Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2022/01354

 

 

 

 

               

       

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О,

Нарийн бичгийн дарга О.Э нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Б нь “М” ХХК-д 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ковшийн оператор гэх албан тушаалд томилогдон 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01/73 дугаар “ажлаас халах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн үйлдвэрийн хэлтэст ковшийн оператор албан тушаалтай А.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажлаасаа хоцорсон, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажлын цагаар ажлын байраа орхин явсан нь давтан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх тул 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч А.Б-ыг 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас хоцроогүй, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажлын цагийн энгийн хуваарьтай ажиллаж байсан бөгөөд энгийн хуваарь нь 08.00-12.00 цаг хүртэл цайны цаг 12.00-14.30 хүртэл, үдээс хойш 14.30-18.00 цаг хүртэл ажиллах ёстой. Тухайн өдөр цайны цагаар амарж байтал хэлтсийн дарга Күн 13 цаг 40 минутад уулзаж чи өглөөний ээлжид байсан 16 цаг 00 хүртэл тасралтгүй ажиллах ёстой гэсэн. Тухайн үед А.Б нь Б гэх хүнтэй хамт нэг ээлжид байсан бөгөөд тухайн хүн гэрчилнэ. Би өмнө нь ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй ба давтан сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т тус тус зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон маргааныг сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж урьдчилан шийдвэрлүүлэх бөгөөд тус хороо байгуулагдаагүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд А.Б-ыг “М” ХХК-ийн ковшийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,118,060 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч А.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажилдаа хоцорсон бөгөөд энэ талаар Үйлдвэрлэлийн хэлтсээс сануулах арга хэмжээ авч, 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажилтан А. Б-д бичгээр сануулах шийтгэл ногдуулсныг хариуцсан хэлтсээс нь ажилтанд бичгээр мэдэгдэж, ажилтан мэдэгдэлтэй танилцаж гарын үгээ зурсан тул тухайн өдөр хоцроогүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үйлдвэрийн шатаах зуух ажиллаж байсан буюу үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байсан бөгөөд ажлын нөхцөл байдлаас шалтгаалж ковшийн операторууд тухайн өдөр өглөө 08.00 цагаас 16.00 цаг хүртэл ажиллах талаар хэсгийн дарга болон ээлжийн ахлахаас өглөө ажлын хуваарилалт өгч ажилд гаргасан байхад ажлын цагаар ажлын байраа дур мэдэн орхиж ажилчдын амрах байранд өрөөндөө унтаж байхад нь ээлжийн ахлах болон хэсгийн ахлах нар олж илрүүлсэн нь хөдөлмөрийн гэрээний 4.2.9 дэх хориглох заалтыг ноцтой зөрчиж сахилгын зөрчил гаргасан. Уг үйлдэл нь ажил олгогчийн үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг алдагдуулсан маш ноцтой зөрчил байсан. А.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажлаасаа хоцорч түүнд сануулах шийтгэл ногдуулснаас хойш нэг сарын 5 хоногийн дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажлын байраа дур мэдэн орхиж ажил таслан давтан зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй байх тул 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А.Б-ыг ажлаас чөлөөлж халах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна. Ажлын байрны цагийн хуваарьтай холбоотой гэрч нараас тайлбар, мэдүүлэг авсан. Өөрөөр хэлбэл, цагийн хуваарьтай холбоотой андуурах үндэслэл байхгүй. Ажлын цагаар ажлын байраа орхин, амрах байранд унтсан талаар гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Иймд 2 удаагийн давтан зөрчил гаргасан гэж үзсэн. Тухайн үед энэ талаар хурал хийж, өөрт нь мэдэгдсэн. Энэ талаар хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу гүйцэтгэх захирлын шийдвэрээр ажлаас халсан тул шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзсэн. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэхийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. А.Б ажил олгогчийн эрх зүйн үндэслэлгүй, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол буюу ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа. Гэтэл А.Б-ын гаргасан нотлох баримтаар одоо ажил эрхэлж байгаа нь тогтоогдсон. Иймд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэв. 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Б нь “М” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 6,118,060 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 

“М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01/73 дугаар “ажлаас халах тухай” тушаалаар тус компанийн үйлдвэрийн хэлтэст ковшийн оператор А.Б-ыг ажлаас нь чөлөөлсөн. А.Б нь ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй ба давтан сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв. 

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: 

“А.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажлаасаа хоцорч түүнд сануулах шийтгэл ногдуулснаас хойш нэг сар, 5 хоногийн дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажлын байраа дур мэдэн орхиж ажил таслан давтан зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй байх тул 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А.Б-ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэв. 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож  байна.

Нэг талаас “М” ХХК-ийг төлөөлж Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ж, нөгөө талаас Монгол улсын иргэн А.Б нар 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр харилцан тохиролцож Хөдөлмөрийн гэрээг байгуулсан, А.Б-ыг “М” ХХК-д ковшийн операторын үүрэгт ажилд ажиллуулж эхэлснээр талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, гэрээний хавсралт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6-15 дугаар тал/

            “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01/73 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч А.Б-тай байгуулсан гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. /хх-ийн 5 дугаар тал/

Хариуцагч байгууллагын төлөөлөгч дээрх тушаалын үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу ажилтан А.Б хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж тайлбарлаж байна.

Хэрэгт баримтаар авагдсан Хөдөлмөрийн гэрээний 5.1-д гэрээг үл маргах журмаар цуцлах зөрчлүүдийг нэрлэн зааснаас 5.1.4-т: хүндэтгэн үзэх шалтгаангүй, урьдчилан мэдэгдэлгүйгээр гурван өдөр ажил тасалсан, сард 3-аас дээш удаа ажлаас шалтгаангүй хоцорсон бол, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ. /хх-ийн 10 дугаар тал/

“М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01/73 дугаартай тушаалаар нэхэмжлэгч А.Б-ыг 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажлаасаа хоцорсон, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажлын цагаар ажлын байраа орхин явсан нь давтан зөрчил гаргасан гэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. /хх-ийн 43 дугаар тал/

Нэхэмжлэгч А.Б 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажлаасаа хоцорсон, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажлын цагаар ажлын байраа орхин явсан нь давтан зөрчил эсэх, уг зөрчлийг байгууллагын захиргаа баримтаар тогтоосон эсэхэд зохигчид маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр дуусгавар болгох тохиолдолд гэрээнд энэ талаар тухайлан заасан байх, ажилтан сахилгын зөрчил давтан гаргасныг захиргаа баримтаар нотолж тогтоосон байх үүргийг хүлээнэ.

Хэрэгт авагдсан баримтаар: Тус компанийн жигдрүүлэх цехийн даргаар ажиллаж байсан Э.Т-ийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлгээр А.Б-ын ажиллаж байсан цехийн операторын станцаар цехийн хэсгийн ахлагч нь дугуйт ачигт байхгүй байна түүхий эдээ хиймээр байна гэж хэлсэн. Би А.Б-ыг станцаар дуудсан боловч хариу өгөөгүй, өөрийн биеэр очиж шалгахад ажлын байрандаа байгаагүй, харин амралтын өрөөнд унтаж байхыг олсон. Тухайн үед ажлын цагаар ажлын байрыг орхиж, үйлдвэрийн нэг цехийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулж, ажлын байранд зөрчил гаргасан гэж мэдүүлснээс дүгнэвэл ажил олгогчоос ажилтны гаргасан дээрх зөрчлийг шалгаж тогтоох, баримтаар нотлох үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Мөн хариуцагч тал татгалзлаа нотлохоор хэргийн 40-42 дугаар талд авагдсан “М” ХХК-ийн үйлдвэрлэлийн хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн сануулах сахилгын шийтгэлийн мэдэгдэл, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн зөрчил гаргасан талаар үйлдвэрлэлийн хэлтсийн мэдэгдлээр нэхэмжлэгчийг сахилгын зөрчил давтан гаргасан, түүнд сахилгын шийтгэл оногдуулсан гэж үзэх үндэслэлгүй, өөр нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч тал нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иймд ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар цуцлах болсон сахилгын давтан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь тогтоогдохгүй, 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажлаасаа хоцорсон, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажлын цагаар ажлын байраа орхин явсан давтан зөрчил гаргасан болохыг ажил олгогч бүрэн дүүрэн тогтоож чадаагүй, сахилгын зөрчил бүрт байгууллагын даргын тушаалаар сахилгын арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй байх тул энэ тохиолдолд шүүх ажилтанд ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд “М” ХХК-ийн компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01/73 дугаартай тоот тушаал үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэн нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан ковшийн операторын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Нөхөн олговор гаргуулах шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д: Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.

Нэхэмжлэгч 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны ажлын 130 өдрөөр тооцон 6,118,060 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тооцохдоо ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч А.Б нь 2022 оны 03 дугаар сард 650,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сард 604,565 төгрөг, 2022 оны 05 дугаар сард 1,804,491 төгрөгийн цалин авсан байна. Үүнийг нэмбэл сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр нь 3,059,056 төгрөг байна.

Харин 2022 оны 03 дугаар сар ажлын 22 өдөртэй, 2022 оны 04 дүгээр сар ажлын 21 өдөртэй, 2022 оны 05 дугаар сар ажлын 22 өдөртэй байна. Үүнийг нэмбэл ажлын 65 өдөр гарч байна.

Нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 3,059,056 төгрөгийг 3 сарын ажлын өдөр болох 65 өдөрт хуваахад /3,059,056 : 65 = 47,062/ нэг өдрийн цалин нь 47,062 төгрөг гарч байна.

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс нэхэмжлэгчийн шаардсан 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанаас бүх нийтийн болон амралтын өдрүүдийг хасч тооцвол ажлын нийт 128 хоног байна. Үүнийг нэг өдрийн цалин 47,062 төгрөгөөр үржүүлбэл /128 х 47,062 = 6,023,936/ нөхөн олговор 6,023,936 төгрөг гарч байна.

Иймд хариуцагч “М” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,023,936 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  94,124 төгрөгийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид 111,333 төгрөгийг хариуцагч “М” ХХК-иас гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д зааснаар А.Б-ыг “М” ХХК-ийн үйлдвэрлэлийн хэлтэст ....................... ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,023,936 төгрөгийг хариуцагч “М” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч А.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 94,124 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч А.Б-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, нөхөн баталгаажуулалт хийхийг хариуцагч “М” ХХК-д даалгасугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 111,333 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа  шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд  шийдвэрийг өөрөө  гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.     

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНЧУЛУУН