Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/691

 

 

 

 

   2021            07            22                                        2021/ДШМ/691    

 

Т.Б-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.З-гийн өмгөөлөгч Б.Ганбаатар, Ж.Чимэг,

шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Л.Данзанноров, П.Итгэл,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч  шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, П.Итгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Б-од холбогдох эрүүгийн 2005013530601 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-,

 

Шүүгдэгч Т.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 19-ний шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Хан” зочид буудлын 211 тоот өрөөнд Б.А-ыг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж хүзүүний зүүн талын дунд хэсэгт гүрээний зүүн тараагуур судсыг шилээр зүсэж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Т.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ыг “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 14 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Т.Б-ын урьд цагдан хоригдсон 387 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Т.Б-оос 5.162.120 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Б- давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нотлох баримтуудыг шинжлэн судлахдаа хэт нэг тал буюу хохирогч талыг баримталсан. Гэрч нарын мэдүүлгээр амь хохирогч нь биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадвартай байсан гэдэг нь нотлогдож байхад чухам юуны учир биеэ хамгаалах чадваргүй гэж үзэв. Мөн хүнийг алах гэмт хэргийн хувьд шууд ба шууд бус санаатай алах, санаа зорилго агуулахгүй гэж хууль буруу тайлбарлан, зүйлчлэл тулган ялласанд гомдолтой байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж буруугаа хүлээж байна. Хийсэн үйлдэлд минь тохирсон зөв зүйлчлэлээр зүйлчилж өгнө үү. 1. Согтуурлын байдал гэдэг нь хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэн хөөрлийн байдалд орсныг хэлнэ. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар согтууруулах ундааны зүйл гэдэгт хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээс нэрсэн шимийн архи хамаарна. Сэтгэц эмгэг судлалын болон эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд хүний согтуурлыг ердийн буюу клиник согтолт, эмгэг буюу патолог согтолт гэж 2 ангилдаг. Эрүүгийн эрх зүйд согтуурсан гэдэгт зөвхөн ердийн буюу клиник согтолтыг ойлгоно. Ердийн буюу клиник согтолтын үед хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэснээр сэтгэл хөөрлийн байдалд аажмаар орж, хүний сэтгэцийн хэвийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр алдагдана. Хүний сэтгэл хөөрлийн саатлын процесс удаашрах, орчин тойронд болж байгаа үйл явдал, өөрийн үйл хөдлөлөө мэдрэх мэдрэмж хянах чадвар удаашрах, алдагдах ба уг этгээд үүнийгээ ойлгон мэдэрч байдаг. Ердийн согтолтын үед ууж согтуурсан этгээдийн сэтгэцийн хэвийн үйл ажиллагаа алдагдах боловч өөрийн үйлдлээ ухамсарлах, удирдан жолоодох чадвараа бүрэн алддаггүй. Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон гэж тодорхойлсон байна. Согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй буюу өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон байдлыг ашигласныг ойлгодог. Хэрэгт авагдсан нотлох баримт буюу гэрч Б-ын “Би юу болоод байгаа юм бэ” гэж асуухад А- “чамд хамаагүй бид хоёрын асуудал, чи гарч бай” гэсэн мэдүүлгээс харвал амь хохирогч А- нь өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байсан гэж үзэх объектив талын нэмэгдэл шинж болох гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал үгүйсгэгдэж байх тул миний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан диспозиц буюу хүндрүүлэх шинжгүй, хууль зүйн үндэслэлгүй юм.

2. Хүнийг алах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлан, түүнээс учирч болох хүн нас барах хохирлыг хүсэж, хүсээгүй боловч үйлдлээрээ уг хохиролд хүргэсэн гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэртэй байна. Хүнийг санаатай алах гэмт хэргийн тухайд, гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж хүссэн хохирлыг учруулдаг бол хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийн улмаас хохирогч нас барсан байдаг гэж хууль тогтоогч тогтоожээ. Мөн Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 550 дугаар тогтоолоор хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн хооронд нь харьцуулж ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсэж нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож, дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай гэжээ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 288 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Б- миний зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч П.Итгэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж “...хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлнэ.” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Шүүх, ... тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ”, мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх...” гэж заасныг тус тус зөрчиж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй болно. Гэрч Б.Б-ын өгсөн “хэрэг үйлдэгдэхээс 10 минутын өмнө гараад ороод ирэх хооронд амь хохирогч А- шүүгдэгч Т.Б- нар хоорондоо ажлаа яриад байж байсан, ...намайг байх хугацаанд тэр хоёр хоорондоо маргасан зүйл болоогүй...” гэх мэдүүлэгээс дүгнэхэд шинжээчийн дүгнэлтээр А-ы цус, цөс, ходоодны шингэнд 4.3 промили спиртийн агууламж илэрсэн согтолттой болох нь тогтоогдсон боловч тухайн өдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 19-ний шөнө амь хохирогч хэвийн үйлдэл хийх чадвартай, биеэ хамгаалах бүрэн боломжтой болох нь гэрч Б.Б-ын мэдүүлгээр тогтоогдож байхад дан ганц шинжээчийн дүгнэлтийг үндэслэн биеэ хамгаалж чадахгүй байгааг дүгнэж, ямар шалтгааны улмаас биеэ хамгаалж чадахгүй байгааг хууль зүйн дүгнэлтийг шүүх тодорхой гаргаж чадаагүй.

Тухайн хэрэг гарсан 2020 оны 4 дүгээр сарын 19 ны өдөр амь хохирогч Т.А-, шүүгдэгч Т.Б-, гэрч Б.Б- нар хамт бүгд архи согтууруулах ундаа хэрэглэж согтуу байсныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хангалттай олон гэрчүүд /буудлын ресепшн Н.Б-/ гэрчилж байгаа бөгөөд амь хохирогч биеэ хамгаалах чадваргүй тасраад унасан буюу унтаж байхад болон орчинтойгоо харилцан харьцах, ярилцах чадваргүй байсан биш харин ч хүмүүстэй хэвийн харилцан, утсаар ар гэр лүүгээ ярьж байсан зэрэг нь тухайн үед амь хохирогч биеэ хамгаалах чадвартай байсныг нотолсон гэрчүүдийн мэдүүлгүүд /гэрч Б.Б-ын мэдүүлэг/ хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд авагдсан . Шүүгдэгч Т.Б- хавтаст хэргийн хүрээнд өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд хэлсэн үг удаа дараагийн мэдүүлгүүдэд “амь хохирогчийг толгойн тус газар нь архины шилээр цохисон” гэсэн мэдүүлгүүдийг өгсөн байх бөгөөд шүүгдэгч Т.Б- нь Б.А-ыг архины шилээр толгойн тус газар цохисоны улмаас гүрээний судас гэмтэж зүсэгдэж цус алдаж нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой атал шүүхийн шийтгэх тогтоолын /10 дахь хуудас/ “Шүүгдэгч Т.Б- нь амь хохирогч Б.А-ыг согтуурсан биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж толгойн тус газар нь архины шилээр цохиж, хагарсан шилээр хоолойд нь хатгаж алсан нь ... хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон” гэж дүгнэсэн шүүхийн тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Т.Б-од холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зөвтгөн өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Л.Данзанноров давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Т.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй ... болохыг мэдсээр байж алсан гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

1. Хүндрүүлэх бүрэлдэхүүнийг няцаах хангалттай баримт байхад үнэлээгүй, уг баримтыг няцаан үгүйсгээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд:

Т.Б-од холбогдох хэргийн тухайд хохирогч Б.А- нь согтуурсан байсан нь үнэн хэдий ч өөрийгөө хянах, хамгаалах чадвартай байсан. Энэ нь хамт байсан гэрчийн мэдүүлэг болон бусад баримтуудаар нотлогдсоор байтал шүүх тухайн нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаараа дүгнэлт хийлгүйгээр Т.Б-ыг Эрүүгийн хуулийн 10.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчлэн, ял оноосон. Тодруулбал, Т.Б-, талийгаач Б.А- нартай хамт байсан, хэргийн гол гэрч Б.Б- 1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дахь талд “...А-ы хүзүүнээс цус гарчихсан, хүзүүгээ майк байсан уу юу байсан ямар ч байсан нэг даавуугаар боочихсон сууж байхаар нь би юу болоод байгаа юм бэ гэж асуухад А-, “Чамд хамаагүй, бид хоёрын асуудал, чи гарч бай гэсэн” гэж мэдүүлсэн. Түүнчлэн Б-ын удаа дараагийн мэдүүлэгт Б.А- нь утсаар машины түрээсийн талаар бусадтай маргалдаж байсан талаар тусгагдсан зэргээс Б.А- нь бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахуйц байсан нь тогтоогддог. Мөн 3 дугаар хавтаст хэргийн 2 дахь талд гэрч Б.Б-ыг дахин байцаасан тэмдэглэлд Т.Б-, Б.А- нар аль аль нь биеэ хамгаалах чадвартай байсан талаар гэрчлэн, тодорхой мэдүүлсэн байдаг.

2. Эрүүгийн хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Бадралын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 948 тоот дүгнэлтээр талийгаачийн цусанд 3.8 промилли, цөсөнд 3.6 промилли, ходоодны шингэнд 4.3 промилли спиртийн агууламж илэрсэн болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх зөвхөн уг дүгнэлтийг л үндэслэж “...хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй...болохыг мэдсээр байж..." алсан гэж дүгнэн зүйлчлэлийг хүндрүүлсэн. Согтуу хүнийг алсан тохиолдол бүхэн “...хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй...болохыг мэдсээр байж алсан” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарахгүй. “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдэг нь бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон, уг байдлыг ашигласан байхыг хэлнэ. Биеэ хамгаалж чадахгүй хүнд бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжпийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжпөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг этгээд хамаарна гэж Улсын дээд шүүх тайлбарласан. Энд тодорхой шалтгааны улмаас өөрийгөө хамгаалах, эсхүл хянах чадварын асуудал хөндөгдөж байгаа ба хүчтэй мансуурсан, согтуурсан гэх тохиолдлуудад өөрийгөө хянах чадвартай байсан эсэх нь хамаарна. “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь хэрэг гарах үед хохирогч биеэ хамгаалах, хянах чадвартай байсан эсэхээс гадна, энэхүү биеэ хамгаалж чадахгүй байдлыг гэмт этгээд ухамсарлан ойлгосон, уг нөхцөл байдал нь тухайн гэмт хэрэг үйлдэхэд түлхэц, далим болсон, мөн зоригжуулсан байх, тухайн хэргийн сэдэл шалтгааныг төрүүлсэн, тухайн нөхцөл байдлыг ашиглаж гэмт хэргээ үйлдсэн байхыг давхар шаардана. Тийм ч учраас энэхүү хүндрүүлэх бүрэлдэхүүнд хүчтэй согтуурсан гэх шинжийг “бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжпөөр илтэд сул дорой” зэргээр нэрлэн заасан, илтэд, хэн ч харсан тодорхой шинжүүдтэй зэрэгцүүлэн тусгасан байдаг. Хүчтэй согтсоны улмаас биеэ хамгаалж чадахгүй гэдэг нь хохирогч ухаан алдсан, муужирсан, гүн нойронд автан унтаж байгаа зэрэгтэй дүйх хэмжээний ойлголт. Түүнээс бус бусадтай хэрүүл хийж, маргалдаж, орчиндоо хэвийн харилцаж байсан, бие хамгаалах чадвартай хүнд хамаарах ойлголт биш. Т.Б-ын тухайд хэрэг үйлдэх санаа сэдэлд хохирогчийн хүчтэй согтуурсан гэх байдал далим болоогүй, биеэ хамгаалж чадахгүй байдал шинж тодорхой байгаагүй, харин ч талийгаач түүнээс илүү орчиндоо харилцаатай байснаас гадна Т.Б- ч мөн согтуурсан байсан. Дахин онцлоход мөрдөн шалгах ажиллагаагаар талийгаач согтуу байсан эсэхийг л шалгаж тогтоосноос бус биеэ хамгаалах чадвартай байсан эсэх, үүнийг нь Т.Б- ухамсарлан ойлгосон эсэх, энэ байдал нь хэрэг гарахад шууд нөлөөлсөн эсэхийг шалгаагүй, хөдөлбөргүй тогтоогоогүй. Хэргийг өмнө нь нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаахдаа энэ байдлыг шалгах нь зүйтэй гэж үзсэн. Энэ ч үндсэн дээр Б.Б-ыг дахиж байцаан, уг байцаалтаар хохирогч биеэ хамгаалах чадвартай байсан гэж Б.Б- хэлсээр атал уг мэдүүлгийг үнэлэхгүй, үндэслэлтэй няцаахгүйгээр Т.Б-ыг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчилж ял оноосон нь буруу юм. Шүүхээс дүгнэхдээ Т.Б- нь талийгаачтай тухайн өдрийн өглөөнөөс хойш хамт архи хэрэглэсэн тул хүнд зэргийн согтолттой байсан гэдгийг мэдэж байсан гэж дүгнэсэн нь хэт хайнга дүгнэлт юм. Хуулийн жинхэнэ агуулга нь хэрэг үйлдэгч хохирогчийг согтуу байсныг мэдсэн эсэхийг “шаардаагүй”, харин биеэ хамгаалж чадахгуй гэдгийг мэдсэн эсэхийг л тогтоосон байхыг “шаардсан”. Хохирогч согтуу байх нь бус, харин тэр хүчтэй согтуурсаны улмаас биеэ хянах чадваргүй байсан, үүнийг нь ухамсарлаж мэдсээр байж, түүнийг нь далимдуулан алсан, тэрхүү нөхцөл байдлыг ашигласан байх нь хүнийг алах хэргийн хүндрүүлэх шинж гэж үздэг.

3. Шүүхээс хийсэн хууль зүйн зарим дүгнэлтийн тухайд:

“...Т.Б-ын тухайд хохирогчийн биед гэмтэл учруулах үйлдлийг хүсч үйлдсэн, хохирогчийн толгой хэсэгт цохьсон боловч түүний амь нас хохироох үр дагаварыг хүсээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд Т.Б-ыг үйлдэлд хор уршигт зориуд хүргэсэн, хор уршгийг хүсч үйлдсэн шинж хангалттай нотлогдсон эсэх нь эргэлзээтэй. Т.Б- нь талийгаачийн толгойд шилээр цохих үед шил хагарч, талийгаачийн хүзүүнд шилээр хатгагдсан 1 үйлдлийн улмаас гэмтэл учирч үхэлд хүргэсэн гэж баталж байгаа бөгөөд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт талийгаач Б.А-ы толгойд цохисон, улмаар хүзүүний дунд хэсэгт гүрээний тараагуур судсыг хатгаж гэмтээсэн нь хоёр тусдаа үйлдэл мэтээр дүгнэсэн байна. Нэг удаагийн цохилтоос, эсхүл хоёр тусдаа үйлдлээр гэмтээсэн эсэх нь хангалттай шалгагдаагүй, хөдөлбөргүй тогтоогдоогүй атал баримт нотолгоогүйгээр хоёр тусдаа үйлдэл мэтээр дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Мөн хохирогчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хойш, нэмэлт баримтаар гарган өгсөн талийгаачийн хоног хураахтай холбоотой зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Оршуулахтай холбоотой зардлыг төлсөн ба хоног хураах зан үйлтэй холбоотой зардлыг гэмт хэргийн улмаас учирсан эд материалын хохиролд тооцогддоггүй. /УДШ 2000-1-19-ний №3 тогтоол/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Шүүх,... тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлд “...Эрүүгийн хариуцлага нь ... үйлдсэн гэмт хэрэг, ... гэм буруугийн хэлбэрт тохирсон байх..." гэж заасныг шүүх зөрчсөн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж, 1.3-д “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” гэж, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ... 36.7... дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж тус тус заасан үндэслэлүүдийг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд  Б.Б-од холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.З-гийн өмгөөлөгч Ж.Чимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудтай танилцлаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Учир нь шүүгдэгч Т.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар өөрчилж өгнө үү гомдлын тухайд хохирогч хүнд гэмтэл авч эмнэлгийн тусламж авч чадалгүйгээр газар дээрээ цус алдаж нас барсан байдаг. Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Л.Данзанноров 6-7 цагийн дараа эмнэлгийн тусламж авсны дараа амь хохирогчийг нас барсан гэж тайлбар хэлсэн. Тийм зүйл байхгүй, зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй. Харин ч шүүгдэгч Т.Б-ын хувьд амь хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэлгүй хэргийн газрыг орхиж зугтаасан нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан.  Амь хохирогч өөрийгөө хамгаалах чадвартай байсныг шүүгдэгчийн өмгөөлөгч ямар нотлох баримтаар тогтоогдсон гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд маш их гомдолтой байгаа. Хоёр нялх хүүхэдтэй, ажилгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.З-гийн өмгөөлөгч Б.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Ж.Чимэгийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, шүүгдэгч Т.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2020 оны 4 дүгээр сарын 19-ний шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Хан” зочид буудлын 211 тоот өрөөнд хохирогч Б.А-ыг хүнд зэргийн согтолттой,  биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж архины шилээр цохиж, хүзүүний зүүн талд дунд хэсэгт гүрээний зүүн тараагуур судас гэмтээсэн нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүүний зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шархнууд, зулгаралт, духанд няцарсан шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн хацар, баруун бугалга, шуу, бугуй, зүүн мөр, бугалга, тохой, шуу, сарвууны алганд зулгаралт гэмтэл учруулан, амь хохирогч нь гүрээний зүүн тараагуур судас нэвт хатгагдаж зүсэгдсэний улмаас цочмог цус алдаж нас барсан болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З-гийн “...2020 оны 4 дүгээр сарын 18-ны орой 22 цаг өнгөрч байхад нөхөр А-ы утас руу залгахад архи уучихсан согтуу байсан. Найзуудтайгаа буудалд байна гэхээр нь би өөр юм яриагүй. ...” /1хх 54-55/,

гэрч Н.Б-ын “...2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 23 цагийн үед 30 орчим насны хоёр нь өндөрдүү, нэг нь намхан гурван согтуу залуу орж ирээд буудлын өрөө авч ...хоёр давхрын 211 тоот өрөөнд оруулсан юм. 00 цаг өнгөрч байтал нөгөө гурван залуугийн намхан залуу нь хоёр давхраас буугаад ирэхээр нь би “унтана гэсэн яасан бэ” гэхэд нөгөө залуу дуудлага өгөх гэж байна гэж хэлээд гараад явчихаар нь би юун дуудлага, яасан дуудлага гээд дээшээ гарч 211 тоот өрөө рүү орсон чинь шалан дээр архины шил хагараад бутарчихсан, нэг залуугийнх нь хүзүүнээс цус гарчихсан цонхон талын ор налаад доошоо хараад шалан дээр суучихсан, нөгөө залуугийн хоёр гар нь цус болчихсон хажууд нь зогсож байхаар нь би “яасан юу болсон бэ” гэж асуухад нөгөө залуу дуугараагүй. ...” /1хх 63-64/,

гэрч Б.Б-ын “ ...буудлын өрөөнд ороод бид гурав дэлгүүрээс авсан архиа хувааж уусан. ...Тэгээд архи дууссан чинь Б- нэмээд нэг юм ууя гэхээр нь би архи авахаар гарсан боловч онгорхой дэлгүүр байгаагүй, хаачихсан байсан. Тэгээд би буцаад буудал руу ортол тэр хоёр хаалгаа дотроосоо цоожилчихсон байхаар нь хаалгыг нь тогшсон чинь Б- хаалга онгойлгож өгсөн ба буудлын өрөөний шал нилэнхүүдээ цус болчихсон, А-ы хүзүүнээс цус гарчихсан, хүзүүгээ майк байсан уу, юу байсан, ямар ч байсан нэг даавуугаар боочихсон сууж байхаар нь би “юу болоод байгаа юм бэ” гэж асуухад, А- “чамд хамаагүй бид хоёрын асуудал, чи гарч бай” гэсэн. Тэгж хэлэхэд нь А-ы хүзүүнээс цус олгойдоод цацарч гарч байсан. Тэгээд би сандарсандаа гарч гүйгээд цагдаа болон түргэн тусламж дуудсан. ...” /1хх 65-66/,

гэрч Б.Б-ын “...манай найз Б- над руу залгаад “хорооллын эцэст А- болон түүний найз бид гурав зочид буудалд байж байгаад, би дэлгүүр яваад ирэх хооронд А-ы хоолойг зүсчихсэн байна. А-ы хоолойноос цус годогдоод гоожоод байна, цагдаа, эмнэлэг дуудсан чинь хаягийг нь асуугаад байна, чи хүрээд ирээч” гэж сандарсан байдалтай ярихаар нь би унааны мөнгөгүй шүү дээ гэсэн чинь Б- “би такси бариад очиж авъя” гэсэн. ...” /1хх 69/,

гэрч Д.Э-ын “...би Б-оос “Хэнтэй байгаа юм” гэж асуусан чинь дуугарахгүй буудал руу орохоор нь би  дагаад орсон. Тэгтэл буудлын хоёр давхрын тоотыг нь хараагүй Б-ын орсон өрөө рүү дагаад ортол буудлын өрөөний шал нилэнхүүдээ цус болчихсон нэг эрэгтэй хүн ор налаад доошоо харчихсан шалан дээр сууж байсан. Мөн хажууд нь буудлын үйлчлэгч эмэгтэй зогсож байхаар нь “түргэн тусламж дуудсан юм уу” гэж асуухад нөгөө үйлчлэгч эмэгтэй “Түргэн дуудсан, түргэн дуудсан чинь цагдаа дууд” гэж байна гээд цагдаа руу залгаж дуудлага өгч байсан. Би нөгөө эрэгтэйг дээш нь харуулсан чинь хүзүүний зүүн хэсгээс цус гарч байхаар нь гэмтлийн эмнэлэг рүү аваад явъя гэсэн чинь Б- нөгөө залуугийн хүзүүг өөрийнхөө куртикээр боогоод өргөх гэсэн боловч дийлээгүй. ...” /1хх 70-71/,

Т.Б-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...бид гурав  архиа хувааж уугаад би орон дээр хүнтэй утсаар яриад хэвтэж байхад Боогий, А-  хоёр нутаг усныхаа талаар яриад хоорондоо маргаад байсан. ...Би босож ирээд А-д нутаг усны хүмүүс байж битгий маргалдаад байж гэж хэлсэн. А- “хэнтэй яахаа би өөрөө мэдэж байна” гээд надтай маргаж эхэлсэн. Би “чи яагаад байгаа юм” гээд А-тай маргаж байсан нэг сэргэхэд өрөө нил цус болчихсон миний хоёр гар нилэнхүүдээ цус болчихсон. А- орон дээр өөдөөс харсан байдалтай, толгой болон хүзүүнээс нь цус гарч байсан. ...” /1хх 178-180/,

Шинжээч эмч Ц.Бадралын “...хүзүүний зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн дунд хэсгийн гүрээний зүүн тараагуур судас нэвт хатгагдаж, зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн хоёр  ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Гүрээний артерын судас тасарсан учраас амь насыг нь аврах боломж байхгүй байсан. ...Архины шилээр цохиж, хатгах үед үүсэх боломжтой. ...” /1хх 107-108/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...талийгаач Б.А- нь хүзүүний зүүн талд, дунд хэсэгт гүрээний зүүн тараагуур судас гэмтээсэн нэвт хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж улмаар нас баржээ. 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 цаг 55 минутын цогцост хийсэн анхны үзлэгээр нас бараад 3-4 цаг орчим болсон байна. Талийгаачийн цогцост хүзүүний зүүн талд дунд хэсэгт гүрээний зүүн тараагуур судас гэмтээсэн нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүүний зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шархнууд, зулгаралт, духанд няцарсан шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн хацар, баруун бугалга, шуу, бугуй, зүүн мөр, бугалга, тохой, шуу, сарвууны алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хүзүүнд хатгагдаж зүсэгдсэн шарх, зулгаралт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх хүзүүний зүүн талд дунд хэсэгт гүрээний зүүн тараагуур судас гэмтээсэн нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Талийгаачийн цусанд 3.8 промилли, цөсөнд 3.6 промилли, ходоодны шингэнд 4.3 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Цусанд 3.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолттой. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 948 дугаартай дүгнэлт /1хх 95-99/,  “...Т.Б- нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан. …” болохыг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 532 дугаартай дүгнэлт /2хх 48-49/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-20/ цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Т.Б-ын гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Т.Б-ын амь хохирогч Б.А-ыг хүнд зэргийн согтолттой,  биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж архины шилээр цохиж,  хүзүүний зүүн талын гүрээний тараагуур судас зүсэгдэж, амь хохирогч нь цочмог цус алдаж нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Б-ыг Хүнийг алах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 14 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч П.Итгэл нар “...амь хохирогчийг алах санаа сэдэлт байгаагүй, учруулсан гэмтлийн улмаас тэр дороо нас бараагүй тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж өгнө үү. ...”, шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Л.Данзанноров “...хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж  үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэсэн  агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.

 

 Хүнийг алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн ялгаа нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор, мөн хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэргээр тус тус ялгагдана.

 

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Т.Б-ын үйлдсэн хэргийн тухайд, тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.А-ыг архины шилээр цохиж, хүзүүний зүүн талд дунд хэсэгт гүрээний зүүн тараагуур судас гэмтээсэн нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүүний зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шархнууд, зулгаралт, духанд няцарсан шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн хацар, баруун бугалга, шуу, бугуй, зүүн мөр, бугалга, тохой, шуу, сарвууны алганд зулгаралт гэмтэл учруулж,  гүрээний зүүн тараагуур судас нэвт хатгагдаж зүсэгдсэний улмаас цочмог цус алдаж нас барсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд “...2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 00:30-д дуудлага хүлээн авч, 00:50-д очиж, 01:20-д буцаж ирсэн” талаархи түргэн тусламжийн дуудлагын хуудас /1хх-212/, “...0145 цагт амьсгалын үйл ажиллагаа зогссон” талаарх Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /2хх-57/,  “...2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 цаг 55 минутын цогцост хийсэн анхны үзлэгээр нас бараад 3-4 цаг орчим болсон байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Ц.Бадралын “...гүрээний артерын судас тасарсан учраас амь насыг нь аврах боломж байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд амь хохирогч  нь эмнэлгийн тусламж авсан ч амь насыг нь аврах боломжгүй гэмтэл авч, богино хугацаанд нас барсан нөхцөл байдал тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

 

Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Л.Данзанноровын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэсэн гомдлын тухайд,  амь хохирогч, шүүгдэгч нар хэн аль архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч амь хохирогчийн хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй байгааг Т.Б- ухамсарлаж мэдсэн, хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулж, түүний үр дагавар болсон гүрээний зүүн тараагуур судас нэвт хатгагдаж зүсэгдсэний улмаас цочмог цус алдалт нь өөрийгөө аврах, хамгаалах чадваргүй байдалтай нь давхцаж үхэхэд хүргэсэн бөгөөд Т.Б-ын  амь хохирогчийг архины шилээр цохиж буй ухамсартай үйлдэл, хүний амь хохирсон үр дагавар хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой, шалтгаант холбоо тасраагүй байна. Амь хохирогч Б.А-ы биед учирсан гэмтэл, тухайн гэмтэл учирсан цаг хугацаа, нас барсан шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, талийгаач Б.А-ы хувьд  цусанд 3.8 промилли, цөсөнд 3.6 промилли, ходоодны шингэнд 4.3 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтод хамаарах мөн гүрээний артерын судас тасарсан учраас амь насыг нь аврах боломж байхгүй байсан. ...Архины шилээр цохиж, хатгах үед үүсэх боломжтой талаар шинжээч эмч Ц.Бадралын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Т.Б-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...би “чи яагаад байгаа юм” гээд А-тай маргаж байсан нэг сэргэхэд өрөө нил цус болчихсон миний хоёр гар нилэнхүүдээ цус болчихсон, А- орон дээр өөдөөс харсан байдалтай, толгой болон хүзүүнээс нь цус гарч байсан. ...” гэх мэдүүлгийг дан ганц хамт архи уусан гэрч Б.Б- “...А-ы хүзүүнээс цус гарчихсан, хүзүүгээ майк байсан уу юу байсан ямар ч байсан нэг даавуугаар боочихсон сууж байхаар нь би юу болоод байгаа юм бэ гэж асуухад А- “Чамд хамаагүй, бид хоёрын асуудал, чи гарч бай гэсэн” гэсэн мэдүүлгээр няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтуудыг шүүх хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Биеэ хамгаалж чадахгүй байдалд өвчний болон бусад тодорхой шалтгааны улмаас эсэргүүцэл үзүүлж чадахгүй байдал, түүнчлэн болж байгаа явдлыг зөв тусган авч, хариу үйлдэл үзүүлэх оюун санааны чадваргүй байдлыг хамааруулах бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хүнд согтож, ухаан санаа түр балартсан, оюун санааны хувьд болж байгаа үйл явдлыг зөв тусган авч, хариу үзүүлэх чадваргүй байсныг биеэ хамгаалж чадахгүй байдалтай байсан гэж үзнэ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг шүүх зөв шийдвэрлэсэн бөгөөд амь хохирогчийн оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.З-гийн гаргасан шаардлагыг шүүгдэгч шүүх хуралдаанд төлөхөө илэрхийлсэний зэрэгцээ баримтаар нотлогдсон хэмжээнд хохирлыг тооцон гаргуулж, тооцоолох боломжгүй хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч П.Итгэл, Л.Данзанноров, нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-ын цагдан хоригдсон хоногийг эдэлсэн ялд оруулан тооцохоор заасан байгааг ял эдлэх хугацаанд нь гэж зөвтгөн, түүний 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 70 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын урьд цагдан хоригдсон 387 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын урьд цагдан хоригдсон 387 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад, заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, П.Итгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б- нь 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 70 /дал/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                                    Н.БАТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН