Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2016/ШЦТ/208

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :

Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг Улсын яллагч Ц.Мөнхжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр

Шүүгдэгч Г.О******* нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.О******* т холбогдох эрүүгийн 201622000602 тоот хэргийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ө******* овогт Г**** ын О**** , 1952 оны 4 дүгээр сарын 02-нд Хөвсгөл аймгийн Т*** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл **, эгчийн хамт Хөвсгөл аймгийн Т*** сумын *** дугаар багийн Н**** гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Регистрийн РЭ******** дугаартай

Шүүгдэгч Г.О******* нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******** тоотод байрлах М**** эмийн санд эхнэр Ж.Ө******* тай маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь нүүрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, алимны салст, зовхи, хацарт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Г.О******* нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******** тоотод байрлах М**** эмийн санд эхнэр Ж.Ө******* тай маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь нүүрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, алимны салст, зовхи, хацарт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь

Хохирогч Ж.Ө******* гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн үед Мөрөн сумын 4-16-01 тоотод байрлах М**** эмийн

 

сангийн байрандаа ажлаа хийгээд сууж байтал гаднаас Г.О******* согтуу орж ирээд хэл амаар доромжлоод эмийн сангийн лангуу хагалчих гээд цохих гэхээр нь “хүүе болиорой” гээд цааш түлхтэл лангууны дээгүүр гараа далайгаад шууд яах ийхийн зуургүй миний зүүн талын нүд рүү гараараа атгаж байгаад цохисон юм.                     Тэгтэл “шүүхдэнэ шүү, ална шүү пиздаа наахуу минь” гэж хэлээд гараад яваад өгсөн. .. Би Г.О******* тай гэр бүл болоод 35 жил хамт амьдарсан юм. Одоо тусдаа амьдраад 9 жил болж байна. Эхнэр нөхрийн харьцаатай юм аа...Тухайн өдөр яагаад цохих болсоныг мэдэхгүй байна. Урд өмнөх амьдралын өс хонзон байсан юм байлгүй дээ. Г.О******* нь архи их уудаг, их ухамсар дорой, хүний хайр халамжийг ойлгодоггүй, юуны түрүүнд 4 мөч нь хөдөлдөг хүн юм аа . Би ажлаа хийж сууж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Мөн эм тариа авч хэрэглэсэн 185.900 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн боловч уг мөнгийг Г.О******* нь төлж барагдуулсан тул миний бие цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р тал/

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 542 тоот: Ж.Ө******* гийн биед гэмтэл тогтоогдлоо. Ж.Ө******* гийн биед нүүрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, алимны салст, зовхи, хацарт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь ШЭГТЗЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 14-р тал/

Шүүгдэгч Г.О******* ын хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн:...Эхнэр Ж.Ө******* гийн М**** эмийн сан руу охиныхоо тухай асуух гэж орсон юм. Тэгээд “охиныг яагаад гэр орноосоо хөөж байгаа юм бэ" гэж  хэлтэл   охин бид хоёрыг “муусайн гуйлгачид, хулгайчид” гэж хэлэхээр нь “чиний юуг хулгай хийсэн юм бэ” гэхэд хэл амаар доромжилж вандан дээгүүр байгаа юмаар шидэж нүүр ам маажих гээд байхаар нь гараараа хойш нь цохитол духан тус газар цохичих шиг болсон юм. Тэгтэл араас юм шидээд би хөөгдөөд гарсан юм...Би ахмадын баярт ороод архи уусан байсан. Нэг их согтуу байгаагүй ээ. ..Би саяхан Улаанбаатар хот уу хүнд хагалгаанд ороод ирсэн юм. Тэгэхэд манай охин надтай цуг явж асарч байгаад ирсэн юм. Тэгээд бид хоёрыг өөрийн аптекнийхаа мөнгөнөөс авч явж үрлээ гэсэн хардлага төрж охиныг минь хөөж туух шалтаг болсон юм шиг байгаа юм...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирлыг нь төлж барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/

Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 31-р тал/

Хохирогч Ж.Ө******* гийн амбулториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, хохирлын баримт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-37-р тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.О******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 - д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 201622000602 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг  цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

 

Шүүгдэгч Г.О******* нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас Ц гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Ж.Ө******* нь “...надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би хохирлын мөнгөө барагдуулж авсан” гэх мэдүүлгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 201622000602 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжпэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5-д дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1.  Шүүгдэгч Ө******* овогт Г**** ын О**** ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Г.О******* ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
  4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О******* ын оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ