Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 124/ШШ/2023/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн иргэн,захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Б

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,

“Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/390 дугаар захирамжийн Ч.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Б тус шүүхэд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022.11.18-ны өдрийн А/390 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

2. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 сарын 18-ны өдрийн “Сургуулиудын захирал нарыг сэлгэн ажиллуулах тухай” А/390 дугаар захирамжаар Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Ч.Б-ыг Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Ч.Б нь шүүхэд нэхэмжлэлээ 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан хугацааны дотор гаргасан гэж үзлээ.

4. Хариуцагч Улаангом сумын Засаг дарга Ц.Гт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгчээс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэн, хариуцагчийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзэв.

5. Гуравдагч этгээд Б.Б-ын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байгаа талаар тайлбар гаргасан болно.

6. Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Миний бие Увс аймгийн Улаангом сумын 2-р цогцолбор сургуулийн захирлын ажлын байран дээр явагдсан сонгон шалгаруулалтад орж 2022 оны 02 дугаар сарын 09-ны Б/04 тоот захирамжаар тус сургуулийн захирлаар томилогдон ажилласан.

Миний бие нь ажиллах хугацаандаа төрийн үйлчилгээний алба хаагчийн үүргийг хариуцлагатай биелүүлж, төрийн албаны зарчмыг баримтлан төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчийн ёс зүйг чанд баримтлан ажиллаж ирсэн.

Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын боловсролын асуудал эрхэлсэн мэргэжилтэн Э.Марта 2022 оны 11 дүгээр сарын 10-нд Улаангом сумын Засаг дарга Ц.Г 14 цагт ирж уулз гэж байна гэж 95119142 утаснаас ярьсан. Тухайн зарын дагуу Улаангом сумын Засаг даргын Тамгын газар дээр очиход Засаг дарга Ц.Г "Улаанбаатар хот яаралтай ажилтай явж байгаа тул ирээд уулзахаар болсон” гэснээр тухайн уулзалт болоогүй.

2022 оны 11 дүгээр сарын 14-нд 95119142 утсаар мөн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын боловсрол хариуцсан мэргэжилтэн Э.Марта ярихдаа тэр өдөр таныг дуудсан шалтгаан нь сургуулийн захирлуудыг сэлгэн ажиллуулах тухай байсан. Иймд та саналаа ирүүлнэ үү гэхэд нь 2022 оны 11 дүгээр сарын 15-нд Ерөнхий боловсролын ахлах 2 дугаар сургуулийн 201 тоот албан бичгээр татгалзсан саналаа хүргүүлсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар сонсох ажиллагаа нь захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох зорилготой болохоос нэгэнт гарсан захиргааны шийдвэрээ дуулгах төдий ажиллагаа биш гэж ойлгож байна. Энэ утгаараа сонсох ажиллагаа явуулах хугацаа нь оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байхаар хуульчлагдсан. Миний хувьд энэ боломжоор хангагдаагүй гэж үзэж байгаа.

2022 оны 11 дүгээр сарын 17-ны үдээс хойш Улаангом сумын Засаг даргын тамгын газрын боловсрол хариуцсан мэргэжилтэн Э.Марта Хууль эрх зүйн мэргэжилтэн Болормаа нар 2022 оны 11 дүгээр сарын 18-ны 9 цагт Улаангом сумын засаг даргын өрөөнд ирээрэй гэж зар танилцуулсан тул 2022 оны 11 дүгээр сарын 18-ны 9 цагт Улаангом сумын Засаг даргын өрөөнд ирэхэд 2, 3, 4, 6 дугаар сургуулийн захирлуудыг сэлгэн ажиллуулна. Захирамж гарна. 2022 оны 11 дүгээр сарын 21-ээс эхлэн сэлгэн ажиллана. Ямар ч тайлбар сонсохгүй. Зөвшөөрөх эсэх нь та нарын асуудал. Шүүхэд хандах эрх нээлттэй. Би сонсох ажиллагаагаа хийлээ гэж хэлээд тус уулзалтад ирсэн 2, 3, 4, 6 дугаар сургуулийн захирлуудыг орхин гарсан.

Миний бие нь хууль эрх зүйн мэргэжилтэнд нь хандаж сонсох ажиллагааг ингэж хийхгүй байх аа. Сэлгэн томилохоор шийдвэр гарна гэдгээ сонсгохыг биш захиргааны акт эрх зүйн зөрчилгүй гаргуулах талаар эрх нь хөндөгдөж буй талын санал бодлыг сонсож зөв шийдвэр гаргахыг хэлэх байх гэсэн. Тэнд хүрэлцэн ирсэн бүх захирлууд тус сэлгэн томилгоог эсэргүүцсэн. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 18-ны 17 цагт Улаангом сумын захирлуудын дундын чат дээр Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/390 дугаартай захирамж гарсныг байршуулсан. 2022 оны 11 дүгээр сарын 21-нд ажил хүлээлцсэн.

“Ерөнхий боловсролын сургуулийн захирал нарыг хооронд нь сэлгэн ажиллуулах" захирамж гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийг баримталсан байна.

Хөдөлмөрийн хуулийн 59 дүгээр зүйлийн хэд дүгээр заалтын баримталж гаргасан нь тодорхойгүй байна.

Засаг дарга Ц.Г нь дотуур байрны хүүхдийг оройтуулж авсан гэдэг асуудлаар сахилгын шийтгэл ногдуулж, сэлгэн ажиллуулж, ур чадварын нэмэгдэл хасах, оны эцэст үр дүнгийн урамшууллаа авах боломжийг хасаж хохироож байгаа нь цалин хөлс авах, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.

Сургуулийн дотуур байрны хүүхдүүдийг хугацаанд нь оруулаагүй талаар хариу тайлбарыг сумын Засаг даргад хүргүүлсэн.

Хавар тухайн сургуулийн хоолны тендер, сонгон шалгаруулалтын дагуу гэрээ байгуулсан компани, аж ахуйн нэгжүүд зах зээлийн үнэ ханшны өсөлтөөс шалтгаалж гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй бол гэрээгээ цуцална гэсэн агуулгатай албан бичгийг удаа дараа ирүүлэхэд эдгээр компанитай зөвшилцөх гэж хугацаа шаардсан. Байранд орох сурагчдыг бүртгэж 4 төрлийн үзлэг шинжилгээнд хамруулж 9 сарын 10-нд хагас сайн өдөр байрандаа авсан. Дотуур байрны хүүхдүүдийг 14 хоногийн дараа авсан гэдэг нь худлаа.

Улаангом сумын Засаг даргын гаргасан энэ шийдвэрийг намайг албадан хөдөлмөрлүүлж байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд ажил эрхлэх, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрхийг тусгаж өгсөн байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч дараах суурь зарчмыг баримталж, холбогдох үндсэн эрхийг эдэлнэ, 5.1.4-т албадан хөдөлмөрлүүлэхийг хориглоно гэж заасан. Засаг даргын захирамж шийдвэр нь хүний эрхийн суурь зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд албадан хөдөлмөрлүүлэхийг хориглоно гэж заасан байдаг.    

Иймд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/390 дугаартай захирамжаар Улаангом сумын 2 дугаар сургуулийн захирал Ч.Б-ыг Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлаар 2022 оны 11 дүгээр сарын 21 -ний өдрөөс эхлэн сэлгэн ажиллуулах тухай" захирамжийн өөрт холбогдолтой хэсгийг хүчингүй болгуулж, Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү...” гэв.

7. Хариуцагч Улаангом сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ч.Б нь Улаангом сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн Б/04 тоот захирамжаар Цогцолбор 2 дугаар сургуулийн захирлаар томилогдон ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа дараах хууль журмуудыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд: Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар “Хүүхдийн эрхийн үндсэн зарчим” нь:

4.1.2. Төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах;

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар:

16.1. Хүүхдийн эрхийг хангах талаарх салбар дундын үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд, орон нутагт Хүүхдийн төлөө зөвлөлийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга тус тус тэргүүлнэ.

16.4.1. Хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах шаардлагатай арга хэмжээ авах;

16.4.2. Хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн үйл ажиллагааны талаар холбогдох төрийн байгууллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх.

            Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалт, 43.2.1 дэх заалт:

43.2. Суралцагч нийгмийн дараах баталгаагаар хангагдана:

43.2.1. Оршин суудаг газраасаа сургуульд тогтмол явах боломжгүй, өнчин буюу амьжиргааны түвшин доогуур суралцагчийг дотуур байраар хангах,

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.20 дахь зүйлд заасны дагуу Сумын засаг даргын бүрэн эрхэд дараах зүйлийг зааж өгсөн байдаг.

59.1.20. Хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн боловсрол, соёл, эрүүл мэнд, биеийн тамир, спортын байгууллагууд эрх бүхий байгууллагаас тогтоосон стандарт, норм, нормативыг сахин мөрдөж байгаа эсэхэд тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр хяналт тавих;

Тухайн цогцолбор 2 дугаар сургуулийн захирал Ч.Б нь эдгээр хууль, дүрэм, журмуудын хэрэгжилтийг ханган ажиллаж чадаагүй болно. Иймд 2022 оны 12 сарын 20-ны өдрийн Б/36 тоот захирамжаар “Сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан.Ч.Б нь Цогцолбор 2 дугаар сургуулийн захирал хийж байх хугацаандаа 2022 оны 06 дугаар сард хичээл тараагүй байхад дотуур байрны хүүхдүүдийг дотуур байрнаас гаргасан, 2022 оны 09 сарын 01-нд хичээл эхлэхэд Цогцолбор 2 дугаар сургууль нь дотуур байрандаа хүүхдээ мөн л аваагүй асуудал удаа дараа гаргасан. Үүнээс шалтгаалаад сургуулийн хүүхдүүд нийлж гэр, байр түрээслэх, буудалд байрлах зэрэг асуудал сошиал болон телевизийн мэдээгээр цацагдсан. Энэ нь хүүхэд багачууд гэмт хэрэгт холбогдох, хүчирхийлэлд өртөж болзошгүй нөхцөл үүссэн гэж Засаг дарга миний бие хүүхдийн зөвлөлийн тэргүүний хувьд үзсэн.

Цогцолбор 2 дугаар сургуулийн захирал Ч.Бод хүүхдүүдийг яаралтай дотуур байранд оруулах тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллах чиглэл өгсөн боловч 2022 оны хичээлийн жил эхлээд 14 хоногийн дараа дотуур байранд оруулсан.Захирал Ч Баттогтох нь дотуур байранд хугацаанд нь хүүхдүүдийг оруулаагүй гэж дотуур байрны багшид арга хэмжээ авсан, өөрөө удирдлага арга зүйгээр ханган ажиллаж чадаагүй, дотуур байртай сургуулийг удирдаж ажиллаж чадахгүй гэж үзсэн учраас сэлгэн ажиллуулах шийдвэр гарсан болно.

2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн сумын ИТХ-ын хурлын хуралдааны 10/06 тоот тогтоолоор ажлын хэсэг гарч хяналт шалгалт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр ажилласан. Тухайн үед Захирал Ч.Б нь Улаанбаатар хот руу явсан гэсэн тайлбар хэлж сургалтын менежерүүдтэй уулзсан. Мөн тухайн сургуулийн үйлчилгээний ажилтан албан хаагчид нь тухайн үед очсон ИТХ-ын төлөөлөгч нартай уулзаж санал бодлоо илэрхийлсэн, захирлын зүгээс дарамт шахалт их үзүүлдэг, шууд арга хэмжээ авдаг, цэвэрлэх ёстой талбай хэмжээнээс давсан хэмжээтэй газраас том газар өгч цэвэрлүүлдэг гэх мэт маш олон гомдол санал хэлж байсан. Иймд цогцолбор 2 дугаар сургуулийн захирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийг барин сэлгэн ажиллуулах шийдвэр гаргасан. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр "Хяналт, зөвлөн туслах ажлын зөрчил арилгах тухай албан тоотыг явуулж 2022 оны 11 дүгээр сарын 25-ны дотор тайлагнаж ажиллахыг мэдэгдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж Сургуулиудын захирал нарыг сэлгэн ажиллуулах талаар мэдэгдсэн. Урьд нь сэлгэн ажиллуулах талаар захирлуудаас санал авсан байсан” гэжээ.

8. Гуравдагч этгээд Б.Буянтогтох шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Гуравдагч этгээд Б.Буянтогтох шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Батаа овогтой Буянтогтох миний бие Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан. Улаангом сумын Засаг даргаас 2022 оны 11 сарын 17-ны өдөр сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл ирүүлсэн. Уг мэдэгдэлд Улаангом сумын ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудыг сэлгэн ажиллуулах тухай байсан. Би уг мэдэгдлийг хүлээж аваад Засаг даргын гаргах гэж буй шийдвэрийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргаагүй. Гэтэл Улаангом сумын Засаг дарга 2022 оны 11 сарын 18-ны өдрийн А/390 дүгээр захирамж гаргаж намайг Цогцолбор 2 дугаар сургуулийн захирлаар томилсон. Би уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч Засаг даргаас өгсөн ажил сайжруулах үүрэг даалгаврыг биелүүлэхээр ажлаа хүлээн авч захирлаар ажиллаж байна. Миний хувьд Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрч Цогцолбор 2-р сургуульд ирж удирдлага, менежментийн хувьд багш ажилчдад хүлээн зөвшөөрөгдөн ажиллаж байгаа тул Цогцолбор 2-р сургуульд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байна.

Иймд Ч.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Засаг дарга сэлгэн ажиллуулах тухай захирамж гаргаснаар Ч.Б-ын эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна. Иймд намайг намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар  зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022.11.18-ны өдрийн А/390 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

3. Нэхэмжлэгч талаас “...сургуулийн захирлын ажлаас чөлөөлөн сэлгэн ажиллуулахдаа аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын санал аваагүй, сонсох мэдэгдэх ажиллагааг явуулах хугацаа нь тайлбар,санал гаргах боломжоор хангаагүй,  сэлгэн ажиллах талаар харилцан тохиролцоогүй, сэлгэн ажиллах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар албан бичиг хүргүүлсэн байхад шийдвэр гаргасан, хөдөлмөрийн хуулийн 59 дүгээр зүйлийн хэд дүгээр заалтыг баримталж гаргасан нь тодорхойгүй, дотуур байранд хүүхдүүдийг хугацаа хожимдуулж оруулсан талаар тайлбарыг хүргүүлсэн,хүүхдийн эрхийг зөрчөөгүй, хөдөлмөрийн хууль,олон улсын гэрээнд заасныг зөрчиж сумын Засаг дарга шийдвэрээрээ намайг албадан хөдөлмөрлүүлж байна гэж үзэж байна...” гэсэн нэхэмжлэл, тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргаж байна.

4. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаас “...Ч.Б нь цогцолбор 2 дугаар сургуулийн захирал хийж байх хугацаандаа 2022 оны 6 дугаар сард  хичээл тараагүй байхад дотуур байрны хүүхдүүдийг байрнаас гаргасан, 9 сарын 1-нд хичээл эхлэхэд дотуур байранд хүүхдээ аваагүй,14 хоногийн дараа оруулсан, дотуур байрны багшид арга хэмжээ авсан, өөрөө удирдлага арга зүйгээр хангаж ажиллаж чадаагүй, дотуур байртай сургуулийг удирдаж ажиллаж чадахгүй гэж үзсэн, сургуулийн үйлчилгээний алба хаагчдаас гомдол санал гаргасан учраас сэлгэн ажиллуулах шийдвэр гаргасан...” гэсэн үндэслэлээр тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй болно.

5. Төрийн албаны салбар зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 54 дугаар тогтоолоор Ерөнхий боловсролын хоёрдугаар цогцолбор сургуулийн захирлын ажлын байрны сул орон тоонд Ч.Б-ыг нэр дэвшүүлснээр нэхэмжлэгч нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/04 дугаар захирамжаар Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байжээ.

6. Маргаан бүхий акт болох Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 сарын 18-ны өдрийн А/390 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр заалтыг үндэслэн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Ч.Б-ыг Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлаар, 3 дугаар сургуулийн захирал Г.Бадамхатанг 4 дүгээр сургуулийн захирлаар, 4 дүгээр сургуулийн захирал Б.Буянтогтохыг 2 дугаар сургуулийн захирлаар, 6 дугаар сургуулийн захирал Х.Оршихыг 3 дугаар сургуулийн захирлаар тус тус 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.

7. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийг баримтлан сургуулийн захирлуудыг хооронд нь сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт  “Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гээд мөн зүйлийн 59.1.1-т ажлын ачааллыг тэнцүүлэх; 59.1.2-т  тодорхой ажлын байранд ажиллуулахаар бэлтгэх, мэргэшүүлэх; 59.1.3-т хэд хэдэн ажлын байранд ажиллах чадвар эзэмшүүлэх; 59.1.4-т нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх үндэслэлүүдийг тусгасан байна.

8. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ажил олгогчоос сэлгэн ажиллуулах шийдвэрийг гаргахдаа ажилтантай тохиролцсон байхаас гадна сэлгэн ажиллуулах үндэслэлийн талаар тодорхойлж “аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд” сэлгэн ажиллуулахаар байна.

Нэхэмжлэгч нь Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байхдаа  2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 201 дугаар албан бичгээр сэлгэн ажиллах боломжгүй талаар хариу тайлбарыг Улаангом сумын Засаг даргад хүргүүлсэн байх тул ажил олгогч, ажилтантай харилцан тохиролцсон гэж үзэхгүй.

Боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Боловсролын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг боловсролын байгууллага гэнэ”, 14 дүгээр зүйлийн 14.1-т “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор байна” гэж заасан бөгөөд ерөнхий боловсролын сургууль нь өөрөө бие даасан хуулийн этгээд байна.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий боловсролын сургуулиуд нь нэг аж ахуйн нэгж, байгууллага болон нэгнийхээ харьяа нэгж, салбар биш юм.

9. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч Ч.Б-ыг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан журамд нийцээгүй, нэхэмжлэгчийн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

10. Хариуцагчаас дотуур байртай сургуулийг Ч.Б нь удирдаж ажиллаж чадахгүй, үйлчилгээний ажилтнуудаас нь гомдол санал хэлж байсан гэсэн үндэслэлээр сэлгэн ажиллуулах шийдвэр гаргасан гэж тайлбарласан ба тайлбарын агуулга болоод сэлгэн ажиллуулах шийдвэрт хугацаа заагаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар сэлгэн ажиллуулах шийдвэр гарах боломжгүй зохицуулалттай зэргээс дүгнэвэл нэхэмжлэгч Ч.Б-ыг  Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч нь Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

11. Ажил олгогчоос ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотой зөрчил гаргасан гэж үзвэл холбогдох хууль,журамд заасны дагуу хариуцлага тооцох зохицуулалттай ба хариуцагчаас “нэхэмжлэгч дотуур байртай сургуулийг  удирдаж ажиллаж чадахгүй, үйлчилгээний ажилтнуудаас нь гомдол санал хэлж байсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь алдаатай шийдвэр болжээ.

12. Иймд нэхэмжлэгчийн “сэлгэн ажиллуулахдаа аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын санал аваагүй, сэлгэн ажиллах талаар харилцан тохиролцоогүй, Хөдөлмөрийн хуулийн 59 дүгээр зүйлийн хэддүгээр заалтыг баримталж гаргасан нь тодорхойгүй” гэх тайлбар үндэслэлтэй болно.

13. Хариуцагчийн ажлын алба болох Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн захирлуудыг сэлгэн ажиллуулахтай холбоотой саналаа ирүүлэхийг мэдэгдсэний дагуу Ч.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 201 дугаартай албан бичгээр сэлгэн ажиллах боломжгүй үндэслэлүүдийн талаар саналаа хүргүүлсэн байх тул нэхэмжлэгчээс тухайн маргаан бүхий акт гарахтай холбоотой тайлбар,саналаа гаргасан гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн “сонсох ажиллагааг явуулахад тайлбар санал гаргах боломжоор хангаагүй” гэх тайлбар үндэслэлгүй болно.

14. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “албадан хөдөлмөрлүүлэх гэж аливаа торгууль,шийтгэл ногдуулахаар айлган сүрдүүлэх,хүч хэрэглэх,хүч хэрэглэхээр заналхийлэх замаар хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг ажил, үйлчилгээ эрхлүүлэхийг ойлгоно”, мөн зүйлийн 8.4 дэх хэсэгт “хүнийг албадан хөдөлмөрлүүлсэн этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан ба нэхэмжлэгчээс “хариуцагчийн шийдвэр нь албадан хөдөлмөр эрхлүүлсэн” гэх тайлбар гаргасан нь холбогдох баримтаар тогтоогдоогүй тул хүлээн авах үндэслэлгүй байна.

15. Дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/390 дугаартай захирамжийн Ч.Бод холбогдох хэсгийг хүчингүй болгон, Ч.Б-ыг урьд эрхэлж байсан Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй.

16. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Улаангом сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж  Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/390 дугаар захирамжийн Ч.Бод холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ч.Б-ыг Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бод олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.АЛТАНЦЭЦЭГ