Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 201/МА2019/00016

 

А.М-ын нэхэмжлэлтэй,

Д.Г-д холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 22-ны өдрийн 138/ШШ2019/00408 дугаар шийдвэртэй А.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Г-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэг 23 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.Г-ын “2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, ... ДОР улсын дугаартай Б.Энхбатын өмчлөлийн автомашиныг Б.Энхбатад буцааж өгөх, А.М-аас гэрээ байгуулах үед өгсөн 20 000 000 төгрөг, сэлбэг болон засварын хөлс 7 170 250 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Д.Э-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Г-тай харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн 55-04 ДОА улсын дугаартай, чирэгч зориулалттай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг түүнд худалдахаар болж, 2018 оны 05 сарын 22-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулж нотариатаар батлуулсан. Тус гэрээ ёсоор тээврийн хэрэгслийг 43 000 000 төгрөгөөр худалдсан бөгөөд худалдан авагч Д.Г нь тээврийн хэрэгслийн үнийг бүрэн гүйцэд төлж барагдуулаагүй бөгөөд урьдчилгаа гэж 20 000 000 төгрөгийг өгсөн. Үлдэх 23 000 000 төгрөгийг 2018 оны 06 сарын 01-ний өдрөөс хэтрүүлэхгүйгээр төлж барагдуулна гэж байсан. Миний хувьд өөрийн өмчлөлийн 55-04 ДОА улсын дугаартай, чирэгч зориулалттай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг Д.Гын эзэмшилд шилжүүлсэн бөгөөд мөн өмчлөх эрхийг ч бас түүний нэр дээр шилжүүлсэн болно. Гэвч Д.Г нь 2018 оны 05 сарын 22-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, тээврийн хэрэгслийн үлдэгдэл үнэ болох 23 000 000 төгрөгийг А.М надад өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Д.Г нь машиныг авах талаар өөрөө надад санал тавьсан. Машины хувьд ямар ч асуудал байхгүй, зүгээр л ачаанд явж байсан машин. Жил болгон оношилгоонд орж байсан бөгөөд 2018 оны 5 сард оношилгоонд орсон байсан машинаа Ганбатад худалдсан. Ганбатын хүсэлтээр машины улсын дугаарыг УБ дугаартай болгохын тулд Чинтуяа, Энхбат нарын нэр дээр шилжүүлж байсан. Автотээврийн үндэсний төв нь оношилгоонд ороогүй машиныг бусдын нэр дээр шилжүүлж өгдөггүй. Миний машин оношилгоонд орсон байсан учраас бусдын нэр дээр шилжүүлж болж байсан. Д.Г машиныг харж, жолоодож үзээд, гэрээ байгуулахаас өмнө машиныг надаас аваад явсан. Авснаас хойш Улаанбаатар хот руу ачаанд байнга явж байсан ба би 2, 3-н удаа ч явж байхтай нь таарч байсан. Мөнгөө өгөхгүй болохоор машинаа буцааж авъя гэж хэлж байсан боловч Д.Г нь машиныг өгөхгүй байсан. Надад өгөх мөнгөө элдэв шалтаг, зовлон тоочиж өгөхгүй өдийг хүрсэн. Том тэрэг жолоодож явахад их чадвар шаардана. Мэргэжлийн биш жолоочоор бариулж явснаас машинд эвдрэл гарсан байх гэж үзэж байна. Иймд Д.Гаас 23 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А.Мтай 2018 оны 5 сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хийсэн юм. Тэр үед гэрээ хийгээд 20 сая төгрөгийг А.Мд бэлнээр хүлээлгэн өгсөн. Удалгүй хэд хоногийн дараа уг машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авах боломжгүй болсон. Уг машины чиргүүлийн ноймор гэрчилгээ байхгүй асуудалтай болж хоёр гурван хүнээр дамжсаар байгаад 2018 оны 06 сарын 11-ний өдөр Б.Энхбат гэдэг хүнээс худалдан авах гэрээ хийж авсан боловч одоог хүртэл чиргүүлийн бичиг баримт, ноймор ирээгүй, уг машин эвдрэл ихтэй шаардлага хангахгүй байсан учир шилжүүлж аваагүй. Ийм учир А.Мын нэхэмжлэлд дурдсан 2018 оны 05 сарын 22-нд хийсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ учир түүний нэхэмжилсэн 23 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан тайлбартаа: Мөнхжаргал, Ганбат нар нь 2018 оны 05 сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Гэрээ байгуулсантай маргах зүйлгүй. Харин Мөнхжаргал нь Ганбатын өмчлөлд машиныг шилжүүлээгүй, машин одоо Энхбат гэж хүний нэр дээр байгаа. Энэ нь Авто тээврийн үндэсний төвийн албан бичиг болон гэрчүүдийн мэдүүлгээс харагдана. Анх гэрээ байгуулахдаа Мөнхжаргалд 20 сая төгрөгийг өгсөн. Машины хувьд анх авсан цагаасаа л эхэлж удаа дараа эвдэрч байсан бөгөөд Ганбат нь эхний ганц хоёр удаагийн эвдрэлд нь засч янзлаад болно биз гэж бодоод буцаах талаар хэлэхгүй байсан. Харин сүүлдээ засч янзлаад байхад дахин дахин эвдрээд байгаа учраас машиныг буцааж өгөх талаар Мөнхжаргалд хэлсэн байдаг. Энэ хоёрын хооронд машиныг буцаах талаар яригдаж байсан бөгөөд Мөнхжаргал нь 2018 оны 8 сард 10 сая төгрөгийг нь өгье, үлдсэн 10,0 сая төгрөгийг нь хадлан бордооны үед өгье гэж хэлж, Ганбат түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй 20 сая төгрөгөө бөөнд нь авна гэсэн шаардлага тавьсан байдаг гэжээ.

 

Хариуцагч Д.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие А.Мтай авто чирэгч машин авах тухай ярьж бид 2018 оны 05 сарын 22-ны өдөр гэрээ хийж нотариатын газраар батлуулан А.Мд бэлнээр 20,0 сая төгрөг өгсөн юм. Үлдэгдэл мөнгийг удаахгүй өгнө гэж байсан. Тэр үед уг машиныг ямар ч асуудалгүй эвдрэл гэмтэл байхгүй гэж надад өгсөн ба би түүнийг нь 4 хоног нэмж засвар хийгээд шалгаж үзэхээр 2018 оны 05 сарын 26-ны өдөр Улаанбаатар хот гарсан. Хот руу явах үедээ туслах жолооч Б.Цэцэгтулга, Г.Түвшинтөгс нартай хамт явсан. Тэр өдрөө хот руу явж байх замдаа Хэнтий аймгийн хавьд машин эвдрээд зогссон. Тэгэхээр нь би өөрөө Улаанбаатар хот сэлбэгэнд явж “Билэгттрак” ХХК-ийн сэлбэгийн дэлгүүрээс 421 000 төгрөгийн сэлбэг худалдан авч ирээд туслах 2 жолоочтойгоо цуг засаж янзлаад 5 сарын 30-нд хот орсон. Үүнээс хойш 2 удаа эвдэрч би өөрөө сэлбэгэнд Алтан эмээл 6 сарын 6, 7-нд орж 4638 юаны сэлбэг авчирч зассан. Тэгээд 2018 оны 06 сарын 10-нд дахиад хот руу гарсан ба замдаа дахин эвдэрч 6 сарын 12-14-ний хооронд апартур порсунк сэлбэгийг авчруулан А.Алтанхуяг гэдэг жолоочийг дуудаж ирүүлэн засуулсан. Тэндээс цаашаа хот руу явж байгаад дахин Цонжин болдогийн хавьд эвдэрсэн. Энэ мэт байнга машин нь эвдэрч байсан болохоор би А.Мтай 3 ч удаа ярьж машинаа буцааж ав, миний өгсөн мөнгийг буцаагаад өгчих, энэ машин зассан сэлбэг зардлыг яахав тооцохоо болъё гэж хэлсэн боловч хүлээж аваагүй. Гэтэл А.М сүүлдээ бүр эвдэрхий машинаа нэгэнт гэрээ хийсэн байдлаар үлдэх мөнгө 23 сая төгрөгийг нэхэмжилсэн байна. Тэгээд ч одоо энэ машин 38-06 ДОА улсын дугаартай Б.Энхбатын өмчлөлд байгаа. Миний өмчлөлд ямар ч машин байхгүй болно. А.Мтай хийсэн 2018 оны 05 сарын 22-ны өдрийн гэрээгээр миний бие өөрийн өмчлөлд уг машиныг шилжүүлэн аваагүй. Харин өөр өөр хүмүүсийн өмчлөл рүү шилжүүлсэн болох нь 2018 оны 06 сарын 07-ны өдрийн гэрээгээр машины улсын дугаар өөрчлөгдөж 67-36 УБП болж өмчлөл нь Ц.Чинтуяа гэгчийн нэр дээр шилжсэн. Мөн 2018 оны 06 сарын 08-ны өдөр мөн машины дугаар нь өөрчлөгдөж 38-06 ДОА болгон Б.Энхбатын өмчлөлд тус тус шилжсэн тухай Дорнод аймгийн Авто тээврийн төвөөс ирүүлсэн албан бичиг болон Ц.Чинтуяа, Б.Энхбат нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд

1.  Дээрх 2018 оны 05 сарын 22-ны өдрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус А.Маас Д.Г миний өмчлөл рүү уг гэрээгээр шилжсэн гэдэг нь үгүйсгэгдэж байгаа тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

2.  Уг гэрээ хийх үед А.Мд өгсөн 20 сая төгрөгөө буцааж авах хүсэлтэй байна.

3.  Одоо над дээр байгаа 38-06 ДОА улсын дугаартай Б.Энхбатын өмчлөлийн машиныг буцааж өгөхийг хүсч байна.

Мөн А.Маас авсан гэх одоо Б.Энхбатын нэр дээр байгаа 38-06 ДОА улсын дугаартай авто машиныг 2018 оны 05 сарын 22-ны өдөр авснаас хойш олон удаа эвдэрч засварын ажлын хөлс болон сэлбэгийн зардалд надаас нийт 7 170 250 төгрөгийн зардал гарсан ба түүний хохирлыг төлүүлэх хүсэлтэй байх тул гаргуулж өгөхийг хүсье. Сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: 2018 оны 05 сарын 22-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагаа өөрчилж уг гэрээг цуцлуулах гэж өөрчилж байна. Үндэслэл нь худалдагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл тухайн автомашиныг доголдолтой, мотор солиулах шаардлагатай гэдгийг худалдагч нь худалдан авагчид мэдээлэх үүргээ биелүүлээгүй, мэдээлээгүй учраас эвдрэл гарсан. Автомашин нь 2018 оны 5 сарын 26-наас хойш удаа дараа эвдэрч, засварт орж засуулж байсан. Энэ тухай Мөнхжаргалд удаа дараа утсаар хэлсэн бөгөөд тэрээр машин эвдэрч байсныг мэдэж байсан. Нийт 7 170 250 төгрөгийн сэлбэг болон засварын хөлс төлсөн зардал гарсан. Үүнийг нэхэмжилнэ. Гэрээг цуцлуулах шаардлага гаргаж байгаа учраас гэрээ байгуулах үед өгсөн 20 сая төгрөгөө буцааж авч, автомашиныг буцааж өгнө. Сүүлд Ц.Чинтуяа, Б.Энхбат нартай байгуулсан гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч А.М шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: Д.Гын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм.

1.  Д.Гтай хийсэн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай 2018 оны 05 сарын 22-ны өдрийн Ч.Тунгалагтамир нотариатчийн баталсан 1657 дугаартай гэрээ хуулийн хүчин төгөлдөр гэрээ юм. Учир нь уг гэрээнд 2 талын ярилцаж тохирсон хүсэл сонирхол агуулагдсан гэрээний гол нөхцөлөө тохирсон хуулийн хүчин төгөлдөр гэрээ юм. Харин 2018 оны 6 сарын 07-ны өдрийн гэрээгээр машины улсын дугаар өөрчлөгдөж 67-36 УБП болж өмчлөл нь Ц.Чинтуяа гэгчийн нэр дээр шилжин, мөн машины дугаар 6 сарын 8-ны өдөр өөрчлөгдөж 38-06 ДОА болгон Б.Энхбатын өмчлөлд тус тус шилжсэн тухай Дорнод аймгийн Авто тээврийн төвөөс ирүүлсэн албан бичиг болон Ц.Чинтуяа, Б.Энхбат нарын мэдүүлгээр дүр үзүүлэн хийсэн гэрээ хүчин төгөлдөр бус хуурамч гэрээ болох нь нотлогдож байна. Ц.Чинтуяа, Б.Энхбат нарын нэр дээр уг машиныг шилжүүлсэн нь худалдан авагч Д.Гын хүсэлтээр хийгдсэн.

2.  Б.Энхбатын өмчлөлийн автомашиныг буцааж өгөх гэснийг огт зөвшөөрөхгүй. Учир нь Д.Энхбатын өмчлөлийн машин биш гэдэг нь хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдож байгаа. Мөн уг машиныг 2018 оны 5 сарын 20-нд Д.Г өөрийн эзэмшилдээ авсан төдийгүй одоог хүртэл Д.Гын өмчлөл эзэмшилд байгаа ашиглаж ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэн орлого олж байсан. Иймээс Д.Гаас машиныг биш үлдэгдэл төлбөр 23 000 000 төгрөгөө авна. Автомашины чанар байдлын хувьд Нордбэнз /Northbenz/ ачааны автомашины (чиргүүлтэй) шинэ нь 120 000 000 төгрөг байдаг. Уг автомашин нь хэрэглэж байсан хуучин машин, шинэтэй мэдээж адилгүй. Д.Г өөрөө ирж үзээд болно гээд авсан. Би өөр хүнд зарах гээд тохирсон, нөгөө хүн нь Улаанбаатар хотоос ирчихээд зээл хөөцөлдөж байгаа араас мөнгө нь шилжиж ирнэ гээд байж байхад Д.Г би авъя гэж гуйсаар байгаад авсан. Д.Гын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 22-ны өдрийн 138/ШШ2019/00408 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Г-аас 23 000 000 /хорин гурван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.М-д олгож, хариуцагч Д.Г-ын нэхэмжлэгч А.М-д холбогдуулан гаргасан 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг цуцлах, ... ДОР улсын дугаартай авто машиныг буцааж өгөх, А.М-аас гэрээ байгуулах үед өгсөн 20 000 000 /хорин сая/ төгрөг болон сэлбэг, засварын хөлс 7 170 250 /долоон сая нэг зуун далан мянга хоёр зуун тавь/ төгрөг, нийт 27 170 250 /хорин долон сая нэг зуун далан мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.М-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272 950 /хоёр зуун далан хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг, хариуцагч Д.Г-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457 824 /дөрвөн зуун тавин долоон мянга найман зуун хорин дөрөв/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-аас улсын тэмдэгтийн хураамж 272 950 /хоёр зуун далан хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Мд олгож, ... шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Э давж заалдах гомдолдоо: “...шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг хянаж хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан дүгнэлт гаргах ёстой байтал нэг талыг барьж зарим нотлох баримтыг ойлгомжгүй тайлбарлаж дүгнэлт хийсэн байна. Шүүх нэхэмжлэгч А.Мын нэхэмжлэлийг хангах гол үндэслэлээ Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасан “...тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”, 111.2.1-д “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ” гэснээр Д.Гад шилжин Мөнхжаргалын өмчлөл дуусгавар болно гэсэн хуулийн заалтыг барьжээ. Энэ хуулийн заалтыг барьсан үндэслэх нотлох баримтаа нэхэмжлэгч нь автомашиныг хариуцагчийн өмчлөлд 2018.05.22-ны өдөр гэрээ байгуулахаас өмнө шилжүүлж өгсөн нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа нь Д.Г “автомашиныг хүлээж аваагүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм гэж дүгнэлт хийсэн.

Д.Г автомашин хүлээж аваагүй гэдэггүй уг машины өмчлөлийг өөрийн нэр дээр одоо болтол шилжүүлж аваагүй. Учир нь чиргүүлийн номер, бичиг баримт одоо болтол байхгүй учир гэж тайлбарладаг.

Автомашиныг удаа дараа эвдэрч байсан гэж тайлбарладаг боловч уг гэмтэл нь түүний өмчлөлд шилжихээс өмнө байсан уу, хойш үүссэн эвдрэл гэмтэл үү гэдэг нь тодорхойгүй. Автомашиныг авч явснаас хойш 3-4 хоног засвар үйлчилгээ хийсэн гэж тайлбарласнаас доголдлын талаар мэдэх болон ашиглах боломжтой эсэхийг шалгаж авах эрхээ хэрэгжүүлсэн болно гэж үзэхээр байна гэжээ. Шүүх энэ дүгнэлтийг хийхдээ нэг талыг барьсан дүгнэлт хийсэн. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаар 2018 оны 5 дугаар сарын 22-нд гэрээ хийсэн. Түүнээс өмнө шилжүүлж өгсөн нь гэрчээр батлагдсан гэсэн худал дүгнэлт хийсэн. Гэрч Г.Түвшинтөгс, А.Алтанхуяг нар 2018 оны 05 сарын 26-наас хойш Улаанбаатар хот явах замд машин эвдэрсэн, ямар эд анги нь эвдэрч зассан тухай, мөн А.М эвдэрсэн тухай машинаа буцаах тухай ярьж байсныг гэрчилсээр байхад уг машин хэзээ эвдэрсэн  /гэмтэл/ нь тодорхойгүй гэж дүгнэсэн.  

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар шаардах эрхтэй гэсэн мөртлөө 6 сарын дотор гаргаагүй байна гэсэн. Хэдийгээр Мөнхжаргалд удаа дараа утсаар хэлж байсан гэж тайлбарладаг ч гэрчүүд үүнийг нотолдог ч гэрээнээс татгалзсан байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байна, доголдлоо арилгуулах шаардах хугацаа өнгөрсөн байна гэжээ. Гэтэл нэхэмжлэгч Мөнхжаргал нь Д.Гыг машинаа авснаас хойш утсаар ярьж “машин болохгүй байна, эвдэрч байна, наймаагаа буцаая” гэж ярьж байсан гэдгийг үгүйсгээгүй. Харин ч “машинаа буцаагаад өгчих өө” гэхэд өөрөө өгөхгүй байсан шүү дээ гэж хүртэл шүүх хурал дээр мэдүүлдэг. Тийм болохоор машинд учирсан гэмтэл түүнийг засаж сэлбэсэн, машинаа буцаая, өгсөн 20 сая төгрөгөө буцааж авах тухай яригдсан зэрэг нь нэхэмжлэгч, хариуцагч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байхад урьд нь огт ярилгүйгээр 2019 оны 3 сард нэхэмжлэл гаргаж байгаа юм шиг дүгнэлт гаргасан байна.

Д.Гын хувьд машинд доголдол илэрсэн тухай 2019 оны 6 сард хэлсэн. Мөн машинаа аваад мөнгөө буцааж өг гэхэд 10 сая төгрөгийг өгөөд үлдсэн мөнгийг хадлангийн үеэр 2018 оны 02 сарын үеэр болье гэсэн яриа энэ хоёрын хооронд болсныг нэхэмжлэгч үгүйсгээгүй байхад нэг талыг барьж доголдлыг арилгуулах болон гэрээ цуцлах талаар санал гаргаж байгаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийн Ганбатын сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд дээрх шийдвэрийг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийн хангаж өгнө үү” гэжээ.   

 

                                                 ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Д.Г-аас худалдах худалдан авах гэрээний үүрэг 23 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Хариуцагч Д.Г нь “2018 оны 05 сарын 22-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, ... ДОР улсын дугаартай Б.Энхбатын өмчлөлийн автомашиныг Б.Энхбатад буцаан өгөх, А.М-аас гэрээ байгуулах үед өгсөн 20 000 000 төгрөг, сэлбэг болон засварын хөлс 7 170 250 төгрөг гаргуулах“ тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг сөрөг нэхэмжлэлийн хариуцагч А.М эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан автомашин худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байна. Талууд худалдах худалдан авах гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д зааснаар “талуудын хооронд гэрээ байгуулагдсан” гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн  уг гэрээний  дагуу гэрээний зүйл болох автомашиныг худалдан авагч Д.Г-ын эзэмшилд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д зааснаар шилжүүлж өгсөн байна.

Ингэснээр хөдлөх эд хөрөнгийн хувьд Д.Г-ын эзэмшилд шилжсэнээр өмчлөх эрх үүссэн байна. Иймд гэрээнд зааснаар худалдан авагч Д.Г автомашины үлдсэн үнэ 23 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Энэ үүргээ хариуцагч Д.Г нь биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, бусад баримтаар нотлогдож байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлага үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хариуцагч Д.Г-ын нэхэмжлэлийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болон давж заалдах гомдлыг дараахь үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзэв. Үүнд:

  1. Хэрэв “чиргүүлийн бичиг баримт байхгүй, улсын дугааргүй” гэх үйл баримт нь хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдал болох байсан бөгөөд энэ үйл баримтыг худалдагч А.М нуун дарагдуулсныг худалдан авагч хожим мэдсэн бол энэ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй юм.

Гэтэл талууд худалдах худалдан авах гэрээ байгуулах үед чиргүүлийн бичиг баримтгүйг мэдэж байсан атлаа гэрээ байгуулсан нь нотлогдсон байна. Иймээс хариуцагч энэ үндэслэлээр гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзах эрхгүй юм.

  1.  Автомашины бичиг баримт одоо хүртэл хариуцагч Д.Гын нэр дээр шилжээгүй гэсэн үндэслэлийн тухайд нэгэнт байгуулсан гэрээний дагуу худалдаж авсан автомашины бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлж авах эсэх нь Д.Гын хүсэл зоригоос шалтгаалж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч А.Маас хариуцагч Д.Гад автомашины бичиг баримтын нэрийг шилжүүлэхэд ямар нэг саад болсон нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэл болохгүй.

  1. Хариуцагч эд хөрөнгийн доголдлын талаар дурдсан байна.  

Эд хөрөнгийн доголдол нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар гэрээгээр тогтоосон чанарын тухай асуудал юм. Тухайн эд хөрөнгийн чанар гэрээгээр тогтоосон хэмжээнд нийцэхгүй байгаа тухай маргааныг шийдвэрлэхэд гэрээний зүйл нь хуучин автомашин байсныг харгалзан үзэх нь зүйтэй юм. Худалдагч тал эд хөрөнгийн чанарын талаар баталгаат хугацаа тогтоогоогүй, худалдан авагч тодорхой хугацаанд эзэмшилдээ байлгаж, шалгаж үзээд гэрээ хийсэн зэргээс үзвэл талууд тухайн эд хөрөнгийн чанарыг “байгаа байдлаар нь” худалдах худалдан авах хүсэл зориг дээр нэгдсэн байна. Түүнчлэн хариуцагчийн тайлбарлаж буй эвдрэл гэмтэл нь гэрээ хийгдэхээс өмнө байсан, эсхүл уг эвдрэл гэмтэл байсныг худалдагч мэдэж байсан атлаа нуун дарагдуулж, шударга бусаар худалдсан гэх нөхцөл тогтоогдохгүй байна.  Иймд хариуцагчийн тайлбарт дурдсан эвдрэл гэмтэл нь эд хөрөнгийн доголдол гэсэн ойлголтод хамаарахгүй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457 824 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 22-ны өдрийн 138/ШШ2019/00408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 824 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                         

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

    ШҮҮГЧИД                                                              Ж.ДОЛГОРМАА

                                                                                   З.ЭНХЦЭЦЭГ