Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
Хэргийн индекс | 136/2023/00017/И |
Дугаар | 136/шш2023/00042 |
Огноо | 2023-01-19 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 136/шш2023/00042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ариунзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Аф ХХК /РД:*******/,
Хариуцагч: Э этийн с ОНӨААТҮГ /РД:*******/
Нэхэмжлэлийн шаардлага: 116,057,031.68 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,
Хариуцагчийн төлөөлөгч: Б.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Аф ХХК Д аймгийн Э э с ОНӨААТҮГ-т холбогдуулан 116,057,031.68 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Манай компанитай Д аймгийн Э э с ОНӨААТҮГ нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ХОН/2021/** тоот Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээ-г байгуулан хамтран ажиллаж байсан бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 77,371,354.45 төгрөгийн авлага үүссэн. Гэрээнд заасны дагуу эм барааны төлбөрийг сар бүр 25-30-ны өдрийн тооцоо нийлж баталгаажуулах бөгөөд төлбөрийг барааг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төлөх үүрэгтэй байдаг. Хариуцагч нь Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан-д тусгагдсан барааг хүлээн авсан /өсөлт гэсэн багана/ өдрөөс эхэн тус бүр тухайн сард багтаан төлбөрийг төлөх үүрэгтэй байсан.
Гэвч харилцагч нь эм барааны төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй тул эм барааны төлбөрийн үлдэгдлийг төлөх өдрийг тухайн сар бүрийн сүүлийн өдрөөр тооцон авлагын үлдэгдлээс гэрээний 4.6-д заасны дагуу алдангид шилжүүлж мөн гэрээний 5.2-т заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам тооцож үзвэл нийт 145,653,513.53 төгрөгийн алданги бодогдсон байна. Үүнийг Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 38,685,677.23 төгрөгийн алданги бодогдсон байна.
Хариуцагч талд төлбөр төлөх хугацааг удаа дараа хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй төлбөр төлөөгүй байна.
Иймд Д аймгийн Э э с ОНӨААТҮГ-аас Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээ-ний үүргийн төлбөр болох төлбөр 77,371,354.45 төгрөг, алданги 38,685,677.23 нийт 116,057,031.68 төгрөгийг гаргуулж Аф ХХК-д олгож өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбартаа: ... манай байгууллагын зүгээс 2022 онд Аф ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй учир алданги тооцсон 38,685,677.23 төгрөгийг төлөх боломжгүй. Үндсэн төлбөр болох 77,371,154.46 төгрөгийг төлөхөө илэрхийлье гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2-3/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-4/, итгэмжлэл /хх-5/, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ХОН/2021/** дугаартай Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6-9/, Д аймгийн Э э с ОНӨААТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-10-11/, Ц.Эын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-12/, харилцагчийн дэлгэрэнгүй тайлбар /хх-13-14/, тооцооны үлдэгдлийн баталгааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-15/, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/23/** дугаартай албан бичиг /хх-30/, алдангийн тооцоолол /хх-31/, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-32/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-33/, хариуцагчийн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-34/ зэрэг баримтыг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
а/хариуцагч Д аймгийн Э э с ОНӨААТҮГ-аас Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээ-ний үүргийн төлбөр болох төлбөр 77,371,354.45 төгрөг, алданги 38,685,677.23 нийт 116,057,031.68 төгрөгийг гаргуулна гэж,
Хариуцагч Д аймгийн Э э с ОНӨААТҮГ нэхэмжлэлийн шаардлагын 77,371,354.45 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, алданги 38,685,677.23 төгрөгийг бидний хооронд гэрээ байгуулагдаагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3.Нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Аф ХХК, Д аймгийн Э э с ОНӨААТҮГ нар байгуулсан бөгөөд талууд гарын үсэг зурж компанийн тамга дарагдсан баримт авагдсан байна.
Аф ХХК болон Д аймгийн Э э с ОНӨААТҮГ-ын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан ХОН/2021/** дугаартай Эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээнд нийлүүлэгч Аф ХХК нь дараа төлбөрт нөхцөлөөр эм бараа нийлүүлэх, харилцагч Д аймгийн Э э с ОНӨААТҮГ нь эм барааг захиалж, хүлээн авах, худалдан авалтын төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулах, төлбөрийг уг худалдан авалтын сард нь багтаан бүрэн төлж барагдуулах, гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон байх бөгөөд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. /хх-6-9/
Зохигчид дээр дурдсан гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Хэрэгт талуудын хооронд үйлдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нотлох баримтаар авагдсан бөгөөд тус баримтад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд нийлүүлсэн эм бараа болон төлсөн төлбөрийг хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, санхүүгийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр тулгаж, тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдлийг төлөхөөр тохиролцож хоёр талаас гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь тогтоогдож байна. /хх-15/
Хариуцагч нь худалдан авсан эм барааны төлбөрийн үлдэгдэл 77,371,354.45 төгрөг байсан талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нь хариуцагч худалдан авсан барааны төлбөрийг төлөлгүй хугацаа хожимдуулсан үндэслэлээр төлбөрийн үлдэгдэл 77,371,354.45 төгрөгөөс алданги тооцон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан алданги 38,685,677.23 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Зохигчид анз тогтоосон гэрээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх ба гэрээний 5.2-т харилцагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөх үүргийг хүлээнэ гэж тохирсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.
Хариуцагч нь алдангийг төлөхгүй гэх татгалзлын үндэслэлээ 2022 онд Аф ХХК, Д аймгийн Э э с ОНӨААТҮГ хоёрын хооронд гэрээ байгуулагдаагүй гэж тайлбарласан.
Д аймгийн Э э с ОНӨААТҮГ-ыг төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлд алданги тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Хариуцагчийн худалдан авсан барааны төлбөрийн үлдэгдэл 77,371,354.45 төгрөг байсан болох нь, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа болох 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар төлбөр төлөгдөөгүй байсан болох нь тогтоогдож байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алдангид 38,685,677.23 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцнэ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д аймгийн Э э с ОНӨААТҮГ-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд алданги 116,057,031.68 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Аф ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 738,235 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 738,235 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Д аймгийн Э э с ОНӨААТҮГ-аас 116,057,031.68 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Аф ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 738,235 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д аймгийн Э э с ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 738,235 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Аф ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ