| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2022/00331/И |
| Дугаар | 136/шш2023/00163 |
| Огноо | 2023-03-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 136/шш2023/00163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, шүүгч Д.Наранцэцэг, А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Нгийн /РД:************/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г /РД:*************/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын төлбөрт 2,633,625 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч,
Хариуцагч: Ж.Г,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Н Ж.Гд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Н.Н нь Д аймаг С сумын * дугаар баг Ш гудамжны ** дугаар байр ** тоотод оршин суудаг. 2022 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 06 цагт З-Ү сум руу яваад 2022 оны 07 дугаар сарын 09-ний өглөө 09 цагт гэртээ ирээд хаалгаа нээхэд нь өөдөөс нь эвгүй үнэр үнэртсэн ба хивсэн дээрээ гишгихэд нь ус нэвтэрч гарч ирсэн байна. Бүх өрөө крантаа шалгасан боловч ус алдсан шинжгүй хуурай байсан ба том өрөөнийх нь баруун хананаас ус орж ирж хивс шалан дээр тунасан байдалтай байсан. Хивс дрожоо гадаа гаргаад аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгсөн боловч хулгай ороогүй бол манайд хамаагүй гэсэн байна. Ч-И ХХК-д дуудлага өгтөл танай гэрт ус алдсан зүйлгүй харин ** тоотод 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ус алдсан тухай хэлсэн. Тэр айлтай Н.Нийнх баруун ханаараа тусгаарлагддаг болно. СӨХ-ны даргад хэлсэн боловч хот явж байна гээд ирж үзээгүй. 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 4 давхрын айл болох 23 тоотын эзэн орж ирж танайхаас ус алдаад манайд орсон байна гэсэн үнэн явдлыг хэлж тэд ** тоотын эзэдтэй уулзсан боловч манайх ус алдаагүй гээд тэднийг үл тоосон гэх. Хивсээ 1,350,000 төгрөгөөр худалдаж авсан учир энэ үнээрээ төлүүлж авахыг хүсч байна. Учир нь угааж цэвэрлээд хуучин байдалдаа орох ямар ч боломжгүй болсон. Х үнэлгээ ХХК-иар үнэлгээ хийлгэсний төлбөр 77,375 төгрөг, паркетан шал 717,750 төгрөг, туслах материалын үнэ 65,000 төгрөг, ажлын хөлс 383,500 төгрөг, тээврийн зардал 40,000 төгрөг нийт 2,633,625 төгрөг гаргуулж өгнө үү.
Хариуцагч Ж.Г хариу тайлбартаа: Манайх байрандаа 2021 оны 02 дугаар сард паркетан шалнаас бусад сангийн бүх шугам хоолой, хаалт, уян холбоо зэргийг шинээр сольж бүрэн засвар хийсэн. Гэвч 2022 оны 07 дугаар сарын 06-ны шөнө 22 цагаас 00.30 минут хооронд бид гэртээ байхгүй байх хугацаанд гал тогооны тавилгын дор байрлах угаалтуурын уян хоолой задарч ус алдсан болно. Тус байрны ** тоотод оршин суух Н.Н гэдэг хүн 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр эхнэр бид хоёртой уулзаад танайх ус алдсан юм уу гэхэд тиймээ, манайх ус алдсан гэж хэлсэн. Тэр хүн манайх руу ус орсон байна. Манай гэр лүү ороод үз гээд эхнэр бид хоёр орж үзтэл хэзээ, яаж бөмбийсөн нь мэдэгдэхгүй паркетан шал руу заагаад энэ ус орсон байна гэж хэлсэн. Мөн хивс норсон байсан гэсэн боловч эхнэр бид хоёрыг ороход том өрөөнд нь хивс байгаагүй мөн ус орсон гэхэд том өрөөний цонх хаалттай, ямар ч чийг үнэртэхгүй байсан.
Уг айл нь манай том өрөөтэй зүүн талаараа тусгаарлагддаг боловч эсрэг орцны айл бөгөөд ямар нэгэн усны шугамаар уг айлтай холбогдоогүй болно. Мөн манай байрны жижиг өрөөнд ус ороогүй бөгөөд паркетан шал пөмбийгөөгүй байхад Н.Нийн гэрт ус орж, доошоогоо дараагийн айл руу гоожоод, Н.Нийн гэрийн шал бөмбийж, хивс авах зүйлгүй болтлоо хөгцрөх боломжгүй гэж үзэж байна. Хажуу орцны зэргэлдээ нэг түвшинд байх айлууд дүүргэлтийн ханаар тусгаарлагдсан байрны ханыг нэвтэлж хажуу айл руу ус нэвтрэх үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн бид 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр А б ХХК-иас байрандаа хохирлын үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээгээр гарсан хохирлын дүн 1,058,400 төгрөг болж М даатгалаас 952,560 төгрөгийг нөхөн төлбөр авсан. Усанд норсон хивсээ хатаагаад хивс цэвэрлэгээнд өгч цэвэрлүүлэхэд эргээд хэвийн байдалдаа орсон болно. Иймд Н.Нийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар /хх-2/, итгэмжлэл /хх-3/, Д аймаг, С сум, * дугаар баг, Ш гудамж ** дугаар байр ** тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-4/, Х сумын * дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6-7/, Ч-И ХХК-ийн тодорхойлолт, хавсралт /хх-8-9/, Х үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан, үнэлгээ хийсэн баримт /хх-10-16/, Т-Ө ХХК-ийн зарлагын баримт,
Хариуцагчаас хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-28/, 56 дугаар тоот байрны ус алдсан чиглэл болон ус алдсаны дараах зураглал фото зураг /хх-31-37/, А б ХХК-ийн үнэлгээний тайлбангийн хуулбар /хх-38-42/, хуулбар зэрэг баримтыг нотлох баримтаар гарган өгсөн байна.
Шүүх талуудын хүсэлтээр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Ш гудамж ** дугаар байрны *-* давхрын байгуулалт, цэвэр усны шугамын байгуулалт болон халуун, хүйтэн усны босоо шугамын тойм зургийг /хх-49-51, 66-71/, Ч-И ХХК-ийн тодорхойлолт, хавсралт /хх-60-63, 78-79/, шинжээчийн дүгнэлт /хх-83-92/, гэрчээр Э.Быг асууж нотлох баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэдийн төлөөлөгч Б.Эд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх ба зохигчийн зөвшөөрлөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Учир нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас хивсний үнэ 1,350,000 төгрөгийг хасч үлдэгдэл 1,283,625 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.
Нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 09-ний өдрийн З-Ү сум руу яваад ирэхэд хажуу хананы айл болох 56 тоотоос ус алдаж, гэм хор учруулсан тул Ж.Гас хохиролд 1,283,625 төгрөг гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон,
Хариуцагч Б.Г нь манайх ус алдсан нь үнэн, нэхэмжлэгчийн гэр нь манай хажуу орцны манайхтай ханаараа тусгаарлагдсан, ямар нэгэн усны шугамаар холбогдоогүй, манай гэриийн жижиг өрөөнд ус ороогүй байхад Нийн гэрт ус орох боломжгүй, мөн үнэлгээний газар нь ижил байрны паркетан шалыг 2 өөрөөр үнэлсэн, ашиглалтанд ороод 8 жил болж байгаа хуучирсан паркетыг шинэ үнээр үнэлсэнийг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, маргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Д аймгийн С сумын 2 дугаар баг, Ш ** дугаар байр ** тоотод оршин суух Ж.Ггын гэрийн гал тогооны уян холбоо задарсны улмаас ус алдсан үйл баримт тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй, харин алдсан ус нь ханаар тусгаарлагдсан ** тоотод нэвтэрч гэм хор учирсан эсэхэд маргаж байна.
Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Иргэн Ж.Ггын гэрийн том өрөөний шал нь хэмжин шалгалтын дүнд гол хэсэгтээ 1.2-1.5 см-ийн хонхор байна. Харин Н.Нийн том өрөөний шал нь ус орж ирсэн гэх хана талаас гол хэсэг рүүгээ 1.2 см налуутай байна. Үүнээс үзэхэд иргэн Ж.Гд бага хугацаанд бага хэмжээний ус алдсан тохиолдолд ус нь том өрөөний гол хэсэг рүү урсаж тогтоно. Хэрэв урт хугацаанд их хэмжээний ус алдсан тохиолдолд хонхор дүүрч илүүдэл ус нь сантехникийн босоо шугамын нүх, цахилгааны монтажны шугам дагасан нүх, болон хана, шалны заадал, сүвэрхэгээр нэвчих бүрэн боломжтой юм гэж дүгнэжээ.
Хариуцагч Ж.Г нь 2022 оны 03 дугаар сард 9 тонн, 4 дүгээр сард 13 тонн, 5 дугаар сард 14 тонн, 6 дугаар сард 13 тонн, 7 дугаар сард 21 тонн, 8 дугаар сард 10 тонн, 9 дүгээр сард 18 тонн, 10 дугаар сард 13 тонн, 11 дүгээр сард 15 тонн усыг хэрэглэсэн болох нь Ч-И ХХК-иас ирүүлсэн 56 тоотын 3-11 дүгээр саруудын усны тоолуурын заалтаар тогтоогдож байна.
Дээрх усны тоолуурын заалтаас ус алдаж бусдад гэм хор учруулсан гэх үеийн буюу 7 дугаар сарын тоолуурын заалтыг бусад саруудтай харьцуулж үзэхэд 3-6 тонн ус илүү байгаа нь ус алдсан байх боломжтойг илэрхийлж байна.
Түүнчлэн шинжээч Э.Н нь шүүх хуралдаанд Ус их хэмжээгээр алдсан тохиолдолд энэ барилга байгууламжид хаашаа л бол хаашаа ус нэвчих боломжтой. Барилга нь өөрөө ус нэвчүүлэхгүй байх технологийн дагуу баригдсан барилга биш юм, ...Нийн гэх гэр рүү ус нэвтрэх боломжтой, харин хэдий хэмжээний ус алдсан тохиолдолд ус нэвтрэхийг бид тогтоох боломжгүй гэж мэдүүлсэн.
Дээрхээс дүгнэхэд ** тоотын алдсан ус нь ханаар тусгаарлагдсан ** тоотын айл руу нэвчин орж, Н.Нийн эд хөрөнгөд гэм хор учруулсан гэж үзэх үндпэслэлтэй байна.
Д аймгийн С сумын * дугаар баг, Ш гудамж ** дугаар байр ** тоот үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Н.Н бүртгэлтэй байх тул тэрээр эд хөрөнгөдөө учирсан гэм хорыг шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь Б.Нийн хохирол 1,206,250 төгрөг, манай гэрт учирсан хохирол 846,400 төгрөг гэж ижил байрыг 2 өөрөөр үнэлсэн, энэ байр ашиглалтад ороод 8 жил болсон, паркет нь хуучирсан тул зөвшөөрөхгүй гэж маргадаг боловч шалны элэгдэл хорогдол, хуучирсан гэдгийг нотлох баримтаар нотлоогүйгээс гадна тэрээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан бол нөхөн сэргээхэд зарцуулагдах зардлыг төлөх үүргийг хүлээнэ.
Нэхэмжлэгч Н.Н өөрт учирсан хохирлоо Х үнэлгээ ХХК-иар үнэлүүлж, материалын зардалд 1,206,250 төгрөг, ажлын хөлс 383,500 төгрөг, тээврийн зардал 40,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний зардал 77,375 төгрөг гаргуулахаар шаардсан тул энэ дүнгээр гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагч Ж.Ггын гэрт А б ХХК-иас гаргасан үнэлгээгээр 1,058,400 төгрөгийн хохирол учирсан, Н.Нийн гэрт Х үнэлгээ ХХК-иас гаргасан үнэлгээгээр 1,206,250 төгрөг болсон байна.
Дээрх 2 үнэлгээг харьцуулахад Х үнэлгээ ХХК нь ажлын хөлс паркетан шал хуулах 101,500 төгрөг, паркетан шал шахах 174,000 төгрөг, хог хаягдал цэвэрлэх 60,000 төгрөг, хивс цэвэрлэгээ 48,000 төгрөг нийт 383,500 төгрөг гэж,
А б ХХК ажлын хөлсөнд паркетан шал шахах 192,000 төгрөг нийт 192,000 төгрөгөөр үнэлжээ.
Дээрх 2 үнэлгээгээр Х үнэлгээ ХХК нь илүү үнээр үнэлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан үнэлгээг баримталж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх-өөр зохицуулжээ.
Хариуцагч Ж.Г нь ус алдсан гэх 56 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч байх тул, түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс ус алдсаны улмаас бусдад учруулсан гэм хорыг тэрээр хариуцан арилгах үүрэгтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Ж.Гас 1,283,625 төгрөг гаргуулж Н.Нт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Нээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,088 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Гас 35,357 төгрөг гаргуулан Н.Нт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ
ШҮҮГЧИД Д.НАРАНЦЭЦЭГ
А.ЦЭРЭНХАНД