| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2023/00067/И |
| Дугаар | 131/шш2023/00262 |
| Огноо | 2023-03-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 131/шш2023/00262
2023 оны 03 сарын 15 өдөр Дугаар 131/ШШ2023/00262 Баянхонгор аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Жаргалант сумын 3-р багт оршин суух, ВМ80042332 регистрийн дугаартай, Гончиг овогт Сундуйн Батсайханы нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 5-13 тоотод оршин суух, ВЮ79041116 регистрийн дугаартай, Арнайхан овогт Нэргүйн Лхаасүрэнд холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэг 25,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч Ц.Мөнхтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэргүй овогтой Лхаасүрэн нь 2015 оны 10 сард мал мах авна гэж 49 тооны үхэр авч явж, очоод дансаар тооцоо хийнэ гэж тохирсон боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй. 29,000,000 төгрөг өгөх байснаас 5,000,000 төгрөг өгсөн. 1,000,000 төгрөгөнд тамхи, дарс гэх мэт зүйл өгсөн. Үлдсэн 23,000,000 төгрөгөнд УАЗ пургон автомашин өгнө, машины зөрүү гэж 2,000,000 төгрөг нэмж надаас авсан боловч одоог хүртэл машин ч , 2,000,000 төгрөгөөч буцааж өгөөгүй. Иймд Н.Лхаасүрэнгээс 25,000,000 төгрөг гаргуулж өгнө үү..гэжээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Батсайхан нь миний хамаатны ах юм. Тэрээр хөдөө мал малладаг тул түүнийг төлөөлж би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Н.Лхаасүрэн гэгч нь 2015 оны 10 сард Жаргалант суманд мал мах худалдан авч байхад нь 29,000,000 төгрөгөөр тооцон нас гүйцсэн үхэр 13 ширхэг үнэ 9,945,000 төгрөг, хязаалан үхэр 27 ширхэг үнэ 15,660,000 төгрөг, шүдлэн үхэр 9 ширхэг үнэ 380,000 төгрөг нийт 29,025,000 төгрөг болсон байдаг. Ингээд 2015 оны 11 сарын 03 ны өдөр 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж, 1,000,000 төгрөгөнд бараа материал тооцон авсан байдаг. Үлдэх 23,000,000 төгрөгийг өгөхгүй байсаар УАЗ пургон машин өгөхөөр болж, машины зөрүү 2,000,000 төгрөгийг 2016 оны 03 сарын 18 ны өдөр С.Батсайханаас Н.Лхаасүрэнд шилжүүлсэн байгаа юм. Тэгээд Н.Лхаасүрэн нь одоог хүртэл машинаач өгөөгүй. 25,000,000 төгрөгөө ч өгөөгүй хохироож байна. Төлбөр барагдуулах хугацаа болж олон жил болсон хэдий ч Н.Лхаасүрэн нь мөнгөө өгнө, машин өгнө гэж итгэл төрүүлж удаа дараа хуурч байснаас шалтгаалж шүүхэд хандаагүй юм билээ. Хариуцагчийн төлөөлөгч нь С.Батсайханаас 11 тооны үхэр 6,000,000 төгрөгөөр тооцон худалдан авсан. Төлбөрийг бүрэн барагдуулсан. Машин худалдан авах урьдчилгаа 2,000,000 төгрөгийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр төлөхөөс татгалзаж байна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хүний малыг үнэгүй авчихаад төлбөрийг төлөхгүй гэж байгааг гайхаж байна. Анх мал худалдан авахдаа манай ах гараар цаасан дээр тооцоо нийлсэн баримт үйлдсэн юм билээ. Хөдөө байгаа тул гаргаж өгөөгүй. Байгаа баримтаа гаргаж өгсөн байгаа. 25,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү..гэв. Хариуцагчийн төлөөлөгч Ц.Мөнхтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Н.Лхаасүрэн нь 2015 оны 10 сард С.Батсайханаас 11 тооны үхэрийг 6,000,000 төгрөгөөр худалдан авсан байдаг. Ингээд 5,000,000 төгрөгийг дансаар, 1,000,000 төгрөгийг бараа бүтээгдэхүүнээр төлж дуусгавар болгосон байдаг. Нэхэмжлэгчээс 49 тооны үхэр худалдсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Н.Лхаасүрэн нь мал махаа худалдан авч дуусаад байхад С.Батсайхан нь өөрөө хэдэн тооны үхэр аваач гэж байгаад мөнгийн дараа төлөх нөхцөлтэй худалсан байдаг. Ингэхдээ 11 тооны үхэр худалдсан байсан. Нэхэмжлэгч нь 49 тооны үхэр худалдсан гэж байгаа ч энэ байдлаа нотолж чадахгүй байна. Нөгөө талаар энэ асуудал болсноос хойш 7 жилийн хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд төлбөрөө шаардах, гомдлын шаардлага гаргах хангалттай хугацаа байсан. Хуульд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зааж өгсөн нь нэхэмжлэгчийг хариуцлагажуулах зорилготой билээ. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна. Автомашин худалдан авахаар өгсөн гэх 2,000,000 төгрөгийн хувьд Н.Лхаасүрэн нь оросоос машин оруулж ирдэг байсан юм билээ. Энэ утгаараа нэхэмжлэгч нь автомашин худалдан авахаар урьдчилгаа 2,000,000 төгрөг өгсөн байдаг. Тэгээд автомашин нь орж ирэх боломжгүй, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бүтээгүй юм билээ. Гэвч энэ мөнгийг авснаас хойш 7 жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь энэ мөнгөө шаардаж байгаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2,000,000 төгрөгийг буцаан төлөхөөс татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч С.Батсайхан, хариуцагч Н.Лхаасүрэн нарын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, ХААН банкны 2016 оны 03 сарын 18 ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт, С.Батсайханы ХААН банкны дансны хуулга зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч С.Батсайхан нь хариуцагч Н.Лхаасүрэнд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг 25,000,000 төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ. Харин хариуцагчийн төлөөлөгч Ц.Мөнхтуул нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна. 1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгч С.Батсайханы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
2.1. Хариуцагч Н.Лхаасүрэнг 2015 оны 10 сард Жаргалант суманд мал мах худалдан авч байхад нь 29,000,000 төгрөгөөр тооцон нас гүйцсэн үхэр 13 ширхэг үнэ 9,945,000 төгрөг, хязаалан үхэр 27 ширхэг үнэ 15,660,000 төгрөг, шүдлэн үхэр 9 ширхэг үнэ 380,000 төгрөг нийт 29,000,000 төгрөгөөр 49 тооны үхэр худалдсан. Ингээд 2015 оны 11 сарын 03 ны өдөр 5,000,000 төгрөгийг дансаар хүлээн авч, 1,000,000 төгрөгөнд бараа материал тооцон авсан. Үлдэх 23,000,000 төгрөгийг өгөхгүй байсаар УАЗ пургон машин өгөхөөр болж, машины зөрүү 2,000,000 төгрөгийг 2016 оны 03 сарын 18 ны өдөр Н.Лхаасүрэнд дансаар шилжүүлсэн. Тэгээд Н.Лхаасүрэн нь одоог хүртэл машинаач өгөөгүй. 25,000,000 төгрөгөө ч өгөөгүй хохироож байна. гэж тодорхойлжээ. 3. Хариуцагчийн төлөөлөгч Ц.Мөнхтуул нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, С.Батсайхантай худалдах, худалдан авах хэлцэл хийж, гэрээний үүргээ биелүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэхээс татгалзана, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзалаа тайлбарласан байна. 4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Үйл баримтаар 2015 оны 10 сард Н.Лхаасүрэн нь Н.Батсайханаас тодорхой тооны үхэр худалдан авч, үнийг дараа төлөх нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах хэлцэл байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр хэрэгжсэн, зохигчдоос гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаан үүсгээгүй байна. 4.2. Түүнчлэн 2016 оны 03 сарын 18 ны өдөр С.Батсайханаас Н.Лхаасүрэнд 2,000,000 төгрөгийг автомашины үнийн зөрүүнд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, баримтаар тогтоогдсон. Энэ мөнгийг зохигчид өөр өөрөөр тайлбарлаж байгаа ч худалдах худалдан авах гэрээний үүргийн төлбөрийн гүйцэтгэлд тооцуулахаар тохирсон болохоо илэрхийлж байна. 4.3. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1 д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний зүйлийн тоо, үнэ дээр маргаан үүссэн гэж үзэв. 4.3. Гэрээний хугацаанд Н.Лхаасүрэнгээс С.Батсайханд 2015 оны 11 сарын 03 ны өдөр 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж, 1,000,000 төгрөгөнд бараа материал тооцон өгсөн бол 2016 оны 03 сарын 18 ны өдөр С.Батсайханаас Н.Лхаасүрэнд 2,000,000 төгрөгийг бэлэн бусаар харилцах дансаар шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудаар тогтоогджээ. 4.5. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчид 49 тооны үхэр худалдахаар хүлээлгэн өгсөн гэх боловч энэ байдлаа нотлоогүй, нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй байх тул шүүх зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарт үндэслэн хариуцагч нь нэхэмжлэгчээс 49 тооны үхэр хүлээн авсан гэж дүгнэх боломжгүй байна. 4.6. Нөгөө талаар нэхэмжлэгч нь хариуцагчид худалдсан үхэрийн мөнгөний зарим хэсгийг 2015 оны 11 сард хүлээн авсан, 2,000,000 төгрөгийг 2016 оны 03 сард шилжүүлснээс хойш нэхэмжлэл гаргах хүртэл 7 жилийн хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд зохигчид нь үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан, түр зогссон, тасалдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчид худалдсан үхэрийн үнийг шаардах эрх үүссэнээс хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэв. 4.7. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй..гэж заасан, хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул 2,000,000 төгрөгийн үүргийг гүйцэтгэхээс татгалзаж байна гэж татгалзлалаа илэрхийлж байна. 4.8. Иймд шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна...57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно..гэснээр нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан худалдах, худалдан авах гэрээний үүрэг 25,000,000 төгрөг Н.Лхаасүрэнгээс гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч С.Батсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ