчилгээ бусад гэрчилгээг авах гэж төлсөн юм. Би ахынх нь зээлийг төлсөн боловч тэр мөнгийг  надад өгөөгүй. Би КБ наас барьцаанд гэрчилгээ тавьж нэмж 47 000 000 төгрөгийн зээл авсан. Тэр үед намайг компанидаа тоног төхөөрөмж авсан гэж гэр бүлээрээ гүтгэж шүүхээр шийдвэрлүүлж 6 000 000 гаруй төгрөгийн өрөнд оруулж байсан. Үүнийг би төлсөн. Ээжийн газрын гэрчилгээг өгөөгүй. КБ  ХХК-аас газрын гэрчилгээгээ авах гэхээр Мөнхтүвшинд хамаатай гээд гэрчилгээгээ авч чадахгүй байгаа учир шүүхээр шийдвэрлүүлэх гэж нэхэмжлэл өгсөн. Гэрчилгээгээ хурдан авмаар байна гэв.

Хариуцагч Ц.М  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М э миний охинтой хамтран амьдарч байх хугацаанд өөрийн эзэмшлийн “Говийн мөөг” ХХК-д эргэлтийн хөрөнгө хэрэгтэй гэж гуйсан тул би цалингийн зээл авч өгч байсан. Тухайн үед гарсан цалингийн зээлээс би нэг ч төгрөг аваагүй бөгөөд барьцааны хөрөнгөө Г.М э өөрөө зохицуулна гэсэн тул би оролцоогүй. И.Д гээс газраа барьцаанд тавьчих гэж гуйсан удаагүй. Сүүлд миний охин М.Б   Г.М ээс тусдаа амьдрах болсон ба энэ үед Г.М ээс миний нэр дээрх зээл болон охины цалингийн зээлийг төлөөгүй шүүхэд хандан гаргуулсан. Гэвч 2 жилийн хугацаанд охин минь өөрийн цалингийн зээл, миний цалингийн зээлийг төлөх гэж хувь хүнээс хүүтэй мөнгийг зээлсэн байсныг төлсөн. Ингээд үндсэн зээл төлөгдөхгүй байсаар КБ  шүүхэд өгч миний бие хүлээн зөвшөөрч, тодорхой орлогогүй ч сар бүр 200 000 төгрөг төлж байна. Иймд нэгэнт шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсон тогтмол хугацаанд төлбөр хийж байгаа тул тодорхой хугацааны дараа тэр газар чөлөөлөгдөх тул дахин нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. 6 000 000 төгрөг гарсан гээд байгаа нь тухайн үед нэхэмжлэгчээр М.Б   оролцож байсан. Шүүхийн шийдвэр гарсан чинь 6 000 000 төгрөг надад ирээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгнө гээд М.Б  т өгсөн. Одоо 360 000 гаруй төгрөг үлдсэн байгаа. Зээлээ төлөөгүй юм чинь гэрчилгээ чөлөөлөгдөхгүй байгаа шүү дээ. 4 сарын дундуур үлдсэн зээлээ төлөөд  дуусна. Манай газрыг бас тавьчихсан л явж байгаа. Би шүүхэд хандаагүй байгаа гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.М  нь тус банктай 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ЗГ-20Э2001685 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээг байгуулж, 8 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, барьцаанд И.Д , Н.О нарын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 637 тоот итгэмжлэлийн үндсэн дээр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, Гурвансайхан 15-12 тоотод байрлах 750м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан. Улмаар Ц.М  гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр КБ  нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 499 063 төгрөг гаргуулах, захирамжийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргахад хариуцагч Ц.М  хүлээн зөвшөөрч, шүүх 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 143/Ш32018/00183 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Зээлдэгч Ц.М тэй гэрээ байгуулах үед барьцаа хөрөнгийн өмчлөгч нар Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасан үндэслэл болон 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 637 тоот итгэмжлэлээр хөрөнгийг барьцаалуулахыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэрээний 2.1 дэх заалтын 2 дахь хэсэгт заасан барьцаа хөрөнгүүдийг Ц.М гийн эзэмшил, ашиглалтад үлдээх, түүнийг өмчлөх эзэмших эрхийн гэрчилгээ, холбогдох бичиг баримтын эх хувийг банкинд хадгалуулахаар талууд тохиролцсон. Гэтэл зээлдэгч нь өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүрэг болон шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул банкны зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Одоогоор зээлдэгч нь 381 780 төгрөг 51 мөнгөний өр төлбөртэй байна. Иймд КБ ны Өмнөговь салбар хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлдэгчтэй барьцааны гэрээг байгуулсан нь хууль зөрчсөн гэж үзэхгүй. Ц.М  нь  төлбөрөө барагдуулж дуусчих юм бол газрын гэрчилгээг нь өгнө. Өр төлбөрөө барагдуулж дуусаагүй учир газрын гэрчилгээг чөлөөлж өгөх боломжгүй байгаа гэв.

        Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 143/ШШ2019/00091 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэн И.Д , Н.О нарын нэхэмжлэлтэй Ц.М д холбогдох газрын гэрчилгээг чөлөөлж, албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг зааснаар нэхэмжлэгч И.Д , Н.О нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Газрын гэрчилгээний итгэмжлэлийн  2 жилийн хугацаа дуусаад 3 жил болж байна. 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 5 жилийн хугацаанд авч чадахгүй хохироож байгаад гомдолтой байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч И.Д , Н.О нар нь хариуцагч Ц.М д холбогдуулан “КБ ”- ны барьцаанд Ц.М гийн хууль бус эзэмшилд байгаа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн ........... тоот хаягт  байршилтай, Г-1105003806 бүртгэлийн дугаартай, 750 м2 талбайтай, гэр бүлийн хэрэглээний зориулалттай газрын гэрчилгээг чөлөөлж, албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд мэтгэлцжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр “КБ ”-ны Өмнөговь салбарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан байна./хэргийн 34 дүгээр хуудас/

Маргаж буй газрын хууль ёсны өмчлөгч И.Д , Н.О нар болох нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хэргийн 29 дүгээр хуудас/

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэсний дагуу газрын өмчлөгч И.Д , Н.О нар нь газраа банкны зээлийн үүрэгт барьцаалуулах зөвшөөрлийг Ц.М д итгэмжлэлээр олгожээ. /59 дүгээр хуудас/  Итгэмжлэл  нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт зааснаар газар үл хөдлөх хөрөнгөд хамаарах ба Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газар болон газар эзэмших эрх барьцааны зүйл болно.

Хариуцагч Ц.М  нь “КБ ”-ны Өмнөговь салбартай ЗГ-2032001685 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор БГ-2032001685 дугаартай барьцааны гэрээ байгуулж, И.Д , Н.О нарын өмчлөлийн газрыг  барьцаалжээ. /хэргийн 48-50 дугаар хуудас/

Банк, хариуцагч Ц.М  нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэг, 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэг, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэг,  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны хууль/ 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт тусгайлан заасны дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн нь барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хэргийн 06, 50 дугаар хуудас/

Хуульд заасан гэрээнд тавигдах хэлбэрийн шаардлага хангаж, улсын бүртгэлд бүртгүүлж, газрыг барьцаалснаар Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар барьцааны эрх нь үүссэн гэж үзнэ.

Харин зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс банк шүүхэд нэхэмжлэл гаргаж, тухайн хэрэгт хариуцагчаар оролцсон Ц.М  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсний дагуу зээлийн үүргийн мөнгөн төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Өмнөговь аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 143/ШШ2018/00183 дугаар захирамж гарсан байна. /хэргийн 55 дугаар хуудас/

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. Харин шүүхийн шийдвэртэй өрнөөс 381 780 төгрөг төлөгдөөгүй байгаа нь зохигчид, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбараар нотлогдож байна.

Иймд барьцааны эрх буюу барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй тохиолдолд барьцааны гэрээ дуусгавар болохгүй тул И.Д , Н.О нар нь барьцааны зүйлийг буцаан шаардах эрхгүй учир  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 548 дугаартай шүүхийн шийдвэрийг үндэслэж нэхэмжлэлээ өгсөн гэж дурдсан боловч уг шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй, хэрэгт хуулбар хувиар авагдсан байна. /хэргийн 4,5 дугаар хуудас/

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж  шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мөн  хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.

Давж заалдах гомдолтой танилцаад гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон банкны төлөөлөгч “Ц.М  зээлийн үлдэгдэл 380781 төгрөгийг төлж барагдуулсан” гэх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах  шатны шүүх хуралдаанд гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан” гэсэн тайлбар зэргээр нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэх боломжтойг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 143/ШШ2019/00091 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162  дугаар  зүйлийн 162.4 дэх  хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ,ШҮҮГЧ                          Н.НАСАНЖАРГАЛ

                                                ШҮҮГЧИД                           Х.ГЭРЭЛМАА

                                                                                         Х.БАЙГАЛМАА