Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/692

 

 

 

 

 

  2021            07            22                                         2021/ДШМ/692    

 

Б.С-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Оюунцэцэг,

хохирогч В.Н-, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

иргэний нэхэмжлэгч Д.Б-, түүний өмгөөлөгч М.Тэрбиш,

шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар, С.Батдэлгэр,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/435 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Д.Төмөрбаатар, С.Батдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.С-од холбогдох эрүүгийн 1906051142672 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С-,

 

Шүүгдэгч Б.С- нь хохирогч В.Н-гаас обой авч оронд нь хоёр өрөө орон сууц өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жоби-72” худалдааны төв дотор В.Н-гийн нөхөр М.Г-той Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах “Гималай Апартмент” үйлчилгээтэй, 132 айлын орон сууцны барилгыг барьж байгаа, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэж өгнө, та тус байрнаас “В” тоотод 2 өрөө орон сууцыг аваарай, таны өгсөн обойг тус байранд ашиглана” гэж “Орон сууцны барилга захиалан бариулах” гэрээг “Басмаа Констракшн” ХХК-ийн эрх бүхий этгээдтэй байгуулж 2996 ширхэг обойг залилан авч, нийт 134.820.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С-ыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.С-ын цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.С-оос 116.370.000 төгрөгийг, иргэний хариуцагч Т.Г-ээс 18.450.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч В.Н-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Ш.Ц-, Д.Б-, Г.Д- нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, битүүмжлэгдсэн “Fоrd F-150” загварын 8003 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Lехus RХ450Н” загварын 7872 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэлийг хэвээр үргэлжлүүлж, хохирогчид хохирол төлбөр барагдуулахаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллагад шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Д.Төмөрбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээдэд ял оногдуулах, хөнгөрүүлэх, чөлөөлөх болон гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй, гэм буруугүй нь тогтоогдсон хүнийг цагаатгах бусад байдлаар эрх зүйн хөнгөлөлт үзүүлэх нь шинэ Эрүүгийн хуульд суурь зарчим болж тусгагдсан билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд нотлоогүй гэж үзэж байна. Яллах дүгнэлтэд дурдсанаар яллагдагч Б.С- нь 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жоби-72” худалдааны төв дотор хохирогч В.Н-гийн нөхөр М.Г-той Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах “Гималай апартмент” үйлчилгээтэй 132 айлын орон сууцны барилгаас 2 өрөө орон сууцны Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг “Басмаа констракшн” ХХК-ийн эрх бүхий этгээдтэй байгуулж, түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2996 ширхэг обойг авч 134.820.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэжээ. Шүүгдэгч Б.С- нь ямар бодит байдлыг нуух замаар залилан мэхэлсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй, хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодит үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэтэрхий нэг талыг баримталж яллах дүгнэлт үйлдсэн гэж үзэж байна. Хохирогч В.Н- нь анх “их хэмжээний обой байгаа тул орон сууц болон автомашинаар солино” гэсэн зар тавьж байсан байна. Үүний дагуу В.Н-, Б.С- нар нь арилжаа хийсэн байдаг. В.Н- нь цагдаагийн байгууллагад 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өргөдөл гаргасан ба өргөдөлдөө: “...одоогоор энэ гэрээ хийсэн компани нь огт байдаггүй, хуурамч тамга тэмдэг ашигласан байх магадлалтай. С-, Б- нарыг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэсэн. Хохирогч В.Н- нь урьд өмнө өгсөн хохирогчийн мэдүүлгүүд дээрээ Б.С- нь надаас авсан обойгоо баригдаж буй барилгадаа ашиглана гэж огт мэдүүлж байгаагүй. Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Б.С-од холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба дээд шатны прокуророос хэргийг сэргээн шалгаж эхэлсний дараагаас эхлэн Б.С- нь надаас авсан обойгоо барилгадаа ашиглана гэж хэлсэн гэж худалд мэдүүлэг өгч эхэлсэн. Б.С- нь барилгын каракас нь баригдаж цутгалт хийгдэж 2019 оны 10 дугаар сараас эхлэн дотоод заслын ажилдаа орно гэж төлөвлөж байсан барилгын ажлыг 2019 оны 07 сард обой авч хадгална гэж огт байхгүй ба боломжгүй зүйл юм. Гэтэл прокуророос “...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж...” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй юм. Хэрэг авагдсан баримтуудаас үзэхэд хохирогчоос өгсөн бүхий л хүсэлт, гомдлыг хангаж шийдвэрлэсэн атлаа холбогдогчоос гаргасан хүсэлт гомдлыг хангадаггүй, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь гүйцэд хянаж, хууль зүйн үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт өгөөгүй ба хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг хэтэрхий нэг талыг баримтлан явуулсан нь харагдаж байна. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Б.С-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” гэж тус тус заасан зарчмын дагуу шүүгдэгч Б.С-од холбогдох хэргийг мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж өгнө үү. Б.С- нь В.Н-гаас авсан обойг хоёр автомашинаар сольсон ба энэхүү автомашинууд нь мөрдөн байцаалтын явцад битүүмжлэгдсэн, мөн өөртөө нэг ч төгрөг хувьдаа ашигласан, завшсан зүйл огт байхгүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч С.Батдэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх Б.С-ын гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ “...“Гималай апартмент” үйлчилгээтэй 132 айлын орон сууцны барилгыг манай “Хас соронз” ХХК барьж байгаа, би захирал нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэж ашиглалтад орно, тухайн байрнаас В тоотод 2 өрөө бүхий орон сууц аваарай, таны өгсөн обойг тус байранд ашиглана” гэж худал хэлж, хохирогчийг төөрөгдүүлсэн. Мөн уг барилга нь 2015 оноос хойш барилгын үйл ажиллагаа зогссон байхад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэж ашиглалтад орно гэж, обойг орон сууцаар солих агуулга бүхий гэрээг Г.Н- Б.С- буюу “Хас соронз” ХХК нар хоорондоо байгуулна гэсэн байхад “Басмаа констракшн” ХХК-тай гэрээг байгуулуулсан. “Басмаа констракшн” ХХК-ийн захиралд орон сууцаар обой сольж байгаа талаар хэлээгүй, уг компани обойг хүлээн аваагүй, Б.С- нь “Басмаа констракшн” ХХК-тай байгуулсан гадна фасад угсралтын гэрээний дагуу тухайн барилгын гаднах фасадны ажил хийж гүйцэтгэсний дараа орон сууц авах эрхтэй талаар Г.Н-д огт хэлэлгүй нууж буюу бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2996 ширхэг обойг авсан байгаа нь залилах гэмт хэргийн ... үндсэн шинжийг бүрэн хангаж байна” гэж дүгнэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтын талаар авч үзвэл: 1. Б.С- буюу “Хас соронз” ХХК нь “Басмаа констракшн” ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 17-ний өдөр барилгын гадна фасад болон дээврийн ажлыг хийж гүйцэтгэж уг ажлын хөлсөнд 480.000.000 төгрөгийн өртөг бүхий 8 ширхэг байр авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээ одоог хүртэл хүчинтэй, мөн “Басмаа констракшн” ХХК-ийн үйл ажиллагаа буюу санхүүжилтээс хамаарч барилгын ажил явагдахгүй байгаагаас хамаарч “Хас соронз” ХХК гэрээгээр тохирсон ажлаа хийж гүйцэтгээгүй хүлээсэн байдалтай байгаа, уг барилгын өрлөгийн ажил дуусахаар “Хас соронз” ХХК гэрээгээр тохирсон ажлаа хийж дуусган 8 ширхэг байраа авах боломжтой болох нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон “Басмаа констракшн” ХХК-ийн захирал, гэрч Б.Б-, шүүгдэгч Б.С- нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд Б.С- нь хохирогчид Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Гималай Апартмент” үйлчилгээний 132 айлын орон сууцны барилгаас 2 байр өгнө гэж худал хэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу хохирогчоос обой авч гэрээ байгуулах үед зогссон байсан уг барилгын ажил явагдаж эхэлж байсан болох нь гэрч Б.Б-гийн “... Байр ашиглалтад ороогүй байгаа. Гэрээ байгуулах үед байр бага зэрэг хөдөлж 250.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн ба үлдэгдэл 500.000.000 төгрөг орж ирээгүй. Ингээд 250.000.000 төгрөгөөр барилгын ажлыг нилээд сайн хийсэн байгаа” /1хх 69/ гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд 2015 оноос хойш барилгын ажил зогссон байхад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад орно гэж хуурсан гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Уг обойг тухайн барилгад ашиглах, эсвэл өөр байдлаар захиран зарцуулах, түүнчлэн “Басмаа констракшн” ХХК-ийн захиралд хэдэн ширхэг обой авч байгаа, юунд зарцуулах гэж байгаагаа хэлсэн эсэх нь хэрэгт хамааралгүй юм. Учир нь Б.С- “Басмаа констракшн” ХХК-д ажил гүйцэтгэн өгч ажлын хөлсөндөө 8 ширхэг байр авах гэрээ хийснээ биш ямар нэгэн барилгын материал, обой “Басмаа констракшн” ХХК-нд нийлүүлэхээр гэрээ хийгээгүй. Иймд байрыг обойгоор сольж байгаагаа “Басмаа констракшн” ХХК-ийн захиралд хэлээгүй гэж дүгнэж Б.С-ыг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

4. Хохирогчоос обойг нь авахдаа тухайн барилгын ажил дуусаж ашиглалтад орохоор нь 2 байр өгөхөөр тохиролцсон болох нь хохирогч Г.Н-, гэрч М.Ган- Од, Б.Б- болон Б.С- нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Харин уг барилгыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад орно гэж хэлсэн асуудал бол бодит байдлыг нуусан, хуурсан гэж үзэх үндэслэл биш юм. Учир нь уг барилгын хөрөнгө оруулалт нь орж ирээд ажил нь хийгдсэн бол ашиглалтад орох боломжтой хугацаа. Уг хугацаанд барилгын ажил хийгдээгүй нь Б.С- болон “Хас соронз” ХХК-с шалтгаалаагүй тул уг барилгыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад орно гэж хуурсан, бодит байдлыг нуусан гэж үзэх үндэслэлгүй байна.

5. Обойг орон сууцаар солих гэрээг Г.Н- болон Б.С- буюу “Хас соронз” ХХК нар хоорондоо байгуулаагүй “Басмаа констракшн” ХХК-тай байгуулуулсан асуудал нь Б.С-ыг гэмт хэрэг үйлдэж байгаа хэлбэр гэж үзэх боломжгүй. Учир нь, уг барилгын өмчлөгч нь “Басмаа констракшн” ХХК. Иймд Б.С- Г.Н-тай шууд гэрээ хийсэн тохиолдолд барилга ашиглалтад орохоор уг 2 байрыг Б.С- эхлээд өөр дээрээ шилжүүлж аваад дараа нь Г.Н-д шилжүүлж өгөх шаардлагатай болно. Ингэж олон дамжлага хийхгүйн тулд нэгэнт гэрээгээр тохирсон авах ёстой 8 ширхэг байрныхаа 2 ширхэгийг нь Б.С- өөр лүүгээ шилжүүлэхгүйгээр шууд Г.Н-д шилжүүлж өгөхийн тулд гэрээг “Басмаа констракшн” ХХК-тай гэрээ байгуулуулсан талаар Б.С- мэдүүлдэг. Хууль зүйн хувьд ч гэсэн ашиглалтад ороогүй, өмчлөх эрх нь өөр дээр нь шилжиж ирээгүй байран дээр Б.С- Г.Н-тай гэрээ хийх боломжгүй юм. Харин барилгын өмчлөгч “Басмаа констракшн” ХХК-тай гэрээг хийлгэсэн нь хууль зүйн хувьд зөв гаргалгаа бөгөөд ингэснээр Б.С-ын уг үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Харин Б.С- Г.Н- нарын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээний харилцаа бөгөөд Б.С- нь өөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдлыг улмаас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

Уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагчаар оролцвол зохих этгээдийг мөн хуулийн 8.5-д зааснаар иргэний нэхэмжлэгчээр оролцуулж процессын хуулийг зөрчсөн байна. Учир нь, Ц-, Б- нар 2449 ширхэг обой авсан гэж мэдүүлдэг. Тэгвэл хохирогч 2996 ширхэг обой өгсөн гэдэг бөгөөд үүнээс Т.Г- 410 ширхэг обой авсан үйл баримт тогтоогддог. Т.Г-ийн авсан 410 ширхэг обойноос бусад бүх обойг Ц-, Б- нар авсан гэж Б.С- мэдүүлдэг. Тэгвэл 138 ширхэг обойг хэн авсан бэ гэдгийг шалгаж тогтоогоогүй. Мөнгөн дүнгээр 6.210.000 төгрөг болж байна. Үүнийг шалгаж тогтоох ёстой байсан. Хохирогчоос авсан 2996 ширхэг обойноос 410 ширхэгийг нь аваад мөнгөө төлөөгүй байгаа Т.Г-ийг иргэний хариуцагчаар тогтоож 18.450.000 төгрөгийг хохирогч Г.Н-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ бол хуулийг зөв хэрэглэсэн. Харин хохирогчоос авсан обойноос 2448 ширхэг обой аваад мөн мөнгөө өгөөгүй Ц-, Б- нарыг иргэний хариуцагчаар биш иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь процессын хуулийг ноцтой зөрчөөд зогсохгүй Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх заалтыг хүртэл зөрчсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар Ш.Ц-, Д.Б- нарыг иргэний хариуцагчаар тогтоож тэднээс 2448 ширхэг обойны үнэ болох 110.160.006 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэх ёстой байсан. Мөн шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд заасныг шүүх зөрчсөн байна. Учир нь, хэргийг цагаатгасан тохиолдолд мөн хуулийн 36.2 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих хуулийн зохицуулалттай. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.С-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Б- давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “...1. Иргэний нэхэмжлэгч Д.Б- миний эзэмшлийн хөрөнгө болох “Fоrd F-150” загварын 8003 УБР улсын дугаартай, “Lехus RХ450Н” загварын 7872 УБР улсын дугаартай хоёр автомашиныг ямар ч үндэслэлгүйгээр битүүмжилж, улмаар шүүх хохирогч В.Н-гийн хохирол төлбөр барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шүүхийн тогтоолд заасан нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэж иргэний нэхэмжлэгч Д.Б- намайг давхар хохироож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гомдолтой байна.

2. Дээрх хоёр машин нь Д.Б- миний эзэмшлийн өмч хөрөнгө. Би Б.С-, В.Н- нартай обойны наймаа худалдаа хийгээгүй, би эдгээр хүмүүст төлөх ямар ч өр төлбөр байхгүй . Ш.Ц- бид нар автомашины зах дээр машины худалдаа хийдэг байсан боловч бидний эзэмшил өмч хөрөнгө данс тооцоо тус тусдаа тооцоотой, Ш.Ц- нь Б.С- болон түүний эхнэр Н-, Ганхөлөг нараас обой авч оронд нь миний эзэмшлийн хоёр машиныг өгнө гэж надад ч хэлэхгүйгээр обой авсныг би мэдээгүй, хэргийг шалгаж байгаа мөрдөгч нь миний эзэмшлийн дээрх хоёр машиныг надад мэдэгдэлгүй үндэсгүйгээр битүүмжилсэн.

3. Би Б.С-ын үйлдсэн гэмт хэргийн хохирлыг төлөх ямар ч үндэслэлгүй, ямар ч нотлох баримт байхгүй байхад үндэслэлгүйгээр битүүмжилж хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийтгэх тогтоолд заасан нь хэргийн бодит байдалд нийцээгүй, нотлох баримтаар нотлогдоогүй ямар ч хамааралгүй зүйлд холбогдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Би ямар ч хамааралгүй байхад Ш.Ц-тай хамт машины худалдаа хийдэг гэдэг нэрийдлээр миний эзэмшлийн эд хөрөнгө хоёр машиныг битүүмжилж С-ын хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Д.Б- би Б.С- болон хохирогчид төлөх ямар ч төлбөр хохирол байхгүй, би эдгээр хүмүүсээс обойг нь худалдаж аваагүй.

4. Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч С.Батдэлгэрийн давж заалдах гомдолд уг хоёр машиныг Б.С-ын өмч гэж үзэх боломжгүй, мөн битүүмжлэх хохиролд тооцож өгөх ч үндэсгүй, шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 зүйлд заасныг шүүх зөрчсөн гэж дурдсаныг иргэний нэхэмжлэгч Д.Б- би санал нэг байна. Д.Б- би иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон, би иргэний хариуцагч биш. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад өөрчлөлт оруулж миний хоёр машины битүүмжлэлийг хүчингүй болгож чөлөөлж, эзэмшигч Д.Б- надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн өмгөөлөгч Н.Тэрбиш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...битүүмжилсэн хоёр машин нь Д.Б-ийн өмчлөлийн хөрөнгө. Өөрөөр хэлбэл, Д.Б- нь Б.С-, В.Н- нартай обойны наймаа хийгээгүй. Эдгээр хүмүүст төлөх ямар ч өр төлбөр байхгүй. Ш.Ц- хамт наймаа хийдэг гэж ярьдаг боловч автомашины зах нь зүгээр нэг лангуун дээр зогсож бараа зарахтай адилхан зүйл биш. Энэ хоёр хүн автомашины зах дээр зэрэгцэж зогсоод автомашинуудаа зардаг. Автомашин том оврын эд хөрөнгө учраас хэн нэгэн нь харж хамгаалж байх нэг нэгэндээ туслах чанартай үйл ажиллагаа явуулдаг болохоос хэн нэгнийх нь нийлсэн дундын хөрөнгө биш. Иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн эзэмшлийн хөрөнгө болох “Fоrd F-150” загварын 8003 УБР улсын дугаартай, “Lехus RХ450Н” загварын 7872 УБР улсын дугаартай хоёр автомашиныг ямар ч үндэслэлгүйгээр битүүмжилж, улмаар шүүх хохирогч В.Н-гийн хохирол төлбөр барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шүүхийн тогтоолд заасан нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Ш.Ц- нь Б.С- нарын хооронд хийсэн наймаа болохоос Д.Б-тэй ямар ч холбоогүй. Энэ обойг Д.Б- аваагүй. Энэ талаар шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч С.Батдэлгэрээс давж заалдах гомдолдоо дурдсан. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж иргэний нэхэмжлэлтэй холбоотой битүүмжилсэн хоёр автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Д.Б-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч нарынхаа гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. В.Н- нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ОХУ-аас ирчихээд над руу утсаар ярьсан. Намайг “Басмаа констракшн” ХХК-тай гэрээ байгуулсан, нөхөр Г-той хийсэн гэрээг В.Н- мэдэж байсан. Сүүлд нь В.Н- “Басмаа констракшн” ХХК-тай гэрээ байгуулсан гэдгийг огт мэдээгүй гэж мэдүүлдэг. 6 дугаар сарын 28-ны өдөр яваад 7 дугаар сарын 23-ны өдөр хотод ирээд надтай ярьсан. Энэ хооронд обойнууд нь зарагдаагүй байсан. Г- над руу залгаад “...манайх агуулахаа суллах гэж байна. Ирж обойнуудаа аваарай. ...” гэж хэлсэн. Надад обой хадгалах байр байгаагүй учраас обойнуудыг хурдан борлуулахаар болсон. Энэ их хэмжээний обойг тухайн барилгад орохгүй гэдгийг обой зарж байсан хүмүүс өөрсдөө мэдэж байсан. ...” гэв.

 

Хохирогч В.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өнөөдрийн байдлаар би маш их хохирч байна. 2 жилийн дотор шүүгдэгч Б.С- маш олон төрлийн аргаар шүүх хуралдааны хойшлуулж, аргацаасаар ямар ч хохирлоо барагдуулж аваагүй. Ийм байдлаар 2 жил болж, миний амьдрал хүнд байна. Шүүгдэгч Б.С- намайг эхлээд тандсан. Надад эхлээд автомашин үзүүлсэн. Удахгүй нэрээ солиод ирнэ гэж явсан. ...Өнөөдрийн байдлаар би банкинд маш олон төрлийн зээлтэй. Энэ хүнээс болж асар их өрөнд орж хохирсон. Би 52 нас хүрчихээд ийм байдалд орсондоо маш их сэтгэл санаагаар гутарч байна. Анхнаасаа надад “Басмаа констракшн” ХХК-ийн талаар дурдаагүй. Цонхоор надад баригдаж дуусаагүй барилга харуулаад та 12 дугаар сарын 31-нд өөрийн хүссэн байраа сонгоод авчих гэж хэлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий учраас хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч В.Н-гийн өмгөөлөгч Ц.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч В.Н- болон түүний өмгөөлөгчийн зүгээс энэ хэргийг төгс үйлдэгдсэн залилангийн гэмт хэрэг гэж үзэж байна. Яагаад гэвэл, 2018 оны 10 дугаар сард В.Н- их хэмжээний обой бартердаж зарж борлуулна гэж зар тавьсны дагуу шүүгдэгч Б.С- нь 2019 оны 1 дүгээр сард автомашинаар солихоор очиж уулзсан. “...автомашин өөрийн чинь нэр дээр биш учраас боломжгүй. ...” гэж хэлэхэд “нэрээ солиулна” гэж хэлээд алга болсон байдаг. 4 сард дахин холбогдож ирсэн. Хохирогч В.Н-гийн ажлын байрны цонхоор дутуу баригдсан барилгын карказ харуулаад “...энэ барилгыг манай “Хас соронз” ХХК барьж байгаа. Би “Хас соронз” ХХК-ийн гүйцэтгэх захирал байна. ...” гэж хэлээд өөрийгөө гүйцэтгэх захирал болохыг нотлох  баримтаа үзүүлсэн байдаг. “Энэхүү барилга одоо баригдаж байгаа 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд бүрэн ашиглалтад орно. Та 2 өрөө бүхий аль нэг дурын орон сууцаа хүссэн давхартаа аваарай. Танаас авах обойг барилга дуусах гэж байгаа болохоор барилгадаа ашиглана” гэж хэлсэн. Ингэж хохирогч В.Н-д итгэл төрүүлж бичиг баримтаа үзүүлж хуурч обойг авсан байдаг. Энэхүү хуурсан асуудлыг шүүгдэгчийн өмгөөлөгч нар тайлбарлахдаа 2017 онд “Басмаа констракшн” ХХК, “Хас соронз” ХХК нар туслан гүйцэтгэгчээр ажилласны үндсэн дээр 8 байр авахаар тохирсон байсан. Энэ нь бодит байдлыг нуугаагүй байна гэж тайлбарласан. Гэтэл тухайн өдөр миний үйлчлүүлэгчтэй ирж уулзаж обойг авахдаа бодит байдлыг үнэн зөвөөр хэлсэн үү гэдэг нь эргэлзээтэй. “2017 онд манай компани “Басмаа констракшн” ХХК-н туслан гүйцэтгэгчээр явж байгаа. Фасад хийх ажлыг “Хас соронз” ХХК хийнэ. Гэхдээ одоогоор эхлээгүй” байгаа гэж бодит байдлыг нууж дарагдуулахгүй хэлэх байсан. Миний үйлчлүүлэгч бодит байдлыг хэзээ мэдсэн бэ гэхлээр ОХУ-д сар гаруй хугацаанд байж байгаад ирэхэд нь нөхөр нь “Басмаа констракшн” ХХК-тай гэрээ байгуулчихсан байсан. “Басмаа констракшн” ХХК  яагаад гараад ирчихвээ гээд араас нь эрэн сурвалжилж эхэлсэн. Тухайн компани заасан хаягтаа байгаагүй. Мөн “Басмаа констракшн” ХХК-ийн Б- гэх хүнтэй холбогдоход “...юу яриад байгаа юм бэ. Би ийм юм мэдэхгүй. ...” гэсэн хариу өгсөн байдаг. Ингэж хохирогч В.Н- залилуулсан гэдгээ мэдэж цагдаагийн байгууллагад хандсан. Тэгэхээр шүүгдэгч Б.С- нь бодит байдлыг нуусан. Тухайн үед ерөөсөө үнэн зөв мэдээллээр хангаагүй. Обойг ашиглахаар авсан барилгадаа ашиглаагүй. Обойг аваад сар ч хүрэхгүй хугацааны дараа обойг хэрхэн өөр хэлбэрт оруулах вэ гэж Ш.Ц-, Д.Б- нартай уулзаж автомашинаар сольсон байдаг. Иргэний нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар обойг 86.000.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь Ш.Ц-, Д.Б- нар авсан гэдэг. Иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн өмгөөлөгч Н.Тэрбишийн хэлснээр обойны үнэ, автомашинаа ч авна гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч В.Н- маш их хохирч байна. Энэ хэрэг 2 жил гаруй хугацаанд үргэлжилж шийдэгдэхгүй байна. Дээрээс нь 134.000.000 төгрөгийн хохирлоос нэг ч төгрөг аваагүй. Давж заалдах гомдлууд хууль зүйн үндэслэлгүй. ...” гэв.   

 

Прокурор Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Б.С- нь анх хохирогч В.Н-гаас 2996 ширхэг обойг өөрийн эзэмшилд шилжүүлэн авахдаа байр баригдаж байгаа 12 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад орно. Тухайн байранд уг обойг ашиглана гэж хохирогчид итгэл үнэмшил төрүүлсэн. Шүүгдэгч Б.С- нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар “Басмаа констракшн” ХХК-ийн барьж буй орон сууцны барилга дээр тодорхой хэмжээний гэрээгээр хүлээсэн үүргээ нэг удаа ч биелүүлээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Бодит байдлыг нуун дарагдуулж авсан обойгоо сарын дотор хадгалах өрөө байхгүй гэж шүүгдэгч тайлбар хэлж байгаа боловч тухайн обойг агуулах сав байхгүй гэх үндэслэлээр бусдад зарж борлуулсан бол хохирогч В.Н-д мөнгийг нь төлж болох байсан. Бусдын өмчлөлийн эд зүйлийг өөрийн эзэмшилд оруулан шилжүүлэн аваад буцааж өгөх санаа зорилго байгаагүй учраас залилах гэмт хэрэг үйлдсэн нь үндэслэлтэй байна. Иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн хувьд тээврийн хэрэгслийг хохирогчийн хохирлыг нөхөн төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж маргаж байна. Иргэний нэхэмжлэгч Д.Б-, Ш.Ц- нар нь шүүгдэгч Б.С-оос 2449 ширхэг обойг тээврийн хэрэгслээр сольж бусдад зарж борлуулсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож байгаа учраас тээврийн хэрэгслүүдийг хохирол нөхөн төлүүлэхээр зорилгоор битүүмжилж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Иймд шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.С-од хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, шүүгдэгч Б.С- нь “Басмаа Констракшн” ХХК-ийн санхүүжилтээр 2014 оны сүүлээр эхлүүлж, 2015 оны сүүлээс санхүүжилтгүй болсны улмаас барилгын ажил нь зогссон Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах “Гималай Апартмент” үйлчилгээтэй, 132 айлын орон сууцны барилгыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэж өгнө, та тус байрнаас 2 өрөө орон сууц аваарай, таны өгсөн обойг тус байранд ашиглана гэж хохирогч В.Н-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жоби-72” худалдааны төв дотор В.Н-гийн нөхөр М.Г-той “Орон сууцны барилга захиалан бариулах” гэрээг “Басмаа Констракшн” ХХК-ийн эрх бүхий этгээдтэй байгуулж, 2996 ширхэг обойг залилан авч, нийт 134.820.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

хохирогч В.Н-гийн “...Би 2018 оны 10 дугаар сард өөрийн fасеbооk хаягаас их хэмжээний обой байгаа тул орон сууц болон автомашинаар солино гэсэн зар тавьсан. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр С- гэх эрэгтэй хүн залгаж яриад “Би зарын дагуу ярьж байна. Хаана очиж уулзах вэ” гэж асуухаар нь би өөрийн ажлын газар болох “Компьютер молл”-ын 9006 тоот өрөөнд ирж уулз” гэсэн. Тэгсэн нөгөө залуу 2019 оны 1 дүгээр сард дахин залгаж “надад 85.000.000 төгрөгийн үнэтэй жийп машин байна. Обойгоор солих уу” гэж асуухаар нь би нөхөр М.Г-оор машиныг үзүүлтэл уг машин нь ББСБ-ын нэр дээр ломбардад байсан. Тэгсэн нөгөө залуу “машинаа зээлээс гаргаад эргээд яръя” гээд алга болсон. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нөгөө залуу дахиж яриад “нөгөө обой чинь байгаа юу, би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд Гималай апартмент гэсэн нэртэй орон сууц барьж байгаа би таниас 150.000.000 төгрөгийн обой аваад танд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэж өгөх байрнаас хоёрыг өгье” гэж ярихаар нь би “танай компанийн нэр юу вэ” гэж асуухад “Хас Соронз” гэсэн. Тэгээд С- гэх залуу манай ажил дээр ирээд 150.000.000 төгрөгийн обой авах хүсэлт бичиж өгөөд надад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа дутуу барилгыг үзүүлэхээр нь би нөхөртэйгөө ярилцаж байгаад С-од зөвшөөрсөн. Би 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Орос руу яваад 5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатарт ирсэн чинь С- гэх залуу манай нөхөр М.Г-той 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэрээ хийгээд маргааш нь 74.500.000 төгрөгийн үнэ бүхий обойг Mighty загварын автомашинд ачаад явсан байсан. 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр би “танай барилга яагаад баригдахгүй байгаа юм бэ” гэж асуухад “манайх наадмын дараагаас барилгаа гялалзуулаад дуусгана. Би танаас үлдэгдэл обойгоо авах гэсэн юм” гэхээр нь би итгээд “ав, ав” гэж хэлсэн. Баригдаж байгаа гэх барилга нь баригдахгүй байхаар нь би гэрээ хийсэн “Басмаа констракшн” ХХК-ийн хаягаар Б.Б-тай уулзах гээд очтол Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн-6 МGL радио цамхаг гэх хаягт “Басмаа констракшн” гэх байгууллага байдаггүй гэсэн. Би С-той 3 удаа уулзаж байсан. Б.Б-тай огт уулзаж байгаагүй. ...Зарлагын падаан дээр обойг хүлээн авсан нь С-. …” /1хх 29-35/,

иргэний нэхэмжлэгч Ш.Ц-ын “...Н-, С- нар 14 хоног тасралтгүй ярьж “та ярьсан үнээрээ аваач” гэж гуйгаад байсан. Уг обой нь 2400 ширхэг байгаа гэсэн ба тооцохоор 140.000.000 төгрөг болж байсан. Тус мөнгөнөөс 8.000.000 төгрөг буулгаач гэхээр нь би зөвшөөрч 132.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Ингээд 86.940.000 төгрөгийн нийт 2449 обойг хүлээн авсан. 25.500.000 төгрөгийг Н-, С- нар зээлээч гэхээр нь зөвшөөрч Хаан банкны дансаар өгөхөөр болж надтай хамт ажилладаг Б- шилжүүлсэн. “Fоrd F-150” загварын машиныг 68.000.000 төгрөгт, 8003 УБР улсын дугаартай “Lехus RХ450Н” загварын машиныг 65.000.000 төгрөгт бодоод нийт 132.000.000 төгрөг гээд С-од 157.500.000 төгрөгийг өгсөн. Машиныг нэр дээр нь шилжүүлээд өг гэхээр нь би шилжүүлэхгүй байсан. Хоёр тээврийн хэрэгслийг С-од өгчихсөн ба надад өгөх ёстой үлдэгдэл 71.900.000 төгрөгийг өгөөгүй байсан учир нэр дээр нь шилжүүлээгүй. С-, Н- нартай зөвлөлдөөд зөвшөөрөхөөр нь зээлсэн 25.500.000 төгрөгийг гаргаж авахын тулд “Сайн” автомашин барьцаалан зээлдүүлэх газарт 12.000.000 төгрөгт нэг машиныг тавьсан. ББСБ-ын мөнгийг С-, Н- нар өгнө гэж байсан боловч нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Би С-, Н- нараас 71.900.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна. Би обойг жижиглэнгээр зарсан. ...” /1хх 36-39/, /2хх 3-4/,

Д.Б-ийн гэрчээр өгсөн “...С-, Н-, Г- нар манай хуурай ах болох Ш.Ц- бид хоёр дээр ирээд 132.000.000 төгрөгийн обойгоор 8003 УБЭ улсын дугаартай “Fоrd F-150” загварын, 7872 УБР улсын дугаартай “Lехus RХ450Н” загварын тээврийн хэрэгслүүдийг бартераар сольсон. Мөн миний 5920047209 тоот дугаарын данснаас А.Н- гэх хүний 5675564882 тоот данс руу нийт 25.500.000 төгрөг шилжүүлж зээлсэн. Бартераар өгсөн обой нь 132.000.000 төгрөгийн үнэтэй гэж надтай тохиролцсон боловч 87.000.000 төгрөгийн обой надад өгсөн. 8003 УБЭ улсын дугаартай “Fоrd F-150” загварын тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр, 7872 УБР улсын дугаартай “Lехus RХ450Н” загварын тээврийн хэрэгсэл нь “Сайн” ломбардны нэр дээр байгаа. Зээлийн гэрээ нь надад байгаа. Одоо 12.000.000 төгрөгийн зээлтэй байгаа. 1 боодол обойг  35.500 төгрөгөөр бодож авсан. Би одоогоор 2448 ширхэг боодлыг авсан. Тэгэхээр нийт 87.000.000 төгрөг болж байна. 70.500.000 төгрөгийн хохирол учирсан. ...” /1хх 57/,

иргэний нэхэмжлэгч Г.Д-ий “...Б- гэгч нь 7872 УБР улсын дугаартай “Lехus RХ450Н” загварын автомашиныг 12.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Түүнээс хойш зээлийн эргэн төлөлт одоо болтол хийгдээгүй. ...” /1хх 42-43/,

иргэний хариуцагч Т.Г-ийн “...С- над руу яриад “би хүнтэй очиж уулзаж барилгын материал авах гээд чи хамт яваад өгөөч” гэхээр нь би зөвшөөрч бид хоёр Г- гэх хүнтэй очиж уулзсан. С- нь уг хүнтэй уулзаад надад хэлэхдээ “энэ хүнээс барилгын обойг бартер хийж авахаар боллоо” гэж хэлсэн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа байхаа дахин С- бид хоёр урьдын хашаанд очсон ба Mighty загварын машинаар дүүрэн обой ачсан. Г- гэх хүнээс С- баримт авч, гарын үсэг зурж байсан. Түүнээс хойш 7-8 хоногийн дараа С- надад “обойг зармаар байна. Бартер энэ тэрээр ч хамаагүй” гэхээр нь би 410 ширхэг обойг нэг бүрийг нь 40.000 төгрөгөөр тооцож, нийт 16.400.000 төгрөгийн обойг авахаар болж урьдчилгаа 2.500.000 төгрөгийг бэлнээр нь өгөөд авсан. ...Түүнээс хойш 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр машины ченж Б- гэх хүн обой авсан газарт очсон байна гээд С- бид хоёр очиж Б- үлдэгдэл обойг ачиж аваад явсан. Би нийт 8.800.000 төгрөгийг С-од обойн мөнгө гэж өгсөн. Одоо үлдэгдэл 7.600.000 өгөхөөр байгаа. ...” /1хх 45-47/,

гэрч М.Г-ын “...эхнэр бид хоёр Солонгос улсаас обой оруулж ирдэг хэдэн хүмүүстэй тохиролцож оронд нь машин, орон сууц, үл хөдлөх хөрөнгө зэргийг өгч наймаа хийдэг. 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр манай эхнэр Н- гадаад руу ажлаар явсан. Явахаас нь өмнө манай эхнэртэй С- гэх хүн уулзаад байр орон сууцаар обой солихоор болсон юм шиг байсан. Манай эхнэр явахдаа С- 150.000.000 төгрөгийн обой авна. Оронд нь баригдаж байгаа байрнаас 2 ширхэг байр өгөхөөр байгаа. Чи гэрээг нь хийгээд дараа нь обойг нь өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн өглөө С- над руу яриад за гэрээгээ хийгээд обойгоо авах гэсэн юм. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Жоби 72” худалдааны төвийн нотариат дээр хүрээд ир гэж дуудсан. С- нь мөн надад хэлэхдээ цаад компанийн захирал ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд би хэлсэн газар нь ирэхэд С- ирсэн. Наана нь ерөнхий захирал Б-, менежер Г- гэх хүмүүс байсан. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Гималай апартмент” үйлчилгээний зориулалттай хоёр блок барилгаас 45.3 мкв талбай бүхий 2 өрөө байрыг 1 мкв-г 1.650.000 төгрөгөөр захиалж, 150.000.000 төгрөгийн обойг авч явсан. Нэг обойг 50.000 төгрөгөөр тооцож өгсөн.. ...” /1хх 54-56, 2хх 5-6/,

гэрч А.Н-ийн “...би тухайн асуудлыг нарийн сайн мэдэхгүй байгаа бөгөөд нөхөр болох С- руу Н- гэх эмэгтэйн нөхөр Г- нь 7 хоногийн хугацаанд тасралтгүй залгаж энэ обойгоо ирж ав. Агуулахдаа юм хийх гэж байна гэж дуудсан. Тухайн үед С-од уг обойг агуулах газар байгаагүй учраас миний таньдаг машины ченж Цогоо ах руу залгаад обой байна, машинаар солих уу гэсэн чинь зөвшөөрөөд 134.000.000 төгрөгийн обой авсан. Үлдсэн 16.000.000 төгрөгийн обойг манай нөхөр С-ын найз болох Г- гуйж байгаад авсан боловч одоог хүртэл өгөөгүй байгаа. ...Ш.Ц- нь “Lехus RХ450Н” загварын машиныг 68.000.000 төгрөгөөр, “Ford F-150” загварын машиныг 65.000.000 төгрөгөөр бодож оронд нь барилгын обой өгөхөөр болсон байсан. ...” /1хх 58-61/,

гэрч Б.Б-гийн “...2014 оны сүүлээр манай “Басмаа констракшн” ХХК өөрийн санхүүжилтээр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 6 дугаар гудамжинд 4 айлын 1500 мкв талбай бүхий газрыг 1 тэрбум 65.000.000 төгрөгөөр худалдан авч, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн бүх зөвшөөрлийг авч 132 айлын үйлчилгээтэй 2 блок 12 давхар барилгын ажлын эхлүүлсэн. 2015 ондоо бүтэн барилгын ажил явагдаад 2015 оны сүүлээс эхлээд санхүүжилтгүй болсны улмаас барилгын ажил зогссон. Ерөнхийдөө барилгын ажил 40 хувьтай явагдаж байгаад зогссон. ...Тэгээд бартерийн гэрээ гэдэг зүйлүүдийг компаниудтай хийж эхэлсэн. “Хас Соронз” ХХК-ийн захирал С-той 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр барилгын гадна, пассат болон дээврийн ажлыг 100 хувийн бартераар хийхээр гэрээ байгуулсан. Ажлыг хийж дуусмагц 480.000.000 төгрөгийн өртөг бүхий 8 ширхэг байрыг өгөхөөр тохирсон. Уг 8 ширхэг байрыг урьдчилж өгөхгүй, ажлаа дуусмагц барьж байгаа байрнаас өгөхөөр гэрээ хийсэн. Барилгын өрлөг, цонх дуусаагүй учир С-ын ажил эхлээгүй. ...2019 оны 5 дугаар сард С- нь Г- гэх хүнтэй ирж уулзсан. С- надад хэлэхдээ би танайхаас авах 8 ширхэг байрныхаа 2 байрыг энэ хүн дээр гэрээг нь хийж өгмөөр байна гэсэн. Би ямар учиртай хүн юм бэ, яах гэж байгаа юм бэ гэхэд С- уг хүнийг миний таньдаг хүн байгаа юм. Арматур болон туслах материалууд авч ирэх боломжтой хүн гээд орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. С- өөрөө надад ажлаа хийж өгч байж уг гэрээнд заасны дагуу би хүнд байр ашиглалтад орсноор хүлээлгэн өгөх ёстой. Уг гэрээг хийснээр надад бараа материал, нэг ч төгрөг төлөгдөөгүй. С- ч гэсэн ажил хийгээгүй байгаа. Тухайн үед С- амаараа барилгын арматур төмөр болон бусад туслах материалууд болох караны секц, каран тогтоогч зэргийг нийлүүлнэ гэж ярьсан. Гэрээнд бол яг нарийн тэр энэ гэж зааж өгөөгүй. Сүүлд сонсоход С- обой аваад оронд нь байр өгөхөөр гэрээг нь надаар байгуулуулсан байсан. Би хэнээс хэдэн төгрөгийн обой худалдаж авсан талаар огт мэдэхгүй. Надад ч мөн ямар нэг обой өгөөгүй. ...” /1хх 67-69/ гэсэн мэдүүлгүүд, Баригдаж байгаа үл хөдлөх хөрөнгөд үзлэг хийсэн тухай “...Басмаа констракшн” ХХК-ийн барьж байгаа гэх Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гималай апартмент” үйлчилгээтэй 132 айлын гэх 2 блок баригдаж байгаа орон сууцны байран дээр ирж үзлэгийг хашааны гадна болон хашаан дотроос ерөнхий байдлаар хийлээ. Уг газарт очиход цэнхэр өнгийн хашаатай дотор талд нь дутуу баригдсан 2 орон сууцны барилга байна. Барилгын гадна хашаан дээр “Басмаа констракшн” ХХК гэсэн урагдсан элэгдсэн цаасан дээр 2 орон сууцны зураг болон өрөөнүүдийн дотор талын зохион байгуулалт, талбайн хэмжээг заасан байна. Хашаан дотор ороход 3-4 давхар хүртэлх багана, карказыг босгосон, зарим хэсэгт нь блокоор дүүргэсэн сууцны барилга байна. Тухайн барилгад ажиллаж байгаа, барьж байгаа гэх ажилтан, техникүүд байхгүй. Харахад үйл ажиллагаа явагдаагүй удсан гэмээр байдалтай харагдаж байна. Уг барилгын манаж байгаа гэх хүн байх ба захирал Б- ойрд ирээгүй. Утасны дугаарыг нь мэдэхгүй гэж байлаа. ...” гэсэн тэмдэглэл, /2хх 55-59/,

 “...“Ford F-150” загварын машин 2019 оны 12 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээ 33.800.000 төгрөг, “Lехus RХ450Н” загварын машин 2019 оны 12 сарын байдлаар зах зээлийн үнэлгээ 46.300.000 төгрөг, 2019 оны 5 сарын байдлаар 1 ширхэг обой зах зээлийн үнэлгээ 45.500 төгрөг. ...” болохыг тогтоосон эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх 71-74, 76-78/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 121-122/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 127/, аж ахуйн нэгж “Басмаа констракшн” ХХК-ийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг /1хх 128/, Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ /1хх 141-145/, “Очир апартмент-I” барилгын А, Б блокийн Гадна фасад угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ /1хх 151-165/, 2996 ширхэг обойг Б.С-од хүлээлгэж өгсөн зарлагын баримт /1хх 167-171/, гэрэл зураг /1хх 175-176/, “Хас соронз” ХХК-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 194/, Б.С-ын бичсэн 150.000.000 төгрөгийн обой авах хүсэлт /1хх 206/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Б.С- гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.С-ын 2015 оны сүүлээс санхүүжилтгүй болсны улмаас барилгын ажил нь зогссон 40 хувьтай барилгыг “2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэж өгнө, энэ байрнаас 2 орон сууц аваарай” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан В.Н-гаас нийт 134.820.000 төгрөгийн үнэ бүхий 2996 ширхэг обой авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.С-ын бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 4 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Д.Төмөрбаатар, С.Батдэлгэр нар “...Б.С- нь туслан гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн авах ёстой 8 байрнаас 2 байрыг өгөхөөр тохиролцож, В.Н-тай гэрээ байгуулж обой авсан үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн харилцаа учраас Б.С-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг.

           

            Энэ гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэрэг, тухайлбал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргээс өмчлөгч хууртагдсан итгэсэн учраас гэмт этгээдэд эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхээ сайн дураараа өгсөн байдгаараа ялгаатай.

 

             “Басмаа констракшн” ХХК-ийн барьж байсан /40 хувьтай/ барилга 2015 оны сүүлээс санхүүжилтгүй болж ажил нь зогссон байх бөгөөд шүүгдэгч Б.С- нь уг компанитай 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр /барилгын ажил зогссон байхад/ гадна фасад болон дээврийн ажлыг гүйцэтгэж, баригдаж дууссаны дараа 8 орон сууц авахаар “Гадна фасад угсралтын ажил гүйцэтгүүлэх” гэрээ байгуулсан байгаа боловч өнөөдрийг хүртэл тухайн барилга баригдаж дуусаагүй, гадна фасад угсралтын ажил хийгдээгүй болох нь хэргийн нөхцөл байдлаас харагдаж байна. Гэтэл тэрээр 2019 оны 5 сард “уг барилгыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд ашиглалтанд орно, уг байрнаас 2 байр өгнө, авсан обойг нь тус байранд ашиглана” гэж  хохирогч В.Н-гаас 134.820.000 төгрөгийн үнэ бүхий 2996 ширхэг обой авсан атлаа нэг сарын дотор бусдад худалдах, автомашинаар солих зэргээр зарж, борлуулж байгаа үйлдэл нь “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө...”-ийг шилжүүлэн авсан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймээс гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Д.Төмөрбаатар, С.Батдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 

Гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэгт хамтран оролцоогүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг мөрдөгч, прокурор, шүүх, шүүгчийн шийдвэрээр иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулдаг болно.

 

Тухайн хэргийн хувьд Т.Г- нь шүүгдэгч Б.С-оос 410 ширхэг обойг 40.000 төгрөгөөр тооцон авч 8.800.000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй тул түүнийг иргэний хариуцагчаар татаж 410 ширхэг обойн үнийг үнэлгээний дагуу 45.000 төгрөгөөр тооцож 18.450.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.С- нь 2449 ширхэг обойг иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ш.Ц-, Д.Б- нарт өгч, оронд нь “Fоrd F-150” /68.000.000 төгрөгт тооцон/ болон “Lехus RХ450Н” /65.000.000 төгрөгт тооцон/ загварын хоёр автомашин /бартер хийн/ авсан талаар маргаагүй, улмаар машины зөрүү мөнгийг өгөөгүй учир тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэр дээр нь шилжүүлээгүй байхдаа “Lехus RХ450Н” загварын автомашиныг ББСБ-ын барьцаанд тавьж 12.000.000 авсан болох нь иргэний нэхэмжлэгч Ш.Ц-ын “...С-, Н- нартай зөвлөлдөөд зөвшөөрөхөөр нь зээлсэн 25.500.000 төгрөгийг гаргаж авахын тулд “Сайн” автомашин барьцаалан зээлдүүлэх газарт 12.000.000 төгрөгийн барьцаанд нэг машиныг тавьсан. ББСБ-ын мөнгийг С-, Н- нар өгнө гэж байсан боловч нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. ...”, Д.Б-ийн “...7872 УБР улсын дугаартай “Lехus RХ450Н” загварын тээврийн хэрэгсэл нь “Сайн” ломбардны нэр дээр байгаа. Одоо 12.000.000 төгрөгийн зээлтэй. ...”, иргэний нэхэмжлэгч Г.Д-ий “...Б- гэгч нь 7872 УБР улсын дугаартай “Lехus RХ450Н” загварын автомашиныг 12.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Түүнээс хойш зээлийн эргэн төлөлт одоо болтол хийгдээгүй. ...” гэсэн мэдүүлэг, зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хоёр тээврийн хэрэгслийг битүүмжилж, анхан шатны шүүх “Lехus RХ450Н” загварын автомашины хувьд үндсэн зээлийн гэрээний үүргээс үлдэх хэмжээнд, “Fоrd F-150” загварын автомашиныг хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлснийг, мөн иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ш.Цогтбаяр, Д.Б-, Г.Д- нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Д.Төмөрбаатар, С.Батдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Б.С-ын 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 113 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/435 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Д.Төмөрбаатар, С.Батдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С- нь 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 113 /нэг зуун арван гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                                    Н.БАТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН