Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2022/03704

 

                                                      

 

 

 

 

 

 

 

                                    2022        12          20

                                 182/ШШ2022/03704

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Г

 

Хариуцагч: “МБ”

 

урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч нэхэмжлэгчээс 9,122,160.38 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М,

хариуцагчийн төлөөлөгч Ж.Э

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Г МБ инд 2011 оноос хойш ажиллаж байгаа ба 2013 оноос нөөцийн мэргэжилтэн албан тушаалд ажилласан. МБ ны Еийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Дугаар Б/169 тоот тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсгийг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Тушаалын үндэслэлийн 1 дэх хэсэгт “...Э.Г-ийн хүүхэд асрах чөлөө, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосугай гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 60.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 60.1.3, 60.1.7-д заасан хугацаа дуусгавар болсноос хойш ажлын 15 өдрийн дотор ажилтан ажилдаа ороогүй, эсхүл уг хугацааг сунгах хүндэтгэн үзэх шалтгаан бүхий хүсэлт гаргаагүй бол ажлын байрыг нь хадгалах ажил олгогчийн үүрэг дуусгавар болно.” гэж заасан. Мөн зүйлийн 60.1.3 дахь хэсэгт “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй” байгаа тохиолдолд ажлын байрыг хэвээр хадгалахаар заасан. Мөн хуулийн 80.2 дахь хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасан. Тушаалын үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт “Сургалтын гэрээний 3.2, 3.4 дэх заалтыг зөрчсөн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй МБнаас Э.Гд сургалтын гэрээний дагуу олгосон.... нийт 9,122,160.3 төгрөгийг төлүүлэхийг үүрэг болгосугай” гэжээ.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн аль үндэслэлээр ажлаас чөлөөлснөө заагаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4. дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан, миний бие хөдөлмөрийн сахилгын зөрчил нэг ч удаа гаргаж байгаагүй мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргаагүй.

Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна. МБ  нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй, Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн засаг захиргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй, байгуулагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэнэ гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Э.Г нь МБны Еийн 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б-17 дугаар тушаалаар ажилд томилогдож, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр МБтай 4/6 дугаар Хөдөлмөрийн гэрээ байгуулан МБны Санхүүгийн зах зээлийн хэлтэст арилжааны мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Э.Гээс гаргасан хүсэлтийн дагуу МБны Еийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б338 дугаар тушаалаар Япон улсын Хитоцубаши их сургуулийн Азийн төрийн удирдлагын магистрантурт 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 ны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх суралцах хугацаанд үүрэгт ажлаас нь түр чөлөөлж, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 1 жилийн хугацаанд албан тушаалын сарын үндсэн цалингийн 50 хувиар тооцон сар бүр тэтгэмж олгож, сургалтын гэрээний хугацаа дуусгавар болох хугацаагаар буюу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод түвшингээр тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг МБнаас төлөхөөр тохиролцож, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6 дугаар Сургалтын гэрээ байгуулсан.

Э.Г, МБны хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 6 дугаар Сургалтын гэрээний 3.4-т заасны дагуу суралцагч ажилтан нь суралцаж ирснээс хойш МБанд 5 жилийн хугацаанд үр бүтээлтэй, тасралтгүй, тогтвор суурьшилтай ажиллах үүргийг хүлээсэн бөгөөд ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх нөхцөл үүссэн нь дээрх шаардлагыг хангах үүднээс ажилтан үргэлжлүүлэн ажиллах үндэслэлгүй болохыг заасан. Ажилтан сургалтад хамрагдаж байх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 137.1-т заасан нөхцөл байдал үүссэний улмаас Э.Гийн гаргасан хүсэлтийн дагуу Сургалтын чөлөөг дуусгавар болгож, МБны Еийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн б-157 дугаар тушаалаар түүнийг эрхэлж байсан ажлын байр буюу МБны Нөөцийн удирдлага, санхүүгийн ****т нөөцийн мэргэжилтнээр 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн томилж, шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас мөн өдрийн б-158 дугаар тушаалаар 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд “Хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөө” олгосноор, Э.Г нь нийт тасралтгүй 5 жил 6 сарын хугацаанд ажлын байрнаас чөлөөлөгдсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 60.1.3, 60.1.11-д тус тус заасны дагуу МБ нь Э.Гийг сургалтад хамрагдаж байх хугацаанд болон хүүхэд асрах чөлөөтэй байх 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд түүний ажлын байрыг хэвээр хадгалах хуулиар хүлээсэн үүргээ зөрчөөгүй дээрх хугацаанд ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг тасалдуулаагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 60.2-д тус хуулийн 60.1.3-д заасан хугацаа дуусгавар болсноос хойш ажлын 15 өдрийн дотор ажилтан ажилдаа ороогүй, эсхүл уг хугацааг сунгах хүндэтгэн үзэх шалтгаан бүхий хүсэлт гаргаагүй бол ажлын байрыг нь хадгалах ажил олгогчийн үүрэг дуусгавар болохоор заасан.

 Э.Г нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр МБны Тамгын газарт гаргасан өргөдөлдөө 2021 оны 08 дугаар сараас эхлэн Америкийн Нэгдсэн Улсын Жеорже Вашингтоны Их Сургуульд Бизнесийн удирдлагын магистрантурт суралцаж эхэлсэн тул түүний 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болох хүүхэд асрах чөлөөний дараа дахин сургалтын чөлөөг 2023 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд нөхөн олгож өгөхийг хүссэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 60.1.11-д ажил олгогчийн зөвшөөрсөн хугацаагаар Сургалтад хамрагдаж байгаа тохиолдолд ажилтны ажил үүргээ гүйцэтгээгүй дээрх хугацаанд ажил олгогч нь ажлын байрыг хэвээр хадгалахаар заасан бөгөөд тус хуулийн 139.2-т хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байхаар заасан.

Э.Г нь хүүхэд асрах чөлөө нь дуусаагүй байх хугацаандаа буюу 2021 оны 08 дугаар сараас өмнө Америкийн Нэгдсэн Улсын Жеорже Вашингтоны Их Сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэргийн сургалтад хамрагдахаасаа өмнө хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгож ажлын байрандаа эргэн орох хүсэлтийг ажил олгогч МБанд гаргаагүй, мөн тухайн урт хугацааны сургалтад хамрагдахдаа ажил олгогчийн зөвшөөрлөөр ажлаас чөлөөлөгдөж, МБны сургалтын журамд заасны дагуу ажил олгогчтой харилцан тохиролцсон нөхцөлөөр сургалтын гэрээ байгуулаагүй болно.

Иймд иргэн Э.Г нь Хөдөлмөрийн тухай хууль, МБны Хөдөлмөрийн дотоод журам болон МБны сургалтын журмын холбогдох хэсэг, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6 дугаар МБтай байгуулсан Сургалтын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, МБнаас хүргүүлсэн ажлын 15 өдрийн дотор ажлын байрандаа эргэн орохыг мэдэгдсэн удаа дараагийн мэдэгдэлд хариу ирүүлээгүй тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, сургалтын гэрээний дагуу олгосон сургалтын санхүүжилт, нийгмийн даатгалын шимтгэлийг эргэн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэрийг хэвээр үлдээж, Э.Гээс МБ анд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.  Э.Гээр сургалтын санхүүжилт, нийгмийн даатгалын шимтгэлийн 9,122,160.38 төгрөгийг төлүүлж өгнө үү гэв.

 

  1. Шүүх нэхэмжлэгч талаас ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн МБ ны Еийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар Б/169 тоот тушаал, Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, хариуцагч талаас гаргаж өгсөн Э.Гийг Япон улсын Хитоцубаши их сургуулийн Азид төрийн удирдлагын магистрантурт суралцуулах тухай МБны Еийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б338 дугаар тушаал, ажилд томилох тухай тушаал, хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаал, МБ, иргэн Э.Г нарын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар “Сургалтын гэрээ”, МБны хөдөлмөрийн дотоод журам, Сургалтын журам, Э.Гийн Америкийн Нэгдсэн Улсын Жеорже Вашингтоны Их Сургуульд суралцаж буй тухай баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.Г нь МБны ****т нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байгаад тус банкны Еийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б338 дугаар тушаалаар ажлаасаа түр чөлөөлөгдөж, Япон улсын Хитоцубаши их сургуулийн Азийн төрийн удирдлагын магистрантурт 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 ны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл суралцан 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төгсөж, Төрийн бодлогын магистрийн зэрэг хамгаалсан байна.

 

            2.Э.Г ажилдаа буцаж орох тухай өргөдлөө 2018 оны 08 дугаар сарын 06, 10 дугаар сарын 29-ний өдөр МБ инд гаргасан боловч ажилд авалгүй хүлээлгэж байсан ба 2019 оны 01 дүгээр сард хүүхэд төрүүлсэн байна. МБны Еийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн б-157 дугаар тушаалаар МБны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын ****-ийннөөцийн мэргэжилтнээр 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн томилж, мөн өдрийн б-158 дугаар тушаалаар 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд түүнд “Хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөө” олгожээ.

 

            3.Э.Г 2021 оны 08 дугаар сараас Америкийн Нэгдсэн Улсын Жеорже Вашингтоны Их Сургуульд Бизнесийн удирдлагын магисрын зэргийн сургалтад суралцаж эхэлсэн ба 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр МБ ны Тамгын газарт энэ тухай бичиж, магистрын зэргээ 2023 оны 09 дүгээр сард хамгаалах учир энэ хугацаанд чөлөө олгохыг хүсэж өргөдөл гаргажээ. МБ ны зүгээс Э.Гийн хүсэлтийг дэмжихгүй, Сургалтын гэрээний заалтаа биелүүлж, Япон улсад магистрын сургалтанд хамрагдсаны дараа 5 жил МБ инд ажиллах ёстой гэж ажлын 15 өдрийн дотор ирж ажилдаа орохыг мэдэгдэн, 2022 оны 01 дүгээр сарын 18, 02 дугаар сарын 25, 03 дугаар сарын 21-ний өдрүүдэд имэйл илгээж, улмаар банкны Еийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн  б-168 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, МБ ны Хөдөлмөрийн дотоод журмын 10.9.1, МБ ны Сургалтын журам-ын 2.6, 4.5, Сургалтын гэрээний 3.4 дэх заалтуудыг үндэслэн Э.Гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, сургалтын санхүүжилт болох 7,956,540.88 төгрөг, төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 1,165,619.5 төгрөг, нийт 9,122,160.38 төгрөгийг Э.Гээр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            4.Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Энэ хуулийн 60.1.3-т заасан буюу хүүхэд асрах чөлөөтэй хугацаа дуусгавар болсноос хойш ажлын 15 өдрийн дотор ажилтан ажилдаа ороогүй, эсхүл уг хугацааг сунгах хүндэтгэн үзэх шалтгаан бүхий хүсэлт гаргаагүй бол ажлын байрыг нь хадгалах ажил олгогчийн үүрэг дуусгавар болно” гэж, МБ ны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 10.9.1-т “Сургалтын чөлөөний хугацаа, хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгавар болсноос хойш ажилтнаас шалтгаалж, ажлын 15 өдрийн дотор ажилтан ажилдаа ороогүй, эсхүл уг хугацааг сунгах хүндэтгэн үзэх шалтгаан бүхий хүсэлт гаргаагүй бол ажлын байрыг нь хадгалах ажил олгогчийн үүрэг дуусгавар болно” гэж, Сургалтын журмын 2.6-д “Сургалтын гэрээнд ажилтан суралцаж ирээд МБ инд ажиллах хугацаа болон үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлагыг заавал тусгана”, 4.5-д “Ажилтан сургалтын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн буюу зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд МБ наас санхүүжүүлсэн зардал, төлбөр, хураамж, шимтгэл, тэтгэмж, тусламжийг сургалтын гэрээнд заасан анзын хамт эргүүлэн төлнө” гэж, Сургалтын гэрээний 3.4-т “Суралцагч суралцаж ирснээс хойш МБ инд 5 жилийн хугацаанд үр бүтээлтэй, тасралтгүй, тогтвор суурьшилтай ажиллах үүрэгтэй. Ажлын байрны шаардлага хангахгүйн улмаас ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх нөхцөл үүссэн нь энэхүү шаардлагыг хангах үүднээс үргэлжлүүлэн ажиллах үндэслэл болохгүй” гэж тус тус заажээ.

 

            5.Нэхэмжлэгч хариуцагчийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

            6.Шүүх хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн байна гэж үзнэ. Үүнд:

            6а.Ажил олгогч нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн хуульд заасан ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж буй нь тодорхойгүй. Тушаалд баримталсан Хөдөлмөрийн хуулийн заалт нь ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах эсэх тухай зохицуулалт байна.

            6б.Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараас ажилтныг ажил тасалсан сахилгын зөрчил гаргасны учир ажлаас чөлөөлж гэж дүгнэхээр байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохоор заасан байна. Гэтэл ажилтны давтан гаргасан гэх зөрчлүүд юу болох нь тодорхойгүй байх бөгөөд ажилтан Э.Гийг Япон улсын Хитоцубаши их сургуулийн Азид төрийн удирдлагын магистрантурт суралцаж төгсөж ирсний дараа МБны Еийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн б-157 дугаар тушаалаар МБны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын ****-ийннөөцийн мэргэжилтнээр 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар томилохдоо ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх тул хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж ярих боломжгүй байна.

            Түүнчлэн ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар зөрчил гаргаснаас хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах байжээ.

            6в.Нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоход үндэслэсэн Хөдөлмөрийн дотоод журам-ын 10.9.1 дэх хэсгийн заалт нь нэхэмжлэгч Э.Гийг ажиллаж байсан үеийн Хөдөлмөрийн дотоод журамд байхгүй, энэ өөрчлөлт бүхий хөдөлмөрийн дотоод журам 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус банкинд үйлчилсэн байх бөгөөд түүнд энэ журам танилцуулагдаагүй байна.

            7.Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Ажилгүй байсан хугацаанд нэхэмжлэгч суралцаж байсан тул ажилгүй байсан үеийн цалин олговрыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй, харин ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй байна.

 

            8.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж буйтай холбоотойгоор суралцуулсан зардал, төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг нэхэмжлэгчээс нэхэмжилсэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-ыг баримтлан Э.Гийг МБны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын ****-ийннөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-ийг баримтлан Э.Гийн ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-г баримтлан Э.Гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3-ыг баримтлан МБны Э.Гээс 9,122,160.38 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн

60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 231,105 төгрөгийг гаргуулж улсад олгон, нэхэмжлэгч нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                           С.БУД