Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2017/0439/З |
Дугаар | 71 |
Огноо | 2018-02-12 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 71
М Ү и с, У п к-ийн нэхэмжлэлтэй,
Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч,
Х.Батсүрэн,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох.
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/88 дугаар, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаар тушаалуудын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0665 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0786 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: М Ү и с-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,
Нэхэмжлэгч: У п к-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, өмгөөлөгч Т.М,
Хариуцагч: Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Р, Ч.Г, О.Б нар.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, О.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0665 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М Ү и с, У п к-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/88 дугаар, мөн сайдын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0786 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 665 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. “...Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн үндэслэл бүхий шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон. Үүнд:
4. Маргаан бүхий захиргааны акт буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаал гарахдаа анхнаасаа координатын цэггүй байсан, мөн сайдын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаар тушаал хавсралт бүхий координатын цэгүүд нь тодорхойгүй байсан учраас нэхэмжлэгч нар 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр газар дээр үзлэг хийлгэж, А/88, А/128 дугаар тушаалуудаар хэсэгчлэн цуцалсан 3 га газрын координатын цэгүүдийг тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр шүүхээс үзлэг хийхэд хариуцагчийн төлөөлөгч Ч.Гал, О.Батсайхан нар оролцсон бөгөөд маргаан бүхий газрын эргэлтийн цэгүүд тодорхойгүй байсан тул тэднээр заалгаж байсан баримт хавтаст хэрэгт бий. Энэ нь тушаалууд анх гарахдаа хууль ёсны шаардлага хангасан байдлаар гараагүйн нотолгоо болно.
5. Гэтэл давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдаагүй, зураг тэмдэглэгээгүй гарсан тушаалын талаар хариуцагчийн төлөөлөгчөөс амаар асуугаад “зураг байлгүй яахав” гэсэн үгэнд нь итгэн хэргийг буцааж, хуурамчаар дахин зураг нөхөн хийх боломжийг олгож, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна. Хэрэг олон сараар сунжирч байхад зураг тэмдэглэгээ байсан бол тэд авчрах л байсан. Бодит байдал дээр шууд булаах шийдвэр гаргасан сайдын тушаалд координат тэмдэглэгээг хийж хавсаргаагүй байсан талаар нэхэмжлэгч бид шат шатанд нь тайлбарлаж яваа.
6. Давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэгч нарын ашиглаж байсан газрын аль хэсэгт 264 машины авто зогсоол, аль хэсэгт нь бусад цогцолбор байгууламж баригдах болон баригдсан нь тодорхойгүй, энэ талаарх баримтууд авагдаагүй байхад маргаан бүхий тушаалууд нь нэхэмжлэгч нарын газар ашиглах эрхийг зөрчсөн эсэхэд шүүх дүгнэлт хийх боломжгүй байна... гэжээ. Нэхэмжлэлийн шаардлага бол БОАЖСайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/88 дугаар, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаар тушаалуудын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай байгаа. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, хариуцагчийн тайлбарт ороогдон уг тушаалуудын эрх зүйн үндэслэлд бус, харин хариуцагчийн тайлбарлаж байгаа зам, талбайд анхаарлаа хандуулан “хаагуур барилга байгууламж явах нь тодорхойгүй” гэж дүгнэсэн. Эрх зүйн актын хувьд тавигдах ёстой шаардлагаа хангаагүй нь илт тодорхой байхад байхгүй баримтад ач холбогдол өгч хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан.
7. Хариуцагч талаас анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын газрын кадастрын зургийг удаа дараа шаардахад гаргаж өгөөгүй, өөр баримтууд л өгөөд байсан. Хэрэг шийдвэрлэгдэх хүртэл хэдэн сарын хугацаанд тушаалын хавсралт координатуудаа өгөхгүй л байсан. Тэр ч бүү хэл 1.1 га газарт авто зогсоол барьсан уу, 1.9 га газарт барихаар цуцалсан уу гэсэн асуудлуудыг тавьсан. Газрын хэмжээ хэд байх нь хамаагүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гарсан уу. Захиргааны акт нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байж чадсан уу гэдэгт анхаарах ёстой байсан гэж үзэж байна.
8. Түүнчлэн А/88 дугаар тушаалаар нэхэмжлэгч нарын эзэмшлийн газраас хассан хэмжээ нь А/128 дугаар тушаалд давхар орсон бол А/88 дугаар тушаалаа хүчингүй болгох ёстой байсан. Гэтэл аль алинаар буюу 2 тушаалаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхэнд бүдүүлгээр халдсан гэж харагдахаар байгаа. Өөрсдийн гаргасан тушаалын үндэслэлээ тайлбарлаж, хууль ёсны дагуу бүрдүүлж чадахгүй байгаа хариуцагчийн үйлдлийг дэмжин, зөвтгөн засуулах хугацаа өгч байна гэж үзэж байна. Төрийн ажил, нийтийн эрх ашиг гэж наанаа ярьж байгаа ч цаанаа өөрсдийнх нь хувийн эрх ашиг яваа нь нууц биш. Зам тавих нэрээр тендерт заагдсан талбайгаас илүү хэмжээний талбайг ямар ч үндэслэлгүйгээр хүчингүй болгож, дээр нь сургуулиудын материаллаг бааз болгон тарьсан байсан амьд моднуудыг хуулж хаян, ихээхэн хэмжээний хохирол учруулсан.
9. Аялал жуулчлалын зам барихын тулд Нийслэлийн авто замын хөгжлийн газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан албан бичиг хавтаст хэрэгт байгаа бөгөөд уг бичигт зогсоолын нийт талбай 1.1 га газар байна гэсэн байхад ямар үндэслэлээр нийт 3.0 га газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь тодорхойгүй байдаг.
10. Анхан шатны шүүхээс эдгээр баримтыг шаардан хариуцагч талд амаар болон бичгээр шүүх хурал хойшлох бүрт удаа дараа мэдэгдэж байсан боловч гаргаж өгөөгүй учраас шүүх Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас хүртэл баримт шаардаж байсан албан бичгүүд хавтаст хэрэгт олон байгаа. Хариуцагч талд эдгээр баримтууд байгаагүй учраас л гаргаж өгөхгүй байсаар шүүх хурал хийгдсэн. Хариуцагч талаас “бид газраа мэдэж байна. Төрийн өмчийг буцаан авах эрхтэй” гэж яриад байгаа боловч Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн заалтуудыг огт баримтлаагүй.
11. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу газар ашиглах эрх олгох, цуцлах эрх зөвхөн “Төрийн захиргааны төв байгууллага”-д олгогдсон бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу Байгаль орчин аялал жуулчлалын сайд “Захиргааны актыг батлан гаргахын өмнө буюу “маргаан бүхий 2 тушаал”-ыг гаргахаасаа өмнө “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй” гэж үзэх үндэслэлтэй “М Ү и с”, “У п к” зэрэг сургуулиудад захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбарлан санал гаргах боломж “олгоогүй” бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас “Сонсох ажиллагаа явуулсан” гэх нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй.
12. Түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгч нарт хүргүүлсэн гэх “Мэдэгдэл” нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан мэдээллийг агуулаагүй байснаас гадна цаг хугацааны хувьд “М Ү и с”, “У п к” зэрэг сургуулиудын газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр гарсны дараа ирсэн байдаг бөгөөд түүнийгээ нэхэмжлэгч талыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдэд бус харин өөр аж ахуйн нэгж, байгууллагын жижүүр, хамгаалалтын ажилтнуудад нь орхин явсан учраас уг мэдэгдэлд хуулиар тухайлан заасан буюу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан мэдээллийг тусгаагүй тул маргаан бүхий захиргааны актуудтай холбоотой сонсох ажиллагааг хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
13. Хариуцагч тал маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т нарийвчлан, тодорхой нэрлэн зааж тусгасан “урьдчилан тохирох, тодорхой хугацаатайгаар эсхүл шаардлага арилтал, төлбөртэй эсхүл төлбөргүй” гэсэн хууль зүйн үндэслэл, нөхцөлүүдийн талаар “М Ү и с” болон “У п к”-той харилцан тохиролцоо хийгээгүйгээс гадна шүүх Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалт нь “газар ашиглах эрхийг цуцлах харилцааг зохицуулаагүй” гэж дүгнэсэн.
14. Эцэст нь хэлэхэд маргаан бүхий газар дээр зам барих ажлыг эхлэхээр А/88 дугаар тушаал гарсны дараа очиж уулзан “хамтран ажиллая” гэсэн нэхэмжлэгч нарын саналыг хүлээн авалгүй шууд А/128 дугаар тушаалыг нэмж гарган хууль зүйн үндэслэлгүй ажилласан.
15. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0786 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг хуулиар хамгаалж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
16. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасантай нийцжээ.
17. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалаар Монголын үндэсний их сургуулийн газраас 4719.4 м.кв газрыг, У п к-ийн газраас 6567.5 м.кв газрыг тус тус хэсэгчлэн цуцалж, мөн сайдын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаар тушаалаар У п к-д олгосон 12.7 га газраас 4155 м.кв газрыг, М Ү и с-д олгосон 15.5 га газраас 8522 м.кв газрыг, мөн нэмж олгосон 10 га газраас 6716 га газрыг тус тус цуцлаж, нийт 1.9 га газрыг нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд олгохоор шийдвэрлэсэн байна.
18. Нэхэмжлэгч М Ү и с, У п к нь Байгаль орчин, аялал жуучлалын сайдын дээрх А/88, А/128 дугаар тушаалуудын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...газар ашиглах эрх дуусгавар болох, газар чөлөөлөх үндэслэл бий болоогүй байхад “Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтыг дэмжих” гэсэн үндэслэлээр тус сургуулиудын газраас 3 га газрыг хэсэгчлэн цуцалж, манай сургуулийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна” гэж тайлбарлан маргажээ.
19. Давж заалдах шатны шүүхийн “...маргаж буй тушаалуудаар нэхэмжлэгч нарын ашиглаж байсан газрын аль хэсэгт 264 машины авто зогсоол, аль хэсэгт бусад цогцолбор байгууламж баригдах болон баригдсан нь тодорхойгүй, энэ талаарх баримтууд хэрэгт авагдаагүй байхад маргаан бүхий тушаалууд нь нэхэмжлэгч нарын газар ашиглах эрхийг зөрчсөн эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна ...” гэж дүгнэн, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
20. Учир нь, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/116, А/189 дүгээр тушаалаар нэхэмжлэгч М Ү и с, У п к-д олгогдсон газраас маргаан бүхий захиргааны актуудаар 3 га газрыг хэсэгчлэн цуцалж шийдвэрлэсэн байх боловч эдгээр хэсэгчлэн цуцалсан газрын байршил тодорхойгүй буюу газрын кадастрын зураг, солбилцлыг тэмдэгжүүлж, цуцлагдсан газрын давхцлыг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй, мөн бүтээн байгуулалтын ажил хийгдсэн болон цаашид хийгдэх газар нь нэхэмжлэгч сургуулиудын ашиглаж буй газрын хаана байрлаж, хэрхэн давхцаж байгааг нотолсон баримт хэрэгт байхгүй байна.
21. Түүнчлэн хариуцагчаас маргаан бүхий захиргааны актуудын үндэслэлийг “Улаанбаатар хотын иргэдийн ая тухтай амрах зугаалах нөхцөлийг хангах автомашины болон дугуйн зогсоол, нийтийн бие засах газар, хог хаягдлын нэгдсэн цэг, үйлчилгээний төв бүхий цогцолбор барих болон цагдаа, онцгой байдал, түргэн тусламж зэрэг шуурхай албаны автомашин саадгүй нэвтрэх авто замын дэд бүтцийг барьж байгуулах зорилготой” гэж тайлбарлаж буй боловч хуульд заасан нийгмийн зайлшгүй хэрэгцээ шаардлага бий болж, бүтээн байгуулалт хийхээр газрыг хэсэгчлэн цуцалсан үндэслэлийн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
22. Иймд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үндэслэл болсон хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг бүрэн хэрэгжүүлж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл болон маргаан бүхий актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай болно.
23. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0786 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА