Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 136/шш2023/00130

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ариунзул даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н /РД:*************/,

Хариуцагч: Э /РД:**********/

Нэхэмжлэлийн шаардлага: 500,000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Т.Н,

Хариуцагч: Л.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  Нэхэмжлэгч Т.Н Л.Эт холбогдуулан 500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Л.Эт БНХАУ-д үйлдвэрлэгдсэн жижиг оврын трактор газар хагалагч анжисны хамт шинэ тракторыг 5,000,000 төгрөгөөр зарсан. Тракторыг 2018 оны 07 дугаар сарын 25-нд тус сумын 1 дүгээр багийн иргэн Б.Лоор ачуулж У хот хүргүүлсэн. Л нь Пронтер маркийн **-07 Д** улсын дугаартай машинаар хүргэж өгөхөд би цуг явсан. Хотод очсон хойно 4,500,000 төгрөг өгөөд 500,000 төгрөгийг очоод өгнө гээд одоо хүртэл өгөөгүй тул Л.Эээс 500,000 төгрөгийг хуулийн дагуу шийдвэрлэн намайг хохиролгүй болгож өгнө үү. Тухайн үед тракторт аккумлятор байхгүй байсан. Би энэ талаар хэлж байсан. Аккумлятор нь 150,000 төгрөгийн үнэтэй байх гэв.

Хариуцагч Л.Э хариу тайлбартаа: Миний бие Т.Нгийн пад тракторыг У хот руу авч явж заруулсан нь үнэн болно. Тракторын 5,000,000 төгрөгөөр худалдсан, тус тракторын үнээс аккумлятор, тээврийн хөлсийг суутгаад тооцоо хийсэн. Аккумлятор тухайн үед 250,000 төгрөг байсан. Энэ олон жилийн дараа дутуу өгсөн гэж мөнгө нэхэж байгаад гайхаж байна. Урд өмнө мөнгөний талаар хэзээ ч ярьж байгаагүй. 500,000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Д аймгийн И сумын * дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-4/, Б.Лийн бичсэн тодорхойлолт /хх-5/, Д аймгийн И сумын * дүгээр багийн тодорхойлолт /хх-6/, Б.Лийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7/, тракторын гэрэл зураг /хх-8/, Д аймгийн И сумын * дүгээр багийн тодорхойлолт /хх-9/, Л.Эийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-10/, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-19-20/ зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 350,000 төгрөгийг гаргуулж, 150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

а/Л.Эт БНХАУ-д үйлдвэрлэгдсэн жижиг оврын трактор газар хагалагч анжисны хамт шинэ тракторыг 5,000,000 төгрөгөөр зарсан. Тракторыг 2018 оны 07 дугаар сарын 25-нд тус сумын 1 дүгээр багийн иргэн Б.Лоор ачуулж У хот хүргүүлсэн. Л нь Пронтер маркийн **-07 Д** улсын дугаартай машинаар хүргэж өгөхөд би цуг явсан. Хотод очсон хойно 4,500,000 төгрөг өгөөд 500,000 төгрөгийг очоод өгнө гээд одоо хүртэл өгөөгүй тул Л.Эээс 500,000 төгрөгийг гаргуулна гэж.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

а/Миний бие Т.Нгийн пад тракторыг У хот руу авч явж заруулсан нь үнэн. Би тракторыг худалдаж аваагүй, зуучлагч болно. Тус тракторын үнээс аккумлятор, тээврийн хөлсийг суутгаад тооцоо хийсэн. Энэ олон жилийн дараа дутуу өгсөн гэж мөнгө нэхэж байгаад гайхаж байна. Урд өмнө мөнгөний талаар хэзээ ч ярьж байгаагүй. 500,000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэж.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Т.Н хариуцагч Л.Э нар 2018 оны 08 дугаар сард пад тракторыг 5,000,000 төгрөгөөр худалдан авахаар хэлцэл хийж 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3,500,000 төгрөг, 08 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг Л.Эийн данснаар Т.Нгийн данс руу шилжүүлжээ. /хх-19/

Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээх үүрэгтэй байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь доголдолгүй трактор хүлээлгэн өгсөн болохоо, хариуцагч тракторын үнийг төлж, хүлээн авсан болохоо нотлох үүрэгтэй байна.

Талууд тракторыг 5,000,000 төгрөгөөр худалдсан, 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн 500,000 төгрөг үлдсэн болох, тракторын аккумлятор байхгүй байсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй энэ талаар маргахгүй байна.

Харин хариуцагч үлдэгдэл 500,000 төгрөгийг аккумляторын үнэ болон тээврийн хөлсөнд суутгасан гэж маргаж байна.

Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-д гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон зардлыг худалдагч, барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцахаар зохицуулсан.

Өөрөөр хэлбэл тракторыг тээвэрлэхтэй холбогдсон зардлыг хариуцагч Л.Э төлөхөөр зохицуулжээ.

Хариуцагч Т.Э нь би тухайн тракторыг бусдад зарахад зуучилсан, аккумлятор, тээврийн зардал суутгасан гэх тайлбараа баримтаар нотлоогүй энэ талаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвлэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь аккумляторын үнэд 250,000 төгрөг суутгасан гэх тайлбараа нотлоогүй тул нэхэмжлэгчийн аккумлятор 150,000 төгрөгөөр тооцно гэх тайлбарыг үндэслэн энэ үнийг нэхэмжлэлээс хасч тооцлоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Эээс 350,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Нд олгож, үлдэх 150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримталж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.АРИУНЗУЛ