| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2021/00945/И |
| Дугаар | 151/ШШ2022/01222 |
| Огноо | 2022-11-02 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 151/ШШ2022/01222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Болорхүү,
Нэхэмжлэгч: С.Г,
Нэхэмжлэгч: Д.Г,
Нэхэмжлэгч: Д.Б,
Нэхэмжлэгч: Х.Б,
Нэхэмжлэгч: Б.Э нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Э” ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт нийт 88,851,198 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Б,
Нэхэмжлэгч Б.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,
Нэхэмжлэгч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,
Хариуцагч ... итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
Миний бие “Э” ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрүүдэд 2 удаа хөлсөөр ажиллах гэрээг сарын 12,000,000 төгрөгөөр тохиролцож бичгээр гэрээ байгуулж ажилласан. Ажиллах хугацаанд өөрийн эзэмшлийн өөрөө буулгагч .... улсын дугаартай тээврийн хэрэгслээр шороо зөөвөрлөх ажил үүргийг зохих ёсоор биечлэн гүйцэтгэсэн. Ажлын сүүлийн саруудын хөлсийг хариуцагч талаас төлөөгүй ба үүргээ биелүүлэхийг шаардахад хөлс төлөх үүргээ биелүүлнэ гэж амаар хэлж, бичгээр 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 01/267-5 дугаартай мэдэгдэл өгсөн. Хариуцагч “Э” ХХК-ны ерөнхий нягтлан бодогч Б.М-тай 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлэхэд нийт 31,793,201 төгрөгийн ажлын хөлсийг авах үлдэгдэлтэй, хариуцагч тал төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд ажлын үлдэгдэл хөлс нийт 31,793,201 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-иас гаргуулж, хэргийг миний эзгүйд шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
Миний бие “Э” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээг бичгээр байгуулж, өөрийн эзэмшлийн ................. улсын дугаартай тээврийн хэрэгслээр шороо зөөвөрлөх ажил үүргийг зохих ёсоор биечлэн гүйцэтгэсэн. Ажлын сүүлийн саруудын хөлсийг хариуцагч талаас төлөөгүй, хөлс төлөх үүргээ биелүүлнэ гэж удаа дараа амаар хэлж, бичгээр 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/261-1 дугаартай мэдэгдлийг өгсөн. Хариуцагч “Э” ХХК-ны ерөнхий нягтлан бодогч Б.М-тай 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тооцоо нийлэхэд нийт 10,824,500 төгрөгийн ажил хийсэн хөлсийг авах үлдэгдэлтэй, хариуцагч тал төлнө гэдэг боловч өнөөдрийг төлөөгүй байна. Иймд ажлын үлдэгдэл хөлс 10,824,500 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-аас гаргуулж, хэргийг миний эзгүйд шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие “Э” ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 05-аас 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал сарын 12,000,000 төгрөгөөр тохиролцож, өөрийн эзэмшлийн өөрөө буулгагч ..... улсын дугаартай тээврийн хэрэгслээр шороо зөөвөрлөх ажил үүргийг зохих ёсоор биечлэн гүйцэтгэсэн. Ажиллах хугацаандаа нийт 32,000,000 төгрөгийн хөлсийг хариуцагч талаас авсан. Ажлын хөлсний үлдэгдэл 9,800,000 төгрөгийг “Э” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа 3,300,000 төгрөгөөр багасгаж байна. Иймд хариуцагч “Э” ХХК-иас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 6,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв .
Нэхэмжлэгч Д.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
Д.Г нь “Э” ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр техник түрээсээр ажиллуулах гэрээг бичгээр байгуулан, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуустал сарын 12,000,000 төгрөгөөр тохиролцож, өөрийн эзэмшлийн өөрөө буулгагч ........... улсын дугаартай тээврийн хэрэгслээр шороо зөөвөрлөх ажил үүргийг зохих ёсоор биечлэн гүйцэтгэсэн. Хариуцагч талтай 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлсний дагуу ажлын хөлс 12,663,697 төгрөгийг “Э” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа 5,663,697 төгрөгөөр багасгаж байна. Иймд хариуцагч “Э” ХХК-иас гэрээний үүрэгт 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Б нь “Э” ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр техник түрээсээр ажиллуулах гэрээг бичгээр байгуулан, 2018 оны 04 дүгээр сарын 07-оос 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг дуустал сарын 12,000,000 төгрөгөөр тохиролцож, өөрийн эзэмшлийн өөрөө буулгагч ......... улсын дугаартай тээврийн хэрэгслээр шороо зөөвөрлөх ажил үүргийг зохих ёсоор биечлэн гүйцэтгэсэн. Ажлын хөлсний үлдэгдэл 4,000,000 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн. Одоо нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 800,000 төгрөгөөр багасгаж байна. Иймд хариуцагч “Э” ХХК-иас гэрээний үүрэгт 3,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Б.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Э нь “Э” ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээг байгуулж, сарын 12,000,000 төгрөгөөр тохиролцож бичгээр гэрээ байгуулж ажилласан. Ажиллах хугацаанд өөрийн эзэмшлийн өөрөө буулгагч ..... улсын дугаартай тээврийн хэрэгслээр шороо зөөвөрлөх ажил үүргийг зохих ёсоор биечлэн гүйцэтгэсэн. Ажлын сүүлийн сарууд буюу 8 дугаар сарын 7,674,942 төгрөг, 9 дүгээр сарын 8,282,828 төгрөг, 10 дугаар сарын 3,813,332 төгрөгийн хөлсийг хариуцагч талаас төлөөгүй ба үүргээ биелүүлэхийг шаардахад хөлс төлөх үүргээ биелүүлнэ гэж амаар хэлж, бичгээр 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 01/267 дугаартай мэдэгдэл өгсөн. Хариуцагч “Э” ХХК-ны ерөнхий нягтлан бодогч Б.М-тай 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн дүү Б.Э би уулзаж, тооцоо нийлэхэд нийт 19,771,100 төгрөгийн ажлын хөлсийг авах үлдэгдэлтэй гэж гараар тооцоо бичиж, гарын үсэг зурж өгсөн. Хариуцагч тал төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд ажлын үлдэгдэл хөлс нийт 19,771,100 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч С.Г-ийн нэхэмжлэлийн шаардлага 10,824,500 төгрөг, нэхэмжлэгч Х.Б-ын нэхэмжлэлийн шаардлага 31,793,201 төгрөг, нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн багасгасан шаардлага 3,200,000 төгрөг, нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийн багасгасан шаардлага 7,000,000 төгрөг, нэхэмжлэгч Д.Б-ны нэхэмжлэлийн багасгасан шаардлага 6,500,000 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Эдгээр төлбөрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч тус бүрт 1,000,000 – 1,500,000 төгрөгийг төлнө, үлдэх төлбөрийг 2023 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн дотор төлж барагдуулна. Компанийн үйл ажиллагаа зогссон, хөрөнгийн байдал нь сайнгүй байгаа тул ийм байдлаар төлбөрийг төлж дуусгахаар дээрх нэхэмжлэгч нартай ярилцаж тохиролцсон.
Харин нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь 2018 онд ............ -д ажил гүйцэтгэх явцад нэхэмжлэгч нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Ажил гүйцэтгэх явцад хөрсний нуралт үүссэний улмаас компани үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, улмаар үйл ажиллагаа зогссон. Нэхэмжлэгч нарын тухайд төлбөрийн үлдэгдэлтэй байсан хүмүүс нь цагийн бүртгэлээ аваад явсан. Нэхэмжлэгч Б.Э-ын хувьд тооцоо нийлээгүй, сүүлд дүү нь тооцоо нийлсэн гэж байгаа боловч энэ талаар баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тухайн нотлох баримтын эх хувь нь компанид байхгүй. Компанийн зүгээс гэрээний төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар төлсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримтаар гаргаж өгч буй дансны хуулга нь төлбөрийн үлдэгдэлтэй болохыг нотолж чадахгүй юм. Мөн компани дээр ирж уулзаагүй, холбогдоогүй байж компанийн зүгээс тооцоо нийлэх талаар холбогдсонгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. “Э” ХХК-ийн зүгээс шүүх хуралдааныг удаашруулаагүй. Иймд Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч Б.Б нь 4,000,000 төгрөг, нэхэмжлэгч С.Г нь 10,824,500 төгрөг,
нэхэмжлэгч Х.Б нь 31,793,201 төгрөг,
нэхэмжлэгч Д.Г нь 12,663,697 төгрөг,
нэхэмжлэгч Д.Б нь 9,800,000 төгрөг,
нэхэмжлэгч Б.Э нь 19,771,100 төгрөг тус тус гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа 800,000 төгрөгөөр багасгаж, “Э” ХХК-иас 3,200,000 төгрөг гаргуулахаар,
нэхэмжлэгч Д.Г нь нэхэмжлэлийн шаардлагаа 5,663,697 төгрөгөөр багасгаж, 7,000,000 төгрөг гаргуулахаар,
нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа 3,300,000 төгрөгөөр багасгаж, 6,500,000 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулахаар шаардаж байна.
Нэхэмжлэгч Б.Б, С.Г, Д.Г, Д.Б, Х.Б, Б.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
1. С.Г, Х.Б нарын шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч С.Г нь 10,824,500 төгрөгийг, нэхэмжлэгч Х.Б нь 31,793,201 төгрөгийг тус тус “Э” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн.
Нэхэмжлэгч С.Г, Х.Б нар нь “Э” ХХК-тай гэрээ байгуулж, тус компанийн алтны уурхайд өөрсдийн ачааны автомашинаар шороо зөөж ажиллахаар, хариуцагч “Э” ХХК нь ажлын хөлсөнд 1 машинд 1 сард 12.000.000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, “Ажил гүйцэтгэх гэрээ” зэрэг баримтаар тогтоогдож байна.
Гэрээг хэрхэн нэрлэснээс үл хамааран талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 359-р зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний шаардлагад нийцсэн, зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “..нэхэмжлэгч С.Г, Х.Б нартай компанийн зүгээс тооцоо нийлж, тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн. Иймд эдгээр нэхэмжлэгчдийн хувьд маргах зүйлгүй” гэсэн тайлбар гаргаж, С.Г, Х.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаангүй байна.
Иймд нэхэмжлэгч С.Г, Х.Б болон “Э” ХХК-ийн хооронд гэрээ байгуулсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийх шаардлагагүй, нэхэмжлэгч С.Г, Х.Батболд нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Б.Б, Д.Г, Д.Б нарын шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Бнь “Э” ХХК-д холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3,200,000 төгрөг гаргуулахаар,
нэхэмжлэгч Д.Г нь “Э” ХХК-д холбогдуулан 12,663,697 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 7,000,000 төгрөг гаргуулахаар,
нэхэмжлэгч Д.Б нь “Э” ХХК-д холбогдуулан 9,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 6,500,000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилсэн.
Нэхэмжлэгч Б.Б, Д.Г, Д.Б нар нь “Э” ХХК-тай гэрээ байгуулж, тус компанийн алтны уурхайд өөрсдийн ачааны автомашинаар шороо зөөж ажиллахаар, хариуцагч “Э” ХХК нь ажлын хөлсөнд 1 автомашинд 1 сард 12.000.000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, “Ажил гүйцэтгэх гэрээ” зэрэг баримтаар тогтоогдож байна.
Гэрээг хэрхэн нэрлэснээс үл хамааран талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 359-р зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний шаардлагад нийцсэн, зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Б.Б, Д.Г, Д.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөхийг хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаангүй байна.
Иймд талуудын хооронд гэрээ байгуулсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийх шаардлагагүй байна.
Нэхэмжлэгч Б.Б, Д.Г, Д.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
3. Б.Э-ын шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан 19,771,100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “.. Э ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлсийг сарын 12,000,000 төгрөгөөр тохиролцож ажилласан. Ажиллах хугацаанд өөрийн эзэмшлийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслээр шороо зөөвөрлөх ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажлын сүүлийн сарууд буюу 08 сард 7,674,942 төгрөг, 09 сард 8,282,828 төгрөг, 10 сард 3,813,332 төгрөгийн хөлсийг хариуцагч талаас төлөөгүй. Удаа дараа шаардахад өгнө гэдэг боловч өгөөгүй.
“Э” ХХК-ны ерөнхий нягтлан бодогч Б.М-тай 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Э би уулзаж, тооцоо нийлэхэд нийт 19,771,100 төгрөгийн ажлын хөлсийг авах үлдэгдэлтэй гэж гараар тооцоо бичиж, гарын үсэг зурж өгсөн. Иймд ажлын хөлс 19,771,100 төгрөгийг “Э” ХХК-аас гаргуулна” гэж тодорхойлсон.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ “ .. нэхэмжлэгч Б.Э-ын хувьд тооцоо нийлээгүй, сүүлд дүү нь тооцоо нийлсэн гэж байгаа боловч энэ талаарх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Тухайн нотлох баримтын эх хувь нь компанид байхгүй. Компанийн зүгээс Б.Э-т гэрээний төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар бүрэн төлсөн. Компани дээр ирж уулзаагүй, холбогдоогүй байж компанийн зүгээс тооцоо нийлэх талаар холбогдсонгүй гэж байгаа нь үндэслэлгүй” гэж тодорхойлсон.
Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Э нь 2018 оны 07 дугаар сарын 01-ны өдөр “Э ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, тус компанийн алтны уурхайд өөрийн өмчлөлийн ачааны автомашинаар шороо зөөж ажиллахаар, хариуцагч “Э” ХХК нь ажлын хөлсөнд 1 сард 12.000.000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, “Ажил гүйцэтгэх гэрээ” зэрэг баримтаар тогтоогдож байна.
Гэрээг хэрхэн нэрлэснээс үл хамааран талуудын хооронд байгуулсан дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 359-р зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний шаардлагад нийцсэн, зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Тухайлбал нэхэмжлэгч Б.Э нь хариуцагчийн алтны уурхайд ачааны автомашинаар шороо зөөх, уурхайн олборлолт хийдэг усан бууг шороогоор тасралтгүй хангаж байх үүргийг хариуцагчийн өмнө хүлээсэн, харин хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэгчид хөлс төлөх үүрэг хүлээсэн зэргээс үзвэл нэхэмжлэгчийн хийх ажил үүрэг нь тодорхой хугацааны туршид, дахин давтагдах шинжтэй, энэ үйлчилгээг нь хариуцагч чөлөөтэй удирдан чиглүүлэх боломжтой байсан байна.
Мөн нэхэмжлэгч нь уурхайн олборлолт хийдэг усан бууг шороогоор тасралтгүй хангаж байх үүрэг хүлээснээс бус тухайн шорооноос үнэт металл гарах эсэхийг хариуцаагүй буюу ажлын эцсийн үр дүнг хариуцаагүй байна.
Нэхэмжлэгчийн гүйцэтгэх ёстой үүргийн агуулга нь тоо болон чанарын ямар нэгэн шаардлагыг хангасан ажлын үр дүн байгаагүй тул эдгээр шинжээр зохигчдын хооронд хийгдсэн гэрээ Иргэний хуулийн 359-р зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний шаардлагад нийцсэн гэж үзэв.
Иргэний хуулийн 359-р зүйлийн 359.1-д: Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, гэж зааснаар нэхэмжлэгч Б.Э нь хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй, хариуцагч “Э” ХХК нь гэрээгээр тохирсон хөлсийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч Б.Э нь өөрийн өмчлөлийн ..... дугаартай, .... маркийн ачааны автомашинаар хариуцагч “Э” ХХК-ийн алтны уурхайд 2018 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд уурхайн шороо зөөж ажилласан болох нь тогтоогдож байх ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “ .. төлбөрийн үлдэгдэлтэй байсан хүмүүс цагийн бүртгэлээ аваад явсан. Нэхэмжлэгч Б.Э-ын хувьд тооцоо нийлээгүй, сүүлд дүү нь тооцоо нийлсэн гэж байгаа боловч энэ талаар баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Тухайн баримтын эх хувь нь компанид байхгүй. Компанийн зүгээс гэрээний төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар Б.Э-т төлсөн” гэж тайлбарлаж, компани хөлс төлөх үүргээ биелүүлсэн гэж маргаж байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй.
Хэрэгт авагдсан Б.Э-ын эзэмшлийн .... маркийн, .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн уурхайд ажилласан цагийн бүртгэлээс үзвэл уг автомашин 2018 оны 07 дугаар сард 322.5 цаг, 2018 оны 08 дугаар сард 452 цаг, 2018 оны 09 дүгээр сард 481 цаг, 2018 оны 10 дугаар сард 212 цаг ажилласан болох нь тогтоогдож байна. /1-р хх-37-42/
Тодруулбал нэхэмжлэгч Б.Э нь гэрээгээр тохиролцсон ажил үйлчилгээг бүрэн гүйцэтгэсэн болох нь дээрх ажилласан цагийн бүртгэл болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Харин хариуцагч “Э” ХХК нь Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж байх боловч өөрийн татгалзлын үндэслэлийг нотлоогүй, энэ талаарх нотлох баримтыг хэрэгт гарган өгөөгүй байна.
“Э” ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 01/267 дугаартай албан бичгээр “.. компанид үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг ойлгож, төлбөр төлөх хугацааг ирэх оны хавар хүртэл хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэх мэдэгдлийг нэхэмжлэгч Б.Э-т хүргүүлж байсан байдал,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлгийн өмнө “.. манай байгууллагын хувьд нэхэмжлэгч Б.Э-т 17,000,000 төгрөг төлөхөөр эвлэрэх боломжтой” гэсэн тайлбар гаргасан зэргээс үзвэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Э-т гэрээгээр тохирсон ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. /1-р хх-15 /
Хариуцагч “Э” ХХК-ийн нягтлан бодогч Ч.Э, ахлах нягтлан бодогч Б.М нараас нэхэмжлэгч Б.Э-ын дүү Б.Э-тай 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тооцоо нийлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг дурьдах нь зүйтэй. /1-р хх-42/
Иймд эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б, С.Г, Д.Г, Д.Билэгтсайхан, Х.Б, Б.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч “Э” ХХК-аас нийт 79,088,801 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Г-т 10,824,500 төгрөгийг, нэхэмжлэгч Х.Б-д 31,793,201 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Б-д 3,200,000 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Г-д 7,000,000 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Б-д 6,500,000 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Э-т 19,771,100 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 602,206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э" ХХК-аас 553,394 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч “Э” ХХК-аас нийт 79,088,801 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Г-т 10,824,500 төгрөгийг, нэхэмжлэгч Х.Б-д 31,793,201 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Б-д 3,200,000 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Г-д 7,000,000 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Б-д 6,500,000 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Э-т 19,771,100 төгрөгийг тус тус олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 602,206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-аас 553,394 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН