Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 151/ШШ2023/00103

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Д.М-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Ч.М-д холбогдох,

Гэрээний үүрэгт 2,300,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.М,

Хариуцагч Ч.М,

Нарийн бичгийн дарга Г.Б.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Миний бие Д.М 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ч.М-оос ... маркийн тээврийн хэрэгслийг худалдан авахаар болж, урьдчилгаа 3,000,000 төгрөгийг “Х банк” ХХК-ийн ... тоот данс руу шилжүүлсэн. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр автомашинаа үзээд авах болоход рам нь хазайсан, моторын тос гоожсон, бүх газраар нь тос шүүрсэн, тачигнасан дуутай, эвдэрхий муу автомашин байсан тул худалдаж аваагүй. Бид түлшний зардлыг хувааж гаргахаар тохиролцсон. Би Ч.М-д тэжээл захисан боловч 9 шуудай тэжээлийг замдаа хаясан, мөн мөнгийг нь дутуу өгсөн. Түлшний зардлыг 100 кмт 10 л түлшээр тохирсон. Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг хүртэл 600 км, 1 л түлшийг 3850 төгрөгөөр тооцоход 231,000 төгрөг болж байсан. Энэ нэг талын шатахууны зардлыг би төлөх нь үнэн. Тэр дагуулж ирсэн найздаа автомашины наймаа тохироогүй болмогц жолооч хөлсөлсөн гэж байна. Түүнээс би чи автомашин барихад асуудалгүй биз дээ гэж асууж тохирсон. Ч.М нь асуудалгүй эхнэрээ ханьтай авч гарлаа гэж хэлсэн. Харин хөлсний жолооч 500,000 төгрөг гэх асуудлыг мэдэхгүй байна. Ч.М нь найз гэх Б-ын залуугийн хамаатны гэрийг нь ачиж хүргэж ирсэн байсан. Миний захисан 30 шуудай хивэг, тэжээлээс 9 шуудайг хаяж, 20,000 төгрөг дутуу өгсөн. Тэгээд тэжээлээ би зах дээр бөөндөж байх хооронд намайг орхиж зугтаасан би автомашин хөлсөлж, гэр буулгасан айлд нь очсон. Түүнчлэн наймаа бүтэхгүй болж буцсан. Мөн Г аймгаас ирэхэд 78,000 төгрөг, хоолны зардал 26,500 төгрөгийг зарцуулсан. Ч.М урьдчилгаа мөнгийг 2 хоногийн дараа өгнө гэж автомашины гэрчилгээг үлдээгээд явсан. Түүнээс хойш 1 сар өнгөрөхөд мөнгө өгөхгүй байгаа бөгөөд утсаар ярихад хэл амаар доромжилж нэр хүндэд халдсан. Би шатахууны зардлыг хувааж төлөхөөр тохирсон бөгөөд 231,000 төгрөгийг төлнө. Иймд Ч.М-оос 2,300,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 51,750 төгрөг, нийт 2,351,750 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Одоо Ч.М-оос 2,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 351,750 төгрөгөөр багасгаж байна гэв.

Хариуцагч Ч.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Ч.М миний бие өөрийн fасеbook хуудсанд кай вонго портер маркийн тээврийн хэрэгсэл зарахаар зарлал нийтэлсэн. Зарын дагуу Д.М гэх хүн над руу залгаж автомашины үнийг асууж, 7,500,000 төгрөг гэж хэлэхэд та жоохон буулгачих гээд байхаар 7,300,000 төгрөг болгосон. Д.М нь миний автомашиныг авахаар тохиролцож, би Г аймаг байгаа тул та автомашинаа унаад хүрээд ир хоёулаа Баянхонгор аймаг уулзъя шатахууны зардлыг дундаасаа хувааж төлье, очиж авах гэхээр арай холдоод байна гэж надад хэлсэн. Би өөрөө жолоо барилгүй 500,000 төгрөгөөр жолооч хөлсөж автомашинаа жолоодуулсан. Жолоочийн зардлыг 300,000 төгрөгийн дансаар 200,000 төгрөгийн бэлнээр өгсөн. Б луу явахад шатахууны зардал 600,000 төгрөг, мөн У хот руу явахдаа 140,000 төгрөгөөр шатахуун хийж, нийт шатахууны зардал 740,000 төгрөг болсон. Мөн замын хоолны зардалд 147,000 төгрөг зарцуулсан бөгөөд хувааж төлнө гэсэн боловч төлөөгүй. Холын замд гарч байгаа тул автомашиндаа запас дугуй, манел машины гоёл худалдаж авсан. Тэгээд би автомашинаа барьж очиход хотоос захисан хивгийг зах руу очоод бөөндөж худалдаж, хот руу явмаар байна гэж хэлсэн. Тэгээд автомашиныг үзээд худалдаж авмаар байна. Харин мөнгө бүтэхгүй байсан тул ямаагаа зарж адуу болгосон замдаа адуугаа алдчихлаа, одоо байгаа нь надад 900,000 төгрөг байна. Миний зүгээс 3,000,000 төгрөг өгчих, автомашинаа аваад үлд гэтэл мөнгө бүтэхгүй автомашинаа үлдээчих би араас чинь мөнгийг нь хийнэ гэхээр нь би автомашинаа үлдээхгүй гээд буцаж явсан. Д.М-т автомашины гэрчилгээгээ үлдээсэн. Миний автомашины ямар ч эвдрэл гэмтэл байхгүй, одоо болохоор надаас ямар ч үндэслэлгүйгээр 2,300,000 төгрөг нэхэмжилж байна. Энэ 2,300,000 төгрөгөөсөө энэ бүх тохиролцсон замын  зардлуудыг хасаад 695,000 төгрөгийг Д.М-т өгнө. Иймд нэхэмжлэлийн шаардлага 2,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Ч.М-д холбогдуулан гэрээний үүрэгт 2,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн өмнө хариуцагч Ч.М-оос гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

Нэхэмжлэгч Д.М, хариуцагч Ч.М нар нь хариуцагчийн өмчлөлийн  .... маркийн тээврийн хэрэгслийг 7,300,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар амаар тохиролцож, нэхэмжлэгч нь автомашины урьдчилгаа төлбөрт 3,000,000 төгрөгийг хариуцагч Ч.М-ийн дансанд шилжүүлсэн болох нь Х банкны ......... тоот дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба хэлцлийн дагуу урьдчилгаа төлбөрт 3,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хх-5/

Хариуцагч Ч.М нь “... автомашин худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр 3,000,000 төгрөгнөөс 700,000 төгрөгөнд нь Д.М-ын өөрийнх нь захьсан хивэг авсан, үлдэх 2,300,000 төгрөгнөөс бензиний болон бусад зардлыг хасаад 695,000 төгрөгийг төлнө. Харин нэхэмжлэлийн шаардлага 2,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гаргаж, маргаж байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж заасан.

Талууд тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авахаар тохиролцож улмаар нэхэмжлэгч нь хэлцлийг баталгаажуулах зорилгоор худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн урьдчилгаанд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөгийг хариуцагч Ч.М-ийн дансанд шилжүүлсэн байна. /хх-5/

Иймд талуудын хооронд автомашин худалдах, худалдан авах хэлцэл бодит үйлдлээр хийгдсэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ зохигчдын хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэгтэй.

            Мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь ... гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Д.М нь “2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр автомашинаа үзэхэд эвдэрхий муу автомашин байсан тул худалдаж аваагүй” гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч гэрээг цуцлах тухай шаардлага гаргаж, гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д: “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан.

Нэхэмжлэгч Д.М нь худалдах, худалдан авах гэрээг цуцлах тухайгаа хариуцагчид мэдэгдэж, хариуцагч Ч.М нь гэрээний зүйл болох автомашиныг буцаан авч явсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогддог.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу хариуцагч Ч.М нь автомашины урьдчилгаа төлбөрт төлсөн 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.М-т буцаан өгөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Д.М нь “... Тухайн автомашиныг Б аймагт авчрах бензиний зардлыг бид 2 хувааж хариуцахаар тохирсон. Хариуцагч Ч.М нь Б аймаг хүртэлх бензиний зардал 600,000 төгрөг болсон гэж тайлбарладаг. Иймд энэ зардлын 50 хувь болох 300,000 төгрөгийг би төлөх ёстой тул нэхэмжлэлийн шаардлагаа 300,000 төгрөгөөр багасгаж байна” гэж тайлбарлаж, шүүхийн хэлэлцүүлгийн өмнө нэхэмжлэлийн шаардлагаа 300,000 төгрөгөөр багасгасныг дурдах нь зүйтэй. 

Иймд эдгээр үндэслэлээр хариуцагч Ч.М-оос 2,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.М-т олгохоор шийдвэрлэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.М-оос 46,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М-т олгох нь зүйтэй байна.  

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч Ч.М-оос 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М-т олгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.М-оос 46,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М-т олгосугай.     

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа  шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд  шийдвэрийг өөрөө  гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНЧУЛУУН