| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2017/0071/Э |
| Дугаар | 161/ШЦТ2017/00064 |
| Огноо | 2017-08-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ботакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 161/ШЦТ2017/00064
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Т.А
улсын яллагч Б.Б
шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хын Ат холбогдох 1317********* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1989 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн А сумын 0 дүгээр багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овгийн Хын А РД:БА*****.
Шүүгдэгч Х.Аын холбогдсон хэргийн талаар:
- Шүүгдэгч Х.А нь А сумын 0 дүгээр багийн нутаг буюу сумын төвд 2017 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 19 цагийн үед согтуугаар бусадтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар А.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.А нь 2017 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 19 цагийн үед Баян-Өлгий аймгийн А сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа бусадтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар А.Бийг санаатайгаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох
- Шүүгдэгч Х.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн “Би гэртээ байхад Бтэй хамт Б гэдэг залуу ирсэн. Тухайн үед би түлээнд явах гэж байсан. Бтэй хамт ирсэн Б нь миний найз байсан. Тэгээд би гэрлэх гэж байна гэхээр нь би гэрээсээ мөнгө аваад нэг шил архи хийсэн. Уг архи дууссаны дараа би дэлгүүрээс зээлээр нэг шил архи аваад хийсэн. Тэр үед Б бид хоёр хоорондоо маргалдаж нэг нэгнийгээ боосон. Тэгээд Б, Б хоёр явчихсан. Хэсэг хугацааны дараа дахиж буцаж ирэхэд тэр хоёр гартаа нэг нэг чулуутай байсан. Гэрч Б нь хохирогч Бийн гарт байсан чулууг салгаж авсан. Тэгээд би Бийг зодсон” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
- Хохирогч А.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-10, 11-р хуудас/
- Гэрч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/
-Гэрч Онтуганы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Е.Бы 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 256 дугаартай дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Х.А үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч А.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, харин хэрэгт авагдсан нотлох баримтаар хор уршгийн хэмжээг тогтоох боломжгүй ба шүүгдэгч болон хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд харилцан тохиролцсон байх тул уг тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Х.Аын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу ялаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Х.Аын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 төгрөгтэй тэнцэх юм.
Шүүх шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч Х.Аыд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ш овогт Хын Аыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аыг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ат оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Х.Аын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ