Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1255

 

        

О.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/01148 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч О.С-ын нэхэмжлэлтэй, М.Г-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч О.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бадраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.С нь М.Г-тай 2010 онд танилцаж, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамтын амьдралын хугацаанд 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүү Г.Амирлан, 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр охин Г.Анхилан нар төрсөн. Гэрлэгчид зан харилцааны таарамжгүй улмаас хамтран амьдрах боломжгүй болж 2016 оноос хойш тус тусдаа амьдарсан. О.С 2017 оноос Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа. О.С нь Солонгос хүнтэй хамтран амьдарч байгаа болохоор цаашид хамтран амьдрах боломжгүй. Гэрлэгчид тус тусын амьдралтай болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Г.Амирлан, охин Г.Анхилан нарыг эцгийн асрамжид үлдээхээр тохиролцсон, эд хөрөнгийн ямар нэгэн маргаангүй болно гэжээ.

Хариуцагч М.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие О.С-тай 2010 онд танилцаж, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтын амьдралын хугацаанд 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүү Г.Амирлан, 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр охин Г.Анхилан нар төрсөн. Бид гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдарч байгаа нь үнэн бөгөөд 2017 онд О.С нь Солонгос улсын зорьж одоог хүртэл тус улсад амьдарч байгаа. Тэрээр Солонгос хүнтэй хамтран амьдарч байгаа тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Хүү Г.Амирлан, охин Г.Анхилан нар миний асрамжид байдаг бөгөөд цаашид ч би өөрийн асрамждаа байлгахыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, ямар нэгэн гэр бүлийн эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт Оюунбилэгийн С-ын нэхэмжлэлтэй, Боржигон овогт Мягмаржавын Г-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бадраа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдсон гэх боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1, 116.2, 116.3 дах хэсэгт тус тус заасантай нийцэхгүй байна. Гэрлэгчид цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй, тустай амьдралтай болсон тухайгаа нэхэмжлэлдээ ч, хариу тайлбартаа ч бичиж, талууд шүүх хуралдаанд ч амаар тайлбарлаж, шүүхээс өмнөх эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа хийгдэж, цаашид эвлэрч хамтын амьдралаа үргэлжлүүлэхгүй хэмээж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байдаг. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэдэг. Бид гэрлэлтээ цуцлуулж одоогийн хамтран амьдрагчтайгаа гэрлэлтээ бүртгүүлэх эрх зүйн үндэс бүрдэхээр байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж буюу хамтран амьдрагчтай нь баримтаар нотлогдохгүй байна гэсэнд гомдолтой байна. Шүүх нэхэмжлэгч О.С нь 2 хүүгээ эцгийн асрамжид үлдээхийг зөвшөөрч, хариуцагч М.Г нь маргахгүй байхад Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу талуудыг хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байхад хүүхдийн саналыг авч, хүүхдийн сэтгэл зүйд дарамт учруулснаа шийдвэртээ дурдсан. Гадаад улсаас ирсэн итгэмжлэлээс нэхэмжлэгчийг гадаад улсад байгаа гэдэг нь харагдах бөгөөд хүндэтгэн үзэх нөхцөл байдлын улмаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулсан болно. Нэхэмжлэгч О.С нь Солонгос улсын иргэнтэй хамтран амьдарч байгаа ба хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулснаар Солонгос улсад гэрлэлтээ дахин батлуулах хүсэлтэй байгаа ба уг гэрлэлтийг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Хэдийгээр гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн үр хүүхдүүдтэйгээ байнгын холбоотой байж тэднийхээ төлөө амьдарсаар байх л болно. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамжийг эцэгт нь тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Одоогийн байдлаар хүүхдийн асрамжид маргах зүйлгүйгээр надад үлдээхийг эх нь зөвшөөрсөн би ч цаашид 2 хүүхдээ асран хамгаалсаар байх болно. Нэгэнт л цаашид хамт амьдрахгүй тусдаа амьдрал зохисон хүмүүсийг шүүх салгахгүй гэдгийг үнэхээр ойлгосонгүй. Хамт амьдардаггүй хүнтэйгээ насан турш бүртгэлтэй байхыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Иймд шийдвэрийг хүчингүй гэж үзэн бидний гэрлэлтийг цуцалж, миний эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч О.С нь хариуцагч М.Г-д холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч маргаагүй байна.

 М.Г, О.С нар 2010 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж, 2014 оны 12 дугаар сарын 12-ны  өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүү Г.Амирлан, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр охин Г.Анхилан нар төрсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх-ийн 3, 4, 11/

 

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2016 оноос тусдаа амьдарч байгаа ба шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах хэсэгт 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч үр дүнд хүрээгүй тул уг ажиллагааг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болгожээ. /хх-ийн 13/

 

Нэхэмжлэгч О.С нь БНСУлсад 2017 оноос одоог хүртэл тусдаа амьдарч, гэрлэлт цуцлах хүсэлтээ илэрхийлж тус улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын яамны 21 дүгээр консулын хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн О.С-аас С.Бадраад олгосон итгэмжлэл, мөн өдрийн Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан нэхэмжлэгчийн өргөдөл, гадаад паспортын хуулбар зэргийг хавсарган ирүүлсэн байна. / хх-ийн 1, 5-8, 20 /

Анхан шатны шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах үндэслэл баримтаар тогтоогдоогүй гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дах хэсэгт нийцэхгүй. Өөрөөр хэлбэл гэрлэгчид хэн аль нь гэрлэлт цуцлуулах хүсэлтээ шүүхэд илэрхийлсэн байхад тэдний тайлбарыг нотлох баримтаар үнэлээгүйг давж заалдах шатны шүүх буруу гэж үзлээ. Иймд  М.Г, О.С нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.      

Гэрлэлт цуцласантай холбоотойгоор хүү Г.Амирлан, охин Г.Анхилан нарыг эцэг М.Гантулгын асрамжид үлдээх талаар зохигчид маргаагүй бөгөөд эх О.С гадаад улсад ажиллаж амьдардаг тул бага насны хүүхдийг өсөж бойжих, зөв төлөвшиж хүмүүжих нөхцөл байдлыг харгалзан эцгийн асрамжид байлгахаар тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт  заалтад нийцэх юм. Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 25 дугаар зүйлийн 25.3, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дах заалтуудыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгож  дурдсан нь тухайн маргаанд хамааралгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хүү Г.Амирлан, охин Г.Анхилан нарыг эцгийн асрамжид үлдээснээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага гаргаагүй, гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, зохигчдын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/01148 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Оюунбилэгийн С, Боржигон овогт Мягмаржавын Г нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Г.Амирлан, 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Г.Анхилан нарыг эцэг М.Г-ын асрамжинд үлдээж, зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ТУЯА

                                         ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                                                Н.БАТЗОРИГ