Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2023/0226

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ж*******” ХХК

“Ц*******” ХХК 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э, Г.Б,

Хариуцагч: “Э” ХК,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.С, С.М, Б.Ц нарын хоорондын тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ж*******” ХХК-ийн захирал Г.Э, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. “Э” ХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05/1917 тоот мэдэгдлээр “Ж*******” ХХК, “Ц*******” ХХК-ийн түншлэлээс ирүүлсэн “Өмнөговь аймгийн Ц******* сумын төвийг шинэ суурьшлын бүстэй холбох 2,92 км автозамын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгох ЭТТ/202 дугаартай тендер”-ээс татгалзсан.

1.2. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасны дагуу гомдлыг хянаад, тус яамны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 03/6826 дугаар албан бичгээр уг тендер шалгаруулалтад холбогдуулан гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн.

1.3. “Э” ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05/2164 тоот мэдэгдлээр “Өмнөговь аймгийн Ц******* сумын төвийг шинэ суурьшлын бүстэй холбох 2,92 км автозамын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгох ЭТТ/202 дугаартай тендер шалгаруулалтад хамгийн сайн үнэлэгдсэн тул гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн, мөн гэрээ байгуулахаас өмнө тендерийн хүчинтэй байх хугацаанд багтаан гэрээний үнийн дүнгийн 3%-тай тэнцэх гүйцэтгэлийн баталгааг ирүүлэх”-ийг “Ж*******” ХХК, “Ц*******” ХХК-ийн түншлэлд мэдэгдсэн.

1.4. “Э” ХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2392 тоот албан бичгээр “... тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон тул хуульд заасан хугацаанд гэрээ байгуулах боломжгүй...” гэж мэдэгдсэн.

1.5. Нэхэмжлэгч нараас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Өмнөговь аймгийн Ц******* сумын төвийг шинэ суурьшлын бүстэй холбох 2,92 км автозамын барилгын ажлын тендерт шалгарсан байхад гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Ж*******” ХХК, “Ц*******” ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулахыг “Э” ХК-д даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

1.6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Өмнөговь аймгийн Ц******* сумын төвийг шинэ суурьшлын бүстэй холбох 2,92 км автозамын барилгын ажлын тендерт шалгарсан байхад гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05/2164 дугаартай мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг даалгах, 2022 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 01/2392 тоот мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлээ тодруулсан.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Э" ХК-иас зарласан ЭТТ/202 тендер шалгаруулалтын дугаартай “Өмнөговь аймгийн Ц******* сумын төвийг шинэ суурьшлын бүстэй холбох 2,92км авто замын барилгын ажил"-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт манай түншлэл амжилттай оролцон шалгарсан.

1. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тендерт оролцсон.

2. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05/2164 дугаартай мэдэгдлийн дагуу "Гэрээ байгуулах эрх олгох тухай" мэдэгдэл авсан.

3. 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дээрх мэдэгдлийн дагуу 163 дугаартай "Гүйцэтгэлийн баталгаа"-г Капитрон банкаар гаргуулан “Э*******" ХК-д хүргүүлсэн.

4. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Э*******" ХК-ийн a******* цахим хаягаас "Гэрээний төсөл”-ийг манай байгууллагын inc******* цахим хаягт ирүүлсэн.

5. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус гэрээний төсөлд санал хүсэлт оруулан дээрх цахим хаяг руу эргүүлэн хүргүүлсэн.

6. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2932 дугаартай “Тендер шалгаруулалтын тyxaй" мэдэгдэлд тeндер шалгаруулалтын тендер хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон байх тул хууль заасан хугацаанд багтаан гэрээ байгуулах боломжгүй байгааг мэдэгдсэн.

Төрийн болон орон нутгийн эмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тендерийн хүчинтэй хугацаанд гэрээ байгуулахаар захиалагчийг үүрэгжүүлсэн байхад Хариуцагч нь үндэслэлгүйгээр тендерийн хүчинтэй хугацааг дуусгаж, гэрээ байгуулах боломжийг хааж хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд бид доорх нэхэмжлэлийг хүргүүлж байна.

1. ЭТТ/202 дугаартай "Өмнөговь аймгийн Ц******* сумын төвийг шинэ суурьшлын бүстэй холбох 2,92км автозамын барилгын ажил"-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарсан байхад гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох.

2. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05/2164 дугаартай мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах.

3. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2932 дугаартай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэгдүгээрт, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тендерийн хүчинтэй хугацаа дууссан гэж захиалагч үзсэн бол бидэнд мэдэгдэл хүргүүлэхгүй байсан. Хоёрдугаарт гүйцэтгэлийн баталгаа хүлээн авахгүй байх байсан. Мөн 10 дугаар сарын 19-ний өдөр хуралдааны тэмдэглэлд тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан гэдгийг тэмдэглэхгүй байх ёстой байсан. 10 дугаар сарын 14-ний өдөр гэрээний загварыг манай компанид ирүүлэх шаардлагагүй байсан. Утсаар харилцаж байхад 10 дугаар сарын 19-ний өдөр гэрээ дууссан учир 10 дугаар сарын 19-ний өдрөөр гэрээний дугаар авсан санаа зоволтгүй хүлээгдэж байгаа гэсэн. Энэ утгаар захиалагч өөрсдийн хариуцлагагүй үйлдлээ буцаагаад манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ байгуулагдаагүй гэж тайлбар хэлж байгаа нь хариуцлагагүй байна” гэв.

2.3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн Г.Б төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Манай компани Э******* компаниас зарласан Өмнөговь аймгийн Ц******* суманд суурьшлын бүсэд холбох 2,92 км авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах 202 дугаартай тендерт оролцож, уг тендерийг Э******* компаниас 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нээсэн байдаг. Тендерийн хариу 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар гарсан. Захиалагчийн шийдвэрийг манай компаниас эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-д заасны дагуу Сангийн яаманд 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гомдол гаргасан байдаг. Сангийн яамнаас гомдлыг хүлээж аваад 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 03/6556 дугаартай шийдвэрээр гүйцэтгэх сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай шийдвэр гаргасан. Ингэхдээ гомдлыг хянан шийдвэрлэх хугацаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.10 дугаар зүйлд заасан мөн хуулийн 29.1-д зааснаар хугацаа зогсоох тухай Эрдэс тавантолгой компанид мэдэгдсэн мэдэгдлийг 09 дүгээр сарын 26-ны өдөр хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тендерийн хугацааг зогсоож байна гэсэн албан бичгийг Эрдэс таван толгой компанид хүргүүлсэн байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.1-д Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэж заасан. Манай энэ нөхцөл байдалд хамгийн сайн шалгарсан тендерийг шалгаруулаагүй. Тус компанийг шалгаруулах тухай дүгнэлт гараагүй байсан учраас Сангийн яамны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03/6556 дугаартай шийдвэрээр хугацааг түдгэлзсэн гэж ойлгож байгаа. Ингээд Сангийн яамнаас манай гаргасан гомдлыг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хянаад 03/6826 дугаартай шийдвэрийг гаргаад Эрдэс таван толгой компанид хүргүүлсэн. Ингэхдээ хугацааг 15 хоногоор сунгасан.

 Хариуцагчаас тендерийн хүчинтэй хугацааг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дууссан гэж тайлбарладаг. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.1, 29.2-т зааснаар манай хугацаа хүчинтэй байсан гэдэг нь харагдаж байгаа. Учир нь хамгийн сайн үнэлэгдсэн компани шалгараагүй байсан учраас эндээс хугацаа тоолох боломжгүй. 10 дугаар сарын 10-ны өдөр тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан гэж байгаа боловч 10 дугаар сарын 10-ны өдөр үнэлгээний хорооны дүгнэлт гараад манай компанийг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үнэлээд 10 дугаар сарын 11-ний өдөр манайхтай гэрээ байгуулах мэдэгдлийг Эрдэс таван толгой компаниас ирүүлсэн. Үүний дагуу манайхаас 10 дугаар сарын 12-ны өдөр Капитрон банкаар гүйцэтгэлийн баталгаа гаргуулж тендерийн маягтаар тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан учир сунгуулах хүсэлтээ гаргаж байсан. Ингэхдээ төрийн нарийн бичгийн дарга луу 15 хоногийн хугацаагаар сунгах байдлаар албан бичгийг хянуулахаар хандаж байсан. Тэгэхэд төрийн нарийн бичгийн дарга 15 хоногийг оруулах шаардлагагүй, зөвхөн хугацаа сунгуулах гэдгээр оруулчих гээд тухайн зааврын дагуу бид нар тендерийн маягт дээрээ тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулах гэдэг агуулгаар оруулж өгсөн. Манайхаас тендер зарласан байх хугацаанд тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан гэж үзэхгүй байгаа. Хэрвээ Эрдэс таван толгой компаниас гэрээний хугацаа дууссан гэж үзэж байгаа бол гэрээ байгуулахаар гэрээний загварын талаар 10 дугаар сарын 14-ний өдөр биднийг оруулахгүй байсан. Мөн үнэлгээний хорооны тэмдэглэлд хугацааг 10 дугаар сарын 19-ний өдөр дууссан гэдгийг тэмдэглэж тусгуулсан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагчийн зүгээс хоорондоо харилцаж байсан утас болон мэйл, viber зэргээр удаа дараа хандаж байсан баримтуудаас харахад тендер шалгаруулах хугацаа хүчинтэй байсан, 10 дугаар сарын 14-ний өдөр тендер шалгаруулах хүчинтэй байх хугацаа дууссан гэж үзэхгүй гэдэг нь харагдаж байгаа. 10 дугаар сарын 11-ний өдөр тендерийн хүчинтэй хугацаа дууссан гэж үзэх юм бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2-т заасны дагуу гэрээ байгуулах эрх олгосноос хойш 6 хоногийн дотор гэрээ байгуулах үүрэгтэй байдаг. Гэтэл тус үүргээ хариуцагч гүйцэтгээгүй гэж үзэж байна. Манайхаас Эрдэс таван толгой компаниас явуулсан мэдэгдлийн дагуу нэхэмжлэгчийн зүгээс тухайн 6 хоногийн хугацаанд өөрөөс хамаарах бүх үйлдлээ хийсэн. Хариуцагч талаас удирдлага солигдсоноос болоод энэ хугацаа нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байсан гэж үзэж байгаа. Хариуцагчийн удирдлага солигдсон байж нэхэмжлэгч рүү чихээд байдаг. Гэтэл хүчинтэй байх хугацаандаа манайхаас бүх үйлдлээ хийж байсан. Ингээд бид нар гэрээ байгуулж болох юм байна гээд яваад байсан. Холбогдож болох бүх зүйлээр холбогдоход дугаарын авсан байгаа та бүхэн ингээд байж байгаарай, удирдлага солигдсон байгаа тул хүлээж байгаарай гэдэг байдлаар хариу өгч байсан. Албан бичгээр хандаагүй ч гэсэн мэйл утас гээд бүх боломжит харилцаж болох хэлбэрээр харилцаад итгээд хүлээгээд байсан. Ингээд хариуцагч байгууллагаас гэрээ байгуулахгүй байсан учраас бид нар 11 дугаар сарын 03-ны өдөр хандаад 11 дүгээр сарын 14-ний өдөр Сангийн яаманд хандаж байсан. 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандаад харьяалал биш байна гээд буцаж ирсэн. Ийм учраас хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч компанийн тухайд банкны баталгаа гаргасан хүү болон энэ хугацаанд тухайн тендерт гэрээгээ байгуулсан бол тендерийн ажил дуусаад дүгнээд явах боломжтой байсан. Хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болоод нэхэмжлэгч хохирч байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал.

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Нэг. Өмнөговь аймгийн Ц******* сумын төвийг шинэ суурьшлын бүстэй холбох 2,92 км автозамын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгох ЭТТ/202 дугаартай тендерийг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нээж, үнэлсэн байдаг.

Хоёр. Захиалагчаас 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 05/1917 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч “Ж*******” ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасан.

Гурав. Сангийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03/6556 тоот албан бичгээр тендерт оролцогчоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэж байгаа талаар мэдэгдэл ирүүлж, холбогдох баримтыг гаргуулан авсан.

Дөрөв. Сангийн яамны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 03/6826 тоот
албан бичгээр тендерт оролцогчоос ирүүлсэн гомдлыг хянаад, дахин үнэлэхийг даалгаж шийдвэрлэсэн байна. Уг албан бичигт “... тендер шалгаруулалтын тендер хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгах зөвшөөрлийг олгож байна. Тус хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаа дуусах өдрөөс тоологдохыг анхаарна уу” гэж тусгасан.

Тав. Үүний дагуу 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш 15 хоногоор
тендерийн хүчинтэй хугацааг сунгаж тооцсон бөгөөд уг сунгасан хугацаа 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон.

Зургаа. Худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05/2164 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тендерийг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нээж үнэлсэн. Нэхэмжлэгчээс 09 дүгээр сарын 15-ны өдөр үнэлгээнд ороод анхны гэрээ байгуулах эрх олгоод улмаар тус шийдвэрт гомдол гаргаад Сангийн яамнаас 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6556 дугаартай албан бичгээр захиалагчийн шийдвэр болон үйлдлийн хэрэгжилтийг 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлсэн. Энэ өөрөө тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн хүчинтэй хугацааг түдгэлзүүлсэн асуудал биш Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.1-д заасан захиалагчийн шийдвэрийн хэрэгжилтийг зогсоосон асуудал. Энэ талаар Сангийн яам албан бичигт дурдсан буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.10-д заасны дагуу 29.1-д заасан хугацаа зохицуулж байгаа бөгөөд мэдэгдэж байна гээд тодорхой бичсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24.5-д “Тендерт оролцогч өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30-аас доошгүй хоног байхаар тендерт заана” гэж заасан. Улмаар тендерт оролцогч өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг зааж ирүүлдэг болсон.

Нэхэмжлэгч компанийн ирүүлсэн материалаас үзэхэд өөрсдөө тендерийн хүчинтэй хугацааг 30 хоног гэж заасан. Тендер нээсэн өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийн тендерийн хүчинтэй байх хугацааг тооцож үзвэл 09 дүгээр сарын 25-ны өдөр дуусаж байгаа. Сангийн яамнаас гомдлыг хянаад 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6826 дугаартай албан бичгээр анхны мэдэгдлийг хүчингүй болгоод тендер шалгаруулах үнэлгээг дахин хийлгэхийг мэдэгдсэн. Түүнчлэн тендерийн хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгах зөвшөөрлийг олгосон байдаг. Тендерт оролцогчийн зааварчилгааг файлаар өгсөн баримт дотор байгаа. Зааварчилгааны 21.3-д хуулийн 29.4-д зааснаар тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах тухай шийдвэрлэсэн тохиолдолд захиалагч тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах хүсэлтийг бүх тендерт оролцогчид хүргүүлнэ гэж заасан. Сангийн яам өөрөө мэдээд сунгах биш тендерт оролцогчийн өөрийнх нь сунгах  тухай хүсэлтийг манайх хүргүүлдэг. Мөн 21.6-д тендерт оролцогч тендерийн хугацааг сунгахаас татгалзах эрхтэй, хэрэв татгалзсан бол түүний тендерийн баталгааг улсын орлого болгох үндэслэл болохгүй гэж заасан. Тендерт оролцогч заавал манай албан бичгийн дагуу хугацаагаа сунгах болон сунгахгүй татгалзах эрхтэй юм. Үүний дагуу захиалагчийн зүгээс 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч компани Сангийн яамнаас 15 хоногоор сунгах зөвшөөрөл олгосон талаар мэдэгдээд 11 дүгээр сарын 10-ны өдөр тендерийн хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгаж ирүүлэх талаар албан бичгээр мэдэгдсэн. Нэхэмжлэгч компаниас 10 дугаар сарын 12-ны өдөр тендерийн баталгааг тендерийн маягтын хамт ирүүлэхдээ тендерийн хүчинтэй хугацааг сунгаагүй байдаг. 5-д болохоор тендерийн баримт бичигт заасан тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчинтэй гэж заасан. Өмнө нь анх ирүүлэхдээ 30 хоног гэж ирүүлсэн байсан. Ингээд 30 хоногт хүчинтэй байгаа юм.

Сангийн яамнаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил,  үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.1-д заасан хугацааг түдгэлзүүлээд 10 сарын 05-ны өдөр дахин шийдвэрлээд тендерийн хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгах зөвшөөрлийг олгож байгаа нь захиалагчид мөн хуулийн 29.1-д заасан дахиж гэрээ байгуулах эрх олгох ажиллагаагаа 15 хоногийн хугацаанд захиалагчид олгож байгаа юм. Бидний зүгээс нэхэмжлэгч компанийг тендерийн хүчинтэй байх хугацааг сунгаж ирүүлнэ гэж тооцоод 29.1-д заасан холбогдох ажиллагаагаа хийсэн. Гэвч нэхэмжлэгч компанийн зүгээс өөрийнхөө ажлаа хэрэгжүүлээгүй улмаас тендерийн хүчинтэй хугацааг хуулийн 29.2-т заасны дагуу  гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэсэн заалт хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Ийм учир гэрээ байгуулах боломжгүй учир захиалагчийн зүгээс татгалзаж байгаа албан бичгийг хүргүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Ж*******” ХХК, “Ц*******” ХХК-иас “Э*******” ХК-нд холбогдуулж Өмнөговь аймгийн Ц******* сумын төвийг шинэ суурьшлын бүстэй холбох 2,92 км автозамын барилгын ажлын тендерт шалгарсан байхад гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05/2164 дугаартай мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг даалгах, 2022 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 01/2392 тоот мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

- Тендерийн үнэлгээний хорооноос хамгийн сайн тендерт тооцогдож шалгарсан байхад удирдлага солигдсон, тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан шалтгаанаар гэрээ байгуулахгүй байгаа нь хууль бус,

- тендерийн хүчинтэй хугацааг сунгахаар мэдэгдсэн, гүйцэтгэлийн баталгаа гаргасан, тендерийн хүчинтэй хугацаа 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болохоор, уг хугацаанд гэрээ байгуулах боломжтой байсан байхад өнөөдрийг хүртэл гэрээ байгуулаагүй нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Өмнөговь аймгийн Ц******* сумын төвийг шинэ суурьшлын бүстэй холбох 2,92 км автозамын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тендер шалгаруулалтын явцын шийдвэрүүд, уг шийдвэрт нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс гомдол гаргасан, эрх бүхий этгээдээс гомдлыг шийдвэрлэсэн, гэрээ байгуулах эрх олгосон зэрэг байдлыг цаг хугацааны дарааллаар авч үзвэл,

2.1. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 09:10 цагт “Өмнөговь аймгийн Ц******* сумын төвийг шинэ суурьшлын бүстэй холбох 2,92 км автозамын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерийг нээсэн,

2.2. Сангийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03/6556 тоот албан бичгээр “... “Ж*******” ХХК, “Ц*******” ХХК-иас гомдол гарсантай холбоотойгоор захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс түдгэлзүүлсэн,

2.3. Сангийн яамны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 03/6826 тоот албан бичгээр “... Захиалагчийн тус тендерт холбогдуулан гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05/1917 тоот шийдвэрийг хүчингүй болгож байна. Иймд тухайн тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье. Хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа үүгээр дуусгавар болж байна. Танай 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 05/2012 тоот албан бичгийн дагуу хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт үндэслэн дээрх тендер шалгаруулалтын тендер хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгах зөвшөөрлийг олгож байна. Тус хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаа дуусах өдрөөс тоологдохыг анхаарна уу” гэсэн,

2.4. Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3 дугаартай дүгнэлт, зөвлөмжөөр “... “Ж*******” ХХК, “Ц*******” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг хянан үзэж үнэлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тул мөн хуулийн 29.1-г үндэслэн гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэснийг захиалагчид зөвлөмж болгон хүргүүлэхээр шийдвэрлэв” гэж шийдвэрлэсэн,

2.5. “Э*******” ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05/2164 тоот мэдэгдлээр “Өмнөговь аймгийн Ц******* сумын төвийг шинэ суурьшлын бүстэй холбох 2,96 км автозамын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгох ЭТТ/202 дугаартай тендер шалгаруулалтад танай ирүүлсэн тендерийг Сангийн яамны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 03/6826 тоот Гомдол хянасан тухай албан бичгийн дагуу Үнэлгээний хороо дахин хянан үзэж үнэлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тул мөн хуулийн 29.1-г үндэслэн гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэснийг үүгээр мэдэгдье. Гэрээ байгуулахаас өмнө, тендерийн хүчинтэй байх хугацаанд багтаан гэрээний үнийн дүнгийн 3 хувьтай тэнцэх гүйцэтгэлийн баталгааг ирүүлэх ба ирүүлээгүй нь гэрээ байгуулах эрх олгохыг цуцлах үндэслэл болно гэдгийг анхааруулж байна” гэж мэдэгдсэн,

2.6. “Ж*******” ХХК, “Ц*******” ХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Тендер илгээх маягт”-ыг шинэчлэн, Капитрон банкны “Гүйцэтгэлийн баталгаа” гаргасан тухай мөн сарын 12-ны өдрийн 163 дугаар албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн,

2.7. “Э” ХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2392 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон тул гэрээ байгуулах боломжгүй талаар мэдэгдсэн,

2.8. “Ж*******” ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А-22/225 тоот албан бичгээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Засгийн газрын онцгой бүрэн эрх төлөөлөгч Ж.Г*******ад, А-22/226 дугаар албан бичгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад тус тус гомдол гаргасан,

2.9. “Э” ХК-иас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/2478 тоот албан бичгээр “Ж*******” ХХК-д хандан “... тендер шалгаруулалтын тендер хүчинтэй байх хугацаанд багтаан гэрээ байгуулагдаагүй тухай 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2392 тоот албан бичгээр хүргүүлсэн. ... эрх олгосноос хойш ирсэн гомдлыг захиалагч хүлээн авах боломжгүй болохыг үүгээр мэдэгдье” гэсэн хариуг хүргүүлсэн,

2.10. “Ж*******” ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШЗ2023/01136 дугаартай захирамжаар “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.2-т заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тусгай журмаар хянан шийдвэрлэх маргаан байна гэсэн үндэслэлээр “Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э” ХК-д холбогдох “ЭТТ/202 дугаартай Өмнөговь аймгийн Ц******* сумын төвийг шинэ суурьшлын бүстэй холбох 2,92 км автозамын барилгын ажлын гэрээг байгуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 

2.11. Улмаар “Ж*******” ХХК, “Ц*******” ХХК-иудаас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Э” ХК-д холбогдуулан тус шүүхэд гаргасан байна.

3. Дээрх үйл баримттай хэргийн оролцогчдоос маргаагүй.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендерт оролцогч өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30-аас доошгүй хоног байхаар тендерт заана” гэж заасан байх ба “Өмнөговь аймгийн Ц******* сумын төвийг шинэ суурьшлын бүстэй холбох 2,92 км автозамын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерийн урилгад энэ талаар урьдчилан анхааруулсан, тендерийн баримт бичгийн “21. Тендерийн хүчинтэй байх хугацаа” хэсгийн 21.3-т “Хуулийн 29.4-т зааснаар тендерийн хүчинтэй байх хугацааг сунгахаар шийдвэрлэсэн тохиолдолд захиалагч тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах хүсэлтийг бүх тендерт оролцогчдод хүргүүлнэ”, 24.1-т “Тендерт оролцогч ТШЗ-ны 21.3-т заасан хүсэлтийн дагуу тендер хүчинтэй байх хугацааг сунгах эсэх мэдэгдлийг бичгээр болон цахим системээр тоон гарын үсэг ашиглан захиалагчид хүргүүлнэ” гэж зааснаас үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг тендерт оролцогч өөрөө тодорхойлох хуулийн зохицуулалттай” гэх тайлбар зөв.

5.  Маргааны тохиолдолд тендерт оролцогчоос 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн “Тендер илгээх маягт”-ын 5-д “Тендер нь тендерийн баримт бичигт заасны дагуу тендер нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна” гэсэн болон Сангийн яамны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 03/6826 тоот албан бичигт “...15 хоногоор сунгах зөвшөөрлийг олгож байна. Тус хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаа дуусах өдрөөс тоологдохыг анхаарна уу” гэсэн, мөн тендерт оролцогч нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүргүүлсэн “Тендер илгээх маягт”-ын 5-д “Тендер нь тендерийн баримт бичигт заасны дагуу тендерийн хүчинтэй хугацаанд хүчинтэй байна” гэснээс тус тус үзвэл, “Өмнөговь аймгийн Ц******* сумын төвийг шинэ суурьшлын бүстэй холбох 2,92 км автозамын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер”-ийн хүчинтэй хугацаа 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дуусахаар байх тул нэхэмжлэгч талын “хугацаа 10 дугаар сарын 19-ний өдрөөр дуусах байсан” гэх тайлбар үндэслэлгүй.

6. Хэдийгээр “Ж*******” ХХК-иас тендерт анх оролцохдоо өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30 хоногоор тогтоосон, улмаар хариуцагч байгууллагаас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 05/2136 тоот албан бичгээр тендерийн хүчинтэй хугацааг 15 хоногоор сунгасныг мэдэгдсэний дагуу “Тендер илгээх маягт”-ыг хүргүүлэхдээ хугацааг сунгасан талаар тодорхой тоо бичээгүй боловч энэ нь эрх бүхий этгээд болох Сангийн яамнаас “хугацааг 15 хоногоор сунгахыг зөвшөөрсөн”-ийг, түүнчлэн “Ж*******” ХХК-ийн тендерт оролцох хүсэл зоригийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул тендерт оролцогч нь банкнаас гүйцэтгэлийн баталгаа гаргуулж, “Тендер нь тендерийн хүчинтэй хугацаанд хүчинтэй байна” гэх агуулга бүхий тендер илгээх маягтыг гаргаснаар тус компанийн тендерийн хугацаа нь эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн хугацаагаар сунгагдсанд тооцно. Иймд хариуцагч талын “тендерийн хүчинтэй хугацааг тоогоор илэрхийлж ирүүлээгүй” гэх тайлбараар нэхэмжлэлийг үгүйсгэх боломжгүй.

7. Хэрэвзээ захиалагч нь тендерт оролцогчоос тендерийн хүчинтэй хугацааг сунгаж ирүүлээгүй гэж үзвэл, дахин үнэлгээ хийх үндэслэлгүй байсан байхад хариуцагч нь дээрх 2.4 болон 5 дахь хэсгүүдэд дурьдсанчлан тендерийн хүчинтэй байх хугацааны сүүлийн өдөр тендер шалгаруулалтын дүнг гаргаж, уг хугацаа дууссаны дараагийн өдөр гэрээ байгуулах мэдэгдэл өгснөөс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэснийг хэрэгжүүлэх боломжгүйд хүрчээ.  

8. Тендерт оролцогчоос өөрийн тендерийн хүчинтэй байхаар тогтоосон хугацаа нь хууль болон тендерийн баримт бичигт заасан “30 хоногоос багагүй байх” гэсэн шаардлагыг хангасан, түүнчлэн тус компаниас тендерийн хүчинтэй хугацааг сунгасан талаар тендерийн баримт бичигт заасны дагуу бичгээр мэдэгдсэн гэж үзэхээр байх тул тендерийн хүчинтэй хугацаанд гэрээ байгуулагдаагүйд тендерт оролцогчийг буруутгахгүй үндэслэлгүй байна.

9. Харин захиалагч нь энэхүү тендер шалгаруулалтыг 30 хоногийн хугацаанд багтаан зохион байгуулна гэж үзэж тендерийн баримт бичгийн 21.1-д “Тендерт оролцогч ТШЗ-ны 26 дугаар зүйлд заасны дагуу тендер нээснээс хойш хэд хоногийн хугацаанд өөрийн тендер хүчинтэй байхыг тендер илгээх маягтад заана. Тендерт оролцогч тендер хүчинтэй байх хугацааг заагаагүй, эсхүл 30-аас бага хоногоор тогтоосон бол тендерийг шаардлага хангаагүй гэж үзнэ” гэж заасан, тендерийн урилгад анхааруулсан атлаа уг хугацаанд багтаан тендер шалгаруулалтыг явуулаагүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны итгэл хамгаалагдах боломжгүй хүрчээ.

10. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 болон 28 дугаар зүйлийн 28.2 дахь заалтуудыг нэгтгэн дүгнэвэл төрийн худалдан авах ажиллагааг хамгийн багадаа 30 хоногийн дотор аль болох богино хугацаанд зохион байгуулж явуулах зорилготой байх ба тендерт оролцогч нь өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг хууль болон тендерийн баримт бичигт зааснаар тодорхойлсон, харин захиалагч нь хууль болон тендерийн баримт бичигт заасан хугацаандаа багтааж тендер шалгаруулалтыг явуулаагүй болох нь энэхүү шийдвэрийн 2 дахь хэсэгт дурьдсан үйл баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах.” гэж заасан зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

11. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасан.

12. Нэхэмжлэгч талаас “тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулаагүй хууль бус эс үйлдэхүй гаргасан” гэж тайлбарлах боловч маргаан бүхий актаар 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон тул гэрээ байгуулах боломжгүй” гэсэн хариу өгснөөр эс үйлдэхүй дуусгавар болсон байх тул “эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл үндэслэлгүй байна.

13. Дээр дурьдсан үндэслэлүүдээр “Э” ХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2392 тоот албан бичгээр “... тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон тул хуульд заасан хугацаанд гэрээ байгуулах боломжгүй...” гэж мэдэгдсэнийг хүчингүй болгож, “Ж*******” ХХК, “Ц*******” ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулахыг “Э” ХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

14. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “...тендерт оролцогч захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн бол зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ажлын 5 хоногийн дотор гомдол гаргах”-аар, 56 дугаар зүйлийн 56.1-д “гомдлыг шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шүүхэд гомдол гаргах”-аар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах”-аар тус тус заасан боловч маргааны тохиолдолд дээрх 2.9 дэх хэсэгт дурьдсанчлан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрэглэх боломжгүй, 2.10 дахь хэсэгт дурьдсанчлан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, эдгээр нөхцөл байдал нь нэхэмжлэгчээс хамаараагүй байх тул шүүх хэргийг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэснийг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж*******” ХХК, “Ц*******” ХХК-иудын “Э” ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “Э” ХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2392 тоот мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05/2164 дугаартай мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ